Чөлөөт өрлөг
Францаар franc mason, англиар free mason хэмээх үгээс үүдэлтэй чөлөөт чулуучин гэж орчуулагдах нийгэмлэгийн талаар домог их. Уг нь тэднийг XVIII зуунд үүссэн гэдэг. Нэг хэсэг нь XVII зуунд ч гэдэг. Ямартай ч Англид үүсээд дараа нь Европын бусад орнууд, улмаар АНУ-д түгэн дэлгэрсэн гэх юм билээ. Үүсч бий болсон цаг хугацаа нь хүн төрөлхтөн үүх түүхээ баримтжуулан үлдээдэг жишиг нэгэнт тогтсон хэзээ хойно гэж бодохоор уг нь тэдний түүх тийм учир битүүлэг, домог мэт баймгүй. Гэтэл энэхүү шашин-гүн ухааны нийгэмлэгийн талаар хамгийн хачирхалтай, яг л тийм байгаа гэж сэжиг төрмөөр, яалтгүй үнэн байна гэж дуу алдмаар мянга түмэн түүх энд тэндгүй тэнүүчилж явдаг нь хэсэг бүлэг хүмүүсийн бий болгосон домог, энэ бол тийм айхтар байгууллага биш гэж зарим нь мэдэмхийрнэ. Дэлхий дахинаа нөлөөгөө тэлэхийн тулд өөрсдөө ийм домог тараадаг гэж зарим нь үзнэ.
Масончуудтай хамгийн их холбогдож яригддаг нь АНУ-ын ерөнхийлөгчид. Ер нь масончууд Шинэ Атлантидыг байгуулах зорилготой байсан, тэрнийх нь биелэл АНУ гэцгээдэг.
Америк 1776 оны долдугаар сарын 4-ний үдэш Тусгаар тогтнолын тунхаглалаа баталсан. Энэ тунхаглалыг баталсан 56 хүний гурваас бусад нь масончууд байсан гэлцдэг. Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Томас Жефферсон гээд үе үеийн ерөнхийлөгчид масончид байсан, Франклин болохоор пенсильванийн масончуудын салбарын их мастер зэрэгтэн, Жорж Вашингтон ч ялгаагүй дээгүүр зиндаатай гэх.м Линдон Жонсон ердөө доод буюу сурагчийн, харин Эндрю Жексон, Харри Трумэн нар агуу мастерууд зэрэглэлийнх байжээ. АНУ-ын 15 ерөнхийлөгч масонч байсан нь одоогоор тодорхой болоод байна.
Бас Английн ханхүү нар ихэнхдээ масонч байдаг, тэднээс л хаан тодордог уламжлал нэгэнт тогтсон гэдэг.
Ямартай ч АНУ-ын төрийн хоёр талт тамганы ар тал нь масончуудын тамгатай адилхан, нүүрэн тал нь болохоор мөн л масоны бэлгэ тэмдэг гарьд шувуу. Төрийн тамганы төсөл боловсруулсан Франклин, Адамс, Жефферсон нар гурвуулаа масоны нийгэмлэгийн гишүүд байсан, тэгээд ч шинэ тивд шинэ улс байгуулах үйл хэргийг зохион байгуулж "Тусгаар тогтнолын тунхаг”-ийг баталсан хүмүүс бараг бүгдээрээ тус нийгэмлэгийнх гэхээр үүнд нэг их гайхах зүйлгүй мэт.
Дэлхийн засгийн газар хэмээх нууц байгууллага байдаг, аливаа том шийдвэр болгоны ард тэд зогсдог, энд тэндхийн дайн байлдаан, улс орон бий болох устах зэрэг нь цөм түүний ажил, тэр бүү хэл 1917 оны Октябрийн хувьсгал ч, хоёр мянганы зааг дээрх даяарчлалын үйл явц ч тэдний бодлогын хэрэгжилт гэж ил тод өгүүлсэн ном хэвлэл гарч, олны гайхшийг төрүүлж байгаатай масончуудын тухай домгийг давхцуулан тавиад XVIII зуунаас хойшхи дэлхийн гол гол түүхийг тайлбарлах гэж үзвэл сонин дүр зураг гарна. АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтийн "Бүх цаг үед, ялангуяа өнөө цагт хэзээ нэгэн цагаас илүүтэйгээр нууц нийгэмлэгүүд л дэлхийг удирдаж байна”, "Улстөрд санамсаргүй зүйл хэзээ ч болдоггүй. Ямар нэг юм боллоо гэхэд тэгүүлэхээр бодсон л гэсэн үг” хэмээн тухайн үедээ хэлж байсныг үүн дээр нэмээд үзэхээр хардах эрх улам ч илүү болно.
Үүн дээр Америк соёлын түрэмгийлэл, христийн шашны нөлөөгөө тэлж буй арга замууд, газарзүйн зураглал, дэлхийн улс түмнүүд өөрийн гэсэн онцлог шинжээ ямар хурдан алдан ижилсэж буйг харах юм бол үнэхээр нууц номлол байдаг, түүнийг хэрэгжүүлэхээр үл үзэгдэгч гар дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг чадварлаг удирдаач мэт дохин өөрийн хүссэнээр хөдөлгөж байна гэмээр сэжиг төрнө. Гэхдээ энэ бол сэжиг таамаг, энд тэндхийн хэсэг бусаг баримт, тэнд энд бичигдсэн зүйлсийг нэгтгэн базаж үзэхээр тодрон гарч байгаа дүр зураг болохоос барим тавим нотолгоотой зүйл биш л дээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Чөлөөт өрлөг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |