Эдийн засгийн шинжлэх ухаан
Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засаг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа болон үйлчилгээний хэрэглээ, хуваарилалт, үйлдвэрлэлийн талаар түлхүү судалдаг “нийгмийн” шинжлэх ухаан юм. Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засгийн агентуудын зан төлөв хийгээд тэдний оршин буй эдийн засгийн орчин хэрхэн ажилладаг талаар авч үздэг. Микро эдийн засаг нь хувь агентууд, зах зээл хоорондын хариу үйлдэл, хариу үйлдлийн үр дүн зэрэг эдийн засгийн анхдагч нэгжүүдийн үйл хөдлөлд илүү анхаарлаа хандуулдаг. Хувь агентууд гэдэгт өрх, үйлдэрлэгч, худалдан авагч, худалдагч зэрэг нэгжүүдийг хамааруулан ойлгож болно. Харин Макро эдийн засаг нь нийт эдийн засаг (нийт үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт), түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болох нөөцүүдийн хүрэлцээт байдал (хөдөлмөр, капитал ба газар), инфляци, эдийн засгийн өсөлт болон эдгээрийг хэрэгжүүлэх шаардагатай нийгмийн бодлогын (мөнгөний бодлого, төсвийн бодлого болон бусад) талаар судалдаг. Эдийн засгийн шинжлэх ухаан гэх нэр томьёо нь анх 19 дүгээр зуунд Алфред Маршаллын “Улс төрийн эдийн засаг” гэх ойлголтоос үүдэн гарсан байдаг. Тэрхүү цаг үеэс эхлэн эдийн засгийн шинжлэх ухаан гэх ойлголт нь илүү түгээмэл хэрэглэгдэх болсон бөгөөд математикийн арга хэрэгслийг түлхүү ашиглах болсон нь эдийн засаг гэдэг тусдаа шинжлэх ухаан болон хүлээн зөвшөөрөгдөх, улс төрийн шинжлэх ухаан болон бусад шинжлэх ухаануудаас тусдаа зарчимтай гэдгийг хүлээн зөвшөөрөх анхны суурь тавигдсан байна. Эдийн засгийн шинжлэх ухааны туйлын зорилго нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдлыг сайжруулахад оршдог. Эдийн засгийн судалгаа, шинжилгээ нь нийгэм, бизнес, санхүү, эрүүл мэнд , засгийн газар гэх мэт сувгуудаар ихэвчлэн дамжиж хэрэгждэг боловч гэмт хэрэг, боловсрол, гэр бүл, хууль, улс төр, шашин шүтлэг, нийгмийн институциуд, дайн, шинжлэх ухаан болон хүрээлэн буй орчин зэрэг илүү өргөн хүрээний сувгуудаар ч дамжин хэрэгждэг байна.
Тодорхойлолтууд
[засварлах | кодоор засварлах]Орчин үед эдийн засгийн шинжлэх ухааны талаар ялгаатай тодорхойлолтууд бий болсоор байна: Шотландын философич Адам Смит улс төрийн эдийн засгийг тодорхойлохдоо “Байгалийн баялагийн эрэлт хэрэгцээ ба улс үндэстнүүдийн баялагийн шалтгаан” гэсэн ба илүү дэлгэрэнгүй тодорхойлбол: Улс төрч болон хууль санаачлагчид элбэг орлого олох эсвэл иргэдийг амь зуулгах замаар нийтийн бараагаар дамжин нийтийн баялагийг хангах шинжлэх ухааны салбар юм.
