Jump to content

Цэдэндамбын Ванчиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэдэндамбын Ванчиг нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Алтангадас одонт, Хөдөлмөрийн хүндэт медальт зураач, монументалист уран бүтээлч.

Ц. Ванчиг нь 1947 онд Төв аймгийн Баянбараат сумын нутаг Халзангийн гол гэдэг газар Мянгатын Цэдэндамбын гурав дахь хүү нь болон мэндэлжээ. 1955 онд Улаанбаатар хотод ирж 10-н жилийн 1-р дунд сургуульд суралцаж байгаад дунд ангиасаа Хөгжим бүжгийн дунд сургуулийн Уран зургийн ангид орж 1966 онд 11-р ангиа дүүргэсэн байна.

Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсөөд тэрээр МУЭ-ийн хороонд зураачаар ажиллаж байгаад 1967 онд Ленинград хотын Мухинагийн нэрэмжит урлагийн сургуулийг Монументаль чимэглэлийн мэргэжилтнээр 1974 онд төгссөн.

1974 онд сургуулиа төгсөж ирээд Сэлэнгэ аймгийн урчуудын эвлэлийн салбарын Эрхлэгчээр томилогдон ажилласан. 1975 онд Монголын урчуудын эвлэлийн Улаанбаатар хотын урчуудын салбарт Уран сайхны удирдаач, 1978 оноос МУЭ-ийн хороонд мэргэжилтэн, 1982 онд Монументаль чимэглэл, урлагийн үйлдвэр байгуулж, уран сайхны удирдагч мөн даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн. 1984 оноос "Нийслэлийн Ерөнхий Зураач"-аар 23 жил ажилласан түүхтэй.

1991 онд Ардчилал бий болж орон даяар Улсын харьяаны тодотголтой байгууллагуудыг хувьчлалд оруулж зарим газрууд үүд хаалгаа хааж эхлэхэд Улаанбаатар хотын даргын шийдвэрээр хэсэг уран бүтээлчдээ цуглуулан "Урлал Чимэглэл" газрыг байгуулж улмаар хувийн хэвшилд орсноор "Зураг Урлал" ХХКомпани байгуулж Ерөнхий захирлаар мөн Нийслэлийн Ерөнхий зураачийн албан тушаалтай хавсран гүйцэтгэж байгаад 2007 онд өндөр насны тэтгэвэрт гарсан түүхтэй.

portrait of Vanchig Tsedendamba
Цэдэндамбын Ванчиг

2008 онд Нийслэлийн Ерөнхий зураачийг хүлээлгэн өгч, одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.

1969 онд Дашжамц овогтой Даваатай гэр бүл болж охин Гантөгс, Ганчимэг, Ганзаяа, Ганцацрал, хүү Ганзориг, Гандуулга, Ган-Эрдэнэ нарыг төрүүлж өсгөжээ.

Д.Сүхбаатарын төрсөн газрын чулуун хөшөө, Улаанбаатар Зуунмод хотын заагт босгосон одонт өндөрлөгийг биечлэн бүтээж, Монументаль урлагийн үйлдвэр, хотын урчуудын салбар, зураг урлалын газар, урлал чимэглэлийн газар зэрэг байгууллагынхаа уран бүтээлчдийг удирдан олон арван бүтээл туурвисаар, төрөөсөө 60,70,80,90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Улсын сан хөмрөгт уран зураг, зураасан зургийн 30 гаруй бүтээлтэй.

Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний Залуу” алтан медаль 1977
Монголын Урчуудын Эвлэлийн “Тэргүүний Ажилтан” 1982
Улаанбаатар хотын “Хүндэт Медаль” 1993
Хөдөлмөрийн хүндэт медаль 1994
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан 1996
Алтангадас одон 1999
Нийслэлийн Хангарьд одон 2006