Эв санааны нэгдэл (Польш)
«Эв санааны нэгдэл» (польш. Solidarność, бүтэн нэр нь «Эв санааны нэгдэл» хараат бус бие даасан Үйлдвэрчний Эвлэл, польш. Niezależny Samorządny Związek Zawodowy «Solidarność») — 1980 оны 8-9-р сард польшийн олон нийтийн ажил хаях хөдөлгөөний үеэр байгуулагдсан хараат бус үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэл юм. Энэ байгууллага Гданьск хотын В.Ленины нэрэмжит далайн боомтод байгуулагдаж 1980 оны 11-р сарын 10-нд албан ёсоор бүртгүүлсэн байна. Цэргийн байдал зарласан үед үйл ажиллагааг нь эрх баригчид зогсоож 1981 оны 12-р сараас далд нууц байдалд шилжсэн байна. Эргээд 1989 оны 4-р сарын 17-нд үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байна.
Тоталитар болон коммунист дэглэмийн эсрэг чиглэсэн олон нийтийг хамарсан нийгмийн хөдөлгөөн байсан. 1981 онд энэхүү Үйлдвэрчний Эвлэл 9 сая гаруй (ихэнх нь аж үйлдвэрийн ажилчид байсан) гишүүнтэй байсан байна. Үүнд католик консерваторуудаас эхлүүлээд үндсэрхэг үзэлтнүүд, либералууд, зүүний үзэлтэй социалистууд болон анархист үзэлтнүүд зэрэг улс төрийн олон үзэлтнүүд тус байгууллагад багтаж байжээ.
1989—1990 онуудад тус Үйлдвэрчний байгууллага энхийн хувьсгал хийж хуучин коммунист эрх баригч нам буюу Польшийн Ажилчны Нэгдсэн намын (товч. ПАНН) (польш. Polska Zjednoczona Partia Robotnicza, PZPR) үйл ажиллагааг зогсоон тараагаад, Бүгд Найрамдах Польш Ард Улсыг өөрчлөн Бүгд Найрамдах Польш Улс болгосон байна. Өнөө үед энгийн Үйлдвэрчний Эвлэл болсон. "Эв санааны нэгдэл"-ийг үүсгэн байгуулагч бөгөөд түүхэн удирдагч нь Лех Валенса юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1981 оны 10-р сарын 7-нд батлагдсан "Эв санааны нэгдлийн" анхдугаар их хурлын хөтөлбөрийн тогтоолд уг хөдөлгөөний түүхэн гарал үүслийг нэрлэсэн байдаг. Үүнд: Польш дахь хөдөлмөрчдийн эсэргүүцэл ба тэрс үзэлтний хөдөлгөөн, оюутны үймээн хөдөлгөөн, Католик сүмийн байр суурь. Польшид коммунист дэглэм тогтох нь анхнаасаа л нийгмийн олонх хэсгийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан.
Хүнд байдал 1956 оны зун үүссэн байна. Познань дахь олон нийтийн ажилчдын жагсаал нь ПАНН-ын удирдлагын өөрчлөлтийг хурдасгасан. Владислав Гомулкагийн шинэ удирдлага улс төрийн зарим либералчлал хийж, нийгэм-эдийн засгийн бодлогыг зөөлрүүлсэн.
Хөдөө орон нутгийг хамтралжуулахаас татгалзаж, католик шашны эсрэг хавчлагыг түр зогсоож, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлсэн нь тариачид, сэхээтнүүд эрх баригчдад зөөлөн хандаж эхэлсэн. Гэвч арваад жилийн дараа буюу 1967-1968 онд их сургуулийн төвүүдэд оюутнуудын эсэргүүцэл нэмэгдэж эмх замбараагүй байдал үүссэн байна.