Jump to content

Чарльз Спенсер Чаплин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чарльз Спенсер Чаплин
Хөрөг, 1920 он орчим
Төрсөн1889 оны 4 сарын 16 (1889-04-16)
Англи, Лондон (баталгаажаагүй)
Нас барсан1977 оны 12 сарын 25
(60 настай насалсан)
Швейцар, Корсье сур Вивье
Ажилжүжигчин, кино найруулагч, кино продюсер, кино зохиолч, хөгжмийн зохиолч
Эхнэр (нөхөр)Милдред Харрис (1918-1920)

Лита Грей (1924-1927)
Паулетт Годдард (1936-1942)

Оона О'Нил (1943-1977)
Хүүхэд11
Гарын үсэг
Цахим сүлжээ
charliechaplin.com
Чарли Чаплин

Чарльз Спенсер Чаплин буюу Чарли Чаплин (англи. Charles Spencer «Charlie» Chaplin; 1889 оны 4-р сарын 16-нд Лондон хотод төрсөн – 1977 оны 12-р сарын 25[1]-нд Швейцарт нас барсан) Дуугүй киноны эрин үед ихээхэн алдаршсан инээдмийн жүжигчин, кино найруулагч. Тэрээр багадсан хүрэм, хэлхгэр өмд, том гутал, хар малгай, таяг тулсан Хэсүүлч эрийн дүрээр дэлхий дахинаа алдаршсан юм. Чаплиний энэ дүр дэлхийн кино урлагийн зах зээлд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц дүр болж чадсан билээ. Хатан хаан Викторийн эриний Англи оронд төрж өссөн тэрээр ухамсарт амьдралынхаа 75 жилийг кино урлагт зориулжээ. Энэ цаг хугацаанд ялалт, баяр, атаа хорсолын аль, аль нь түүнийг сүүдэр мэт дагалдаж явсан юм.

Чаплиний хүүхэд нас Лондоны борчуудын хороололд туйлын хүнд бэрх, ядуу хоосны зовлон дунд өнгөрчээ. Түүнийг бага байхад мюзик-холлын дуучин эцэг нь нас барж, улмаар эх нь мөнгө олохын тулд давхар ажил хийдэг байсан тул Чаплин 9 наснаас хүүхдийн хөдөлмөр эрхэлж эхэлсэн гэдэг. 1896 онд Чаплин хүүг бага байхад эх нь сэтгэц мэдрэлийн өвчин тусаж сүүлд сэтгэцийн эмнэлэгт хэвтжээ. Ядуу хоосон байдлаасаа бага ч гэсэн ангижирч, амьжиргаагаа залгуулахын тулд Чаплин гудамжинд үзүүлбэр үзүүлж, энд тэндхийн ууш, цэнгээний газруудад хүмүүсийг хөгжөөж, хошин үзүүлбэр үзүүлдэг байжээ.

1903 онд 14 настайдаа театрт тогтмол ажилд орж, "Шерлок Холмс" жүжгийн хүргэгч Биллигийн дүрд тоглож эхэлжээ. Энэ үед Чаплин бараг бичиг үсэггүй байсан тулд түүний дүрийн үгийг өгөхөд дундаас нь чангаар уншина гэж айдаг байжээ. Түүний ах Сидней түүнд дүрийг үгийг цээжилэхэд тусалдаг байсан юм. Хэдэн жилийн турш Чарли варьете шоуны жүжигчин байсан. Тэрээр 16 настайгаасаа эхлэн өдөр бүр олон цаг хийл хөгжим тоглож, театрын удирдаач эсвэл түүний найз нөхдөөс хичээл авдаг байжээ.

Тэрээр 19 насандаа "Фред Карно" компанитай гэрээ байгуулж, улмаар АНУ-ыг зорьсон юм. Кино урлагийн замнал нь Кистоун студитэй гэрээ байгуулсан жил буюу 1914 оноос эхэлсэн гэж үздэг. Олон жилийн ажиглалтын явцад тэнүүлч эрийн дүрийг гаргах нь үзэгчдийн анхаарлыг татна гэж үзэн, энэ дүрийг хөгжүүлж ирсэн байна. Түүний судалгаа алдаагүй болохыг баталж, үзэгчид ч түүнд татагдаж эхэлсэн юм. Эссеней дэх кино студид ажиллах болсоноор 1918 он гэхэд түүнийг дэлхий дахин мэддэг болсон байлаа.

1919 онд Чарли Чаплин Юнайтед Артистс кино компанийг Мэри Пикфорд, Дуглас Фэрбэнкс, Дэвид У. Гриффит нарын хамт үүсгэн байгуулжээ. Энэ нь түүнд урьдынхаасаа урт хугацааны, мөн түүнчлэн өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг харуулсан олон арван кино хийхэд үнэлж барашгүй нөлөө үзүүлжээ. Түүний хамгийн анхны бүрэн хэмжээний кино 1921 онд Жаалхүү нэртэйгээр олонд хүрсэн юм. Үүнээс хойш дэлхийн кино урлагийн түүхэнд тод мөрөө үлдээсэн Парисийн эмэгтэй, Алтны халуурал, Цирк зэрэг олон арван кино шил, шилээ даран үзэгчдийн хүртээл болжээ. Кино урлагт техникийн дэвшил бүрнээ нэвтэрч дуу оруулах технологи нэвтэрсэн нь Чарли Чаплинд сөргөөр нөлөөлөөгүй төдийгүй, нэр алдарыг нь улам дээшлүүлэн билээ. Түүний ёжтой бөгөөд ихээхэн гүнзгий утга агуулга бүхий жүжиглэлт нь ямархан хэмжээний уран бүтээлч вэ гэдгийг дэлхий дахинаа харуулж чадсан юм. Үүний тод жишээ болох Хотын гэрэл, Орчин цаг зэрэг кинонуудыг үзэгч та бүхэн мэдэх биз ээ. Тухайн үеийнхээ улстөрийн нөхцөл байдлыг инээдтэй бөгөөд ёжтойгоор илэрхийлсэн Агуу дарангуйлагч кино түүнийг томоохон нэр алдарт хүргэсэн юм. 1940-өөд он бол түүний замналд хар ул мөр үлдээсэн хүнд бэрх он жилүүд байлаа. Чаплинийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчээр гэрлэсэн гэх шуугиан дэгдэж, улмаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мөрдөн шалгаж байсан юм. Энэ бүхний дараа АНУ-ын хууль тогтоогчид нутагаасаа гаргах шйидвэр гаргаж, улмаар Швейцарь улсад очихоос өөр аргагүй болжээ. Хүнд бэрх жилүүдийн дараа тэрээр хэсүүлч эрийн дүрээ өөрчлөн Монсье Вердуа, Нэр төр, Хонг Конгын гүн зэрэг кинонуудыг дэлгэцнээ амилуулсан юм.

