Jump to content

Хэлэлцүүлэг:Алтайн Урианхай

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өвөг дээдсийн нутаг Эрчис мөрний саваар… /Аян замын тэмдэглэл/

[кодоор засварлах]

Түүхийн тэнхмийн багш Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд Үрэмч хүрэх зам

khu.edu.mn 2011

Хурц нар ээсэн найман сарын эхээр Алтайн нурууг даван аяны замд гарсан билээ. БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрэмч хотноо зохион байгуулагдах олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох далимд Алтайн цаад биеэр аялаж хуучин Алтайн урианхайн хошууны зарим нутгаар явж түүх, соёл, ард түмний аж амьдралтай танилцах боломж гарсан тул мордсон хэрэг билээ. Үүргийн наймаачин найз Муталивийн олж ирсэн Пургон маркийн автобусанд хөл хөдөлгөх зайгүй, урагш хойш харан суусан залуус хөгшдөөс бүрдсэн нэгэн баг Ховдоос оройн нар шингэх цагаар хөдөлж, Хөшөөтийн гэж нэрлэх болсон засмалаар тойрч давхисаар өглөөн наран мандах цагаар Булган сумын төвд хүрчихсэн билээ. Хэсэгхэн саатаж цай ууцгаан, банк орж юан солиод дахин ухасхийж Ярантын боомтод ирлээ. Найман жилийн өмнө ирснээс хойш эх орны баруун хилийн энэ бяцхан боомт үнэхээр гайхам өөрчлөгджээ. Хил гаалийн том саруулхан барилга барьжээ. Хянат шалгалт хурдасч үйлчилгээ сайжирсан нь илт. Ажилтнуудын хувцас жигдрэлт, үйлчилгээний соёл нь дээшилсэн байна. Шороон дундуур бараагаа чирэн хэн нэгнийг царайчлан хилээ нэвтрэх гэсэн хүмүүсийн зовонгуй царай энд харагдахаа болиод удсан ажээ. Хязгаарын боомт гэхэд олон улсын тийм хэмжээний байгууламжуудаас дутахгүй болсон байна. Эх орон хөгжиж байна эндээс тэр хөгжлийн царай үнэртэж байна гэж бодохоос бахдалтай. Харин хашааны гадна хаалганд цэрэг харуулууд тавьж зорчигчдыг хүчлэн дугаарлуулах, завсараар нь утаа угаар үнэртүүлсэн хүнд даацын том тэрэгнүүдийг нэвтрүүлэх нь таалагдсангүй. Зорчигчид, авто машинууд тэр дундаа 100 илүү тонн даацтай нүсэр тэргэнүүдийг нэг дараалалд оруулан ээлжлэн хилээр гаргах нь хаана ч баймгүй болхи үйлчилгээ байсан. Хоёр өөр хаалгаар нэвтрүүлэн гаалийн хашаанд оруулах боломж байна лээ. Монгол, Хятад хоёр орны хилийн боомтуудын хоорондох км орчим газрыг тосон замаар холбочихсон нь цүнхээ чирээд хөнгөхөн хүрчихдэг боломж олгожээ. Бид бүгд Хятадын хил алхан хурдан нэвтэрч гарлаа. Тайкейшкан боомт руу манайханыг нь зөөдөг тусгай зөвшөөрөлтөй 5-6 хүний багтаамжтай жижиг тэргэнүүд хүлээж байна. Түүгээр явах ёстой гэнэ. Өөр унаа ч харагдахгүй юм. Тэд журам дүрмээ ягштал биелүүлдэг болохоор зөвшөөрөл аваагүй жолооч нар хил рүү ирдэггүй бололтой юм. Ганц нэг тийм унаа таараад суувал нилээд асуудалд орооцолдоно хэмээн Муталив маань хэлж байна аа. Тайкешкан балгас төдийлөн өөрчлөгдсөнгүй. Наймаачдын агуулах лангуу гудамжны зохион байгуулалтанд орж, цөөвтөр шинэ томоохон буудал зэрэг барилга нэмэгдснийг эс тооцвол. Хятад наймаачид бүгдээрээ л хазгай муруй монгол хэлээр ярьж байна. …Чи сайн найзаа үнийг аваа. Энэ хамгийн сайн бараа гэх мэтээр. Бүр нэгэн хятад эр .. ямар ядаргаатай новш вэ гэж хэлж байх юм. 20 гаран жил бидэнтэй худалдаа хийсэн болохоор аргагүй биз ээ. Харин манай наймаачид хятад хэл сураагүй байх юм. Монголчууд нь тэндэхийн монголчуудаар, хасагууд нь тэндэхийн хасагуудаар хэл ам хийгээд явж байтал нэг мэдэхэд тэдний ч хэрэггүй болоод хятадууд өөрсдөө монголоор ярьж эхэлсэн гэж тэд өгүүлж байна. Монголчуудын хэнэггүй биеэ эс дайчлах зан, хятадуудын амьдралын төлөө үнэн хүчээрээ мэрийн зүтгэсэн он жилүүдийн наад захын үр дүн энэ бололтой. Гудамжаар гарлаа. Үрэмч явах унаа эрж байгаа юм. Ховдынхон дүүрчээ. Хоолны газруудаар орлоо. Монгол зоог, хасаг хоол гэсэн хаяг их үзэгдэнэ. Булган голын дагуу нутаглах хятад нутгийн уугуул монгол, хасагууд энд суурьшин хоолны газар ажиллуулдаг байна. Өндөг, ногоотой хоол давамгай ажээ. Оройхон эхнэр бид хоёр Үрэмч хотод суралцахаар яваа хэдэн охидын хамт Чингэл сум руу хүргэж өгөх хасаг жолоочтой жижиг оврын автобусанд суулаа. 60 км газрыг цаг орчим давхиад Чингэлд ирлээ. Алтайн цаадах Чингэл голын хөвөөнд. Монгол Алтайн нуруу дамнан сууж байсан Алтайн урианхайн 7 хошууны нутаг нь Монгол улсын талдаа Ховд, Сагсай, Сэнхэр, Дэлүүн, Хятад улсын талдаа Өрөнгө, Чингэл. Ээв, Эрчис гэсэн томоохон голуудын сав газрыг багтааж байсан юм. Тэгэхээр бид өвөг дээдсийнхээ Алтайн урианхайн Баруун гарын Дархан бэйсийн хошууныхаа нутагт л явна гэсэн үг. Чингэл гол чимээгүйхэн урсана, эрэг хавийн нутгийг бүхэлд нь тариан талбай болгож, засмал зам тавьжээ.

