Jump to content

Хэлэлцүүлэг:Үзэмчин

Page contents not supported in other languages.
Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

үзэмчин зарим түүх

[кодоор засварлах]

АХМАД НАСТНУУДААС СОНССОН ХУУЧ ЯРИАНЫ ТЭМДЭГЛЭЛ.

АЮУШИЙН СЭЭРЭВ
Энэ яриаг 1995 оны намар Дорнод аймгийн Баянтүмэн сумын Усжуулалтын нуураас баруун тийш Хэрлэнгийн хойд биед намаржиж байгаа А.Сээрэв гуайн өөрийнх нь гэрт сонсож тэмдэглэв.

А.Сээрэв гуай ярихдаа 1938 он буюу бар жилд үзэмчин бэйлийн хошуунд “Амарыг хамгаалах цэрэг” гээч байгуулагдсан. Цагаан чулуутын энгэр дээр ноёдын өргөөний дэргэд хэдэн гэр бариад суусан. Анх 60 цэрэгтэй байсны учир “Жаран цэрэг” гэх нэрийг олсон. Мөн тэр жилдээ зун нь урагш нүүж Нүннэйн сүмд гэгээн сангийн байшинд нь орж суусан. 1941 он буюу могой жил Ээжийн хөвөөнд өөрсдөө барилга бариад намар нь тэнд очсон. Анхны дарга-багш нь харчин Жан-Юү-Сүн, цахар Дамиранжав нар байв.

Морин жил баруун үзэмчний Балгарын цэргээс 50 цэрэг тасдаж авчран суурьшуулав. Бас авгын нутагт байдаг 26 дугаар туна /цэргийн хороо, анги гэсэн хятад үг бололтой/ гэгчээс Гарьдай, Цэрэн гэсэн 2 даргатай 15 цэрэг нэмж ирсэн. Ингээд энэ 125 цэрэгтэйгээ 1945 он хүргэсэн. 

Харуул, хамгаалалтын байрлал нь:

-Сэеэлжийн “Хар холбоо” /газрын нэр/-д 30 цэрэг, Эд нь Гурван сайханд 10, Зүрхийн ард 10 мэтээр хуваагдана.
-Рашаан Гүйлстэйн хүрд 30 цэрэг, Эд нар Цагаан ширээд 10, Бумбанд 5 гэх мэтээр
-Луухад /хуучин/ 30 цэрэг, эд нар нь Шавартай хүрд 10,  Шалдан . . . . . . д 5, шинэ Луухад 5 гэх мэт
-Ээжийн хөвөөнд 35 цэрэг, эд нар нь Хэцүүгийн хар нуурт 5, Дээд хадан хошуунд 5 гэх мэт