Чарли Чаплин ихэнх киногоо өөрөө продьсерлэж, найруулж, зохиож, редакторлаж тэр ч бүү хэл хөгжмийг нь ч өөрөө зохиодог байлаа. Түүний гаргаж ирсэн хэсүүлч эрийн дүр нь сурталчилгааны бэлгэ тэмдэг, киноных нь сурталчилгаа болж байсан тул замналынхаа дөнгөж эхэнд л гэхэд санхүүгээр хэнээс ч хараат бус байх нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тийм ч учраас тухайн цаг үед нь нийгэм, улстөр, бизнесийн бүх л салбарт түүний дүр төрхийг ашиглах нь элбэг байжээ. 1972 онд түүнийг АНУ-ын кино урлагийн академи Оскарын наадмын хүндэтгэлийн шагналаар шагнажээ. Энэхүү шагналын тодорхойлолтонд "Оршин буй эрин зууныхаа кино урлагийг өөрчилж, үүгээрээ дамжуулан нийгэмд эерэгээр нөлөөлсөнийг үнэлэн энэ шагналыг гардуулав" гэж бичсэн байжээ. Түүний бүтээсэн олон арван кинонууд дэлхийн кино урлагийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Замналын эхэн үе (1889-1913)

[засварлах | кодоор засварлах]

Чарьлз Спенсер Чаплин 1889 оны 4-р сарын 16-ны хаврын энэ өдөр Ханна Чаплин, том Чарли Чаплин нарын хүүхэд болон мэндэлжээ. Хэдийгээр түүний төрсөн газар нь яг таг тодорхой болоогүй ч олон намтар судлаачид түүнийг Өмнөд Лондоны Уолуортын Зүүн гудамжинд төрсөн гэж үздэг. Чаплинийг төрөхөөс яг дөрвөн жилийн өмнө эцэг, эх хоёр нь гэрлэсэн бөгөөд эх Ханна нь өмнө Сидней Жон Хилл гэх хүүхэдтэй байжээ. Чаплиний эх Ханна нь гуталчины охин, харин эцэг нь ажилчин ангиас гаралтай жирийн нэгэн жүжигчин байсан гэдэг. Эцэг том Чарли Чаплин нь айлын бутач хүүхэд тул Лили Харли гэсэн нууц нэрээр уран бүтээлээ туурвидаг байжээ. Түүний эцэг, эх нь салж байгаагүй гэдэг.

Чаплиний бага нас туйлын хүнд хэцүү, өлмөн зэлмүүн, ядуу хоосон байдалд өрнөсөн учраас олон хүнд яриад байгаагүй гэж түүний намтарыг бичсэн Девид Робинсон хожим нь дурсчээ. Аав нь хэрмэл жүжигчин байсан ч мөнгө бага зэрэг олдог байсан учир эх нь даашинз оёж амьдралаа залгуулдаг байсан гэдэг. Том Чарли Чаплин архинд гүн автаж улмаар гэр бүлийнхэндээ төвөг удааж байсан учраас Чаплинийг ахтай нь хамт асрамжийн газар өгсөн байна. Хэдийгээр асрамжийн газарт бүрэн өгөөгүй ч жилийн дийлэнх хэсгийг ах дүүс тэнд өнгөрүүлдэг байжээ. Энэ байдлаас хойш хоёр жилийн дараа буюу 1901 онд архинд орсон эцэг нь элэгний өвчнөөр хорвоог орхиод удаагүй байхад Чаплиний эх хүндээр өвчилж эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болжээ. Эхийгээ эмнэлэгт хэвтэж байх хугацаанд олон хоногийг Чаплин гудамжинд ганцаараа өнгөрөөсөн гэдэг юм. Хоол, унд барагтай олдож байгаагүй ч тэрээр Лондон хотоор өөрийн ах Сиднейгээ хайж байсан ажээ. Есөн сарын туршид гудамжаар хоноглосон Чаплин эхтэйгээ амьдрах болсон ч хоёр жилийн дараа эхийнх нь сэтгэцийн өвчин дахиж, эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болсон юм. Үүнээс хойш эх нь эмнэлгээс гараагүй байна.

Лондонгийн төвийн дүүргийн сургуулийн сурагчид, долоон настай Чарли Чаплин голынх нь, 1897 он
1903-1906 оны өсвөр насны Чаплин Шерлок Холмс жүжигт тоглож байхдаа

Тэрээр бүр багаасаа тодруулбал 5 настайгаасаа эхлэн гудамжинд үзүүлбэр үзүүлж эхэлсэн байна. Хэдийгээр туйлийн хүнд хэцүү байдалд өсч торниж байсан ч сургуульд суралцан, хажуугаар нь урлагийн бяцхан тоглолтоо үзүүлэн Лондон хотын хаа сайгүй явдаг байжээ. Тэрээр хожим нь бичихдээ "Би хүнд хэцүү байдлаа мартаж, тэс өөр газарт очсон мэт байсан учраас жүжиглэх урлагт улам ихээр татагдах болсон" гэсэн байдаг. 1899-1900 он хүртэл бүтэн нэг жилийн хугацаанд тэрээр аавыгаа дагалдан үзүүлбэр үзүүлж байсан гэдэг. Түүний эх нь сургуульд сургах сонирхолтой байсан ч Чаплин аль хэдийнэ жүжиглэх урлагт татагдсан байлаа. 13 насандаа Чаплин Лондонгийн баруун хэсгийн төгсгөл дэх театрын агентлагт бүртгүүлж, тоглолтонд оролцох эрхтэй болж байжээ. Угаасаа тэр цаг үед сургуульд суралцахаас илүү жүжиглэх нь илүү байсан гэдгийг Чарли Чаплин хожим нь дурссан байдаг. 1903 оны долоодугаар сард түүний бүртгүүлсэн театр Жим, Кокейны дурлал зэрэг хөтөлбөр гаргаж эхэлсэн ч ердөө 2 долоо хоногийн дараа хаагдсан гэдэг. Гэхдээ олон үзэгчид Чаплиний хошин шогийн мэдрэмж, жүжиглэлтийг магтаж байсан юм.