Чингэл голын хөвөөгөөр засмал зам тавьжээ Ойр хавийн дов толгод дунд ганц монгол гэр үзэв. Тэмээ хариулж байгаа бололтой. Алсад зүүн гар талд Алтайн нуруу хөхрөн суналзана. Түүний цаана Булган, Сэнхэр голын урианхай, торгууд нар бий. Хуваагдан салсан түүхийг яривал их цаг цаас орох юм. 1930 онд аавын минь нагац Цэрэнпил гэдэг эр гагц биеэр Алтай давсан Чүлтэм да лам тэргүүтнийг дагалдан энд ирсэн гэж байгаа. Үр сад нь энд явдаг л байх даа. Сураг чимээ гаргаж чадахгүй л байгаа даа. Бид эндээс унаагаа солин шинэвтэр хүн тээврийн тэргэнд суулаа. Ачаагаа ачихаар гарахад Монголчууд тосож байна, тэргэндээ ороод суухад дуучин Самандын Жавхлан дуулна. Тэд Чингэлийн Алтайн урианхайчууд ажээ. Төдөлгүй л хоёр газрын урианхай нар танилцав. Машины эзэн Баттөмөр нэртэй намхан хүдэр залуу Алтайн урианхайн оорцог сумнаа хорхон элкэн гэнэ. Цэргийн алба хааж ирээд одоо Чингэлийн засгийн ордонд алба хашдаг ажээ. Хятадад төрийн албанд орохын тулд тавигдах нэг шалгуур нь цэргийн алба хаасан байх шаардлагатай гэнэ. Хэдэн зуун саяар тоологдох идэр эрчүүдтэй Хятад оронд хир баргийн залуу цэргийн албанд тэнцдэггүй бололтой юм. Тэнцээд албаа хаагаад ирсэнд нь төрийн албанд орох боломж бараг зуун хувьтай байдаг гэх. Тийм шалгуурыг бүрэн давсан энэ урианхай хөвүүн нутагтаа хасаг бөхийн барилдааны олон удаагийн аварга болжээ. Чингэлийн цөөн урианхайчууд угсаатны олон өвөө мартаж байгаагийн нэг нь үндэсний бөх барилдахаа болиод уджээ. Хааяа зохиогдох нийтийн баяр, той хуримын үед залуус нь хасаг бөх барилддаг байна. Хүн амын дийлэнхи болсон хасагуудын бөхөд нэг урианхай залуу олон удаа түрүүлсэнд тэд сүүлдээ ихэд дүргүйцэн мань залуу ч барилдахаа орхисон гэнэ. Ажлынхаа зав чөлөөгөөр машин худалдан авч дүүгээ дагуулан Үрэмч-Чингэлийн хооронд зорчигч тээвэрлэдэг бөгөөд энэ удаа бидэнтэй таарчээ. Машиндаа замын туршид интернэтээс татаж авсан манай дуучдын дуулсан ардын болон зохиолын дуу сонсож, дагаж дуулахыг оролдож явах нь ‘’саллаа гээд салсангүй мааним, салангид замын эхээр саллаа’ гэсэн урианхайн ардын дууг сэтгэлд бодогдуулна. Чингэлээс Үрэмч орохоор тэдний дэргэд залуу бүсгүй яваа нь ихэд хүндтэй нэгэн. Учир нь тэр бүсгүй ноён ламын бэр гэлцэнэ. Ноён лам гэдэг нь Дархан бэйсийн хошууны ноён Чүлтэм даа лам. Манай хошууны ноён тэрбээр 1920-д оны үед хувьсгалчдад хэд хэдэн удаа баривчлагдан байцаагдаж, Улаанбаатар хотноо 1924 онд Улсын анхдугаар их хуралд оролцох зэргээр нилээд идэвхтэй амьдарч байгаад 1930 онд хэсэг албатынхаа хамтаар Баян-Өлгийн Булган сумын нутаг Туулайтын эхээр хил даван Хятадын нутагт одож Чингэл голын савд нутаглах болсон билээ. Тэдний өвгөдөөсөө сонссон яриагаар Чүлтэм да ламд Батбаяр, Батнасан гэсэн хоёр эрэгтэй дүү байж, Батнасангийн ач хүүтэй бидэнтэй зэрэгцэн яваа бүсгүй гэрлэсэн тул нутгийнхандаа ноён ламын бэр хэмээн хүндлэгдэх болжээ. Чүлтэм да лам 1939 он хүртэл хошуу захирч тамга атгаж байгаад Үрэмчид шилжин сууж 1942 онд бие барсан гэнэ. Чингэл сумын нутагт Цахиуртай гэх газар нүүрсний уурхай нээгдэж ‘’өрүүн асгангоо нүүрс маажиж’’ байгаа ажээ. Бидний ярианд сэтгэл эмзэглүүлсэн олон зүйл байсны дотор Чингэлийн залууст хасагууд нь бид нэг гаралтай, ахан дүүс, ах сумын албатууд байсан хэмээн итгүүлсэн явдал байлаа. Үнэн тийм байв уу, одоо танай нутагт ах сумын хасагууд байна уу гэх мэтээр тэд асууж байсан. Сүүлийн жилүүдэд залуус хасаг, хятадуудтай мэр сэр гэр бүл болох болжээ. Ховдоос Үрэмч ороход зам харилцаа хялбар болжээ голдуу л тосон замаар гүйлгэсээр 48, цагийн дотор л хүрч байна. Зам сайн, машин найдвартай, гагцхүү хуваарьт цагт нь албан ёсны унаагаар л явах хэрэгтэй. Өдөр явбал хөгжлийн замдаа гарсан Шинжианы хязгаарын бүтээн байгуулалтыг харж явна гэдгийг мартаж болохгүй санагдана. Тэдгээр алтайн урианхай залуус надад …танай ерөнхийлөгч биднүүсийг Монгол нутагтай ирнэ үү гэсэн. Яваад одвол тануус муу хужаа гээд ад үзэх байх даа. Бидэнд өдөр болгон хасагууд Казахстан улс хүчирхэгжин хөгжиж байна хэмээн бардамнадаг, танай Монгол хэзээ сайхан хөгжих бол хэмээн асуухдаа хоолой нь зангирч байсныг хэлэх хэрэгтэй. Угсаа гарал нэгтэй төрсөн нутагтай ч боловч харь гүрний засаглал дор амьдарч байгаа тэдгээр залуусын хэлсэн үг ихийг бодогдуулсан билээ. Бид ийнхүү элдэвийг хүүрнэн явсаар үүр цайхын хирд Үрэмч хотноо хүрч ирэв. Үргэлжлэл бий. . .


