Jump to content

Эльвира Набиуллина

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эльвира Набиуллина

Эльвира Сахипзадовна Набиуллина (1963 оны 10 сарын 29-нд ЗХУ-ын Башкирын Уфа хотод төрсөн) - Оросын төрийн болон улс төрийн зүтгэлтэн юм. 2013 оны 6-р сарын 24-нөөс хойш ОХУ-ын Төв банкны даргаар ажиллаж байна. ОХУ-ын гавьяат эдийн засагч. ОХУ-ын 1-р зэргийн Төрийн зөвлөх цолтой (2002).

1963 оны 10-р сарын 29-нд Уфа хотод татар үндэстний гэр бүлд төрсөн. Түүний эцэг Сахипзада Сайтзадаевич жолооч, эх Зулейха Хаматнуровна нь багажийн үйлдвэрт оператор байсан.

Эльвира Уфа хотын 31-р дунд сургуулийг онц дүнтэй төгссөн.

1986 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийг онц дүнтэй төгсөөд эдийн засагч мэргэжилтэй болсон. 1985 онд ЗХУ-ын Коммунист намын гишүүн.

1990 онд Москвагийн Улсын Их Сургуулийн (Үндэсний эдийн засгийн түүх, эдийн засгийн судлалын тэнхим) аспирантурыг дүүргэсэн боловч докторын зэрэг хамгаалаагүй байна.

1991-1992 онд тэрээр ЗХУ-ын Шинжлэх ухаан-аж үйлдвэрийн холбооны удирдах зөвлөлийн байнгын хорооны дарга (ОХУ-ын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны өмнөх), эдийн засгийн шинэчлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн байв.

1992-1994 онд ОХУ-ын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны Тамгын газрын эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, зөвлөх.

1994-1995 онд Эдийн засгийн шинэчлэлийн газрын орлогч дарга, ОХУ-ын Эдийн засгийн яамны Эдийн засгийн төрийн зохицуулалтын газрын дарга.

1995-1996 онд ОХУ-ын Эдийн засгийн яамны Эдийн засгийн шинэчлэлийн газрын орлогч дарга.

1996-1997 онд ОХУ-ын Эдийн засгийн яамны эдийн засгийн шинэчлэлийн хэлтсийн дарга, ОХУ-ын Эдийн засгийн яамны удирдах зөвлөлийн гишүүн.

1997-1998 онд ОХУ-ын Эдийн засгийн дэд сайд.

1998-1999 онд Оросын "Промторгбанк"-ны ТУЗ-ийн орлогч дарга.

1999 онд Евро-Азийн үнэлгээний албаны гүйцэтгэх захирал.

1999-2000 онд Стратегийн судалгааны төвийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан (сангийн ерөнхийлөгч нь Герман Греф байсан).

2000-2003 онд ОХУ-ын Эдийн засгийн хөгжил, худалдааны сайдын нэгдүгээр орлогч.

2003-2005 онд Стратегийн судалгааны төвийн ерөнхийлөгч.

2007 оны 9-р сараас 2008 оны 5-р сар хүртэл ОХУ-ын Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд.

2008 оны 5-р сараас 2012 оны 5-р сар хүртэл ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд.

2012 оны 5-р сарын 22-ноос 2013 оны 6-р сарын 24 хүртэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний эдийн засгийн асуудал хариуцсан туслах.

2013 оны 4-р сарын 9-ний өдөр Оросын Төрийн Дум түүнийг 2013 оны 6-р сарын 24-ний өдрөөс эхлэн ОХУ-ын Төв банкны даргын албан тушаалд томилох шийдвэр гаргасан.

2017, 2022 онд түүнийг Оросын Төв банкны даргын албан тушаалд улираан томилоод байна.

2014 онд Оросын рублийн ханш огцом буурч, инфляци нэмэгдэж байгаа нөхцөлд Оросын Төв банк Эльвира Набиуллинагийн удирдлага дор зээлийн хүүг огцом (17% хүртэл) нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү улс төр, эдийн засгийн эрсдэлтэй алхам Набиуллинаг хатуу шийдвэр гаргадаг гэдэг нэр хүндтэй болгосон юм. Зээлийн хүү хэдэн жилийн турш харьцангуй өндөр хэвээр байсан бөгөөд инфляцийг 2017 оны дунд үе гэхэд 4% хүртэл бууруулах боломжийг олгосон нь Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн доод түвшин юм.

Эльвира Набиуллина улс төрийн том мэдэгдэл хийхээс зайлсхийдэг. Гэсэн хэдий ч тэрээр либерал, зах зээлийн хандлагыг дэмжигч байхдаа ЗХУ задран унасныг эмгэнэл гэж үздэг байна. Набиуллина өндөр албан тушаал хашиж байсан жилүүдэд түүний үзэл бодол өөрчлөгдсөөр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр макро эдийн засгийн тогтвортой байдал, эдийн засгийн шударга ёс, зохицуулалтын тэгш хандлага, нийт эдийн засгийн тогтвортой, тэгш хөгжлийн нөхцөл байдалд илүү анхаардаг гэж тэмдэглэж байсан.