Анхны шоу амжилтүй болсоны дараа Чарльз Форман гэгчийн нэгэн студи Шерлок Холмс жүжгийг тавихаар болж, улмаар Чаплинтай холбогдон Билли гэх хүүгийн дүрийг оноожээ. Мөн түүнчлэн түүнийг тоглолтын зар тараах ажилд ч дайчилж байсан гэдэг. Бяцхан жаалын үзэгчдийг татах авьяас, сэргэлэн байдал нь Шерлок Холмсын дүрийг бүтээсэн Уиллиам Жиллетийн анхаарлыг татаж, бүр нэгэн удаа дуудаж уулзаж байсан ажээ. Тэрээр зөвхөн энэ жүжигт 1903-1906 оны эх хүртэл тоглож байсан юм.

Хувийн үзүүлбэр үзүүлэх болсон нь

[засварлах | кодоор засварлах]
1913 онд Карногийн компани Хойд Америкад хийсэн аялан тоглолтын сурталчилгаа

Чаплин үзүүлбэр үзүүлэх өөр продакшн хайх сонирхолтой байсан бөгөөд улмаар хэд, хэдэн газарт хандаад байжээ. 1906 оны тавдугаар сард Лондон даяар үзүүлбэрээ сонирхуулдаг явуулын циркд нэгдэхээр болсон байна. Хэдийгээр түүний жүжиглэх авьяас улам цэцэглэсээр байсан ч тус циркийн хөтөлбөртэй нийцэхгүй байжээ. Үүгээр ч барахгүй гоцлон тоглолтондоо алдаа гаргасан нь цирк дэх байр суурийг ганхуулжээ. Бурлеск болон кабаре үзүүлдэг байсан энэ газарт тэр анхнаасаа дургүй байсан юм.

Дараахан нь түүний ах болох Сидней, "Карногийн энтертэймэнт компани"-тай холбогдсоноор Чаплинийг тус компанийн удирдлагуудтай танилцуулжээ. Уг компанийг тухайн үедээ Англи даяар чамгүй үзэгчдийн хүрээлэлтэй болоод байсан Фред Карно удирдаж байсан юм. "Би ноён Карнотой уулзаж байсан өдрийг ердөө мартдаггүй юм. Түүнд авьяасаа шалгуулж байхдаа маш ихээр ичиж, өрөөнөөс гараад гүймээр санагдаж байж билээ" гэж хожим нь Ч.Чаплин дурсчээ. Эхэндээ тэрээр бага хэмжээний дүрүүд бүтээж, тайзан дээр байх хугацаа нь ч бага байлаа. 1908 оноос түүний тоглох цаг, хугацаа нь нэмэгдэж, авьяас чадвар нь ч урган цэцэглэж эхэлсэн юм. 1910 оны дөрөвдүгээр сард Карногийн компанийн тавьсан Чин зоригт Жимми гэх үзүүлбэр итгэмээргүй их амжилтийг дагуулж, Ч.Чаплиний нэр хүндийг ч тэр хэмжээгээр өсгөжээ. Орон нутгийн сонинууд ч залуу авьяастаны талаар бага хэмжээний мэдээ, нийтлэл бэлтгэн хэвлэж байсан гэдэг.

Карно нэр алдар нь цэцэглэж байгаа Чарли Чаплинийг Хойд Америкаар хийх хошин үзүүлбэрийн жүжигчдийн багт багтаан авч явжээ. 1911-1912 оны хооронд бүтэн жил хагасын хугацаанд үргэлжилсэн энэ үзүүлбэр аялал Хойд Америкын зах зээлээс багагүй хэмжээний ашиг олсон юм. Далайн чанад дахь зах зээл боломжтой гэдгийг Чаплинд мэдрүүлсэн уг аялан тоглолт 1912 оны тавдугаар сард өндөрлөж, зургаадугаар сард Англи руугаа буцжээ. Карногийн компани 1912 оны 10-р сард АНУ руу дахин хөлгийн жолоо залсанаар Чаплиний амьдралыг өөрчилж, дэлхийн хэмжээний од болох эхлэлийг тавьсан юм.

Кино урлагт хөл тавив(1914-1917)

[засварлах | кодоор засварлах]
Чарли Чаплиний тоглосон хамгийн анхны кино болох Амьдралаа босгоё кино
Чаплиний тоглосон хоёр дахь кино, Хэсүүлч эрийн дүр дэлгэцнээ амилсан анхны кино Венецийн хүүхдийн уралдаан

АНУ-г зургаан сар тойрсон хоёр дахь аялан тоглолтын дараа Нью-Йоркын кино компани түүнтэй холбогдож, хэд, хэдэн кинонд тоглох санал тавьсан юм. Кистоун студи тухайн үеийн дуугүй киноны од гэгдэх Фред Мейс-тэй хамтран ажиллах санал тавьж, богино хэмжээний хэд, хэдэн кинонд тоглож амжжээ. Тухайн үед Кистоун студи Чарльз Чаплинд долоо хоногийн 150 ам.долларын гэрээ санал болгосон нь ядуу тарчиг амьдралд өсч торнисон түүний амьдралыг өөрчлөх, ирээдүйн замналыг засах эргэлтийн цэг болсон билээ. 1913 оны 12-р сард Чаплин Лос Анжелес хотод шилжин суурьшиж, кинонд тоглох нөр их ажилдаа ханцуй шамлан орсон юм. Гэсэн хэдий ч Кистоун компани дөнгөж 24 настай Чаплинийг том дүрд тоглуулж, аз сорихгүй л байлаа. Энэ хугацаанд тэрээр кинонд тоглох, кино найруулах урлагт тухайн үеийн ажилчдаас суралцаж байсан юм. Ингэж явсаар 1914 онд түүний тоглосон анхны кино болох "Амьдралаа босгоё" кино дэлгэцнээ гарчээ. Уушийн газар, тайзан дээр жүжиглэж байсан Чарльз Чаплинд эхний кино нь хүнд байжээ. Гэхдээ муугүй амжилт дагуулж, ямар хэмжээний жүжигчин бэ гэдгийг Хойд Америкад таниулахад ихээхэн дөхөм болсон уран бүтээл болсон юм. Чарльз Чаплин өөрийн намтартаа анхны киноныхоо талаар:

