Jump to content

Шинжааныг БНХАУ-д нэгтгэсэн байдал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шинжааны газрын зураг

Шинжааныг БНХАУ-д нэгтгэсэн байдал- 1949 оны 10-р сард БНХАУ байгуулагдаж Бүгд Найрамдах Хятад улсад харьяалагдаж байсан Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсын Шинжаан мужийг нэгтгэх үйл явдал болсон юм.

Урьдах нөцөл байдал

[засварлах | кодоор засварлах]

1930-аад оны сүүлч, 1940-өөд оны эхээр амбан захирагч Шэн Шицай Шинжааны бүрэн эзэн сууж байв. Тэрээр төв эрх баригчдаас хараат бус бодлого явуулж ЗХУ-д голлон анхаарлаа хандуулж байжээ.

1937 онд Хятад-Японы дайн эхэлсэн. Удалгүй Хятад эрэг хавийн мужуудаа алдаж, 1942 онд Бирмийн зам хаагдсан байна. Ингэснээр Шинжаан Хятадын гадаад ертөнцтэй харилцах цорын ганц суваг болсон (Гималайгаар дамжин өнгөрөх агаарын замаас бусад) юм. Шинжаанаар дамжин ЗХУ-аас цэргийн хангамж ирдэг болсон учраас Хятадын удирдагч Чан Кайшиг Шинжаан руу анхаарлаа хандуулахаас өөр аргагүйд хүрсэн юм. Энэ үед Зөвлөлтөд Аугаа их эх орны дайн үргэлжилж, Германы цэргүүд хамгийн их давшилтад хүрсэн бөгөөд Шэн Шицай ЗХУ-тай харилцахаасаа татгалзах цаг болсон гэж шийджээ. Чан Кайши ЗСБНХУ-тай харилцаагаа тасалж, мужийг коммунистуудаас цэвэрлэж, ардчилсан хөдөлгөөнийг бут ниргэхийг шаардана гэдгийг мэдсэн Шэн Шицай 1942 оны эхний хагаст хэлмэгдүүлэлт эхлүүлж, 1942 оны зун гэхэд ардчиллын шинж тэмдэг огт үгүй болсон юм.

1944 он гэхэд Шэн Шицайг Чан Кайши мужийн захирагчийн албан тушаалаас халж, түүнийг Чунцин руу татсан байна. Улмаар Шинжааны засгийн газрыг Гоминданы төв хорооны гишүүн, генерал Ву Жуншин тэргүүлж, зарим улс төрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай зарласан боловч хэтэрхий оройтсон байв.

1944-1945 оны үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

1944 оны 11-р сард Или мужийн иргэдийн бослого гарч, 1944 оны 11-р сарын 15-нд Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс байгуулагдсаныг тунхаглав. 1945 оны 3-р сар гэхэд Или тойргийг бүхэлд нь Гоминданы цэргээс цэвэрлэж, 7-р сарын дундуур Дорнод Туркестаны цэргүүд Тарвагатайн нуруугаар дамжин Алтай руу довтолж, 9-р сард нутгийн казах партизануудтай нийлж, нутгийн ихэнх хэсэгт өөрийн хяналтаа тогтоожээ.

1945 оны 9-р сард генералиссимус Чан Кайши радиогоор ярьж, Гурван мужийн хувьсгалт баазын "орон нутгийн автономит" эрхийг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Шинжаанд нэгдсэн эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээг эхлүүлэхийг уриалав. Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсын 12 мянган хүнтэй армийг Шинжаан дахь 100 мянган хүнтэй Гоминданы бүлэглэл сөрж байсан тоо, техникийн давуу байдал эрт орой хэзээ нэгэн цагт ялах болно гэдгийг ухаарсан Дорнод Туркестаны Бүгд найрамдах улсын удирдлага Чан Кайшигийн саналыг хүлээн авчээ. 1945 оны 10-р сард Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсын засгийн газрын төлөөлөгчид яриа хэлэлцээ хийхээр Өрөмчид хүрэлцэн ирсэн байна.

Эвслийн засгийн газар

[засварлах | кодоор засварлах]

Шинжааны нөхцөл байдал хүнд байгааг харгалзан генерал Чан Кайши хэлэлцээнд Гоминданы төлөөлөгчдийг Жан Жижуныг тэргүүлүүлж Шинжааны засгийн газрын даргаар томилов; Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдийг Ахметжан Касыми тэргүүлжээ. Гурван сар үргэлжилсэн хэлэлцээний эцэст 1946 оны 1-р сарын 2-нд “11 заалттай хэлэлцээр"-нд гарын үсэг зурж, үүний дагуу Эвслийн Засгийн газар байгуулагдав. Засгийн газарт 15 хүн орон нутгийн иргэдийг, 10 нь Гоминданы удирдлагыг төлөөлөх ёстой болжээ. Хэлний эрх тэгш байдал, үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөө, хурал цуглаан, зохион байгуулалт, дотоод, гадаад худалдааг чөлөөтэй хөгжүүлэх гэх мэтээр Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улс армиа хадгалж үлдэх эрхийг тунхаглав.