вөг дээдсийн нутаг Эрчис мөрний саваар… /Аян замын тэмдэглэл 2-р хэсэг/ Мэдээлэл Шинжианы ойрадууд Үрэмч гэдэг нь Өрөмт гэсэн үгнээс гаралтай. Өрөмт голын хөвөөн дээр үргэлж л сүү, өрөм бялхаж байдаг нэгэн настай айл нутаглаж байсан тул тэр газрыг Өрөмт гэж нэрлэсэн. Тэр монгол нэр явсаар Үрэмч болсон гэж ярилцдаг юм. Шинжиан Уйгурын Өөртөө Засах Орны Засгийн газрын дэмжлэгтэйгээр Шинжиангийн их сургууль, Алтай аймгийн Засгийн ордон хамтран ‘’Торгоны замын дагуух улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжил, угсаатны өв соёл’’ сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 8 сарын 3-12-ны өдрүүдэд зохион байгуулав. Хятадын олон их сургуулиуд, Орос, Америк, Япон, Сингапур, Солонгос, Казахстан, Узбекстан, Киргизстан зэрэг олон арван орны эрдэмтэд оролцсон энэ хуралд Монголоос МУИС-ийн профессор Ж.Бат-Ирээдүй бид хоёрыг урьсан байна. Хурлыг Үрэмчийн “Кунлун” хэмээх таван одтой зочид буудалд эхлүүлэн, Алтай аймгаар аялал судалгаа зохион байгуулан Алтай хотноо дуусгасан юм. Кунлун хэмээх зочид буудлыг аль 1950-д оны үед Оросууд барьж өгчээ.Хууучны нүсэр барилга. 1990-д оны үед уг буудлыг нураах эсэх талаар ард иргэдээсээ санал асуусанд ”Түүхийн дурсгал” хэмээн эс зөвшөөрсөнд шинэчлэн засварлаж 5 одтой зочид буудал болгосон байна. Харин бид Улаанбаатарт байгаа Цагаан хаалга, Лениний хөшөө зэрэг түүхийн дурсгалыг нэг нэгээр нь нураасаар байх. Хуралд зориулан хөтөлбөр, танилцуулга, илтгэлүүдийн хураангуй, эрдэмтдийн танилцуулга, холбоо барих хаяг, буудалд байршсан өрөөний дугаар, өрөөнүүдийн хооронд холбогдох утас, илтгэлээ хэлэлцүүүлэх цаг зэргийн нарийн мэдээлэл бүхий хэрэгцээт материаллыг бүрэн хэвлүүлэн бэлтгэжээ. Харин хуралд нэг илтгэгч 10 минут авна. Илтгэлийн завсарлагаагаар асуулт хариултын цаг үгүй. Хурлын чөлөө цагаар эрдэмтэд уулзаж санал бодлоо солилцох бүрэн боломжтой. Буудлын нэг өрөөнд нэг хүн байрлуулжээ.

Үрэмч хотын Кунлун зочид буудал. 2012.08.04 Үрэмчид байсан хугацаанд бидэнд ажиглагдсан зрим сонирхолтой болон сургамжтай зүйлсийн талаар өгүүлье. Шинжиан уйгурын орон дотроо хэд хэдэн аймагуудад хуваагддаг. Аймаг бүхэн Үрэмч хотноо төлөөлөгчийн газараа ажилуулдаг байна. Тийм газар нь хурлын танхим, уулзалтын өрөө бүхий зочид буудал байх ажээ. Баянгол аймгаас ирсэн алба, амины хүмүүс шаардлагатай бол өөрийн аймгийн төлөөлөгчийн газраа дураар буудаллана. Хурал зөвлөлгөөнөө хийнэ. Үрэмчид амьдарч байгаа уугуул нутгийн иргэдийнхээ дунд уулзалт ярилцлага зохион байгуулж, үдэшлэг концерт зохион байгуулна. Хувийн өмчийн өргөн уламжлал, өндөр соёлтой Хятад оронд аймаг, сумын ийм тусгай байгууламжууд байх нь нэр төрийн хэрэг бололтой юм. 3 сая гаруй хүн амтай Үрэмч хотын бүтээн байгуулалт содон. Мэдээжийн өндөр барилгууд, өргөн гудамж, зам талбай, хамгийн сайхан нь хотын ногоон байгууламжууд. Мод бутыг зүгээр нэг суулгаад орхино гэсэн ойлголт хятад хүний оюун санаанд байхгүй. Мод бутаар байшин барилга, амьтан араатан, мал сүрэг, жигүүртэн шувуу, өт хорхой ер нь юм болгоныг ‘’ургуулан’’ босгон услаж тордож байх нь өдөр тутмын маш гол ажил гэлтэй. Газар тариалангийн гайхамшигт уламжлалын нэг энэ мөн ажээ. Үрэмчээс гадна бидний очсон олон хот тосгодод тэнд хятад, уйгур, хасаг, монгол, чантуу хуйхуй хэн амьдарч байгаагаас үл хамааран бүхэлдээ ургамал, мод бутаар ургуулан урласан өнгө өнгийн түмэн янзын бүтээн байгуулалт таарах юм. Үрэмч хотын төв замын уулзварт Хятадын төрийн далбаа, гал улаан таван хошуу, Пуян хотноо домгийн луу, хоёр бөхтөй тэмээ гэхчлэн үзэгдэнэ. Монголчууд хурдан мориынхоо дэл сүүлийг засаж боох мэт өдөр болгон л тэдгээр ургамлан амьтдыг засаж хайчлан, услаж ургуулан өнгө үзэмжийг нь гял цал болгож харагдана. Гудамж талбайд тарьж ургуулсан чимэглэлийн цэцэг навчны өнгө үзэмж гайхалтай, долоон өнгөөр л солонгорон харагдаж ёстой л ‘’нүд баясгаж, сэтгэл сэргээх’’ ажээ. Хүмүүс хот байгуулан, түүнийгээ өөрсддөө зориулан тохижуулж, дэг журам тогтоон тав тухтай аж төрж болохыг Үрэмчээс харж болно. Туршлага судлаж, хотоо сайжруулна хэмээн дарга нар маань төсвийн мөнгөөр далай алгасан нисэж хөрөнгө мөнгө үрэх шаардлага байхгүй. Соёл иргэншлийн түүхээр үзвэл саяхан нүүдэлчдийн нутаг асан Үрэмч эдүгээ суурин соёл хот байгуулалтын гайхам жишээ болон хувирсан ажээ. Би Орос, Австри Чех, Унгар, Япон, Солонгос зэргийн олон орноор явж байсан. Хот байгуулалтын соёлын хувьд Үрэмч тэднээс дутахааргүй болжээ. Суурьшиж байгаа Монголчуудын хувьд хотын соёлд суралцахаас өөр замгүй. Үүнийг бид ялангуяа залуу үеийнхэнд ухааруулах цаг болсон.

