Найруулагч
Найруулагч (франц. régisseur, régir‚ эрхлэн удирдах, лат. rego — «удирдах») - уламжлалт жүжиглэлтийн урлагийн уран бүтээлийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэдэг уран бүтээлч хүнийг хэлнэ.
Найруулагчийг дотор нь театрын тайзны найруулагч (жишээлбэл театр, мюзикл, дуурь, опереттагийн найруулагч), кино найруулагч (кино бүтээл), радио жүжгийн найруулагч (радио жүжиг, урлагийн нэвтрүүлэг) телевизийн найруулагч, ярианы найруулагч (кино, телевизийн цуврал кино) гэх мэтээр ангилдаг.
Орчин үеийн утгаар найруулагчийн мэргэжил нь 19-р зууны сүүлчээр драмын театрт анх Людвиг Кронекийн удирдлага дор Майнинген хотын театр, дараа нь Парисын Андрэ Антуаны "Чөлөөт театр", Берлиний Отто Брахмын "Чөлөөт тайз" байгуулагдахад анх удаа чуулга, жүжгийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэлийг нэг үзэл баримтлалд захируулах зарчмуудыг дэвшүүлж нэвтрүүлсэн байна.
20-р зууны эхээр уран сайхны кино гарч ирэхэд Чарльз Чаплин, Д.В.Гриффит, Г.В.Пабст зэрэг олон найруулагч театраас ирж, театрын туршлагыг урлагийн шинэ хэлбэрт шилжүүлэн оруулжээ.
Жүжиг, кино бүтээхэд хэд хэдэн найруулагч оролцдог. Энэ тохиолдолд жүжиг, кино бүтээх ажлыг бүхэлд нь удирдаж буй найруулан тавьж буй хүнийг ерөнхий найруулагч, түүний хамгийн ойрын уран бүтээлийн туслахыг хоёрдугаар найруулагч гэж нэрлэдэг бөгөөд найруулагчийн хариуцлага арай багатай ажлыг туслах найруулагч гүйцэтгэдэг.
Найруулагчийн үүрэг хариуцлага
[засварлах | кодоор засварлах]Найруулагч нь урлагийн мэргэжилтэн байх ёстой бөгөөд урлалын үйл ажиллагааны бүх үйл явцыг ойлгож мэддэг байх ёстой.
Найруулагч нь юуны түрүүнд зохиолоо сонгох, зохиол бичиж боловсруулахад оролцох, бүтээлийн зардлын тооцоо, бүтээл туурвих дарааллын хуваарь төлөвлөгөө гаргах, бүтээлд оролцох уран бүтээлчдийн бүрэлдэхүүн, оролцох жүжигчдийг сонгох, жүжигчдэд мэргэжлийн зөвлөгөө удирдамж өгөх, тайз, хувцасны ноорог зурах ажилд оролцдог. Мөн хөгжим, дууны үгийг батлах, зураглаачийн авсан зургийг батлах, зураг авалт эсвэл сургуулилтыг удирдан зохион байгуулах, суурилуулалт хийж хянах, бэлэн болсон төслийг батлах зэрэгт шууд оролцдог байна.
Үйл ажиллагааны чиглэл, онцлогоос хамааран найруулагчийн үүрэг хариуцлага ялгаатай байдаг.
Театрын урлагт
[засварлах | кодоор засварлах]Театрт бүхэл бүтэн баг найруулагчийн удирдлага дор ажиллах бөгөөд тэр өөрөө театрын захиралд тайлагнах буюу шууд удирддаг. Театрын удирдагчийн хамт тэрээр хийж буй уран бүтээл тавихад холбогдох материал эд зүйлийг сонгодог. Тоглолтын тайзны чимэглэл, дизайныг бүтээхэд оролцож, удирддаг. Жүжигчидтэй дүр дээр ажиллаж, бэлтгэл сургуулилтаа зохион байгуулж хянадаг байна.
Кино урлагт
[засварлах | кодоор засварлах]Кино бүтээх нь театр, циркээс илүү төвөгтэй үйл явц юм. Кино найруулагчийн багт хоёрдугаар болон туслах найруулагч нар ордог байна. Найруулагч уран бүтээлийн төсөв гаргах, зохиолоо сонгох, зохиолд зарим нэг өөрчлөлт оруулах, зураг авалтын төлөвлөгөө гаргахад оролцдог. Мөн зураглаач, зураач, хөгжмийн зохиолчидтой хамтран ажиллаж, жүжигчдийг сонгох, бэлтгэл сургуулилт хийх, зураг авалтад хяналт тавих, монтаж хийх, дубляж хийх зэрэг ажлууд багтдаг.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Найруулагч – Энэ үгийг тайлбар толиос харна уу |