Jump to content

Эдвард Бенеш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эдвард Бенеш
Edvard Beneš
Эдвард Бенеш

Бүрэн эрхийн хугацаа: 1935 оны 12 сарын 18 – 1938 оны 10 сарын 5

 Чехословак
Дүрвэгсдийн засгийн газрын ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1940 – 1945 оны 4 сарын 2

Бүрэн эрхийн хугацаа: 1945 оны 10 сарын 28 – 1948 оны 6 сарын 7

Төрсөн: 1884 оны 5 сарын 28
Австри-Унгар, Кожлани
Нас барсан 1948 оны 9 сарын 3
Чехословак, Сезимово Усти
Улс төрийн нам: Чехийн Үндэсний Социалист Нам
Эхнэр (нөхөр): Хана Бенешова

Эдвард Бенеш (Чех: Edvard Beneš, 1884 оны 5-р сарын 28-нд Чехийн Кожлани хотод төрсөн - 1948 оны 9-р сарын 3-нд Чехийн Сезимово-Усти хотод нас барсан) нь Чехословакийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн. Чехийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагчдын нэг бөгөөд тус улсын хоёр дахь ерөнхийлөгч байв.

Эдвард Бенеш 1918-1935 онд Чехийн Гадаад Хэргийн сайд, 1921 оны 9-р сарын 26-наас 1922 оны 10 сарын 7 хүртэл Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Түүний дипломат ур чадварын ачаар Чехословак улс өрнөдийн орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.

Тэрээр 1896-1904 онуудад Виногради (одоогийн Праг хотын дүүрэг) дунд сургуульд суралцсан. Ахлах сургуулиа төгсөөд Праг дахь Карлын их сургуулийн философийн факультетэд үргэлжлүүлэн суралцжээ.

Тэрээр Парис руу суралцахаар явахаасаа өмнө 1904 онд Социал Демократын өдөр тутмын "Pravo Naroda", "Ravenstvo" зэрэг сонинд нийтлэл бичиж эхэлсэн юм. Гэвч 1908 онд Парисаас буцаж ирээд профессор Томаш Гарриге Масарикийн нөлөөгөөр Чехийн дэвшилтэт намын амьдралд анх оролцож эхэлжээ. Нам дотроо тэрээр нийгмийн амьдралын талаар санал бодлоо илэрхийлж, тухайн үеийн хүчирхэг улс төрийн намуудад танил болсон уламжлалт намын бодлогыг шүүмжилдэг байсан.

Дэлхийн 1-р дайн эхэлсний дараа тэрээр Австрийн эсрэг дотоодын хөдөлгөөнийг ("Чехийн мафи" гэж нэрлэдэг) зохион байгуулахад идэвхтэй оролцож, Чехийн тусгаар тогтнолыг дэмжигч бүлэглэлүүд болон Швейцарт цөллөгт байсан Томаш Масарикийн хооронд холбогчоор ажиллаж байв. Баривчлагдах аюулын дор тэрээр 1915 оны 9-р сарын 1-нд цагаачилж, гадаадад Чехословакийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Масарикийн хамгийн ойрын хүмүүсийн нэг болжээ. Тэрээр Сорбоннад славян, ялангуяа чех, словакуудын талаар олон нийтэд сурталчлах цуврал лекцүүдийг зохион байгуулж, Чехословакийг Австри-Унгараас тусгаар тогтнуулахын төлөөх хүсэлтээ зөвтгөсөн нийтлэл, товхимлыг Францын сонинд нийтлүүлж байжээ. Түүний эхнэр Хана Бенешова эх орондоо үлдсэн бөгөөд нөхрийнхөө улс төрийн үйл ажиллагааны улмаас Австрийн эрх баригчдад хэд хэдэн удаа шоронд хоригдож байжээ.

1916 онд Томаш Масарик, Милан Штефаник нартай хамтран Франц, Их Британи, Итали улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн ирээдүйн Чехийн Засгийн газар болох Чехословакийн Үндэсний зөвлөлийг байгуулжээ. Тэрээр Антант гүрний төлөөлөгчидтэй амжилттай хэлэлцээ хийж, Франц, Итали, Орос зэрэг орнуудад Чехословакын легионуудыг байгуулахаар тохиролцож байжээ.

1918 оны 10-р сарын 28-нд Чехословак улс тусгаар тогтнолоо зарласны дараахан тэрээр Карел Крамар тэргүүтэй Чехословакийн анхны засгийн газрын Гадаад хэргийн сайдаар томилогдов. Тэрээр 14 өөр танхимд 17 жил (1918-1935) гадаад хэргийн сайдын албыг тасралтгүй хашсан юм.

Эдвард Бенеш 1920-1930-аад онд Үндэстнүүдийн Лиг үүсгэн байгуулагчдын нэг болсноор Европын улс төрийн хүрээнийхэнд ихээхэн нэр хүндтэй болсон. Тэрээр тус байгууллагад янз бүрийн удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд 1935 онд ерөнхийлөгчөөр ажилласан. Э.Бенеш Франц (1924 оны эвслийн гэрээ) болон Дэлхийн 1-р дайнд ялсан бусад гүрнүүдтэй найрсаг харилцаанд тулгуурласан гадаад бодлого хэрэгжүүлж байв.

Эдвэрд Бенеш дотоод улс төрд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ерөнхийлөгч Томаш Масарикийн ойрын улс төрийн "Храд" хүчний гол тулгуур болж байв.

