Jump to content

Хэлэлцүүлэг:Аргаль

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баг. Туруутан - Artiodactyla Овог. Тугалмайтныхан - Bovidae

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн.

Таних шинж: Мөчид урт. Биеийн урт 150см, сэрвээний өндөр 125см, жин 180кг хүрнэ. Угалз 125см урт, 25кг том эвэртэй. Аргалийн эвэр угалзныхаас жижиг нарийхан, урт 30см. Их бие зүс хүрэн бор, хүрэвтэр. Хэвэл цайвар.

Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Говь-Алтай, тэдгээрийн салбар уулс, Зүүнгарын болон Алтайн өвөр говийн уулс, Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс, Төв халхын тал хээрийн зарим намхан уулс, Хан хөхийн нуруу, Хангайн хөвчийн нуруу, түүний өмнө бэлийн уулсаар хэсэгчилсэн тархацтай. Хөвсгөлийн хорьдол нурууны Нарийн бэлтэс, Арсайн голын эхээр хэсэгхэн газар тасархай популяци бий. Хэнтийн баруун, өмнө захын зарим уулсад түр хугацаагаар нүүдэллэн үзэгдэнэ. Монголын умар хязгаараас өмнөд хязгаар хүртэл уулын тайга, уулын ойт хээр, хээр, цөлийн бүс, бүслүүрт тархана. Өндөр нам уулс, аараг толгод, довцог, манхан элс зэрэг бартаа сархиа, нугачаа бүхий ой модгүй газар идээшилнэ. Алтайн нуруунд 3500 м хүртэл, Өмнөговь, Алтайн өвөр говьд 1100 м-ээс дээш, Хөвсгөлд 1250-2500м өндөрт нутаглана. Алтай, Хангайн уулсад зун мөнх цасны зах хүртэл нүүдэллэн тагийн нуга, царам, ар хажуугаар бэлчиж, өвөл уулын дундаас доош бэл энгэр газарт байршина. Хээр цөлийн бэсрэг уулс, аараг толгодод цас, задгай ус, өвс ногоо дагаж улирлаар хол ойр нүүдэллэж бэлчээрээ сэлгэдэг.

Амьдралын онцлог: Ороо нийлэгт X-XI сард орж, IV-V сард хургална. Сүрэглэн амьдарч, нэг угалз 20 хүртэл аргаль хураана. Үржилд 3-4 насандаа оролцоно. Төрөл бүрийн өвслөг ургамлаар идэшлэнэ.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлзэнэ. Монгол Алтай, Говь Алтайн зарим нутагт элбэг, Хангайн хөвчийн нуруу, зах бэлийн уулсад ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь, Дорноговийн намхан уулсаар ховор тохиолдоно. Монголд далаад оны сүүлчээр, 40 орчим мянган толгой аргаль байснаас, Хөвсгөлд 200 орчим тохиолдоно. 2001 онд 13000-15000 толгой, 2009 онд хийсэн уулын туруутны судалгаагаар, аргаль хонь Монгол улсын хэмжээнд 50215.4 км2 талбайд тархсан бөгөөд дунджаар 18100 толгой нөөцтэй гэж үнэлжээ. Мөн сүүлийн 10 орчим жилд Хөвсгөл, Сүхбаатар аймагт аргаль хонины тоо толгой харьцангуй тогтмол, харин тархац нутгийн хэмжээ 9.7-8.9 дахин нэмэгдсэнээс Говьсүмбэр аймагт тархац нутгийн хэмжээ 3.2 дахин, Төв аймагт 2.3 дахин, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймгуудад 1.2-1.9 дахин нэмэгдсэн, Хэнтий, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт аргаль хонины тархац нутгийн хэмжээ 1.1-2.3 дахин багассан болохыг тогтоожээ. Дээр үеэс эхлэн өнөө хүртэл хууль бусаар агнаснаас ховордсон. Цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий байршил нутагт мал бэлчээрлэснээс дайжин зайлж байна. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл. Гол дайсан чоно. Бүргэд нялх хургыг барина. Хааяа ирвэс, шилүүс хорооно. Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдоно. Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол байдаг. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутагт уул уурхайн баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн. Дэлхийн хэмжээнд ховордсон устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж. Монгол улсын улаан ном болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус, Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, өсгөн үржүүлж, зохистой ашиглах, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн аргаль шинээр дахин нутагшиж байгаа болон улирлаар түр нүүдэллэн үзэгддэг газарт тогтворшуулан нутагшуулах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд аргаль тархсан зарим нутгийг хамруулж, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд оруулах, цөл, хээрт аргаль ундлах задгай ус, булаг шандыг сэргээх, үндсэн байршил нутгийг малын бэлчээрээс чөлөөлөх, тусгай зориулалтын болон хууль бус агналтанд тавих хяналтыг сайжруулах, тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болон нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, зудын гамшиг тохиолдсон үед нэмэлт тавьж өгөх, уул уурхайн ашиглалтын дэд бүтцийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, дүйцүүлэн хамгаалах аргыг нэвтрүүлэх.

Start a discussion about Аргаль

Start a discussion