Микро эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Зах зээлийн хэлбэрүүд
[засварлах | кодоор засварлах]Микро эдийн засгийн шинжлэх ухаан нь зах зээлд оролцож буй нэгжүүд нийлж хэрхэн зах зээлийн бүтцийг бүрдүүлж байгаа, мөн тэдний хариу үйлдлийн дүнд зах зээлийн систем хэрхэн бүрэлдэж буйг судалдаг. Тэдгээр нэгжүүд нь хувийн болон төрийн хэвшлүүд байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээр дамжин зах зээлд оролцдог байна. Төрийн хэвшлийн хувьд нийтийн бараа, төрийн үйлчилгээ зэрэг арга хэрэгслүүдийг ашиглана. Нийтийн бараа гэдэгт нийт хүн амд эерэг дам нөлөө үзүүлдэг, нэмэлт нэгж хэрэглээнээс гарах ахиуц зардал нь тэгтэй тэнцүү байх гэх мэт байж болно. Онолын хувьд чөлөөт зах зээл дээр хүмүүсийн үүсгэж буй нийт бараа бүтээгдэхүүний эрэлт нь үйлдвэрлэгчийн талаас нийлүүлж буй нийт бараа бүтээгдэхүүний хэмжээтэй үнийн нөлөөгөөр дамжин тэнцэх ёстой байдаг боловч бодит байдал дээр тэнцвэрт хүрэхэд зарим төрлийн саадууд учирдаг ба уг саадаас үүдэн үр ашигтай тэнцвэр тогтохгүй байх тохиолдол байдаг. Жишээлбэл эрүүл мэндийн үйлчилгээ гадны нөлөөллөөс болж хязгаарлагдмал байдалд орвол тухайн үйлчилгээг авах хэрэгцээтэй боловч төлбөрийн чадвар бага хэрэглэгчдэд үйлчилгээ тэнцвэрт түвшний үнээр хүрэх боломжгүй болох юм. Зах зээлийн олон төрлүүд байдаг. Үүн дотроос төгс өрсөлдөөнт зах зээлийн хувьд зах зээлд оролцогчид ижил төрлийн бараа нийлүүлэх учир үнээр дамжин зах зээлд эзлэх хэмжээндээ нөлөөлж чадахгүй. Өөрөөр хэлбэл оролцогч бүр үнийг хүлээн авагч байх бөгөөд ямар нэгэн байдлаар үнэд нөлөөлж чадахгүй гэсэн үг юм. Харин бодит амьдрал дээр ихэнх зах зээлүүд төгс бус өрсөлдөөнт байдаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хувьд Монополь (зөвхөн нэг нийлүүлэгчтэй зах зээл), дуополь (зөвхөн хоёр нийлүүлэгчтэй зах зээл), олигополь (цөөн тооны нийлүүлэгчтэй зах зээл), монопольт өрсөлдөөнт (олон нийлүүлэгчтэй байх боловч бүтээгдэхүүний ялгаварлал өндөр), монопсон (тухайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг зөвхөн ганц хэрэглэгчтэй), олигопсон (тухайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг цөөн тооны хэрэглэгчтэй). Төгс өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад төгс бус өрсөлдөөнт зах зээл дээр үйлдвэрлэгчдийн эзлэх хэмжээ харилцан адилгүй тархаагдсан байдаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээлийн үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх хэмжээгээрээ дамжуулан бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх боломжтой байдаг байна. Микро эдийн засаг нь зөвхөн тухайн нэг зах зээлийн талаар судалдаг бөгөөд тухайн үйл явцыг илүү хялбар, ойлгомжтой тайлбарлахын тулд бусад зах зээлүүдийн нөлөөг тэг гэж үздэг. Энэхүү шинжилгээний арга нь хэсэгчилсэн тэнцвэрийн загвар (эрэлт нийлүүлэлтийн хууль) гэж нэрлэгддэг байна. Харин ерөнхий тэнцвэрийн загвар нь бүх зах зээлийн харилцан хамаарлыг судалдаг буюу зах зээлүүдийн хариу үйлдлүүд, тэдгээрийн тэнцвэрийг хамтад нь авч үздэг.