 ШУӨЗО –ны Их хурлын танхимын өмнө  луу ‘’ургуулсан’’ нь. 2012.08.01

Тэгэхгүй бол монголчууд зам бариад эвддэг, хот босгоод нураадаг, дэлгүүр гуанз, сургуулийнхаа дэргэдүүр зүгээр өнгөрч чадахгүй заавал ‘’морь хардаг’’ зангаа гээхгүй хэдэн арван жилийг үзэх буй заа. Үрэмчийн өөр нэгэн гайхалтай зан үйл бол хотын нийтийн эзэмшлийн талбайг жинхэнэ хүн ардын төлөө ашиглаж сурсан явдал юм. Хотын хороолол бүрд хэмжээгээр тийм ч том биш Ховд хотын төвд байх Ард Аюушийн талбайг дөрөв хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний талбайнууд бий. Орос хот, тосгодод ‘’танец площадка’’ гэдэг шиг зориулалтын биш боловч тэр талбайдаа орой бүр хятад, уйгур хүмүүс нас хүйс зэрэг дэвээ үл харгалзан бөөнөөрөө цугларан хөгжим эгшиглүүлэн үндэсний онцлог, ахуй ухамсраа илэрхийлсэн нийтийн бүжгийг ‘’хажуу газрыг халцартал, довцог газрыг тэгширтэл’’ хол ойрын амьтныг цугларч алмайртал хийцгээх юм. Өдрийн их ачааллын дараа алжаалаа тайлах сайн арга. Хятад хүмүүс бүгдээр гайхалтай зохион байгуулалтанд орж жигдрэн жигдхэн нэгэн хэмээр адил төрлийн бүжгийн орчин үеийн хэмнэл бүхий хөдөлгөөнийг тун ч алдаа гаргаж зөрөлгүй хийх нь багц шүдэнзийг жижигхэн хайрцаганд багтаан хармаалахын адил сэтгэгдэл төрүүлнэ. Хайрцаглана гэж ярьдаг даа. Тийм юм. Харин уйгур хүмүүс бол задгай талбайдаа таран бутарч хос хосоороо морьтон дайчид давхин өнгөрөх мэт, хуй салхи дэгдэн ирэх мэт огцом хурц үзүүртэй гэрлэн сүлбээ мэт эрэлхэг, түрэмгий аястай хөдөлгөөнт бүжгийг гал цахилгаан бадрах адил сүртэй омог бардам хийцгээх юм. Бүжиглэгч уйгуруудын цус нь буцалж байгаа байхдаа гэж бодогдохоор. Соёл иргэншил, угсаа гарал, үзэл бодол, амьдралын төлөө их тэмцэл туулсан замнал нь тэдгээр ард түмнүүдийн оройн цагийн гудамжны бүжигнээс нь их тодорхой харагдана. Хүмүүс ажиллаж бас амарч амьдардгийг эндээс үзэж болно. Шинжианы нүүдэлчин ойрадууд, хасагууд бас өөрийн бүжигтэй. Тэд гудамжинд нийтийн эзэмшлийн талбайд хуран цугларч бүжихгүй ойрадууд ‘’савардан’’-гаа, хасагууд ‘’хара жороо’’-гоо нүүдлийнхээ отог, урлагийн тайзнаа, хоолон гэрт аль алинд нь бүжиглэцгээнэ. Ийм хүмүүс хэзээдээ өөр хоорондоо тэмцэж буу шийдэмдээ хүрдэг бол гэж бодмоор. Хэдийгээр хятад, уйгур, хасаг, монголоороо нэгдэн нийлээд дуулж бүжиглээд гудамжаар зугаалаад байхгүй ч бие биеийнхээ хийж байгаад саад болохгүй, дорд үзэж хялайхгүй, эвтэй найртай үзэгдэнэ. Өөр өөрийн зам мөрөө хөөсөн хүмүүс л байцгаах. Шинжианы орон уйгурын өөртөө засах нутаг болохоор уйгурын соёл ахуй амьдралын дүр зураг алхам тутамд тохиолдоно. Гудамж талбай, гуанз ресторанууд Хятад, уйгур, хасаг, монголоороо ялгарах боловч өөр өөрийн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүнтэй. Уйгурууд бол нэг дүгээрт нан, хоёрдугаарт полов. Янз бүрийн хэмжээгээр төрөл бүрийн орц найрлагатай нан буюу биднийхээр гамбирийг хоолон гэр ажилуулж байгаа бүх гудамж талбайд газар дээр нь хийгээд савлаад өгнө. Төмөр хөлтөй нан хайрах бяцхан тогоо, элдэж тэнийлгэх модон ширээ байрлуулж цагаан хормогч өмсөж цагаан малгай татсан уйгур эрчүүд, гавшгай шаламгай. Дэргэд нь эхнэр хүүхдүүд нь туслалцан гүйлдэнэ. Гудамжин дахь гэр бүлийн бизнес орлоготой. Тэдний хийсэн амтлаг зөөлөн нанг зөрж өнгөрсөн түмэн хэлийн хүмүүс авцгаана. Хоёр гурван удаа авсан нөхцөлд холоос танимгайран чанга дуугаар хашгиран угтах ажээ. Ахиад хүрээд ирэв үү аваарай л гэж байгаа бололтой. Зоогийн, тэр дундаа жижиг газруудад бол полов элбэг хийх ажээ. Ховдын театрын удирдаач Ардын жүжигчин М.Яасай ахын хийдэг байсантай адил тослог полов. Гэхдээ луувангийн орц нь бага юм шиг санагдсан. Үрэмч хотын төвд байрлах уйгурын зах бол жинхэнэ энэ ард түмний соёлын төв голомт болсон байдаг. Найман жилийн өмнөхөөс жигтэйхэн их томорч өөрчлөгджээ. Гаднах талбайн зай багасаж зорин очих хүмүүсээ багтаахаа больжээ. Тэр захад ‘’нохойн битүү туурай ногоон хурганы арьснаас’’ бусад нь бий. Хятадын удирдагч Мао Зедуны зэс, гууль, мөнгө, алт, хаш чулуу, шавараар хийсэн том жижиг хөрөг баримал гэхэд нэгэн том дэлгүүрийн зай эзэлмээр аятай. Хятадын их гүрний бодлогыг эсэргүүцсэн уйгурын бослого тэмцэл энэ хавийн гудамж талбайд болсон гэлцэнэ. Тийм зүйл болоод өнгөрсний ул мөр үнэхээр мэдэгдэхгүй. Амьдрахын төлөө мэрийн гүйлдсэн хүмүүс үзэгдэнэ. Уйгур газрын мянган нэрийн жимс, гоёл чимэглэл, хувцас өмсгөл, бэлэг дурсгал, аяга тавга, хутга шөвөг, тоглоом наадгай гээд л эд бараа дүүрэн. Дунд нь бүр Монгол Эрдэнэтийн хивс гээд монгол бичгээр бичсэн хаягийн дор алаг хивснүүд өлгөжээ. Монгол залуу уйгуруудтай хамтран хийж байгаа худалдаа гэнэ. Уйгур хүн хаана байна тэнд дуу шуугиан, инээд наргиан, бүр хашгичаан сонсогдох. Хоолны газар ороод нэг ширээнд суусан хэдэн уйгурууд хүртэл бөөн дуу шуугиан татаад явчихна. Хамт яваа нэгнээс асуулаа. Тэр уйгурууд их л хөгжилтэй юм ярьцгааж байгаа байх даа гэж. Тэгсэн чинь надад ингэж хэлж байна. ..Хөгжилтэй зүйл ярих гэж инээлдэж байгаа юм. Нэг нь би та нарт инээдтэй зүйл ярьж өгье гэхэд л нөгөөдүүл нь инээлддэг гэнэ. Тийм ч юм болов уу. Ямартай л хөөр баясал давамгайлсан хүмүүс байх ажээ.

