Хятадын ногоон хэрэм төсөл
Хятадын ногоон хэрэм төсөл (хятад. уламж. 三北防護林, хялбар. 三北防护林) — БНХАУ-ын газар нутагт элсэн цөлийн тархалтыг зогсооход зориулагдсан төсөл юм. Англи хэлээр албан ёсоор -The Three-North Shelterbelt Development Program -гэж нэрлэж байгаа төсөл юм.
Төслийн нэрийг Хятадын цагаан хэрэмтэй адилтгаж авсан ажээ. Тэдний чиг үүрэг ч мөн адил: Цагаан хэрэм нь эрт цагт Хятадыг умард нүүдэлчдээс хамгаалж байсан бол энэхүү шинэ төсөл нь элсэн шуурганаас хамгаалах зорилготой ажээ.
Ногоон хэрэм нь ургамалжуулах томоохон улсын төсөл юм. Төслийн гол зорилго нь хуурай уур амьсгалтай, хүн амын нягтаршил ихтэй Хятадын умард хэсгийн цөлжилтийг зогсоох явдал юм.
Хятад дахь цөлжилт
[засварлах | кодоор засварлах]Сүүлийн жилүүдэд Хятад улс Азийн шороон шуургад ихээхэн санаа зовж байгаа бөгөөд энэ нь гол төлөв тус улсын хойд бүс нутаг дахь элсэн цөлтэй хаяа дэрлэх бүс нутгуудад нөлөөлж байгаа юм. Хятад улс жил бүр цөлжилтийн улмаас 1300 км² ашиглах боломжтой газар нутгаа алддаг гэсэн тооцоо гаргасан бөгөөд цөлжилтийн үр дагаврыг 400 сая хүн амсаж байгаа ажээ. Цөлийн халуун Бээжингийн жилийн дундаж температурт нөлөөлж хэдийнэ хэд хэдэн градусаар нэмэгдүүлж ирсэн байна. Солонгос, Япон зэрэг улсууд Хятадын шороон шуурганд нэрвэгдэж, улмаар шавар бороо орж, гол мөрөн ширгэж байна. Хятадуудын энэ шороон шуургыг "шар луу" гэж яруу найргийг хэлбэрээр нэрлэдэг бөгөөд уг шороон шуурга маш хүчтэй учраас тоос нь Хятадаас АНУ-ын баруун эрэг хүрдэг байна.
Цөлжилтийн үндсэн шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн бусад олон орны нэгэн адил хятадын нутаг дахь цөлжилт нь хүний үйл ажиллагааны үр дагавар юм. Асар хурдацтай хөгжиж буй газар тариалан нь хөрнсий хүчин чадал дийлэхгүй, бүтцийг нь сүйтгэж, шим тэжээлгүй болгож байна. Газар хөрсний сийрэг ургамлын бүрхэвч малын бэлчээрлэх, ой модыг устгах замаар улам бүр багасч, хөрс нь элэгдэлд тэсвэртэй байдлаа алддаг байна. Цаг хугацаа өнгөрөхөд ургамлын давхарга нь хур тунадасны улмаас урсаж эсвэл салхинд хатаад хийсдэг юм.
Цөлжилтөд үйлдвэрлэлийн давшингуй хөгжил ч нөлөөлж байна. 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдах үед тус улсын нийт газар нутгийн 8 хувь нь ой модоор бүрхэгдсэн байв. Гэвч үйлдвэржилтийн үед түлшний хэрэгцээ ихээр үүсч, ой тайрч галлах замаар асуудлыг шийдсэн нь байгаль орчинд сөргөөр нөлөөлжээ.
Өөр нэг сорилт бол аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүн амын өсөн нэмэгдэж буй усны хэрэглээ юм. Үүний зэрэгцээ шинэ гүний худаг, далан барих замаар шийдэж байгаа бөгөөд энэ нь гол мөрний усны агууламж буурч (заримдаа гол нь далайд хүрэхээс өмнө ширгэдэг) улмаар гүний усны түвшин буурахад хүргэдэг. Жишээлбэл, Хятадын хоёр дахь хамгийн урт гол болох Шар мөрөн доод урсгалаараа ширгэж жилд зургаан сар орчим хуурай хатсан байдалтай байдаг болсон байна.
Цөлжилтийг зогсоох ажил
[засварлах | кодоор засварлах]Хятадын Ногоон хэрэм барих ажил 1970-аад онд БНХАУ-ын Соёлын хувьсгалын дараа эхэлсэн бөгөөд 2050 он хүртэл үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажээ. Үүний зэрэгцээ тус улсын 350,000 км² талбайг зүлэгжүүлэх бөгөөд энэ нь Германы нутаг дэвсгэртэй тэнцүү газар нутаг юм.
Цөлжилтөд өртсөн бүс нутгууд (цөлийг оруулаад) ойролцоогоор 2.6 сая км² талбайг эзэлдэг бөгөөд энэ нь БНХАУ-ын нийт нутаг дэвсгэрийн 28 орчим хувийг эзэлэж байгаа юм.
Тариалсан ой мод нь салхины хурдыг саармагжуулж бууруулах, хөрсний эвдрэлээс урьдчилан сэргийлэх зэрэгт ихээхэн тохиромжтой юм. Үүний тулд Хятадад 4500 гаруй км урт, 100 орчим км өргөн ногоон зурвас 13 мужийг дайран өнгөрдөг мод, өвс, бут сөөгний хамгаалалтын бүсийг жинхэнэ ногоон хэрэм босгох ажээ. Мод нь салхи, элсний хөдөлгөөнийг хааж, үндэс нь хөрсний бүтцийг бэхжүүлж, элэгдэлд орохоос сэргийлнэ гэж тооцоолж байна. Ийм нөхцөлд ургамлын хувьд хурдан өсөлт, элсэн шуурганд тэсвэртэй байх нь чухал бөгөөд эдгээр бүс нутагт жилийн дундаж хур тунадас ердөө 100-200 мм байдаг. Байгаль орчинд эелдэг бөгөд хурдацтай ургадаг онцлогтой улиас, жижиг бут зэргийг голчлон тарихаар төлөвлөж байна.
Энэхүү ногоон төсөлд Хятадын бүх ард түмэн хамрагдаж байна. Тиймээс холбогдох хуулийн дагуу 11-60 насны Хятад улсын иргэн бүр нэг жилийн дотор гурваас таван мод тарих, эсвэл зохих татвараа төлөх үүрэгтэй ажээ.
Тохижилтын янз бүрийн хувилбаруудыг ашиглаж байна. Уламжлалт арга нь элсэн манханыг нурааж, экскаватор, бульдозероор газрыг тэгшлэх бөгөөд үүний дараа ихэвчлэн гараар ургамал тарьдаг ажээ. Өөр нэг арга бол онгоц ашиглан үр тариалах явдал юм; Нисдэг онгоцноос боловсорч гүйцэх эхний шатанд байгаа үрийг агаараас хаяж байгаа юм. Ийм байдлаар 1000 гаруй км² талбайг зүлэгжүүлээд байна. Ногоон хэрэм төслийн явцын энэ аргыг Хятад улс зах зээлийн буюу эдийн засгийн ашиг сонхиролыг өдөөн урамшуулах хэлбэрт шилжүүлээд байна.