Jump to content

Хэлний бодлогын үндэсний зөвлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь анх Төрийн хэлний зөвлөл нэртэйгээр 2004 онд байгуулагдсан. Монгол Улсын Их Хурлаас 2003  оны 5-р сард баталсан “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 67 дугаар тогтоолоор Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан.

Зөвлөлийн дарга нь Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байдаг бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль зүй, гадаад харилцаа, үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэлийн захиргаа болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнтэй байв.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд Төрийн албан ёсны хэлний тухай, Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон ажилладаг. Төрийн хэлний зөвлөл нь өдөр тутмын ажил гүйцэтгэх орон тооны ажлын албатай ажиллаж байлаа.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 2-р сарын 12-ны өдөр “Монгол хэлний тухай хууль”-ийг баталж, 2015 оны 7-р сарын 1-нээс энэхүү хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн байна.

Монгол хэлний хууль хэрэгжиж эхэлснээр Төрийн албан ёсны хэлний тухай хууль хүчингүй болж, Монгол хэлний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Төрийн хэлний зөвлөл нь монгол хэлийг хамгаалах хөгжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллах Хэлний бодлогын үндэсний зөвлөл болж өөрчлөгдсөн байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 7-р сарын 6-ны өдрийн 133 дугаар зарлиг ёсоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг байгуулж, үндсэн бүрэлдэхүүнийг батлав. Ийнхүү зөвлөл 9 гишүүнтэй, Дарга, Ажлын албатай ажиллаж байна.

Зөвлөлийн 2015 оны 9-р сарын 22-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг баталсан.

Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг Ажлын албаны дарга (Н.Нарангэрэл) удирдан явуулна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2016 оны 19 дүгээр захирамжаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоог баталсан. Ажлын алба нь дарга, 2 ажилтан, нягтлан бодогч гэсэн нийт 4 хүний орон тоотой ажиллаж байна.