"Тухайн компанийн бүрдүүлсэн эхний дүр надад таалагдаагүй. Дэлгэцэнд гарсаны дараа бүрх малгайгаа жижигдүүлж, хүрэм, хантаазаа багадуулж, маш том гутал өмсөх санаа орж ирсэн. Ингэснээр их марзан, гэхдээ маш амархан хүний дурсамжинд үлдэхээр тийм дүр бий болсон юм"

Түүний хэлсэн энэ санаа хэдийгээр Мейблийн итгэмээргүй бэрхшээл кинонд тусгалаа олсон ч одоогийн бидний мэдэх Хэсүүлч эр-ийн дүр "Венецийн хүүхдийн уралдаан" кинонд жинхэнэ утгаараа гарч ирсэн билээ. Түүний бодож олсон энэ дүр дэлгэцнээ гайхмаар амжилтыг дагуулж, үзэгчдэд маш амархан хоногшиж чадсан юм. Ингэснээр нэгэн хэвийн байдалд тогтоод байсан кино урлагийн хэмнэлийг огт өөр тийш нь чиглүүлж, ихээхэн сонирхолтой хувь хүнийг бий болгосон байна. Эхэн үед нь түүний киног Кистоун студийн Мабель Норманд найруулдаг байсан ч хожим нь тус студийн захирал Чаплинд өөрөө найруулах эрхийг нь өгчээ. Найруулгын хувьд түүний хамгийн анхны кино нь Бороонд хэмээх кино юм. Энэ кино Кистоун студи төдийгүй Чаплиний нэр хүндийг өндөрт өргөн, зуун дамжин дуурсагдах түүхийн эхлэлийг тавьжээ. Кистоун студи энэхүү амжилтийг харгалзан киноны үргэлжлэх хугацааг уртасгаж бүрэн хэмжээний кино бүтээх саналаа ч Чаплинд хэлсэн байна. 1914 оны 11-р сард Кистоун студи анхны бүрэн хэмжээний кино гэгдэх Тиллигийн бүтэлгүй хайрын түүх дэлгэцэнд шилжүүлжээ. Энэ кинонд Чарли Чаплин туслах дүрийг л бүтээсэн байна. 1914 оны сүүлээр Чарли Чаплин студийнхээ удирдлагуудад долоо хоногийн 1000 ам.долларын шинэ гэрээ байгуулах санал хүргүүлсэн ч тус студийн захирал Сеннетт хэтэрхий их байна гээд буцаасан юм.

1915 онд дэлгэцнээ гарсан Ажил кинонд гол дүрийн жүжигчин Эдна Пурвьенс-тэй хамт

Кистоун студи түүний гэрээг хүлээж аваагүй учраас нэр алдар нь ихээхэн мандаад байсан Чарльз Чаплин түүний гэрээнд заасан мөнгийг өгч чадахаар том компани хайхаар болж, Кистоунтай байгуулсан гэрээгээ цуцалжээ. Удалгүй 1914 оны 12-р сард Эссенейн кино компанитай долоо хоногийн 1250 ам.доллар, гэрээний урамшуулал болох 10 мянган ам.долларын гэрээ байгуулсанааар тус компанийн харьяалал бүхий жүжигчин болсон юм. Чарли Чаплин энэ компанид ирснээр тухайн үеийн муугүй жүжигчид гэгдэх Эдна Пурвьенс,Лео Вайт, Бад Жеймсон нартай танилцан, хамтран уран бүтээл хийх болсон билээ.

Тус кино компанид бүтээсэн Шөнийн дараа, Аварга зэрэг кинонууд нь муугүй амжилт дагуулж, түүний авьяасыг улам дархалсан юм. Чаплин тус кино компанитай жилиийн хугацаанд 7 кино бүтээжээ. Эдгээр киноны дунд үзэгч та бидний сайн мэдэх хэсүүлч эрийн дүрийг мөнхөлсөн Хэсүүлч эр кино 1915 онд дэлгэцнээ гарч, үзэгчдээс өндөр үнэлгээ, дэмжлэг авсан юм. 1915 оны дунд гэхэд Чарльз Чаплиний нэр хүнд тэнгэрт цойлсон байлаа. Түүний нэр бүхий зурагт хуудас, рекламууд газар сайгүй тарж, түүний дүр бүхий тоглоомнууд ч худалдаанд гарсан юм. Америкийн кино урлагийн сэтгүүл ч тухайн үеийн Чаплиний нэр хүнд, нийгэмд үзүүлж байгаа нөлөөг "Чаплинитис" гэж нэрлэж байлаа. Эссенейтэй байгуулсан богино хугацааны гэрээ 1915 оны сүүлээр дуусгавар болоход түүнд гэрээний нэмэгдэл болгож 15 мянган ам.долларын нэмэлт урамшуулал олгожээ.

Чаплинийг нэр алдарт хүргэсэн хэсүүлч эрийн дүр бүхий хүүхэлдэйг барьсан байгаа нь. 1916 оны сүүл

1916 он дөнгөж гараад байх мөчид Мюшуал студи түүнтэй жилийн 670 мянган ам.долларын гэрээг байгуулсанаар оршин буй цаг үеийнхээ хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчнээр тодорсон билээ. Тухайн үеийн нийгэм болон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ мэдээг сонсоод шоконд орж байсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Мюшуал студи төлсөнөөсөө хавьгүй их хэмжээний мөнгийг олсон гэдгийг түүний намтарыг бичсэн Робинсон дурсчээ. 1916 оны гуравдугаар сард тус студи Чарльз Чаплинд өөрөө кино хийх боломжтой хувийн студи нээж өгчээ. Тэрээр өөрийн студидээ Альберт Остин, Эрик Кембэлл нарыг авч хүчээ зузаатгасан байна. Тэр ондоо Чаплин Шөнийн нэг цаг, Гал сөнөөгч, Тэнүүлч, Дэлгэцний ард, Гулгуурын талбай зэрэг 7 кино л дэлгэцнээ амилуулсан юм. Харин 1917 онд тэр Мюшуал студитэй дөнгөж 4-хөн кино л бүтээсэн байна. Эдгээр кино нь Цагаач, Адал явдалаар хөөцөлдөгч, Гудамж, Эм гэх кинонууд юм. Мюшуал студид өнгөрсөн энэхүү он жилүүд нь түүний замналын хамгийн оргил үе нь байсан юм.

