Хувирмал чулуулаг
Хувирмал чулуулаг буюу метаморф чулуулаг гэдэг нь тунамал, магмын, эсвэл өмнө нь үүссэн байсан хувирмал чулуулаг, өндөр даралт ба 1500С-с дээш температурийн нөлөөгөөр физик, химийн өөрчлөлтөнд орж, хувиран, анхны чулуулгаас өөр шинж чанар бүхий чулуулаг шинээр үүссэнийг хэлнэ. Энэхүү чулуулаг хувирах процессыг метаморфизм гэж нэрлэнэ. Хувирмал чулуулаг нь Дэлхийн царцдасын ихээхэн хэсгийг бүрдүүлэх ба текстур, химийн найрлага, эрдсийн ассиоциацаараа ангилагдана. Эдгээр чулуулаг нь газрын гүнд, өндөр температур ба геостатик даралтын нөлөөгөөр эсвэл Дэлхийн гүн дэх чулуулаг халуун магмын (интрузив) нөлөөгөөр үүснэ. Мөн тектоникийн процессоор, жишээлбэл эх газрын царцдас, эх газрын царцдас доогуур шургах (эх газрууд мөргөлдөх) үед үүсэх хэвтээ чиглэлийн даралт, бутралт, эвдрэлээр үүсэж болно.
Хувирмал чулуулгийн судалгаагаар Дэлхийн царцдасд температур, даралтын нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн талаархи мэдээлэлийг олж авч болно. Гнейс, аспид занар, гантиг, талст занар зэрэг нь түгээмэл тааралддаг хувирмал чулуулаг болно.
Метаморф эрдсүүд
[засварлах | кодоор засварлах]Метаморф эрдсүүд гэдэг нь метаморфизмын нөлөөгөөр (өндөр даралт, температурын нөлөөгөөр) үүсдэг эрдсүүд юм. Индекс эрдсүүд буюу метаморфизм явагдсан эсэхийг тодорхойлоход ашигладаг эдгээр эрдсүүдэд силлиманит, кианит, ставролит, андалузит мөн гарнатын бүлгийн зарим эрдсүүд багтана.
Оливин, пироксен, амфибол, гялтгануур, хээрийн жонш, кварц зэрэг эрдсүүд нь хувирмал чулуулагт тааралдах боловч, заавал метаморфизмын процессоор үүсэх албагүй. Эдгээр эрдсүүд мөн магмын чулуулгийн дахин талсжилтаар үүснэ. Эдгээр эрдсүүд нь өндөр даралт, температурын нөхцөлд тогтвортой учир чулуулаг хувирах явцад химийн найрлага нь өөрчлөгдөлгүй хадгалагдан үлдэж болно. Бүх эрдсүүд тодорхой даралт, температурын хүрээнд тогтвортой байдаг тул хувирмал чулуулаг дахь эрдсүүдээр уг чулуулгийн үүссэн даралт, температурыг ойролцоогоор тогтоож болно.
Метаморфизмын үр дүнд чулуулгийн мөхлөгийн хэмжээ хэмжээ өөрчлөгдөхийг "дахин талсжилт" гэж нэрлэнэ. Жишээлбэл, шохойн чулуунд (тунамал чулуулаг) кальцит жижиг талсттай байдаг бол гантиг (хувирмал чулуулаг) дахь талст том байна. Эсвэл элсэн чулуунд (тунамал чулуулаг) агуулагдах кварц том мөхлөгтэй бол хувирмал элсэн чулуу маш жижиг кварцын мөхлөгтэй байна.