Jump to content

Чойжамцын Баяраа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чойжамцын Баяраа нь 1944 оны 7 сарын 10-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын “Улаан нүдэн булаг” гэдэг газар малчин ард Чойжамцын 2-р хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1952-1959 онд ЕБС, 1962 онд тракторч комбайнчны курс дүүргэсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн спиртийн заводад ачигчаар ажилллаж анх ажил, амьдралынхаа гарааг эхэлжээ.

Намтрын товчоон

[засварлах | кодоор засварлах]
  • 1965-1968 онд Ардын цэргийн алба хааж,
  • 1968-1983 онуудад Зүүнхараагийн САА-д тракторч комбайнч, үр тарианы 4-р бригадын ахлагч
  • 1983-1991 онуудад Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн САА-д үр тариа мал аж ахуйн 1-р цогцолборын дарга
  • 1991-1995 онуудад Шанддов ХХК-д орлогч захирал
  • 1995-2007 хүртэл өөрийн үүсгэн байгуулсан “Нарангийн-Ам” ХХК -д ерөнхий захирлаар тус тус ажилласан.

Ч.Баяраа МАХН-ын 19-р их хурлын төлөөлөгчөөр, 19-р их хурлаас төв хорооны орлогч гишүүнээр сонгогдож байсан. Мөн онц их хуралд төлөөлөгчөөр, МХЗЭ-ийн 19-р хуралд төлөөлөгчөөр, мөн бүгд хурлын гишүүнээр, аймгийн депутатаар 2 удаа сонгогдож, сонгогч иргэдийнхээ төлөө өөрийн хүч чадал оюун ухаанаа зориулан ажилласан төр, нийгмийн зүтгэлтэн байжээ. Баруунхараагийн САА-д ажиллах хугацаандаа механикжсан салаа зохион байгуулж, хөлс төлөлтийн нарядгүй системийг аж ахуйдаа анх нэвтрүүлж, салаагаараа 1 га тутмаас 13-17,8цн ургац хурааж авсан нь аж ахуйнхаа дундажаас 5-7 цн-ээрдавж байжээ. Энэ амжилтаа жилээс жилд бататгаж, хөдөлмөр зохион байгуулалтын шинэ систем нэвтрүүлэн ажилласнаар салаагаараа БНМАУ-ын 4 удаагийн аварга цол хүртсэн. Сэлэнгэ аймгийн хэмжээнд анх удаа МАА, ГТ-ын цогцолбор байгуулах санаачлага гаргаж, туршлагадаа дэлгэрүүлжээ.

Ч. Баяраагийн удирдсан салаа нь 1984 онд “Улсын ургацын аварга” цол хүртсэн бөгөөд өөрийнх нь 10 жилийн ажлыг тооцоолон үзвэл нэг жилд трактороор зөөлөнд шилжүүлснээр 8736 га, комбайнаар шуудад шилжүүлснээр 5610 га-ийн ажил хийж, 1 га тутмаас 15цн буюу бүгд 88294 цн ургац хурааж, нийтдээ 10 жилд 28 жил 2 сарын ажил гүйцэтгэсэн нь бахдам амжилтын эзэн баатар хүн юм. Ч.Баяраа нь шаргуу хөдөлмөрлөхийн зэрэгцээ газар тариалангийн ажилд олон арван залуучуудыг сурган дадлагажуулж, тэдний амьдралын зам мөрийг зааж өгсөн залуу үеийн халамжлан хүмүүжүүлэгч байлаа.

Шагнал урамшуулал

[засварлах | кодоор засварлах]

Улсад 44 жил ажилласнаас газар тариалангийн салбарт 39 ажиллажээ. Монгол Улсад газар тариалан хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж доорхи шагналуудаар шагнасан байна.

  • 1984 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цол, Алтан соёмбо, Сүхбаатарын одон
  • 1976 онд “Алтан гадас” одон
  • 1981 онд “Алтан гадас” одон
  • 1989 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон
  • 1979 онд “Атрын алдар” медаль
  • Улсын ургацын 6 удаагийн аварга
  • 5,6,7-р таван жилийн гавшгайч тэмдгүүд
  • Атрын 40 жилийн “40 алдартны нэг”-ээр шалгарч цол, өргөмжлөл

Тэрээр 1969 онд гэргий Н.Дуламсүрэнтэй ханилан 8 сайхан хүүхэдтэй болж өсгөн хүмүүжүүлж өөрийн үр хүүхдүүддээ ажил мэргэжил, туршлагаа өвлүүлжээ. Түүний үр хүүхдүүд нь газар тариалангийн “Нарангийн Ам” ХХК-иа үргэлжлүүлэн ажиллуулж газрын өгөөжийг түмэн олондоо түгээсээр байна.