Хойд Америкад түүний нэр хүнд гэлийн хурдаар өсч байхтай зэрэгцэн Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүн рүү дайрсаар байлаа. Учир нь түүнийг дэлхийн нэгдүгээр дайны үеэр эх орныхоо талд дуугараагүй, эх оронтойгоо хамт байгаагүй гэж шүүмжилсээр байсан юм. Мөн түүнчлэн түүний жүжиглэх авьяас, шинэ дүр төрх зэрэг нь Их Британийн баялаг соёлын үр өгөөж гэж үзэх сэтгүүлчид ч цөөнгүй байжээ.

Анхны үндэстэн (1918-1922)

[засварлах | кодоор засварлах]

Мюшуал студитэй байгуулсан гэрээ дуусгавар болсоны дараахан түүний хувийн төлөөлөгч, ах гэгдэх Сидней Чаплиний үүрэг оролцоотойгоор Анхны үндэстэн кино компанитай холбогдож чаджээ. Олон сар яригдсан яриа хэлэлцээрийн үр дүнд 1917 оны зургаадугаар сард тус компанийн төлөөлөлтэй тохиролцоонд хүрч 1918 оноос эхлэн ажилласан юм. Хамгийн гол нь тус кино компани Чаплинд хувийн эрх чөлөө, өөрийн үзэл бодлоо уран бүтээлдээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосноороо өмнөх кино компаниудаас ялгагдаж байлаа.

Тус компанитай шинэ гэрээ байгуулснаас хойш гурван сарын дараа Нохойн амьдрал кино 1918 оны дөрөвдүгээр сард дэлгэцнээ амилсан юм. Ингэснээр Анхны үндэстэн кино компанийн бизнесийн түүхэнд хамгийн их ашиг олсон киноны нэг болсон байна. Чарльз Чаплин тус студид дунджаар 35 минутын кино бүтээдэг байсан юм. Тэрээр тухайн үеийнхээ хамгийн нэр хүнд бүхий бие хүн байсан учраас АНУ болон Холбоотны арми дайны эсрэг үзэл, үзэл сурталын зэвсэг гэгдэх Бонд, Мөрнөөс гаранд зэрэг киног хийлгэж байжээ. Хэдийгээр амьд ахуйдаа энэ кинонуудыг улстөрийн төлөөлөгчид санхүүжүүлж, мөнгө төлөөгүй гэж байсан ч олонх намтар судлаачид улстөрийн бүлэглэлүүдийн зүгээс мөнгө төлсөн гэж үздэг. Эдгээр кинонууд нь итгэмээргүй амжилтанд хүрч улстөрийн томоохон сурталчилгаа болсон билээ.

Юнайтед Артистс, Мильдред Харрис, Жаалхүү

[засварлах | кодоор засварлах]
1921 онд дэлгэцнээ гарсан Жаалхүү кинонд Жеки Күүгэний хамт

Анхны үндэстэн кино компанитай байгуулсан гэрээ өндөрлөх яагаа ч үгүй байхад түүнийг томоохон уран бүтээлчидтэй нэгдэн компани байгуулах гэж байна гэсэн цуурхал дэгдэж эхэлжээ. Цуурхал дэгдэж байхад алдарт жүжигчний зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй юм. Гэсэн хэдий ч удалгүй энэ цуурхал үнэн болох нь батлагдсан билээ. 1919 оны нэгдүгээр сард Дуглас Фейрбэнкс, Мэри Пикфорд, Д.У.Гриффит, Чаплин нар хамтран Юнайтед Артистс студийг үүсгэн байгуулсан юм. Тэд нэгдэх болсон шалтгаанаа кино урлагийг өөрчлөх, жүжигчдийг илүү зохион байгуулалттай болгох, кино урлагийн зах зээлийг нээлттэй болгох гэж тухайн үедээ тайлбарлаж байжээ. Ийнхүү ажил мэргэжлийн хувьд ихээхэн ахиц дэвшил гарч байхад Чаплиний хувийн амьдрал ч шинэ түүхээр баяжигдаж эхлэв.

1918 онд тэрээр 17 настай жүжигчин Мильдред Харристай анх удаагаа гэрлэж, тэр жилийнхээ 9 сард М.Харрис жирэмсэлсэн ч энджээ. Гэхдээ энэ гэрлэлт Лос Анжелес төдийгүй бүх америк даяар дуулиан шуугиан тарьсан үйл явдал болсон юм. 1919 оны зургаадугаар сард Чарльз Чаплин Нартай тал киногоо дэлгэцнээ гаргав. Энэ кинонд эртний амраг гэгдэх Эдна Пурвьенстэй тоглосон нь хэвлэл, мэдээллийнхний бай болж хувирсан билээ. 1919 оны долоодугаар сард түүний ууган хүү мэндэлсэн ч төрснөөсөө хойш ердөө гуравхан өдрийн дараа амиа алджээ. Олон удаагийн амжилтгүй төрөлт болон хэвлэл, мэдээллийн шуугианаас шалтгаалан тэдний гэрлэлт 1920 оны дөрөвдүгээр сард албан ёсоор өндөрлөж, салцгаасан байна. Түүний гэр бүлийн амьдралын бүтэлгүйтэл, хүүхдээ алдах мэдрэмж, шаналал нь дэлхийн киноны түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх нэгэн киноны үүсэх үндсийн үндэс болсон юм.