Үрэмчийн гудамжин дахь Уйгур бүжиг. 2012.08.0 Өндөр Алтайн өргөмжөөр…. Өндөр Алтайн өргөмжөөр өрүүнээ наран мандана Үргэлжид сэрүүн байдаг ямархан сайхан Алтай вэ ...хэмээн Ойрад ардын уртын дуунд өгүүлдэг. Аагим халуун амьсгалтай Үрэмч хотоос яг л энэ дууг санагдуулан алсад дүнхийх Алтай уулыг зорин бид өглөөний нарнаар хөдөллөө. Хуралд оролцогчид, хурлыг зохион байгуулагчид хамтран Алтай аймгийн нутгаар аялал судалгаа хийх нэрээр жуулчлах гэж байгаа билээ. Гурван автобус. Хотоос гарах хурдны замд нэг машин ‘’өнхөрч’’ таараад хэсэг саатсныг эс тооцвол бид өдөржин давхисаар оройн нар жаргахын өмнө Эрчис мөрний эрэгт байрлах Пуян суманд ирлээ. Монголчууд бол Буян гэж байсан. Алтайн сугад байрлах жижигхэн хот. Аялал жуулчлал их болохоор сүүлийн жилүүдэд өнгө төрх өөрчлөгдөн хөгжсөн байна. Алтай аймгийн Хөх тохой сумын нутаг. Хасагууд голлон сууна. Зочид буудал, хоолны газар дэлгүүр лангуу орчин цагийнх. Гэхдээ хотын захаар хятад тариачин иргэдийн газар наалдсан шавар тагзууд, бохир заваан хашаа хороо үргэлжилнэ. Агаар нь хачин цэвэрхэн тэнгэр цэнхэр ажээ. Зам барилгын их ажил өрнөж байгаа нь мэдрэгдэнэ. өдөржин давхисан газар газрын олон хэлийн хүмүүс ширээ дүүрэн хоол руу ухасхийлээ. Ядаргааны дараа хооллох нь хятад газрын хүмүүсийн нэгэн жаргал байдгийг эндээс харав. Түмэн янзын тансаг хоолноос амтархан бүр инээмсэглэн ‘’цохиж’’ байгаа нь цаанаа л нэг ‘’шунамгай’’. Бид яаж дутхав дээ. Алтай аймгийн нутагт ирсэн болохоор аагтай шаргал цайтай юм. Алтай аймаг бол хасаг өөртөө засах аймаг. Хүн амын дийлэнхи нь хасаг дараа нь хятад, уйгур, монгол орно гэнэ. Манж нар Зүүн гарын хаант улсыг байлдан эзлэж Амарсанаа тэргүүтний бослогыг дарж их хядлага явуулсны дараа “…Эрчис мөрний эхээр хүн ам цөөрч төдөлгүй хар хасаг цөмрөн орж ирсэн” тухай түүхэнд өгүүлдэг. Тэр цагаас хойш 240 шахам жил өнгөрчээ. Нутгийн уугуул урианхайчууд Чингэл, Хандгайт гэсэн хоёр жижиг сумнаа цөөнх болон сууж, Алтай хот, Ханас, Хабах зэрэг газруудад тува урианхай нартай хамтран аж төрөх болжээ. Харин газрын нэр голдуу монголоороо байх юм. Буян, Хөх тохой, Буурал тохой, Тэмээт, Хандгайт, Эрчис, Өрөнгө, Чингэл, Ээвийн гол гэх мэтээр. Манай нутгийн өвгөд урианхайн хошууд Хөх тохой, Цагаан тохой, Буурал тохой, Булжим тохой, Шар тохой, Гүн тохой, Уужим тохой гэсэн долоон тохой нутагтай байсан юм гэнэ лээ гэдэгсэн. Нэг нь энэ Хөх тохой. Эрчис мөрний саваар униартсан их нутаг. Буянд бид Зүүн гарын хотгороос олдсон үнэт чулууны ховор сайхан үзмэр үзэв. Сүүлийн жилүүдэд Хятадад үнэт чулуун эдлэлийн урлал хөгжиж үнэ ханш нь өсөж хүмүүсийн эрхлэх, жуулчдын үзэх нэгэн бизнес болсон байна. Хачин чамин үнэт чулуунуудыг хэдэн зуугаар нь дэлгэн тавьсан үзмэрээс байгаль эх хамгийн агуу уран бүтээлч гэдгийг харав. Хүний гараар бүтээмгүй нандин урлалыг байгаль эх Зүүн гарын хотгорын хуурай сайр дунд бүтээж түүнийг хүмүүс олж дэлгээд бие биедээ үзүүлж сууна. Хүн төрлөхтөн өөрөө байгаль эхийн хүүхдүүд шүү дээ гэсэн бодол төрнө. Энэ үзмэрт байсан өөр нэгэн сонирхолтой үзмэр бол диназавруудын араг яс. Бас л Зүүн гарын хотгороос олдсон энгийн ойлголтоор бол дунд зэргийн диназаврууд. Ихэнхийн араг яс нь нас гүйцсэн үхрийн хэмжээний барагтай. Зарим нэг нь түүнээс дөрөв тав дахин том. Бүр долоон араг яс угсран эвлүүлэн тавьсан байх ажээ. Үзмэрт Алтайн нуруу, зүүн гарын хотгорын ан амьтан, жигүүртэн шувууд, түүхийн зарим дурсгал хүн чулуун хөшөөд, модон урлал сийлбэр зэргийг зэрэгцүүлэн тавьжээ. Үзмэрийн барилга жинхэнэ зориулалтын шинэ байв.

