Хойт насандаа учирна
Хойт насандаа учирна бол Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн эмгэнэлт роман юм.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Хэнтий аймгийн Дадал сум, ЗХУ-аас нааш нүүдэллэн ирж монголд суурьшсан нөмрөг буриадууд. Тэд Онон мөрний эх, Чингис хааны нутаглан буй байсан нутагт суурьшиж амьдран, ижил дасал болсон. Тэдний дунд Дамдин баавай гэргий хүү, охины хамт амьдардаг. Том хүү Цэвэг хот хөдөөгийн хооронд ажил амьдралаа зохицуулж яваа нэгэн. Охин Цэвэлмаа нь жирийн нэгэн буриадын басган бөгөөд нутагтаа дээгүүр ордог хөөрхөн бүсгүй. Яндаг бол нутгийнхаа цовоо эрчүүдийн нэг, ЗХУ-д Дотоодыг хамгаалахын сургуульд сурж ирсэн чекист хүн. Яндаг эхнэртэй, эхнэр нь удахгүй төрөх гэж буй ч тэрбээр Цэвэлмаад дурласнаар энэ бүх ээдрээтэй хэрэг явдал эхэлсэн. Цэвэг хотоос том дарга нутагтаа авчирсан нь Сонров дарга байлаа. Тухайн үеийн БНМАУ-ын томоохон дарга нарын нэг байсан ба Цэвэгтэй ажил хэргийн холбоогоор танилцаж улам дотносож танилцаж нутагт нь ирснээр үйл явдал эхэлнэ. Сонров Цэвэлмаад дурлаж хайртай болсон нь, Яндаг Цэвэлмааг шохоорхож байсан нь, Сонров Цэвэлмаа нарын харилцааг Яндаг мэдсэн нь бүх зүйлийн зангилаа байсан уу гэлтэй. Эхнэртэй хүн өөр хүүхэнд дурлаж болохгүй гэдэг хууль байдаггүй нь харамсалтай. Яндаг Сонровыг хилс хэрэгт унагаж, Цэвэлмааг хүнд үед байхад нь өөрийн болгоно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ тэр төлөвлөснөөс нь илүү том зүйл болно гэж бодоогүй байх. Жамц баавайн бага хүү Дашийг хөнөөсөн нь эсэргүү нарын толгойг ээлж дараалан хядах эхлэл болсон ч тэр нь ямар ч хамааралгүй жирийн ард түмнийг хороох хэлмэгдүүлэлт байсан. Хүн дэргэдээ байгаа нуугдсан эрдэнээ алдаж байж олдог гэдэг. Хотын том дарга хавар ирж гөрөөс агнах нэрээр Цэвэлмаатай уулзаж, түүнтэй дотноссон. Яндаг өөрийн болгож чадаагүйдээ харамсаж өөрийн болгох аргуудыг сүвэгчилдэг. Хайр дурлал гэдэг чухамхүү хүнийг ямар сохор болгож буйг эндээс харж болох мэт. Зүгээр л эртхэн түүнийг таньж чадсан бол асар том асуудлыг гаргаж ирэхгүй байсан. Эхнэртэй хүүхэдтэй мөртөө өөр бүсгүйд шунан дурлаж түүндээ хорсож буй Яндаг, хотын том даргад сэтгэл алдарч түүнтэй суусныхаа төлөө Сонровыг үхэлд хүргэсэн Цэвэлмаа, буриадын басганд дурласны төлөө хилс хэрэгт буруутгагдаж өөд болсон хотын том төлөөлгч Сонров. Ингээд харахад хүний оршихуйн мөн чанар нь ганцхан өөрөөс нь хамаарахгүй гэж хэлж болохоор байна. Хайртай хүндээ хайртай байсныхаа төлөө тэд хагацалыг үзэх гэж ай мөн том хэрэг. Ганцхан хүнийг сүйтгэх гэсэн санаа нь бүх буриадын төдийгүй хотын бас бус дарга нарын амьдралыг орвонгоор нь өөрчилнө гэж хэн санахав. “...Одоо би тэртээ холын хүүхэд нас, энтээ ойрхны жаргалд умбасан гэгээн хэдэн сарыг аваад хойт насандаа хаа нэгтээ хангай говьдоо дахин төрөөд дахин чамтайгаа учрах ерөөлийг тавинам. Хайрт Цэвэлмаа минь хойт насандаа дахин учирна! Итгээрэй!...”. Сонров итгэл алдран, хичнээн би эсэргүү бүлгийн толгойлогч биш гэж хэлж байсан ч утсан чинээ улаан амь нь өндийхөө больсон гэдгээ мэдээд гүтгэж байгаа хэрэгт нь унаж үхэхээсээ өмнө хайрт Цэвэлмаадаа захидал бичиж байгаа нь энэ. Цэвэлмаа ч гэсэн хайрттайгаа уулзах чин хүсэлтэй байсан ч захидлыг нь аваад арга барагдсан гэдгийг ойлгодог.
Шүүмж, үнэлгээ
[засварлах | кодоор засварлах]“Зохиолч С. Эрдэнэ нөмрөг буриадын хүн байсан бөгөөд түүний эцэг болох Сэнгэ зэрэг бүтэн баг жараад айлын эздийг 1938 оны хавар “улаантны ногоон малгайтнууд” авч одсон. Тиймдээ ч Эрдэнэ гуай энэ зохиолыг бичихдээ зүрхнийхээ угаас бичсэн гэдэг нь харагдаж байдаг” гэж ардын уран зохиолч Д. Пүрэвдорж гуай үзэглэжээ. Өөрийн амьдралаас сэдэвлэн бодит үнэнийг уран дүрслэлийн аргаар бичсэн нь гайхалтай.