1920-иод оны сүүлээр киноныхоо зохиол дээр сууж Анхны үндэстэн кино компанитай хамтран нэгэн кино хийхээр болсон нь Жаалхүү кино байлаа. Тэрээр энэхүү кинондоо 1919 оноос эхлэн холбоо тогтоож байсан Жеки Күүгэн гэх 4 настай жаалхүүтэй хамтран тоглохоор болсон юм. Хэдийгээр энэ кино 1920-иод оны дундуур дэлгэцнээ гарах боломжтой байсан ч Чаплин өөр богино хэмжээний кинон дээр давхар ажиллаж байснаас шалтгаалан нээлтээ хийх хугацаа нь хойшлогдсоор байжээ. Нийтдээ 68 минут үргэлжлэх энэхүү кино нь Чаплиний найруулагчийн хувиар гүйцэтгэсэн хамгийн урт киноны нэг. Ядуу амьдралтай эр, нэгэн жаалхүү хоёрын хоорондох харьцаа нь энэ киноны гол санаа, ньюанс нь байсан юм. 1921 оны нэгдүгээр сараас 1924 оны гуравдугаар сар хүртэл дэлхийн 50 улсын кино театрт гарч тухайн цаг үедээ хамгийн их орлого гэгдэх 2,8 сая ам.долларын ашиг олж байжээ. Тус кинонд тоглосон Жеки Күүгэн ч Холливудын түүхэн дэх бага насандаа алдаршсан анхны жүжигчин болсон билээ. Ихээхэн амжилт дагуулсан Жаалхүү киноны дараа хэсэг хугацаанд завсарласаны эцэст 1921 оны зургаадугаар сард Үл үзэгдэх давхарга нэртэй богино хэмжээний киног дэлгэцэнд шилжүүлжээ. Тэр жилийнхээ 9 сард олон жил очоогүй байсан эх нутагтаа очих шийдвэр гаргаж, хэдэн сар амьдарсан байна.

1922 онд Анхны үндэстэн кино компанитай байгуулсан гэрээ нь бүрэн дуусгавар болохоос өмнө сүүлийн бүрэн хэмжээний кино найруулсан нь Төлөх өдөр кино байлаа. Өмнөх кинонуудын амжилтанд хүрэхгүй ч чамгүй уран бүтээл болсон гэж студийн зүгээс үнэлэсэн байна. Анхны үндэстэн кино компани түүнтэй гэрээгээ сунгах талаар ярилцаж байсан ч алдарт жүжигчний зүгээс хүлээж аваагүй юм. Тэрээр тус компанитай хамгийн сүүлийн богино хэмжээний кино гэгдэх Бадарчин киног дэлгэцэнд гаргажээ.

Дуугүй кино (1923-1938)

[засварлах | кодоор засварлах]

"Парисын эмэгтэй" болон "Алтны халуурал"

[засварлах | кодоор засварлах]
Алтны халуурал киноны хэрмэл эр гутлаа чанаж идэж байгаа нь...

Анхны үндэстэн кино компанитай байгуулсан гэрээ дууссаны дараа алдарт жүжигчин маань өөрөө бие даан кино найруулж, өөрөө продьюсер хийхээр болсон юм. Түүний бие дааж хийсэн хамгийн анхны кино бол "Парисын эмэгтэй" билээ. Романтик драмын төрлийн энэ кинон дээр Чаплин 1922 оны 11-р сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 1923 оны 9-р сарын 26-нд дэлгэцэнд гарсан юм. Тухайн цаг үеийнхээ нийгмийн байдал, бодит амьдрал дээрх үйл явдлыг харуулсан нь чамирхал ноёлоод байсан кино урлагийг бас нэгэн өөр зүг рүү хөтөлжээ. Үзэгчид болон урлаг судлаачид ч түүний энэ бүтээлд дуртай байсан юм. Дурьдахгүй орхиж болохгүй өөр нэг зүйл нь Чаплин зөвхөн алдартай жүжигчин төдийгүй сайн найруулагч болохоо уг киногоор харуулсан явдал. Мөн түүнчлэн гол дүрийн эмэгтэйд тоглосон Эдна Пурвьенс ч уг киноны нэгэн тод шигтгээ нь байсан билээ.

"Парисын эмэгтэй" дэлгэцэнд гараад удаагүй байхад тэрээр өөр нэгэн алдартай кинон дээр ажиллаж эхэлсэн юм. 1800-аад оны Америкийн нийгмийн нэгэн томоохон үзэгдэл гэгдэх алт олборлох, алтны халууралын үеийг харуулсан энэ кино нь түүний нэр хүндийг илтгэсэн тод уран бүтээлийн нэг билээ. АНУ-ын урлаг судлаачид, кино шүүмжлэгчид, нийгмийн судлалын професорууд дуу нэгтэйгээр энэ киног кино урлагийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөрдөг юм. Энэ бол яах аргагүй Алтны халуурал кино билээ. Чаплин уг киноны зохиол дээр зургаан сар суусаны эцэст 1924 оны хоёрдугаар сараас эхлэн зураг авалтдаа шамдан орсон юм. "Алтны халуурал" кино нь ёжтой шоглол, уран дүрслэл, жүжиглэхүйн ухааныг илтгэн харуулсаны дээр үзэгчдэд нэгэн шинэ эмэгтэйг танилцуулсан юм. Энэ кинонд олон жил хамтран тоглосон Эдна бус үзэгчдийн төдийлөн үл мэдэх Жиоржиа Хейлийг сонгон тоглуулжээ. Чаплин "Алтны халуурал" кинондоо тусгай эффект, хосолмол зураг зэрэг киноны шинэ техникүүдийг ашигласан нь нэгэн хэвийн кино урлагийг шинэчилсэн хэрэг байлаа. Басхүү тухайн цаг үеийн Америк оронд болоод удаагүй байсан үйл явдлыг дүрслэн харуулсан нь амжилт олох томоохон үндэс болсон юм. Уг кино Канад болон АНУ, Англи улсад зэрэг гарч 1927 он гэхэд 4 сая ам.долларыг цуглуулсан нь кино урлагийн нэгэн шинэ түүхийг бичиж байсан гэдэг. "Алтны халуурал" киноны мартагдахааргүй хэсэг бол яах аргагүй "Үдээсээ гоймон шиг сорж иддэг" хэсэг юм.

"Би энэ хэсгийг багадаа сонсч байсан ярианаас сэдэвлэн хийсэн. Алтанд явсан хүмүүс гутлаа чанаж иддэг байсан гэсэн ахынхаа яриаг өөрийнхөө төсөөлөлтэй баяжуулж, гутлаа чанадаг байсан юм бол яагаад үдээсээ гоймон шиг сорж болохгүй гэж бодсоны үндсэн дээр энэ хэсгийг гаргасан юм. Олон хүмүүс надаас үнэхээр гутал чанасан уу гэж асуудаг. Зураг авалтын үеэр яалт ч үгүй чанасан л юм даа"

"Америкийн кино урлагийн хүрээлэн" уг киног 2007 онд сүүлийн 100 жилийн шилдэг киноны нэгээр нэрлэжээ.

