Хошууч

Хошууч нь Монгол цэргийн цол юм. Уг цолны нэрийг олон эрдэмтэн судлаач тайлбарласан байдаг бөгөөд тэдгээр нь хоорондоо адил зүйлийг зааж байна.

Нэрний утга[засварлах | кодоор засварлах]

Хамгийн түрүүнд явагч, бусдыг дагуулагч цэрэг гэсэн утгатай. [1] Мөн их цэргийн манлайд явж байгаа цэргийг хошуу цэрэг гээд, түүнийг даргалж байгаа хүнийг хошууч гэж нэрлэх болсон тухай ихэнх судлаачид санал нэгтэй байдаг. Ш.Нацагдорж гуай "хошууч бол отгийн эзэн феодал бус, талын баатар эрс бөгөөд харин тэдний дунд хааны хүргэн-тавнан нар цөөн бус байжээ. Тэд хошууч цолтой боловч хошууг үе улиран захирагсад биш, харин отгийн цэргийг удирдан байлдагсад байв"[2] гэж бичсэн.

Түүхэн улбаа[засварлах | кодоор засварлах]

Хошууч гэх цол нь эртний Хөхтүрэгийн хаант улсаас улбаалж, Их Монгол Улс, түүний залгамжлагч улсуудад хэрэглэж ирсэн. Монголын Их Юань улсын үед цэргийн бага, дунд тушаалтанд хошууч цол олгодог байсныг "Цагаан түүх"-энд "Хээрийн гурван яму нь тугчин бүрээчин, хошуучин, хийрчэн, газарч, учирчин хийгээд буюу" хэмээн тэмдэглэн үлдээжээ.[3] Цагаадайн улсад 1000 цэргийг хошуу гэж нэрлэж байсан.[4] XV-XVI зууны үед талын баатар эрс эзэн ноёдынхоо цэргийг аван хошуучлан явдаг байсан нь хэвээр байсан. XVI зуунд амьдарч байсан Хутагтай сэцэн хунтайж нэгэн удаад "таван хошуугаар долоон зуун цэрэг аван"[5] явсан тухай дурдаж байна. XVII зууны эхээс Боржигин овгийн зарим ноёд уг цолыг зүүн явсан нь хошууны зохион байгуулалт гарч ирсэнтэй холбоотой. Тэр үед баатар эрсийн хошууч цол нь нэгэн биеэр дуусч байхад, ноёдын хошууч цол нь залгамжлдаг байсан.[6] XX зууны үеэс монгол цэргийн тушаалын ахлах офицерийн дотор багтаж орсон. Өдгөө үед зөвхөн цэргийн албан хаагчид олгодог цол болж, үе залгамжлахгүй юм.

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. https://mn.wiktionary.org/wiki/%D1%85%D0%BE%D1%88%D1%83%D1%83%D1%87
  2. Ш.Нацагдорж "Монголын феодализмын үндсэн замнал" УБ., 1978. тал 152
  3. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 93
  4. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 93
  5. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 95
  6. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 96