Хил хязгааргүй эмч нар
Хил хязгааргүй эмч нар (франц. Médecins sans frontières, товчлол. MSF) нь дэлхийн 70 гаруй оронд цэргийн мөргөлдөөн, өлсгөлөн, тахал, албадан шилжилт хөдөлгөөн, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст яаралтай эмнэлгийн тусламж үзүүлдэг олон улсын хараат бус бөгөөд ашгийн бус эрүүл мэнд-хүмүүнлэгийн Төрийн бус байгууллага юм. Төв байр нь Швейцарын Женев хотод байралдаг.
Тус байгууллагыг 1967-1970 онд Нигерт болсон иргэний дайны үеэр Олон улсын улаан загалмай нийгэмлэгт сайн дурын ажилтнаар ажиллаж байсан эмч нар 1971 онд Парис хотод байгуулжээ. Мөн "Тонус" эмнэлгийн сэтгүүлийн сэтгүүлчид оролцсон байна.
Үүсгэн байгуулагчдын дунд: Жак Бэрэс (Jacques Bérès), Макс Рекамье, Паскаль Грелетти-Босвье, Бернард Кушнер (францын эмч, дипломат, 2007-2010 онд Францын Гадаад хэргийн сайд асан), Ксавье Эммануэлли (Xavier Emmanuelli), Рэймонд Борел (Raymond Borel), Филипп Берниер (Philippe Bernier).
"Хил хязгааргүй эмч нар" ТББ албан ёсны үүсгэн байгуулагдсан огноо нь 1971 оны 12-р сарын 22 юм. Тухайн үед уг байгууллага нь 300 гаруй сайн дурын ажилтан, эмч, сувилагч болон бусад мэргэжлийн төлөөлөл, тэр дундаа суурийг нь тавьсан 13 эмч, сэтгүүлчидээс бүрдсэн байв.
Тус байгууллагын үйл ажиллагаа нь хүн бүр арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодлоос үл хамааран эмнэлгийн тусламж авах эрхтэй гэсэн итгэл үнэмшилд суурилсан юм. Мөн энэ хэрэгцээ улс орнуудын хил хязгаар саад тотгор болох ёсгүй гэж үздэг байна.
Тус байгууллага жил бүр 3000 гаруй сайн дурынхныг 70 гаруй улс, тэр дундаа зэвсэгт мөргөлдөөн болж буй бүс нутаг руу илгээдэг. Тус байгууллагын сайн дурынхан олон халуун цэгт ажилладаг. Үүнээс гадна "Хил хязгааргүй эмч нар" боломжит халдвар, тэр дундаа сүрьеэ, ДОХ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулдаг байна.
"Хил хязгааргүй эмч нар" ТББ санхүүжилтийнхээ ихэнхи хувийн хандиваас бүрдүүлдэг байна. 2017 оны байдлаар тус байгууллага санхүүжилтийнхээ 96 орчим хувийг 6,000,000 гаруй хандивлагчдаас авчээ.
2008 онд тус байгууллагын тухай "Онцгой байдлын үед амьдрах: Хил хязгааргүй эмч нарын түүх" (Living in Emergency: Stories of Doctors Without Borders) баримтат кино гарч нийтийн хүртээл болсон.