Лита Грей болон "Цирк"

[засварлах | кодоор засварлах]
Чаплиний хоёр дахь эхнэр Лита Грей (1925). Тэдний амьдрал хоёр жил л үргэлжилсэн юм.

"Алтны халуурал" кинон дээр ажиллаж байх явцдаа тэрээр хоёр дахь удаагаа гэрлэсэн юм. Тэрээр өөрөөсөө 24 насаар дүү Лита Грейтэй хайр сэтгэлийн холбоотой болж, түүгээр ч барахгүй жирэмсэн болгосон байлаа. Тухайн үедээ Калифорни муж улсад мөрдөгдөж байсан хуулиар бага насны хүүхэдтэй хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж тооцогдохоор байжээ. Энэ үйл явдал нь тус мужийн сонин хэвлэлүүдийн хараанд өртөж, олон ч хүмүүс түүнийг шүүмжилж байлаа. Тэд 1924 оны 11-р сарын 25-нд олны нүднээс хол, цомхон хүрээнд Мексик улсад хуримлажээ. Тэдний анхны хүүхэд болох бага Чарльз Спенсер Чаплин 1925 оны тавдугаар сарын таванд төрсөн бол удаах хүү Сидней Эрл Чаплин 1926 оны гуравдугаар сарын 30-нд хорвоод мэндэлсэн юм.

Насаар туйлын хол зөрүүтэй түүний эхнэр гэрлэлтэндээ сэтгэл дундуур байлаа. Учир нь Чаплин ихэнх цагаа студидээ кино хийхэд зарцуулж, гэр бүлдээ тэр бүр анхаарал тавьж чаддаггүй байсан юм. Энэ бүгдээс залхсан Грей 1926 оны 11-р сард гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа хүүхдүүдээ аван төрсөн гэр рүүгээ явжээ. Грейн гэр бүл Чаплиний эсрэг зарга мэдүүлж шүүхэд өгсөнөөр барахгүй, тухайн үеийн сонин хэвлэлүүдэд бага насны хүүхэдтэй зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орсон гэж мэдэгдэж байлаа. Калифорни мужийн шүүх түүний кино хийх эрхийг хасч, 600 мянган ам.долларын торгууль ногдуулсан юм. Шүүхээс түүнийг бага насны хүүхэдтэй зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орсон гэдгийг нотолжээ. Сонин хэвлэлийн шүүмжлэл, үзэгчдийн үзэн ядалт, олон нийтийн дургүйцэл зэргийг тэсч гарах сэтгэлийн тэнхээ түүнд байсан ч хэзээ ч мартагдахааргүй бүүдгэр дурсамж болон үлдсэн юм.

Хоёр дахь бүтэлгүй гэрлэлтийнхээ дараа тэрээр "Цирк" нэртэй шинэ кинон дээрээ ажиллаж эхэлжээ. Шүүхээс 10 сарын хугацаанд кино уран бүтээл хийх эрхийг нь хасах шийдвэр гаргасан ч энэ хугацаанд киноны зохиол дээрээ хянуур, нухацтай суусан юм. Энэ кино бүхэлдээ санамсаргүй байдлаар циркд ирж, олны хүндэтгэлийг хүлээж байгаа тэнүүлч эрийн түүхийг өгүүлнэ. Олон сарын хугацаанд кино хийх боложмгүй байсан Чаплин 1927 оны аравдугаар сард "Цирк" киноны зураг авалтаа эхлүүлжээ. Гурван сарын зураг авалтын дараа 1928 оны нэгдүгээр сарын 6-нд бүрэн дуусч, үзэгчдийн хүртээл болсон юм. Энэ кино нь тухайн үедээ 3,8 сая ам.долларын ашиг олж, шүүмжлэгчдээс ч чамгүй өндөр хэмжээний дүгнэлтийг сонсоод байлаа. Түүнчлэн 1929 оны тавдугаар сард зохион байгуулагдсан Оскарын анхны наадмаас Чаплинд хүндэтгэлийн шагнал гардуулсан юм. Чаплиний продьюсерлах, найруулах, жүжиглэх, кино зохиол бичих суу авьяасыг олонд таниулж, түр хугацаанд унаад байсан нэр хүндийг нь дахин сэргээсэн билээ.

"Хотын гэрэл" киноны хэсэг...

"Цирк" кино дэлгэцэнд гарснаас төд удалгүй Холливудэд дуутай киноны эрин үе эхлээд байлаа. Кино урлагийн түүхэнд энэ нээлт маш чухалд тооцогдож байсан ч дуугүй киноны жүжигчид, тэр дундаа Чарли Чаплиний сэтгэлийг маш ихээр түгшээж байсан юм. Үггүйгээр цэвэр жүжиглэлтээр үзэгчтэй харьцдаг байсан кино урлаг, дуу чимээтэй, харилцан яриатай болох нь хэр зөв бэ гэдэгт ч тэд эргэлзэж байсан билээ. Холливуд бүхэлдээ дуутай кино руу хошуурч байхад Чаплин үзэгчдийн танил болсон дуугүй киног, хөндөж байгаагүй өөр өнцгөөр хийхээр зоригложээ. Тэрээр өөрийн бичсэн намтартаа энэ шийдвэртээ бага зэрэг эргэлзэж, амжилт олохгүй бол яанаа гэж бодож байснаа дурссан байдаг.