Буян хотын үзмэрт байрлуулсан динозаврын араг яс. 2012.08.06 Буян суманд байх жуулчдын баазаар гадаадын болоод хятадын дотоодын жуулчид олноор өнгөрдөг бололтой юм. Машин хөлөглөж эхнэр хүүхдээ дагуулсан цаанаа л нэг санаа амар эрхэмсэг эрчүүд нүдэнд олонтой харагдана. Буянд хоноглосон бид маргааш өглөө нь Хөх тохойд Эрчис мөрний эхэнд байгуулсан газар зүйн тогтоц, хувирлын түүхийг харуулсан жуулчны бааз руу хөдөллөө. Энэ бол жуулчдад зориулан дэд бүтцийг бий болгосон тэгээд дээр нь байгаль Эрчис мөрний эхэн хавийн газар нутгийг үзүүлэх зориулалттай газар юм. Манай улсын хилээс цааш тун холгүй байна. Эрчис мөрний нэршил зарим газруудад Эртэш гэж бичигдэж хэлэгддэг. Эрчис мөрөн Алтайн нуруунаас ах аван хятад, казахстан, орос зэрэг олон орны нутгийн хөндлөн урсаж Гадаад их далайд цутгадаг. дэлхийд том мөрнүүдийн нэг. Уг нэр нь эрчилсэн их ус, хүчтэй урсгалтай гол гэсэн монгол үгнээс гаралтай нь ойлгомжтой. Мөрөн түрэг угсаатны нутгаар дайран өнгөрөхдөө Эртэш нэрийг авсан бизээ. Одоо тэнд нутаглан суугчид Эртэш гэдэг нэрээр нь нэрлэж байна лээ. Түүхч судлаачид нь Эрчис гэж мэднэ. Бид ч уг нэр нь Эрчис шүү дээ хэмээн чадах ядахаараа л “мэтгэлцэж” явав. Буянгаас 60 орчим км явж нэгэн багахан давааг давж, өргөн хөндий өгсөн засмал тосон замаар давхисаар зам зууртаа мөнгийг нь малтаад авсан хуучин уурхайг аялагчдад зориулан үзмэр болгосныг үзээд 2 цагийн дараа зорьсон газраа ирлээ. Өглөө эртхэн ирсэн боловч аль хэдийнээ хүн дүүрчээ. Дотоодын жуулчин хятад голдуу хүмүүс. Хөл гишгэх зай алга. Гэхдээ үйлчилгээ нь хурдан юм. Менежерүүд бололтой хармааны дуу өсгөгчтэй залуучууд чанга чанга хашгиралдан хүмүүсийн дуудаж хуваарьт унаанд суулган тусгайлан зассан замаар авч одоцгооно. Бид яахав тусгай хүнээр ‘’дөрлүүлэн’’ хөтлүүлж яваа болохоор дохио зангааг нь алсаас харсхийн төөрөхгүй байхад л болчихно. Биднийг Үрэмчээс гарч Алтай аймгийн нутагт ороход тусгай цагдаагийн машин тосон авч толгой болон явж байгаа юм. Хавцал өгсүүлэн засмалаар алгуурхан өгсөж явахдаа би Алтай хар тарвага, бор туулай, улаан үнэг зэргийг үзэв. Ан амьтан элбэг дүү хүн машинаас нэг их үргэж цочдоггүй бололтой. Жуулчны баазын өргөн хашаанд ирээд том оврын автобусаа солин 10 орчим хүний багтаамжтай жижигхэн тэргээр голын хөвөөг өгсүүлэн тавьсан нарийхан замаар хэсэг өгслөө. Түүнээс цааш явган явах ажээ. Эрчис мөрнийг хөндлөн бетонон болон дүүжин гүүр зэрэгцүүлэн тавьжээ. Зам зуур үнэт чулууны худалдаачид саравч тавиураа бэлтгэн аль хэдийн аялагчдыг тоссон байна. Зарим нэг нь голын хөвөөнөөс бидний харж дадсан гөлгөр цагаан хар, шар өнгийн чулуунуудыг барин баясгалантай гүйлдэнэ. Тэр чулууг боловсруулан гар, хүзүүний зүүлт, бөгж, ээмэг, тоглоом зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг том жижиг янз бүрийн хэмжээ хэлбэр өнгө дүрсээр үйлдэж зарж борлуулдаг нь нилээд ашигтай бизнес болжээ. Тийм бэлгийг худалдан авч байгаа хүн гэдэг ‘’далай’’ юм. Эрчис мөрний гүүрээр гарч уул өгсүүлэн тавьсан явган хүний замаар явж байгалийн бүтэц, үзэмжтэй танилцахад ‘’аялал жуулчлал бол хүний сонирхлыг өөрт нь худалдах бизнес’’ гэсэн хаа ч билээ сонссон яриа сэтгэлд бууна. Их хотын хүмүүс Алтай нуруунд ирж тийм үзэмж гоо байгалийг үзэхэд таашаал авалгүй яахав дээ. Жирийн шинжиан хүнд Алтайд төрөөгүй бол Алтайг ирж үзнэ гэдэг бараг л биелшгүй мөрөөдөл дөө хэмээн Үрэмчид миний нэгэн танил өгүүлж байсан. Тэр үнэн байхаа бидний багт багтсан хятад, уйгур, хасаг хүмүүс үнэхээр их аз жаргалтай яваа нь мэдрэгдэнэ. Бид ч ялгаагүй. Эрчис мөрний уснаас амслаа, эрэг дагаж их удаан явлаа, Алтайнхаа баруун энгэрээр нилээд өгслөө. Дэргэд нэг нөхөр ирээд их л удаан инээмсэглэж байгаад ярих юм. Яриан дунд нь монгор гэсэн үг их гарах юм. Зүс царай нь монголжуу. Тэгэхнээ дагуур монгол гэнэ. Гэхдээ ‘’хайлсан’’ дагуур ажээ хөөрхий. Монголоос ирсэн хүмүүс гэдгийг дуулж л дээ. Тэгээд ирж байгаа юм. Даанч тэр маань ‘’хайлчихсан’’ болохоор бид ойлголцсонгүй дээ. Дэлхий даяарт тархсан монголчуудын дотор ийм нь олон бизээ. Олзуурхууштай нь монгол гэх сэтгэл зүрхээ амархан гээдэггүй бололтой. Дараа нь тэр дагуур хүн бидэнтэй хэд хэдэн удаа хамт нэг ширээнд суун хооллосон билээ. Тэр цагт орчуулагчийн тусламжаар ярилцав. Монголд очиж үзэх сонирхолтой гэнэ. Монголд хайртай гэнэ. Монгол хүн амьдардаг хошуу сумаар явахдаа дуртай л гэнэ. Дандаа монголын тухай ярих тэр эр Бээжингийн их сургуульд эдийн засгийн онолын багш гэнэ лээ. Ийнхүү машинаар, автобусаар, явганаар явж замдаа худалдаа наймаа сонирхсоор Эрчис мөрний эхэнд нэгэн өдрийг таатайхан өнгөрүүлэв. Ойрмогхон хасагууд гэрээ барьж голын хөвөө даган бууж айраг цагаагаа бэлтгэн сонирхож очигсдод унуулах морь тэмээ бэлтгэсэн үзэгдэнэ. Аялагчдын гарыг харж амттан зооглож сурсан бололтой сэгсгэр цагаан ямаа хаа сайгүй таарна. Төв суурин газрын улаан үхэр өглөөд бэлчээрт биш орон сууцны хог, хүнсний зах руу явдагтай агаар нэгэн. Гар тэнийлгэх төдийд гүйгээд ирэх эрх цагаан ишиг бас сонирхолтой байдаг бололтой.