Үйлдвэрлэл, зардал, үр ашигтай байдал
[засварлах | кодоор засварлах]Микро эдийн засагт үйлдвэрлэл гэдэг нь орцыг гарц болгон хувиргах үйл явцыг хэлдэг. Өөрөөр хэлбэл орцыг худалдах эсвэл шууд хэрэглэх зорилгоор бараа эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй процесс юм. Алдагдсан боломжийн өртөг гэдэг нь тухайн нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан эдийн засгийн зардлын хамгийн үр ашигтай байж болох байсан хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл сонголт нь хоёул зэрэг орших боломжгүй үйл явц дундаас бий болдог үр дүн юм. Учир нь сонголт гэдэг нь ховор хомс байдал болон сонголт хоёрын харилцан хамаарлаар илэрдэг. Жишээлбэл хэрэв талхчин өглөө бүр нэг уут гурилаар талх хийдэг бол тэрхүү уут гурилаар болон тэр өглөөний цагт бялуу хийх боломжоо алдаж байгаа хэрэг. Энэ бүгдээс үзэхэд алдагдсан боломжийн өртөг гэдэг нь үр ашигтай зарцуулагдсан ховор хомс нөөцийн илүү их эвсэл илүү бага үр ашигтай зарцуулагдаж болох байсан хувилбарт харьцуулсан хэмжээг хэлдэг. Алдагдсан боломжийн өртөг нь нягтлан бодох бүртгэлийн зардал эсвэл санхүүгийн зардал гэх мэт зардлуудтай адил хэмжигддэггүй бөгөөд харин бий болох боломжтой байсан боловч үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүний бодит өртөг эсвэл өөр илүү үр ашигтай хувилбарт зарцуулах байсан зардлын хэмжээтэй харьцуулагдаж хэмжигддэг. Үйлдвэрлэлийн анхан хүчин зүйлст хөдөлмөр, капитал, газар зэрэг ордог бол эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад зуучлах гэх мэт хүчин зүйлсүүд нэмэгддэг. Үйлдвэрлэлийн боломжийн муруй: энэхүү муруй нь нөөцийн хүрэлцээт байдал, зардал, үр ашгийн хамаарлыг харуулдаг. Зөвхөн буудай болон торго гэсэн хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энгийн зах зээлийг авч үзвэл үйлдвэрлэлийн боломжийн муруй нь хязгаарлагдмал нөөц болон боломжит технологийг ашиглан энэ хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох боломжит хувилбаруудыг харуулна. Үйлдвэрлэлийн муруйн захын цэг бүр нь тухайн хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох потенциал хэмжээг харуулдаг. Харин нөөцийн хязгаарлагдмал хэмжээг үйлдвэрлэлийн муруйн гадна орших Х цэг харуулна. Үйлдвэрлэлийн муруй дээрх хоёр бүтээгдэхүүн урвуу хамааралтай байгаагийн шалтгаан нь тухайн нэг бүтээгдэхүүнээс нь нэгжийг нэмж үйлдвэрлэхэд нөгөө бүтээгдэхүүнээс тодорхой нэгжийг үйлдвэрлэх боломжтой байсан нөөцийг авах шаардлагатай болдогтой холбоотой юм.
Давуу тал
[засварлах | кодоор засварлах]Давуу тал гэх ойлголт нь эдийн засгийн үр ашигт хамгийн чухал ойлголт юм. ялгаатай хувь хүн, улс орнууд нь хөдөлмөрийн зардал эсвэл хөдөлмөр капиталын ялгаатай харьцаанаас үүдэн тухайн нэг ижил бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодит өртөг нь ялгаатай байдаг. Эдийн засгийн онолд тусгаснаар үүнийг харьцангуй давуу талын онол гэдэг бөгөөд энэхүү онол нь тухайн нэг бүтээгдэхүүнийг хамгийн үр ашигтай бөгөөд хямд зардлаар үйлдвэрлэх боломжтой болохыг харуулдаг байна. Хэдий тухайн улс ямар нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бусад бүтээгдэхүүнээс хамгийн бага зардал зарцуулдаг эсвэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд хангалттай байдаг ч бусад улсуудтай харьцуулахад хамгийн бага зардлаар үйлдвэрлэж чадаж байна уу гэдгийг харьцуулж үзэх шаардлагатай. Хэрэв тийм биш бол худалдаа хийх замаар ашиг хонжоо олох буюу өөрийн харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нөгөөг нь худалдаж авах замаар үр ашигтай тэнцвэрт хүрэх боломжтой байдаг.
