Ли Хунжан
Ли Хунжан (хятад. 李鴻章, хялбар. 李鸿章, пиньинь галиг: Lǐ Hóngzhāng, англи. Li Hongzhang. 1823 оны 2-р сарын 15-нд Чин улсын Хэфэй хотод төрж, 1901 оны 11-р сарын 7-нд Бээжинд нас барсан) —Чин улсын XIX зууны нөлөө бүхий цэргийн генерал, дипломат. Чин улсын үндсэн 8 мужийн нэг болох Жили (англи. Zhili, 1870 онд одоогийн Хэбэй), Хугуан (англи. Huguang), Лянгуан (англи. Liangguang) мужуудын амбан захирагчийн алба хашиж байжээ.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр тухайн үед төрийн шинэчлэлийг дэмжигч байр суурьтай бөгөөд яриа хэлэлцээнд чухал ач холбогдол өгдөг гэдгээрээ барууны орнуудад алдартай байсан. Ли Манжуур дахь Японы эзлэн түрэмгийллийг сөрөн зогсох Оросыг дэмжсэнд англичуудын дургүйцлийг хүргэсэн бөгөөд Хятад-Японы нэгдүгээр дайнд ялагдсаны дараа хятадуудынхаа таашаалд нийцэхээ больжээ.
Тэрээр албан тушаалаа ашиглан Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг болохын тулд хар тамхины наймаанд монополь тогтоож, хамаатан саднаа хариуцлагатай албан тушаалд дэвшүүлж байсан гэдэг.
XIX зууны сүүлийн арваад жилд хэдий хүнд өвчтэй байсан ч Ли, Чин улсын гадаад бодлогыг үндсэндээ удирдан зохицуулж байсан.
Тэр бол Японтой "Шимоносэкийн энх тайвны гэрээ" (1895), Оросын эзэнт гүрэн, Хятадын хооронд холбоотны гэрээ (1896) байгуулсан бөгөөд үүний үр дүнд түүний нэр Хятадын түүхэнд "тэгш бус гэрээний эрин" үе бөгөөд доромжлол хүлээсэн үетэй холбогддог. Е.Е.Ухтомскийн дурсамжаас үзвэл, Ли гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөнийхөө төлөө Хаант Оросын Засгийн газраас гурван сая рублийн хахууль авсан гэж тэмдэглэсэн байна.
1896 онд Ли Чин гүрний нэрийн өмнөөс Оросын II Николай хаан ширээнд суух ёслолд оролцож, Европ, Канад, АНУ-д айлчлахдаа Хятадын цагаачлалыг ихээхэн хязгаарласан 1882 (1892 онд шинэчлэгдсэн) оны Америкийн цагаачлалын бодлогыг шинэчлэхийг дэмжиж байсан.
1896 оны 9-р сарын 3-нд "The New York Times" сонинд нийтлэгдсэн алдартай ярилцлагадаа Лигээс Америк эсвэл Европт хөгжсөн сонин хэвлэлийг Хятадад нэвтрүүлэхийг дэмжиж байгаа эсэхийг асуусахад Ли гайхмаар илэн далангүй хариулжээ: "Хятадад сонин байдаг ч харамсалтай нь Хятадын редакторууд үнэнийг бүрэн хэлдэггүй. Тэд танай сонин шиг "үнэнийг, бүх үнэнийг, үнэнээс өөр юу ч хэлдэггүй" гэдэг зарчмыг баримталдаггүй. Хятадын редакторууд үнэнийг "хэмнэж" нэг хэсгийг л хэлдэг. Тийм учраас танай сонин шиг тийм их эргэлттэй байдаггүй. Энэхүү хэмнэсэн үнэнээс болж манай сонинууд хөгжилтэй соёл иргэншлийн нэг хэрэгсэл болох агуу зорилгоо биелүүлж чадахгүй байна" гэжээ.
1896 онд Английн Хатан хаан Виктория түүнд Викторийн хааны одон (англи. The Royal Victorian Order)-оор шагнаж байжээ. Тухайн үед Францын "Le Siècle" сонин түүнийг "шар Бисмарк" гэж нэрлэж байсан удаатай.
Ли Хунжан "Намайг дараагийн мянганд л таньж мэдээд, дүгнэх болно" хэмээн өөрийгөө дүгнэсэн үг хэлж байжээ.