Өвөг дээдсийн нутаг Эрчис мөрний саваар… /Аян замын тэмдэглэл 3-р хэсэг/ Мэдээлэл

Эрчис мөрний эхэн дэхь энэ аварга хадан уулан дээр цөөн мод ургажээ. 2012.08.07 Хөх тохойд бид амарч тухлаад алжаалаа тайлан цөөн хоног саатаад Алтай хотын зүг хөдөллөө. Алтай аймгийн төв Алтай хот. Алтайн нуруу тойрсон Орос улсад Уулын Алтай, Монгол улсад Говь-Алтай гэсэн хотууд бас бий. Их Алтайн нуруу тойрсон гурван улсын гурван Алтай хотод би очжээ. Хэрэн голын хөвөөнд хүрч Алтайн шар сүмийн тууринд мөргөх чин хүсэл надад байсан бөлгөө. 1907 онд Манж Чин улсын Засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хувааж Алтайн нурууны баруун биеэр нутаглан суусан Алтайн урианхай, торгуудын зарим хэсгийг хожим нутагшсан хасагуудын хамт Хэрэн голын хөвөөнд орших Алтайн шар сүмд захируулсан түүх бий. Тэрхүү Шар сүмийн туурин дээр байгуулагдсан хот бол Алтай юм. Хэрэн гол цагаан давалгаа хаялан урссаар л буй. Харин Алтайн шар сүмийн туурь ч мэдэгдэхгүй болж, гагцхүү Алтай хотод буй хасагуудын угсаатны музейд эрт нэгэн цагт энэ нутагт бурханы шашны томоохон сүм байсныг бүдэг бадаг илтгэх мэт өнгө будаг нь халцарч муудсан хоёрхон жижиг гуулин бурхан үзэгдэнэ. Шар сүмийн шавь нар Алтай аймгийн Хандгайт суманд нутаглан буй талаар хожим өгүүлье. Өнөөгийн Хятад гүрний их хөгжлийн цар хүрээ хязгаарын Алтай хотод ч илтэд мэдрэгдэнэ. Зам талбай барилга байгууламж хэн ч хараажаар жинхэнэ шинжлэх ухааны төлөвлөлтөөр явагдаж байгаа нь илт. Жижигхэн, цэвэрхэн, цэмцгэр, хөл хөдөлгөөнтэй хот. Оросуудын хэлдэгээр сонгодог ‘’городок’’. Алхам тутамд чулууны үйлдвэр чулуун барималууд таарна. Гудамж талбайн зай хэмжээг гайхалтай ашиглан хасагийн ард түмний туулсан замнал, аж төрөх өвөрмөц ахуйг харуулсан гоёмсог түүхэн гэмээр хөшөө дурсгалууд босгожээ. Анх Алтайн нуруунд Эрчис мөрний эхэнд хасагийн дунд зуутын харъяат албатуудаа дагуулан нүүж ирсэн атаман Мамбетээс эхлээд унааны ганц номхон морио эхнэртэй унуулан хүүхдээ дүүрүүлж, хоёр тэмээнд ачаа бараагаа ачиж, цөөхөн хонь ямаагаа тууж, угжийн хургаа дагуулсан хөндлөн модоор нуруугаа тэвхдэн алсыг зорин яаралгүй алхах хижээл хасаг эрийн, торхтой ус ачсан шар үхрийн гээд хэмжээ хэлбэр нь янз бүрийн олон тооны баримал дурсгалуудтай юм. Өнгөрсөн түүхээ эрхэмлэн хүндэтгэсэн өнгө аяс тод мэдрэгдэнэ. Алтай хотын төв музей, дүрслэх урлагийн музей, угсаатны зүйн музей зэрэгт цөм ийм хандлагатай. Эрчис мөрөнд тэднийг ирэхээс өмнө амьдарч байсан уугуул иргэдийн талаар мэдээлэл өгөх зүйлс их ховор юм билээ. Би Оросын Барнаул хотын түүхийн төв музейг үзэж байсан. Тэр музейн хамгийн эхний үзмэрүүдийг нутгийн уугуулуудад зориулан бэлтгэн дэлгэн тавьсан байсан сан. Харин Алтайд бол үгүй юм. Уугуул, суугуулийн аль алиных нь хичээл зүтгэлээс хамаардаг биз ээ. Ийм нэгэн мэдрэмж надад төрж байлаа. Хэрэн голын хөвөөнд цонх нь голруугаа харсан Алтай зочид буудлын гэгээвчээр уулын голын хүчтэй харгиа сонсогдон Сэнхэр, Машийн голынхоо хөвөөн дээр дан майхантай амарч хэвтсэн нутгийн минь талаарх бодлыг төрүүлнэ. Хотын гудамжинд амьдрал эгээ л том хотын маягаар өрнөж байна. Захаар нь ороход хасаг, монголчууд цагаан идээгээ дэлгэн тавьсан шар, цагаан тос, ааруул, ээзгий, бяслаг, тараг айраг үнэртэнэ. Үрэмчээс ялгаатай нь суурьшсан боловч нүүдэлчдийн нутагт тэдний өв соёл хадгалагдсаар байгааг харуулна. Алтай хотод манай олон улсын хурал өндөрлөж хаалтын хуралдаанаа хийсэн юм. Хурлын гол үзэл санаа нь Торгоны замын дагуу байрших улс орон ард түмнүүдийн түх соёлын судалгааг эрчимжүүлж, угсаатны онцлог шинжээ хадгалан хөгжүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, Хятадуудын торго зөөж байсан торгоны замаар өнөөгийн Хятад гүрэн эрчим хүч экспортлон бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд чиглэгдсэн билээ. Тэнд би “Монгол улс дахь Алтайн урианхайчуудын өв соёлын онцлог” сэдвэр илтгэл хэлэлцүүлэв. Алтай хотод ажиллаж амьдарч байгаа хэдэн цөөн урианхай нар сонсохоор иржээ. Хурлын зохион байгуулалтанд ажиллаж байгаа Буянт гэдэг алтайн урианхай бүсгүй зар тарааж ‘’…Монгол улсаас нэг урианхай иржээ. Маргадар хуралд үг хэлнэ’’ гэж хүмүүст сонсгожээ. Уугуул нутгаа сахин цөөнхийн цөөнхийн дотор маш цөөнх болон суугаа тэр хэдэн урианхайд Монголоос хүн ирэх тэр дундаа урианхай хүн ирэх нь “Өвөг эцэг нь босоод ирсэн мэт” санагдана гэнэ. Бүгд л гэртэй урьж аагтай үстэй цайгаа чанаж өгнө, Хандгайт давхиж хүрээд настай аав ээжтэйгээ уулзуулж ‘’хүүндүүлнэ’’ гэлцэнэ. Алтайн урианхай гэдэг үг хэлээд бидний нэрийг нэг гаргаад өглөө хэмээн хөөрцөглөнө. Хэсэгхэн ярьж суухад тэдгээр хүмүүс хаа нэгтэйгээс аврал өршөөл эрсэн мэт харагдах юм. Хүүхдүүд нь хятадаар суралцах болж эх хэлээ мартаж байгаа гэнэ. Хандгайт суманд нь монгол бага сургууль байгаа боловч Монгол хэлнээс бусад хичээл нь хятадаар орж эхэлсэн тул залуус яваандаа бүрэн хятадаар ярьж сэтгэдэг хүмүүс болох ажээ. Энэ бол Хятадад аж төрж байгаа цөөнх угсаатны бүлгүүдэд тохиолдож байгаа асуудал юм. Миний танилцсан Самбуу. Хандгайтын монгол сургуулийн захирлаар ажиллаж байсан. Одоо Алтай хотод бизнес эрхлэж байгаа овсгоотой эр. Намайг эхнэртэйгээ цуг яваагаа хэлэхэд тэр надаас ‘’…жинхэнэ бэргэн юу буудлын бэргэн юу’’ гэж асуусан шүү. Жинхэнэ байлгүй яахав буудлын бэргэн бас ирэхүү гэхэд танай монголоос Ховдоос зарим хүмүүс буудлын бэргэн авч ирдэг юм хэмээн илэн далангүй шулуухан хэлж бид бөөн инээд наргиан болов. Ийм асуудал бас болдог байхнээ. Манай монголчуудаа гэж. Нэг орой бидэнд Хандгайт монгол сумын ‘’урлагчдын’’ тоглолт үзэх завшаан тохиолдов. Хотын төв талбайд тусгайлан тайз засаж гоёмсог хаяг өлгөжээ. Манайхаар бол жилд нэг удаа тусгай хувиараар сумын соёлын өдрүүд зохиодог байна. Монгол өөртөө засах Хандгайт сумын соёлын өдрүүдийн урлагийн тоглолт болж байгаа юм байна. Алтай хотод амьдардаг монголчууд цугларч овоо олон хүн эгнүүлэн зассан сандал дээр сууцгааж хүүхэд залуус араар нь эгнэн зогсжээ.