Эрэлт ба нийлүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Үнэ болон тоо хэмжээ нь зах зээлд худалдаалагдаж буй бүтээгдэхүүний талаар авч болох хамгийн хялбар бөгөөд чухал мэдээллүүд болдог. Микро эдийн засагт тэнцвэрт үнэ болон тоо хэмжээ нь төгс өрсөлдөөнт зах зээлийн хувьд хэн ч үнэд нөлөөлж чадахгүй гэсэн таамаглалын дүнд тогтдог. Тухайн нэг бүтээгдэхүүний зах зээлийн хувьд эрэлт гэдэг ойлголт нь худалдан авагчийн тухайн үнээр худалдаж авахыг хүссэн бараа бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлогдоно. Эрэлтийн онол ёсоор худалдан авагчийг рациональ сонголт хийдэг гэж үзэх учир тухайн өгөгдсөн орлого, үнэ, таашаал зэргийн хүрээнд өөрт хамгийн их таалагдсан бүтээгдэхүүнийг сонгоно гэж үздэг. Харин эрэлтийн хууль ёсоор үнийн түвшин болон нийлүүлэлтийн хэмжээ урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл бусад хүчин зүйл тогтмол үед үнийн түвшин нэмэгдэх нь нийлүүлэлтийн хэмжээг бууруулдаг байна. Нийлүүлэлт гэдэг нь өгөгдсөн үнийн түвшинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний нийлбэрийг илэрхийлнэ. Үйлдвэрлэгчид буюу пүүсийн эзэд өөрсдийн ашгаа хамгийн их байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл тухайн нэг бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэж, хамгийн их ашиг олохуйц үнээр зарахыг зорьдог байна. Зах зээлийн тэнцвэр нь тухайн барааны эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ тэнцэхэд үүсдэг. Хэрэв үнэ тэнцвэрт түвшнээс доогуур тогтвол хомсдол үүсэх буюу эрэлттэй байгаа хэмжээ нь нийлүүлэгдэж буй хэмжээнээс их болно гэсэн үг. Харин үнэ тэнцвэрт түвшнээс дээгүүр тогтвол тэнд нийлүүлэлтийн илүүдэл үүсдэг байна. Энэхүү үйл явц нь эргээд үнэ буурах шалтгаан болж үр ашигт тэнцвэр тогтдог.
Пүүсүүд
[засварлах | кодоор засварлах]Хүмүүс зах зээл дээр бараа бүтээгдэхүүнийг өөр хоорондоо шууд наймаалцдаггүй. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт талд пүүсүүд буюу үйлдвэрүүд ажиллаж байдаг. Хамгийн түгээмэл үйлдвэрлэлийн хэлбэрүүд нь корпораци, нөхөрлөл, хоршоо, компани зэрэг юм. Тодорхой бус байдал ба тоглоомын онол Тодорхой бус байдал нь эдийн засагт олз ба гарзын үл мэдэгдэх хэмжээг илэрхийлдэг. Хэрэв тодорхой бус байдал байхгүй байсан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ажилгүйдлийн тодорхой бус байдал, орлогын тодорхой бус байдал зэрэг нь нөлөөлөлгүй болох бөгөөд зах зээл дээр ямар нэгэн харилцаа холбоо үүсэхгүй юм.
Зах зээлийн гажуудал
[засварлах | кодоор засварлах]Эдийн засагчид зах зээлийн гажуудлыг дараах үндсэн хэсгүүдэд хувааж үздэг. -Мэдээллийн тэгш бус байдал, төгс бус зах зээл зэрэг нь үр ашигт байдлыг багасгадаг хэдий ч илүү үр ашигтай байж болох боломжийг гаргаж ирдгээрээ онцлогтой. -Аргагүй монополь буюу үйлдвэрлэгчийн өөрийн хүслээр тогтоогүй зах зээлийн хэлбэр. -Нийтийн бараа нь ихэнх зах зээлүүдэд тэнцвэрт түвшнээс доогуур хэмжээнд нийлүүлэгддэг. Нийтийн барааны онцлог нь тухайн бүтээгдэхүүнийг нэг дор олон хүн хэрэглэх боломжтой байдаг. -Дам нөлөө нь тухайн үйлдвэрлэлээс үүдэн нийгэмд эерэг эсвэл сөрөг үр дагаврууд үүсэхийг хэлнэ.