Бенеш Ерөнхийлөгч Масарик огцорсноос 4 хоногийн дараа буюу 1935 оны 12-р сарын 18-нд Чехословакийн хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов. Сонгуульд түүний өрсөлдөгч нь Бохумил Немек байсан. Эдвард Бенеш парламентад дийлэнх олонх болсон - бараг бүх Чехословак намууд, тэр дундаа Коммунист нам, Словакийн үндэсний намын хэд хэдэн гишүүн түүнд санал өгчээ. Харин Судец-Германы намын төлөөлөгчид болон Чехийн хэт барууны үзэлтнүүд эсэргүүцэж байв.

1938 оны 9-р сарын 30-ны өдөр Мюнхений бага хурлаар Судецийг Германд шилжүүлэх шийдвэр гаргасны дараа Бенеш энэ алхмыг (эсэргүүцэлтэйгээр) хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр 1938 оны 10-р сарын 5-нд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон. Тэрээр хожим нь германчууд түүнийг албадсан гэж мэдэгдэж байсан юм. Тэрээр Лондоны банкны дансанд дор хаяж 1 сая англи фунт стерлингтэй байсан бөгөөд 1938 оны 10-р сарын 22-нд эхнэрийнхээ хамт Лондон руу нисчээ. Невилл Чемберлений засгийн газар Эдвард Бенешийг Лондонд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байхаар тохиролцсон юм. Э.Бенеш угаасаа Чикагогийн их сургууль түүнийг улс төрийн шинжлэх ухааны профессороор ажиллуулахыг амласан учир Чикаго руу нүүхээр төлөвлөж байжээ.

1939 оны 2-р сарын 2-нд Бенеш эхнэрийнхээ хамт Саутхэмптоноос Нью Йорк руу усан онгоцоор гарчээ.

Дэлхийн 2-р дайн 9-р сарын 1-нд эхэлсний дараа Бенеш улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд буцаж орсон байна. Түүний зорилго бол 1938 оны Мюнхений хэлэлцээрийг хүчингүй болгож, Чехословакийн тусгаар тогтнол, түүний "Версалийн гэрээгээр байгуулсан хилийг сэргээх явдал байжээ.

Эдвэрд Бенеш 1940 онд Лондонд цөллөгт байсан Чехословакийн засгийн газрыг байгуулж, ерөнхийлөгчөөр удирдан ажилласан. 1940 оны 7-р сарын 27-нд Ерөнхий сайд Уинстон Черчилль Лондонд Бенешт зориулсан оройн зоог барьсан бөгөөд уг зоогт Их Британийн 40 орчим нэрт зүтгэлтэн (Дэвид Ллойд Жорж, Энтони Иден, Бэзил Лиддел Харт гэх мэт) оролцов. 1942 он гэхэд тэрээр Мюнхений хэлэлцээрийг ЗСБНХУ зэрэг холбоотны бүх гүрнүүдээр хүчингүй болгуулж Чехословакийг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

1945 оны 5-р сарын 16-нд Эдвард Бенеш чөлөөлөгдсөн Праг хотод буцаж ирэхэд ард түмэн түүнийг халуун дотноор угтан авчээ.

1945 оны 10-р сарын 28-нд тус улсын түр парламент Бенешийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, 1946 оны 7-р сарын 19-нд шинэ парламент түүнийг ерөнхийлөгчөөр дахин сонгов. Түүний дүрвэгсдийн үйл ажиллагааны талаар парламентын гишүүд янз бүрийн санал бодолтой байсан ч эцэсдээ санал нэг болсон байна.

1946 оны парламентын сонгуулиар Чехословакийн Коммунист нам, бага хэмжээгээр Словакийн Коммунист нам мэдэгдэхүйц амжилтад хүрсэн. Гэвч Словакийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулав. Тэд Үндсэн хуулийн ассамблейн 300 суудлын 114-ийг эзэлжээ. Үүний үр дүнд коммунистуудын удирдагч Клемент Готвальд Чехословакийн засгийн газрын шинэ тэргүүнээр томилогдов. Хоёр намын тогтолцоо газар авч эхэлсэн Словак улсад болж буй үйл явдалд Бенеш сэтгэл дундуур байжээ.

Энэ хугацаанд Ерөнхийлөгч Бенеш тус улсын хамгийн алдартай улстөрч байв. Гэсэн хэдий ч коммунистуудын эсрэг эрх мэдлийн төлөөх тэмцэлд ардчилсан хүчнийг талд байсан тэрээр олон нийтийн улс төрийн мэтгэлцээнд бараг оролцдоггүй байв. Энэ хооронд коммунистууд 1948 онд түүнийг эрх мэдлээс аажмаар түлхэн унагав.

1948 оны 2-р сарын 25-нд Бенеш Ерөнхий сайд Клемент Готвальд тэргүүтэй коммунистуудын шахалтад бууж өгч, ардчилсан намын гурван сайдын огцрох өргөдлийг хүлээн авч, засгийн газраа дахин байгуулахыг Готвальдад даалгаж, дараа нь Засгийн газар чигээрээ коммунистуудын удирдлага дор байгуулагдсан. Үүний үр дүнд Чехословакийн эрх мэдлийн бүх хөшүүрэг Коммунист намын гарт орсон байна.

1948 оны 5-р сард Бенеш коммунистуудын боловсруулсан шинэ Үндсэн хуульд гарын үсэг зурахаас татгалзаж, 6-р сарын 7-нд эрүүл мэндийн шалтгаанаар огцрох тухай парламентад албан бичиг өгч огцорчээ. Улмаар 6-р сарын 14-нд Үндэсний ассамблей Клемент Готвальдыг Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр сонгов.

1948 оны 9-р сарын 3-нд Эдвард Бенеш нас барж, Сезимово-Устид оршуулжээ.