Хил хамгаалалын эдгээр цэргүүд өдөр бүр хайчин харуул хийнэ. Хар холбоод морзон холбоо байдаг байсан, яаруу сандруу үед түүгээр чимээ өгнө. Энд Са-ка-да нэртэй нэг япон, Ши-сан нэртэй нэг хятад мэргэжлийн хүнээр ажиллаж байв. 1940 онд тэр хоёр багш буцаж, шинээр хоёр сургагч ирсэн нь харчин Буянжаргал, цахар Лоройравдан нар байлаа. Тэр үеэс Гэрэлт залан /Баатар шаагийн дүү/ даргалах болов. Могой жил буюу 1941 онд Япон сургагч Ивамуру гэдэг хүн ирсэн. 1945 оны хавар Улаан хот яваад эргэж ирээгүй. Дээрх сургагч Буянжаргал өөрийгөө буудан егүүтгэж, Лоройравдан нь олзны цэргүүдтэй хамт ирсэн, одоо Дархан хот хавьцаа байгаа бол уу. “Олзны” гэж сүүлд нэрлэгдэх болсон цэрэгт 75 хүн ирсэн, үүний 3 нь баруун үзэмчнийх. Уг нь олзлогдож гараагүй юмаа, “уригдаж” сургуульд сургана, сурна гэж гарсан юм. Ар Монголоос Шагдар гэдэг хүн очоод “Та нарыг нэг сарын хугацаагаар цэргийн сургууль хийлгэнэ, эргэж ирээд хилээ хамгаална” гэж хэлээд Ламын сүм дээр цуглуулсан. Унаа, хүнсээр хангаад Жамьян гэдэг хүн ахлаад нааш авчирсан, Шагдар нь тэндээ үлдсэн. Баянцагаанд шөнө ирээд том дөрвөлжин хар юмны дэргэд буулгасан /тэр нь том берзинтэн платка байсан байна лээ/, эмээл, хазаарыг нь авахуулаад морьдыг тавиулсан. Маргааш нөгөөдөр нь сайхан амраасан, юм үзүүлсэн, 3 дахь өдрөөс нь нүх ухуулах, түлээ хөрөөдөх, хагалах зэргээр ажил хийлгэсэн, тэнд 4 хоносон. Тэгээд л нэг өглөө “Засгийн газар аваад ир” гэсэн гээд л нааш явганаар тууж гарсан даа. Энэ үеэс “олзны” болж хувирсан. Нөгөө морь мал, эмээл хазаар юу болсон бүү мэд. Бид 75 дээр эндээс оргож очсны учир баривчлагдсан 10-аад хүн нэмэгдээд 80 гаруй хүн болоод, хүн бүр бүсэндээ 2ш лааз зүүчихсэн өдөржин алхаад, орой харанхуй болсон хойно гал, гэрэл улалзаж байгаа газар очиход биднийг тууж яваа 50 цэрэг, бусад хүмсүүдийн гал тогоо байж байх. Тэнд биднийг амраана. Бидэнд хоол өгөхгүй харин алга дарам түүхий мах, жаахан ус өгнө, хэд гурваараа нийлж түүдэг асаахыг зөвшөөрнө, нөгөө 2 лаазныхаа нэгд цай, нөгөөд нь махаа чанах учиртай юм л даа, ядарсан үед юун тэгэж ямбалахтай манатай, жаахан унд уучихвал унтахын түүс, нөгөө жаахан махаа түүхийгээр нь залгичих ч тохиолдол гарч л байсан. Унтуулахдаа биднийг ард Аюушийнхны гарын үсэг шиг тойруулаад толгойг дотогш нь харуулаад хэвтүүлэх, дундах зайнд нь нөгөө “оргодол” 10-гаа хэвтүүлэх маягаар унтуулна даа. Тэгээд Тамсагт ирсэн, Ванданхүү гэдэг дарга авчирсан, Тамсагаас унаанд /вагонд/ сууя гэж гуйтал хүн бүр 20 төгрөг өг гэсэн, бидэнд юун мөнгө байх билээ, ганс зэрэг эдлэлээ зарж байгаад мөнгөө бүрдүүлээд Ванданхүүдээ өгөв. Ванданхүү нь “оросод алдчихлаа” гээд бас л явганаар явсан, бас л их ядарсан даа. Тэхдээ Баянтүмэнд ирээд ноос угаах ажилд 3 жил шахам ялтны хэмжээнд доорд үзэгдэн ажиллаж, ирсэн бүрэлдэхүүнийхээ тал илүү хувийг үхүүлсэнтэйгээ харьцуулвал юу ч биш л дээ. Өдөртөө хүнд хүчир ажилд амь зогоох төдий хоол ундтайгаар цөхөртлөө зүтгээд орой нь кинон дээр гардаг шиг нийтийн хорих байранд шавааралдуулан унтуулсан болно. Өглөө босоод “ажил”-даа гарахад ганц нэгээрээ тугдайгаад үлдэнэ, /эгээл хонины хотод үлддэг хорогдол шиг/ дахиж босохгүй болох нь тэр 1947 онд Янжмаа/Жанжин Д.Сүхбаатарын гэргий бололтой Га.Ду/ сайд ирж уулзснаас хойш “хоригдол” бидний байдал шал өөр болсон. Тэр үед бид чинь галгүй шахам нүхэн зооринд үүдэндээ байнгын харуул манаатай, гадагш гарах эрхгүй, үүдэнд тавьсан хувинд хүнд, хөнгөнөө гаргана, хоол гэж усанд чанасан шар будаа голдуу байсан юм. Гэтэл нэг өдөр биднийг чинь халуун усанд оруулаад л, дотуур, гадуур хувцсыг маань солиод л, үс толгой хусаад л явчихлаа. Муу нүхэн гэртээ иртэл галлачихсан дулаахан, өнөө муу хувингий минь хураачихсан, жорлонд гадаалах эрхтэй болчихсон, харуул манаа гэж ил харагдах юм алга байсан шүү Янжмаа сайд л “буруу юм хийж байна та нар” гэж бужигнуулсан байх. Хоол ундны амт чанар нь сайжраад явчихсан. Харин шимтэй, тостай юмны бараа хараагүй удсан бидний ходоод хэд хоног жаахан тиймхэн байснаа удалгүй дассаан. Тэгээд ч удалгүй “суллагдсан”. 1948 онд “суллагдахад” 30-аад хүн л амьд үлдсэн, бусад нь үхсэн байсан даа. “Суллагдах” гэдэг үгэнд би дургүй, хүлээн зөвшөөрдөггүй, учир нь би Монгол Улсын өмнө, төрийн өмнө буруу хэрэг хийгээгүй, буруу санаа ч өвөрлөөгүй. Төр намайг шийтгэсэн зарлиг тогтоол ч байхгүй, тийм атал биднийг хоригдолд тооцож, эрүүл мэнд, сэтгэл санаа, амь насны үлэмж хохиролд хүргэсэн хэн нэгэн этгээд, хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн хууль бус үйлдэл, “хэлмэгдүүлэлт” гэж үздэг.

Монголын төр нүдтэй юм болохоор нэгэн цагт ялгаж салгаж харна гэдэгт итгэсээр л яваа даа  

Тэмдэглэж авсан Түмчүүд Га.Дугаржав. Ду.Батбаяр (talk) 18:10, 31 Гуравдугаар сар 2018 (UTC)[хариулах]

@Ду.Батбаяр Dugar bayar (talk) 18:52, 18 Арванхоёрдугаар сар 2023 (UTC)[хариулах]