Улсын сектор
[засварлах | кодоор засварлах]Улсын сектор нь эдийн засгийн шинжлэх ухааны нэг хэсэг бөгөөд орлогыг төсөвлөж нийтийн бараа ба үйлчилгээгээр дамжин хэрэглэгчдэд нийлүүлэлт хийдэг. Неоклассик эдийн засгийн онолд төрийн оролцоог хязгаарлагдмал байх ёстой гэж үздэг бөгөөд зөвхөн ард иргэдийг хамгаалах эсвэл нийтийн барааг нийлүүлэх үүргээр зах зээлд оролцох ёстой гэж үздэг.
Макро эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Макро эдийн засаг нь нийт эдийн засгийг нэгэн цул гэж үзэн, нийт үзүүлэлтүүдийн хариу үйлдлийг ерөнхий тэнцвэрийн загварын дагуу судлан, шинжилдэг салбар юм. Тэрхүү үзүүлэлтүүд нь нийт орлого, нийт үйлдвэрлэл, ажилгүйдлийн түвшин, инфляци гэх мэт байдаг бөгөөд мөн нийт хэрэглээ, хөрөнгө оруулалт гэх мэт дэд үзүүлэлтүүдийг мөн агуулж байдаг. Макро эдийн засаг нь мөн мөнгөний бодлого, төсвийн бодлогын үр нөлөөг судалдаг.
Өсөлт
[засварлах | кодоор засварлах]Өсөлтийн эдийн засаг нь тухайн эдийн засагт өсөлт, тухайн улсын нэг хүнд ногдох бүтээгдэхүүний урт хугацаан дахь өсөлтийг бий болгож буй хүчин зүйлсийн талаар судалдаг. Зарим хүчин зүйлсийн хувьд улс орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний ялгаатай түвшнүүд, зарим улс яагаад эдийн засгийн өсөлт нь илүү хурдан байдаг шалтгаан, ижил түвшний өсөлтөөр улс орнууд нэгийгээ гүйцэх боломж зэргийг судалдаг байна. Эдгээр дотроос хамгийн их судлагдсан хүчин зүйлс нь хөрөнгө оруулалтын түвшин, хүн амын өсөлт болон технологийн өөрчлөлт юм.
Бизнесийн мөчлөг
[засварлах | кодоор засварлах]Эдийн засгийн уналтын үеүд нь макро эдийн засагт энэ үйл явдлыг судлах тусгайлсан дэд хэсгийг бий болгосон байдаг. Жишээлбэл 1930 оны дэлхийн эдийн засгийн их хямралын үеэр Жон Мэйнард Кэйнс нь өөрийн Кэйнсийн эдийн засгийн урсгалын гол зарчим, онолуудыг тусгасан “ажилгүйдлийн ерөнхий онол, зээлийн хүү болон мөнгө” гэсэн номоо хэвлүүлсэн байдаг. Кэйнсийн үзсэнээр эдийн засгийн уналтын үед бараа бүтээгдэхүүний нийт эрэлт хомс болдог бөгөөд энэ нь өндөр түвшний шаардлагагүй ажилгүйдэл болон потенциал бүтээгдэхүүний гарзыг үүсгэх шалтгаан болдог гэсэн байна. Олон зуун жилийн туршид бизнесийн мөчлөгийн мөн чанарын талаар судалдаг ялгаатай салбар судалгааны хөтөлбөрүүд бий болсон бөгөөд эдгээр нь Кэйнсизмийн үзэл санааг тусгасан эсвэл түүний эсрэг санааг дэвшүүлсэн гэх мэт олон төрөл болон хөгжжээ. Неоклассик эдийн засгийн урсгалын хувьд Кэйнсийн эдийн засгийн урсгалын санааг богино хугацаанд үнэн гэж үзсэн бөгөөд харин дунд болон урт хугацааны онолыг өөрсдийн үзэл санаанд тулгуурлан хөгжүүлсэн байдаг. Шинэ сонгодог макро эдийн засагчдын төлөөлөл бизнесийн мөчлөгийн талаар Кэйнсийн үзлээс тусдаа санааг дэвшүүлсэн бөгөөд төгс бус өрсөлдөөнтэй үеийн зах зээлээс шахан гаргах үйл явцын талаар онолыг гаргаж ирсэн. Үүнд Роберт Лукас болон бодит