Jump to content

Цус багадалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цус багадалт гэж цусан дахь улаан эс, эсвэл гемоглобин багасах, цус хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадвар сулрахыг хэлнэ. Цус багадалт аажим явагдахад ядрах, сульдах, амьсгал давчдах, хөдөлгөөний чадвар буурах зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрдэг бол хурц цус багадалт нь толгой эргэх, дотор муухайрах, нүд бүрэлзэх, ухаан алдах, ам ихээр цангах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Мөн нүүр хөхөрч цайх шинж тэмдэг илэрнэ.

Цус багадалт нь цус алдах (ил шархны улмаас цус алдах, эсвэл дотуур цус алдах зэрэг), цусны улаан эс боловсруулах явц муудах (төмрийн дутагдал, B12 аминдэмийн дутагдал, талассеми буюу хемоглобины өөрчлөлт, чөмөгний неоплазмын багадалт зэрэг), эсвэл цусны улаан эд ихээр гэмтэх (хумхаа гэх мэт халдварт өвчин, хадуур эсийн өвчин, дархлаа дарангуйлах өвчин зэрэг) гэсэн гурван шалтгааны улмаас үүсдэг. Цус багадалтыг улаан эсийн хэмжээ, мөн нэг улаан эс дэх хемоглобины хэмжээгээр тодорхойлно. Улаан эсийн хэмжээ жижиг бол бичил улаан эсийн цус багадалт, том бол том улаан эсийн цус багадалт, хэвийн бол хэвийн улаан эсийн цус багадалт гэж нэрлэдэг. Хемоглобины хэмжээ эрэгтэй хүнд 130-140 g/L (13-14 g/dL)-ээс бага, эмэгтэй хүнд 120-130 g/L (12-13 g/dL)-ээс бага бол цус багадалт гэж оношлох бөгөөд цус багадалтын шалтгааныг тодорхойлох нарийн шинжилгээ шаардлагатай.

Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд цус багадалтаас сэргийлж төмрийн бэлдмэл хэрэглэх нь үр нөлөөтэй. Гэхдээ эмчээс зөвлөөгүй тохиолдолд ерөнхийдөө нэмэлт бэлдмэл хэрэглэхгүй байсан нь дээр. Тухайн хүний шинж тэмдгээс хамаараад цус юүлж болно. Гэхдээ тодорхой шинж тэмдэг илрээгүй бол хемоглобины хэмжээ 60-80 g/L (6-8 g/dL)-ээс бага биш бол цус юүлээд хэрэггүй.

Өдгөө дэлхийн хүн амын гуравны нэг нь цус багадалттай гэгддэг бөгөөд хамгийн өргөн тохиолддог цусны өвчлөл юм. Тэр дундаа төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт нь 1 тэрбум орчим хүнд илэрдэг ажээ. 1990 онд төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтын улмаас 213,000 хүн амь алдаж байсан бол энэ тоо 2013 онд 183,000 болон буурчээ. Цус багадалт нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн, бага болон өндөр настай хүмүүст илүү тохиолддог. Цус багадалт эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг өсгөж, хүний үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулдаг билээ.