Эхнэр нь ачаагаа хөтлөж энэ хасаг эр цөөхөн бог малаа туужээ. Дэргэд нь угжийн хурга дагана. Алтай хотын төв гудамж. 2012.08.10. Тоглолт эхлэхийн өмнө Алтай аймгийн иргэдийн хурлын дарга, Хандгайт сумын намын хорооны дарга, засгийн ордны тэргүүлэгч нарын дарга нар суудлаа эзлэв. Биднийг эх Монголоос ирсэн гэж танилцуулан хүндэтгэлийн бололтой голын суудалд суулган төдөлгүй урт гэгчийн цагаан хадаг намируулан авч ирээд хүзүүнд ‘’тохож’’ өглөө. Тоглолт эхлэв. Сүрхий хэлэмгий залуу уран цэцэн үгээр урсгаж өгнө. Дэргэд нь зогсох залуу бүсгүй хятадаар орчуулна. Ихэнхи дуу хуур нь хятадаар явах юм аа. Монгол хувцастай охид хөвгүүд монгол ардын дуу хэмээн зарлаад хятадаар дуулцгаах ажээ. Хандгайт суманд багтах хасаг, хятадуудын урлагийн тоглолт бас байна. Харин алтайн урианхайн цуур хөгжим тэнд уг язгуураараа хадгалагдсан нь нэн таашаалтай. Алдарт цуурч гэж зарлуулсан тариачин залуу цуурийг үнэхээр сайн үлээж байсан шүү. Өвөрмонголоос морин хуурч урин ирээд залууст заалгаж байгаа нь тоглолтонд оролцжээ. Савардан биелгээгээ бас сайн хийцгээнэ. Савардангаа үзэгч тоглогч бүгд нийлээд босон суун хийцгээх юм. Хөтлөгчөөс нь: “Савардан савардан савардан сайхан бүсүйчүүд биелэнэ Эс биелэгсэн бүсгүйг элээ шувуун тоншино” хэмээн цовоо дуугаар зарламагц хөгшин залуугүй бүгд ухасхийн босоод хоёр хөлөө зөрүүлэн тавиад цээжээ хөдөлгөн гараа үелзүүлэн савардангаа эцэж цуцахыг мэдэхгүйгээр эрчимтэй биелэн цэнгэлдэх юм аа. Тоглолтын дундуур усархаг аадар бороо цутган түр тасалдуулснаас өөр саатал гарсангүй. Харин ч цугларагсад Алтайн савадаг баясаж хураан хайрлав гэцгээнэ. Алтай хотод сурч амьдардаг залуус орчин үеийн реп маягийн бүжиг бас хийцгээв. ‘’…цовоо цолгин хөвүүд залуус зах зээлийн биелэг гаргаад иржээ’’ гэж зарлангуут хэдэн хөвгүүд тайзан дээр үсрэн гарч ирээд реп бүжнэ. Ийнхүү цөөн алтайн урианхай нар өв соёлоо хадгалахын эрмэлзэн орчин цагийн урлагт суралцахыг хичээн аж төрж байна. Тэр орой Алтайд цугларсан монгол угсаатнуудын хувьд угсаа түүх өв соёлоороо бахархах сэтгэл тэмүүллийг нь сэргээсэн, ойр холоос цугларан аж амьдралаа хүүрнэх сайхан боломж ирэх шигээ.

Алтай аймгийн Хандгайт монгол сумын цуурч .2012.08.10 Алтай хотод ажлаа дуусгаад бид Үрэмч рүү эргэлээ. Эрчим мөрний урсгал даган Алтайн нуруунаас бууж говь цөлийн бүсрүү гээ эргэж байна гэсэн үг юм. Эрчисийн эрэг дагуу дан ганц хятад иргэдээс бүрдсэн эрдэнэ шиш, малын тэжээл зэргийг голлон тариалсан тариачдын тосгон олон тоотой. 1949 онд Коммунист намын удирдлагаар БНХАУ байгуулагдсны дараагаар армид алба хааж байсан цэргүүдийг Эрчим мөрний хөвөө дагуу суурьшуулан газар олгож гэр бүлээ авч ирэхийг зөвшөөрсөн нь эдүгээгийн хятад тосгодын эх суурийг тавьж өгсөн гэнэ. Тосгон суурин нь нэг маягийн ижилдүү зохион байгуулалттай. Сайн засмал замаар холбогдсон, том том услалтын сувагуудтай юм. Үрэмч хүрэх замд бид Хятад, Казакстаны хил дээр очиж Хабахийн гэж нэрлэгдсэн эртний хүний урлал хадны сүг зурагтай, Ховог сайр аймгийн Хош толхой монгол балгасанд хүрч Жангарын овоотой танилцав. Энэ Жангарын овоог бидний танил Ховог сайрын торгууд эдүгээ Өвөрмонголын их сургуульд багшлаж байгаа нэрт Жангар судлаач Таяа багшийн санаачлага оролцоотойгоор бүтээн босгожээ. Зүүн гарын хотгорт зоосон хонин сүрэг мэт тоймгүй олон жижигхэн газрын тос олборлох байгууламжуудыг харж ‘’гайхалдав’’. Манай Их хурал, Засгийн газар Дорнотын талд газрын тосны үйлдвэр барина гэж лав л хорин жил болсон санагдана. Ерөнхийлөгч агсан Очирбат гуайн цагаан дээлэндээ түрхсэн хар тос одоо хатаад удсан байх даа. Харин хятадуудын барьсан газрын тосны үйлдвэр гэж жижигхэн худаг маягийн байгууламжууд жирийлдэн эрээлжлэн ‘’өөрсдөө‘’ ажиллацгааж байна. Хүнд нүсэр дааж давшгүй тос юм харагдсангүй. Бид яаж мэдхэв дээ хөөрхий. Суусан цэцэнээс явсан тэнэг дээрээ гэж үнэн үг.

Алтай хотноо суугаа Алтайн ураинхайчууд Үрэмч-Ховд-Улаанбаатар. 2012. 11 сар