Jump to content

Цэрэндашийн Цэрэн-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэрэндашийн Цэрэн-Очир Монгол улсын хөдөлмөрийн баатар цолтой тракторч-комбайнч.

Ц.Цэрэн-Очир 1932 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын Хярд мэндэлжээ. Хорин нас хүртлээ мал маллаж, өртөөний улаач хийжээ. 1952 онд Угтаалцайдам сумын Эвлэлийн үүрийн хурлаар Жаргалантын сангийн аж ахуйд трактор, комбайнчийн 45 хоногийн курст сууж САА 1-р бригадад тракторч Я.Дэмбэрэлийн туслахаар NATW трактор дээр, намар нь Ц.Шатарын туслахаар С-6 комбайн дээр ажилчнаар газар тариалангийн үйлдвэрлэлд оролцож эхэлжээ. Намар нь С-6 комбайнаар 744 га тариа хадаж цайруулсан нь одоо ч хэвээр дээд амжилт болжээ. Нормоор бол 240 га байв. 2 дахь жилээс багшийнхаа комбайныг хүлээн авч бие даан 544-844 га хадаж цайруулж, жил бүр нормоо 136,5%-иас дээш биелүүлж 1985 онд ажлын 15 хоногт 4860 гаруй цн тариа хураан нормоо 200 хувь биелүүлж 2 хүний ажил хийсэн бол 1959 онд 490 га газраас тариа хурааж 1342 л шатахуун хэмнэж, 1960 онд ажлын 18 хоногт 845 га талбайгаас 6571 цн ургац хурааж 1208 литр шатахуун хэмнэж гарамгай амжилт гаргажээ.

Энэ хийсэн ажлын үнэлэн БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1959оны 7-р сарын 10ны өдрийн 118-р зарлигаар Монгол улсын хөдөлмөрийн баатар эрхэм дээд цол хүртжээ.

Газар тариаланд ажиллагсдаас төрсөн анхны, Улсын 8 дахь хөдөлмөрийн баатар юм. 1962 онд САА-н 10 жилийн дунд сургуулийг оройгоор төгсөн, 1966-1971 онд ХААИС-ийг төгсөж багш, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажиллаж ХАА-н олон зуун мэргэжилтэн бэлтгэхэд оролцжээ. Ц.Цэрэн-Очирыг өөрийн араас 14 хөдөлмөрийн баатар 6 гавьяат механикжуулагч төрүүлсэн булган сүүлтэй баатар гэж хүндэлдэг. Мөн өөрийн шавь нараас 10 гаруй хөдөлмөрийн баатар, 20 гавьяат төрүүлж ХААИС-ийн хүндэт доктор болсон юм.