1946 оны 6-р сард Чан Кайши "11 заалт бүхий хэлэлцээр"-ийг батлав. Засгийн газрын даргаар Жан Жижун, орлогчоор нь Ахметжан Касыми болов. Гоминданаас засгийн газарт Лю Мэнчун, Ван Зуншань, Бай Вэнби, Жанымхан, Салис, Иса-бек Юсуф болон бусад; Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсаас - Абдукерим Аббасов, Далелхан Сугурбаев болон бусад хүмүүс оржээ. Дорнод Туркестан Бүгд Найрамдах Улстай албан ёсоор хамтран ажиллаж байсан Оспан-батыр Жан Жижоны санал болгосноор "Алтайд тусгай эрх бүхий" албан тушаалд томилогдов. Жан Жижун Оспанд зэвсэг, цэргийн техникийг нууцаар нийлүүлсэн нь 1946 оны 4-р сард тэрээр Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улстай эвдрэлцэж, Гоминданы тал руу ороход хүргэсэн юм.

1947-1949 оны үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

1947 оны 9-11-р сард Алтайд Оспаны цэргүүд болон Дорнод Туркестаны Бүгд найрамдах улсын цэргүүдийн хооронд тулалдаан болж, улмаар Оспан ялагдаж, зүүн тийш Монгол руу явав.

1948 онд Гоминданы цэргүүд Хятад даяар коммунистуудад ялагдал хүлээсэн тул Шинжаан дахь Гоминданы эрх баригчдын санаа зовниж буй гол зүйл бол Хятадын Ардын Чөлөөлөх Армийг эсэргүүцэх бэлтгэл болж байв. Махсудын илт үндсэрхэг бодлого Гоминданыхныг эгдүүцүүлж, 1948 оны 12-р сард Чан Кайши түүнийг албан тушаалаас нь огцруулж, Бурган Шахидиг Шинжааны засгийн газрын шинэ даргаар томилов.

Бурган Шинжаанд энх тайвныг сахин хамгаалах бодлого баримталж эхэлсэн юм. Дорнод Туркестаны Бүгд Найрамдах улсын засгийн газар түүний үйлдлийг алга ташин хүлээн авч байв. Шинжаан, ЗХУ-ын хооронд агаарын тээврийн хөдөлгөөн сэргэж, Өрөмч дэх ЗХУ-ын Консулын газрыг сэргээв. Коммунистуудын эрхшээлд орсон Бээжинтэй холбоо тогтоосон Бурган 8-р сард коммунистуудад шилжсэн Жан Жижунгаас цахилгаан хүлээн авч, Дорнод Туркестаны Бүгд найрамдах улстай тохиролцоонд хүрэхийг зөвлөжээ.

БНХАУ-ын бүрэлдэхүүнд орох үе

[засварлах | кодоор засварлах]

1949 оны зун Хятад дахь Гоминданы цэргүүд эцэст нь ялагдаж, 8-р сард Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хэсэг Ланжоуг, 9-р сард - Шинийг эзэлж, намар коммунистууд Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийг Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс зарлан тунхаглахаар товлосон байна. Мао Зэдун Шинжааны гурван хошууны хувьсгалыг Хятадын хувьсгалын нэг хэсэг хэмээн нэрлэсэн бөгөөд Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдийг мөн Бээжинд урьсан юм. Төлөөлөгчид хөөрсөн боловч Красноярск-Чита чиглэлийн Хамар давааны дээр нисэх онгоц тодорхойгүй нөхцөл байдалд унаж, осолдож, зорчигчид болон багийнхан бүгд нас баржээ. Сайфутдин Азизов тэргүүтэй шинэ төлөөлөгчдийг Бээжинд илгээж, Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсыг шинээр байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улсын бүрэлдэхүүнд оруулахыг зөвшөөрсөн байна.

1949 оны 9-р сарын 19-нд Бурган Шахиди өөрийн биеэр Мао Зэдунд цахилгаан илгээж, Шинжааны ард түмэн Гоминдан намаас харилцаагаа тасалж, Хятадын коммунист намд нэгдэж байна гэж мэдэгджээ. 9-р сарын 25-нд Шинжаан дахь Гоминданы цэргийн командлагч генерал Тан Сияо Бээжинд болсон явдлын тухай цахилгаан илгээжээ. Дуглас Маккернан коммунистуудын талд орсон Гоминданы ангиудад бослого гаргахыг оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. 1949 оны 10-р сарын 1-нд Бээжинд Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улсыг тунхаглаж, 10-р сарын 20-нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн ангиуд Өрөмчид орж ирэв. Бээжин Бурган Шахидиг Шинжааны засгийн газрын тэргүүнээр баталгаажуулж, Сайфутдин Азизовыг Дорнод Туркестаны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчөөр томилжээ.

1955 оны 10-р сарын 1-нд БНХАУ-ын бүрэлдэхүүнд Шинжаан Уйгурын өөртөө засах орон байгуулагдсан түүхтэй.