бизнесийн мөчлөгийн онолоор удирдуулсан Фридманы хэрэглээн дэх тогтвортой орлогын таамаглал болон рационал хүлээлтийн онол зэрэг багтах юм. Харин эсрэгээр Шинэ Кэйнсийн онолчдын хувьд рационал хүлээлтийн таамаглалыг хэвээр үлдээсэн бөгөөд харин зах зээлийн гажуудлын талаар ялгаатай таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг. Мөн түүнчлэн тэд үнэ болон цалин нь урт хугацаанд уян хатан бус бөгөөд эдийн засгийн аливаа өөрчлөлттэй уялдуулан өөрчлөх боломжгүй гэж үзсэн байна. Эндээс үзэхэд шинэ сонгодог эдийн засагчид бүрэн ажил эрхлэлттэй үед цалин болон үнийн түвшин нь автоматаар тогтдог гэж үзсэн байхад Шинэ Кэйнсийн урсгалынхны хувьд бүрэн ажил эрхлэлт нь зөвхөн урт хугацаанд л хангагдах боломжтой, тэрхүү урт хугацаа нь маш урт байдаг тул Засгийн газрын болон Төв банкны бодлого зайлшгүй шаардлагатай гэж үздэг байна.
Ажилгүйдэл
[засварлах | кодоор засварлах]Эдийн засаг дахь ажилгүйдлийн хэмжээ нь ажилгүйдлийн түвшин гэсэн үзүүлэлтээр хэмжигддэг. Ажилгүйдлийн түвшинг нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүй иргэдийн хувиар илэрхийлнэ. Ажиллах хүч нь зөвхөн ажил идэвхитэй хайж буй мөн ажил эрхэлж буй нийт хүн амын нийлбэрээр тодорхойлогдоно. Тэтгэвэрт гарсан, суралцаж буй болон ажил хайхаас залхсан буюу ажил идэвхитэй хайхгүй байгаа хүн амыг ажиллах хүчинд оруулж тооцдоггүй. Ажилгүйдлийн сонгодог загваруудын гол санаа нь тухайн ажил олгогч нэмж нэг ажилчин авах цалингийн хэмжээ нь тэнцвэрт түвшнээс өндөр үед ажилгүйдэл үүсдэг гэж үздэг. Цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл үйлдэрчний эвлэл зэргээс шалтгаалж хэт өндөр тогтох боломжтой. Шилжилтийн ажилгүйдэл нь тухайн хүнд тохирох ажлын байр байгаа хэдий ч түүнийг хайж олоход хугацаа шаарддаг шалтгаанаас бий болдог. Бүтцийн ажилгүйдэл нь тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар болон тухайн ажилчны ур чадвар хоёрын зөрүүнээс үүсдэг. Илүү том зургаар харвал эдийн засагт ямар нэгэн технологийн шилжилт бий болох үед компаниудын ажилчдын хуучин технологитой үеийн ур чадвар нь тэрхүү технологийн шилжилтийн шаардлагатай нийцэхгүй тохиолдол үүсэх бөгөөд энэ үед томоохон хэмжээний бүтцийн ажилгүйдэл бий болдог байна. Бүтцийн болон шилжилтийн ажилгүйдлүүд нь тухайн ажилд таарах хүнийг олоход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай байдгаараа ижил төстэй боловч бүтцийн ажилгүйдэлд ур чадварын өөрчлөлт хэрэгтэй болдог тул илүү урт хугацаанд үргэлжлэх хандлагатай байдаг. Өөр нэг төрлийн ажилгүйдлийн хэлбэр нь мөчлөгийн ажилгүйдэл юм. Эдийн засгийн уналтын үед энэхүү ажилгүйдэл бий болдог. Оукены хууль нь эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн хоорондын эмпирик хамаарлыг томьёолсон бөгөөд 3 хувийн эдийн засгийн өсөлт нь ажилгүйдлийг 1 хувиар буулгадаг гэсэн үр дүнг гаргасан байдаг.
