Шимоносэкийн гэрээ

Шимоносэкийн гэрээ.

Шимоносэкийн гэрээ[1] (япон. 下関条約, шимоносэки жооякү, хятад. 馬關條約, пиньинь: Mǎ guān tiáoyuē) — 1895 оны 4-р сарын 5-нд Японы Шимоносэки хотод Японы эзэнт гүрэн, Чин улс хооронд байгуулсан гэрээ. Япон-Хятадын 1894—1895 оны дайнд Хятад ялагдсаны улмаас байгуулсан тэгш бус гэрээ юм. Тус гэрээ Манжуур, Хятадын нутаг дэвсгэрийг хуваахын төлөөх империалист гүрнүүдийн тэмцлийн эхлэл болж, Чин улсыг хагас колони болгоход чухал үе шат болсон юм.

Өмнөх нөхцөл[засварлах | кодоор засварлах]

Япон-Хятадын 1894-1895 оны дайн эхэлснээс хойш гурван сарын дараа Чин улс эвлэрэл байгуулах арга замыг эрэлхийлж эхэлсэн байна.

  1. Цэргийн зайлшгүй ялагдлаас гадна үүний шалтгаан нь Чин улсын хатан хаан Цыши 60 насныхаа ойг тэмдэглэхээс өмнө дайсагналаа зогсоох.
  2. 1894 оны 11-р сарын эхээр Чин улс Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай энхийн гэрээ байгуулахыг санал болгосон. Гэсэн хэдий ч Япон зөвхөн энэ саналд сэтгэл хангахгүй болсон бөгөөд тэд Ляодун хойг, Тайвань, Пэнху (Пескадор) арлууд, тэр байтугай Фужиан, Макао зэрэг эргийн мужуудыг авах саналаа нэмж дэвшүүлсэн юм.

Гэрээ байгуулах үйл явц[засварлах | кодоор засварлах]

1895 оны 3-р сарын 20-ноос 4-р сарын 17-ны хооронд Японы Шимоносэки хотод Гэрээ байгуулах хэлэлцээ болсон байна. Хэлэлцээтэй зэрэгцэн Японы флот Хятадын арлууд руу урагшилж, олж авсан газар нутгаа даруй эзэлж эхлэхэд бэлэн байв. Чин улсын нөлөө бүхий дипломат Ли Хунжан хэлэлцээрт улсаа төлөөлж оролцсон байна. Мөн Чин гүрний зөвлөхөөр ажиллаж байсан Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Фостер хэлэлцээнд оролцсон гэдэг.

3-р сарын 24-нд Ли Хунжан руу Японы хэт даврагчид дайрч, нуруу руу нь бууджээ. Чин улсын дипломатын амь насанд халдах оролдлого нь уур хилэнгийн шуурга үүсгэж, япончуудыг хатуу шаардлагаа бага зэрэг зөөлөрч уг хэлэлцээрийг түр зогсоох шаардлагатай болсон. Хэлэлцээ 4-р сарын 1-нд дахин эхэлсэн байна.

Тайванийг шилжүүлэхийг эрс хатуу шаардаж байсан Японы талын төлөөлөгч Ито Хиробүмигийн шийдэмгий байр суурь арлыг хадгалах санаагаа Чин улсын тал аажмаар орхиход хүргэсэн. 4-р сарын 10-нд дөрөв дэх уулзалтын дараа Ли Хунжан Бээжинтэй зөвлөлдсөн байна. Тайванийн ашигт малтмалын нөөцийг өгөх, харин Чин гүрний ноёрхож байсан газар нутаг, харьяат байдлаа үлдээх эцсийн арга зам болгон Бээжингээс цахилгаан илгээжээ. Ингээд 4-р сарын 12-нд Бээжин "Тайванийн тал хувийг өгч, Тайванийн өмнөд хэсгийг Пэнхутай хамгийн ойр байлгахыг зөвшөөрч байна" гэж зарлаж, Тайванийн хойд хэсгийг Чинд үлдээхээр санал тавьжээ. Ито Хиробүми Бээжингийн зүгээс дахин асуудлыг саатуулсан тохиолдолд хэлэлцээг зогсоох болно гэж сүрдүүлсний дараа 4-р сарын 14-нд Бээжин Ли Хунжанд энхийн гэрээ байгуулахыг зөвшөөрч, 4-р сарын 17-нд Шимоносэкийн гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй ажээ.

Гэрээний нөхцөл[засварлах | кодоор засварлах]

Энэхүү гэрээ нь 11 зүйлээс бүрдсэн бөгөөд үүний дагуу Чин гүрэн Солонгосын бие даасан тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Япон улс Солонгос руу нутгаа саадгүй тэлэх таатай боломжийг бүрдүүлсэн; Тайвань арал, Пэнху арлууд, Ляодун хойгийг Японд үүрд шилжүүлсэн; 200 сая нөхөн төлбөр төлсөн; Япончуудад Манжуур, Хятадад үйлдвэр байгуулах, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлох эрхийг олгосон.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Хятадад Магуань гэрээ гэдэг