Хүний бие

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Эрэгтэй, эмэгтэй хүн урдаас харсан байдал

Хүний бие нь толгой, хүзүү, их бие (цээжний хэнхэрцэг болон хэвлийг оруулан ойлгоно), гар болон сарвуу, хөл болон тавхайнаас бүрдсэн бие махбодийн тогтолцоо юм. Хүний биеийн бүх хэсэг янз бүрийн хэлбэр, шинж чанар бүхий эсүүдээс бүрэлдэн тогтдог.

Насанд хүрсэн хүний биед дунджаар 37,2 триллион эс байх бөгөөд энэ тоог хүний биеийн бүх эрхтнүүдэд байх эсийн тоог гарган нийлүүлж тооцоолдог. Хүний бие нь бүтэц найрлагын хувьд нүүрс төрөгч, кальц, фосфор гэх мэт тодорхой тооны элементүүдээс тогтдог.

Хүний биеийн судалгаа нь анатоми, физиологи хоёрын хүрээнд явагддаг. Анатоми нь хүний биеийг паталогийн бус түвшинд судалдаг бол физиологи нь хүний биеийн тогтолцоонууд, эрхтэнүүд болон тэдгээрийн үүргүүдийн түвшинд судалдаг. Хүний биеийг бүрдүүлэгч тогтолцоонууд хоорондын нягт уялдаа бүхий үйл ажиллагаа нь гомеостазыг бүрдүүлдэг.

Бүтэц[засварлах | edit source]

Хүний биеийн хөндийнүүд

Араг ясны бүтэц нь хүний биеийн ерөнхий хэлбэрийн тодорхойлох бөгөөд тухайнх хүний амьдралын туршид төдийлөн өөрчлөгддөггүй. Булчингууд болон өөхөн эдийн тархалт мөн янз бүрийн дааврын үйлчлэл нь эрэгтэй, эмэгтэй хүний ерөнхий биеийн хэлбэрийг тодорхойлдог. Насанд хүрсэн эрэгтэй хүний дундаж Хүний биеийн өндөр нь (хөгжингүй орнуудад) 1,7-1,8 м бол насанд хүрсэн эмэгтэйчүүдийнх 1,6-1,7 м байдаг. Хүний биеийн өндөр нь ген болон идэж буй хоол хүнсний онцлогоос ихээхэн хамаардаг. Харин биеийн хэлбэр, бүтэц нь генетик, хоол хүнс, дасгал хөдөлгөөн зэрэг хүчин зүйлсүүд нөлөөллөөс хамаарч тодорхойлогддог.

Хүний бие нь хэд хэдэн хөндийтэй бөгөөд хамгийн том нь хэвлий аарцагны хөндий юм. Эдгээр хөндийнүүд нь хүний биеийн дотор эрхтнүүдийг өөртөө агуулж байдаг.