Инфляци ба мөнгөний бодлого
[засварлах | кодоор засварлах]Мөнгө нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эцсийн төлбөрийн хэрэгсэл болдог төдийгүй аливаа тооцоо бүртгэлд үнийг илэрхийлэгч гол нэгж болж өгдөг. Мөнгө бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хөрвөх чадвар хамгийн өндөр, үнэ цэнийн хувьд уялдаа холбоо хамгийн өндөр, нийлүүлэлтийн мэдрэмж өндөр, нийт нийгмийн итгэлийг хүлээсэн төлбөрийн хэрэгсэл. Тухайн улс орны эдийн засгийн хүчин чадлаас хамаарч мөнгөний бодлого, мөнгөний нийлүүлэлт ялгаатай хэлбэрээр хийгддэг. Онол ба практикийн хувьд тухайн улсын мөнгөний нийлүүлэлт нь нийт үйлдвэрлэлийн өсөлт, үнийн түвшний өсөлттэй эерэг хамаарлаар өөрчлөгдөж байдаг. Мөнгөний нийлүүлэлт нь мөнгөний бодлогын нэг гол хэрэгсэл юм.
Төсвийн бодлого
[засварлах | кодоор засварлах]Засгийн газрын зүгээс төсвийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд ингэхдээ төсвийн зардал, татвар зэргийг өөрчлөх замаар нийт эрэлтэд нөлөөлдөг. Эдийн засаг дахь нийт эрэлт потенциалт үйлдвэрлэлийн түвшнээс доогуур болох үед зарим үйлдвэрлэх боломжтой байсан бүтээгдэхүүний хэмжээ орхигдож үйлдвэрлэлийн зөрүү (output gap) үүсдэг. Татварыг бууруулснаар хувь хүний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь нийт эрэлтийг өсгөх шалтгаан болж өгдөг. Татварын хөнгөлөлт, засгийн газрын зардал зэрэг нь бүгд үржүүлэгчийн нөлөөтэй бөгөөд бодлогын нөлөөнөөс үүссэн анхдагч эрэлтийн өсөлт нь зах зээлд нэмэлт өсөлтийг бий болгож байдаг. Хэрэв эдийн засагт үйлдвэрлэлийн зөрүү байхгүй бол потенциал үйлдвэрлэлийн хэмжээнд хүрэх бөгөөд илүүдэл үйлдвэрлэлийн нөөц гарахгүй.
Олон улсын эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Олон улсын эдийн засаг нь бараа ба үйлчилгээний улс хоорондын урсгалыг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар судалдаг. Мөн энэхүү салбар нь худалдаанаас олох ашгийн хэмжээ ба хуваарилалтыг судалдаг. Энэ чиглэлийн бодлогын шинжилгээнүүдэд тарифын хэмжээг, бүтээгдэхүүний квотыг өөрчлөх зэрэг арга техникүүдийг түлхүү ашигладаг. Олон улсын санхүү нь макро эдийн засгийн нэгэн салбар бөгөөд улс хоорондын капиталын шилжилт, түүнээс үүдсэн ханшийн өөрчлөлтийн нөлөөллийг судалдаг. Улс хоорондын бараа, үйлчилгээ, капиталын өсөн нэмэгдсэн урсгал нь урт хугацааны даяарчлал явагдахад голлон нөлөөлж байна. Ялгаатай хөгжсөн салбар болох хөгжлийн эдийн засаг нь эдийн засгийн өсөлтийг бага орлоготой орнуудын хувьд бүтцийн өөрчлөлт, ядуурал, эдийн засгийн өсөлт зэрэг талаас нь авч үздэг. Хөгжлийн эдийн засагт гарсан голлох ололт амжилтууд нь нийгэм, улс төрийн асуудлуудтай илүү холбогдсон байдаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Эдийн засгийн шинжлэх ухаан – Энэ үгийг тайлбар толиос харна уу |