Цэдэндамбын Готов
Цэдэндамбын Готов (1921 оны 1-р сарын 28-нд Монгол Улсын Түшээт хан аймаг, Дайчин вангийн хошуунд (өнөөгийн Булган аймаг, Сайхан сум) төрсөн– 2012 онд Улаанбаатар хотноо нас барсан) — БНМАУ-ын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар (1964.12.24 – 1990.03.12) 26 жил ажиллажээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг нь Алтан ургийн тайж Цэдэндамба (?-1921), эх нь А.Жүгдэр. Эцэг тайж Цэдэндамба 1921 онд оросын цагаан цэргийн генерал Борис Резухин-ы цэргүүдэд алагдсан байна.
Ц.Готов 1932-1935 онд Булган аймгийн төвийн тэнхимд суралцсан.
1936-1941 онд ЗСБНХУ-ын Эрхүү хот дахь Монгол Рабфакийг төгсч, багшийн мэргэжил эзэмшсэн.
1946-1950 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцаж, төгссөн.
1955-1959 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид доцент В.В.Лезин-ий удирдлагаар “Монгол оронд үндэсний сэхээтэн бүрэлдэн буй болсон нь” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1941-1944 онд Булган аймгийн дунд сургуульд түүх-дэлхийн байдлын багш,
1944-1945 онд Гэгээрлийн яамны заах аргын хэлтэст мэргэжилтэн,
1945-1946 онд өөрийн хүсэлтээр Багшийн сургуульд түүхийн багш болсон,
1950-1955 онд Намын дээд сургуулийн түүхийн багш, хичээл ангийн эрхлэгчээр ажилласан.
1959-1960 онд Намын дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Намын дээд сургуулийн захирал Ч.Сүрэнжав түүнийг Намын дээд сургуулийн орлогч захирлаар томилуулахыг хүссэн ч Ц.Готов удирдах ажлын туршлагагүй гэдэг үндэслэлээр татгалзажээ.
1960-1961 онд МУИС-ийн декан, 1961-1964 онд МУИС-ийн эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн проректор, МУИС-ийн МАХН-ын Хорооны дарга,
1964.06-12 сард МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институтын эрдэмтэн, нарийн бичгийн даргаар ажилласан.
1964 оны 12-р сарын 24-ний өдөр эхэлсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тэрээр мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн шагналын хорооны дарга, “Ардын төр” сэтгүүлийн эрхлэгчээр хавсран ажиллаж байжээ.
1990 оны 3-р сард БНМАУ-ын АИХ-ын 11 удаагийн сонгуулийн 8-р чуулганаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан.
1966-1990 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн байсан.
ШАГНАЛ
Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2 удаа), Алтан гадас одонгоор шагнагдсан.
2008 оны 11-р сарын 26-нд Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсан.
ДУРСГАЛ
2018 оны 11 дүгээр сард Булган аймгийн Булган сумын гуравдугаар сургуулийг Цэдэндамбын Готовын нэрэмжит болгожээ.
НОМ
Ц.Готовын “Туулсан зам” дурсамж нь 2004 онд хэвлэгдсэн.
ГЭР БҮЛ
[засварлах | кодоор засварлах]- Эхнэр – Цадмидын Басдарий (1924-2016), 1934-1938 онд Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургууль, 1938-1941 онд Эрхүү хотын Монгол Рабфак, 1941-1943 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1960 онд МУИС-ийг төгссөн. Булганы төвийн дунд сургууль, Улаанбаатар хотын 2-р дунд сургууль, Уран сайхны сургууль, Намын дээд сургуулийн багш, 1960-1964 онд “Шинжлэх ухаан, амьдрал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1964-1986 онд МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн нарийн бичгийн дарга байсан.
- Хүү Г.Баяр, охин Г.Басдолгор, хүү Г.Энхбаяр, охин Г.Энхдолгор, охин Г.Батдолгор. Хүргэн О.Энхтөр нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
- Сайханы (Булган) хүн
- Түшээт хан аймгийн хүн
- Монголчууд
- БНМАУ-ын төрийн зүтгэлтэн
- Монгол Улсын Их Сургуулийн багш
- БНМАУ-ын Ардын Их Хурлын гишүүн
- Монгол Ардын Намын гишүүн
- Алтан гадас одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (Монгол)
- Монгол улсын гавьяат хуульч
- 1921 онд төрсөн
- 2012 онд өнгөрсөн