Чаплиний хамгийн "тансаг" бүтээл гэгдэх Хотын гэрэл киноны зураг авалт 1928 оны сүүлээр эхэлжээ. Энэ кино нь хараагүй ч үзэсгэлэнтэй бүсгүйд туслах гэсэн сайхан сэтгэлт тэнүүлч эрийн тухай өгүүлнэ. Тэрээр энэ уран бүтээлдээ тухайн үед Америк даяар болж байсан үйл явдалтай холбон, хэн бүхний мэдэх орчинг бий болгосон байна. Киноны явцад ая зохиогч барагтай олдоогүй тул өөрөө зарим аяыг нь зохиосон юм. Энэ киноны зураг авалт бүтэн 10 сарын турш үргэлжилжээ. Үзэсгэлэнтэй хараагүй охины дүрд Вержиниа Шериллийг сонгон тоглуулсан нь маш зөв сонголт байсан гэдэг. 1930 оны 12-р сард киноны зураг авалт бүрэн дуусч, 1931 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон юм. Кино нээлтээ хийсэн эхний хоногуудад үзэгчид тэр бүр сонирхохгүй л байлаа. Гэсэн хэдий ч тухайн үеийн кино шүүмжлэгчдийн нийтлэл Нью-Йорк Таймс, Вашингтон Пост сонинуудад нийтлэгдсэнээр үзэгчдийн анхаарлыг татаж, басхүү чамгүй сурталчилгаа болсон юм. Хэдийгээр олон хүн Чаплинийг төлбөр төлж, шүүмжлэл нийтлүүлсэн гэж үздэг ч энэ хардалт батлагдаагүй өнөөг хүрчээ. 1932 он гэхэд энэ кино нийтдээ 5,6 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна. Кино шүүмжлэгч Жеймс Ажий бичихдээ "Энэ бол кино урлагийн түүхэн дэх гайхалтай түүх, гайхалтай жүжиглэлт. Жүжигчний уран чадвар дээр энэ кино өндөр босго нэгэнт тогтоочихлоо" гэсэн байдаг. Чаплин ч өөрөө энэ уран бүтээлдээ туйлийн дуртай байсан юм.

Паулетт Годдард, аялал болон "Орчин цаг"

[засварлах | кодоор засварлах]
1936 онд дэлгэцнээ гарсан "Орчин цаг" киноны зурагт хуудас

Чарли Чаплин "Хотын гэрэл" киноны гайхам амжилтын дараа уран бүтээлээсээ хэсэг хөндийрч дэлхий даяар 16 сарын турш аяласан юм. Ажилдаа амжилт гаргах нь нэмэгдсээр байсан ч түүний сэтгэл санааны байдал, бүтэлгүй гэрлэлттэй холбоотой дурсамжийг мартуулахад хангалттай байгаагүй ажээ. Тиймээс тэр ийм урт хугацаанд аялах шийдвэр гаргасан байна. Аялалд яваад ч түүний сэтгэл санаа дээрдсэнгүй. Маш ихээр ганцаардаж, уран бүтээлээсээ бүр мөсөн холдох талаар ч бодож байсан гэдэг. Ганцаардлын он жилүүдэд түүнтэй нэгэн бүсгүй учирсан нь Паулетт Годдард байлаа. 21 настай залуу жүжигчинтэй үүсгэсэн харилцаа нь ч туйлын эерэгээр нөлөөлж, сэтгэл санааны гутралыг нь эмчилсэн гэхэд болно. Хувийн амьдрал нь дээрдэж, гэрэл гэгээ нэмэгдэж байсан энэ цаг үед шинэ кино хийх санаа түүнд огтхон ч төрөөгүй бөгөөд аялалынхаа тэмдэглэлийг эмхэтгэхэд ихэнх хугацаагаа зарцуулах болжээ. Тухайн цаг үед Америкийн эдийн засаг сэргэж, аж үйлдвэржилт эрчимтэй өрнөж байсан нь Чаплиний дараагийн уран бүтээл хийх гол санаа болсон юм.

"Орчин цаг" гэж нэрлэгдсэн түүний оргил бүтээл 1935 оноос эхэлжээ. Тэрээр зохиол дээрээ 6 сар суусны дараа 1935 оны дундуур зураг авалтандаа орсон юм. Хэдийгээр тухайн үед Холливудад дуутай кино ид цэцэглэн мандаж байсан ч жүжигчдийг харилцан яриагаар холбохыг хүсээгүй гэж Чаплин хожим дурсчээ. Гэхдээ тэрээр үг, ая бүхий дууг кинондоо ашигласан юм. Нийгмийн бодит байдлыг тусгасан уг киног хийж байгааг сонссон шүүмжлэгчид амжилт олох эсэхийг нь мэдэхгүй, бүр зарим нь амжилтгүй байх болно ч гэж дүгнэж байжээ. Чаплин уг кинонд өөрийн шинэ амраг Паулеттайгаа хамт тоглосон юм. 1936 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн уг кино дэлгэцэнд гарсан даруйдаа сэтгүүлчид болон шүүмжлэгчдийн магтаалын үгэнд булагдсан гэхэд болно. Мэргэжилтнүүд уг киног магтан, сайшааж байсан ч үзэгчид төдийлөн их үзсэнгүй. Уг кино гурван жилийн хугацаанд АНУ, Канадын зах зээлээс 1,6 сая ам.долларын ашиг цуглуулжээ. Чаплиний хөндсөн сэдэв тухайн үеийн нийгмийн судлаачдын анхаарлыг татсан төдийгүй, алдарт сэтгэгчид гэгдэх Симоне де Бовар, Жеан Пол Сартр нар "Орчин цаг" киногоор жишээлэн олон арван өгүүлэл бичсэн юм. Энэхүү бүтээлийг Чаплинийг төрсөнөөс яг 100 жилийн дараа буюу 1989 онд АНУ-ын Конгресс хуралдан "түүхэн цаг үеийн кино" гэж үзэж Конгрессын номын сангийн "түүхэн дүрс бичлэг тасагт" мөнхлөх шийдвэрийг гаргаж байжээ.

Паулеттэй үүсгэсэн амрагын харьцаа өмнөх салалтуудын адил маш хурдан байлаа. Хэдийгээр хос хоёр дурлалдаа мансууран, хэзээ ч салахгүй мэт байсан ч 1942 онд нэг тийш болцгоожээ.

Нэр хүндээ алдсан нь (1939-1952)

[засварлах | кодоор засварлах]
"Агуу дарангуйлагч" кинонд Адольф Гитлерийг шоглон үзүүлжээ.

Чаплиний гэр бүлийн харьцаа АНУ-д маргаан, мэтгэлцээн дагуулсаар байлаа. Өөрөөсөө бага насны хүүхэдтэй гэрлэдэг, гэр бүлийн харьцаа нь тогтворгүй, төлөвшөөгүй бие хүн гэсэн ойлголт олон нийтэд тархан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түүний энэ байдлыг зүгээр өнгөрүүлээгүй юм. Басхүү тэрээр улстөрийн байр суурь, социализмийн талаарх бодлоо ний нуугүй хэлж эхэлсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж байлаа. Чарли Чаплин Фашистийн Герман, Адольф Гитлерийн байр суурийг илт эсэргүүцэж, энхтайван байдлыг тогтоох тухай ярьж байснаа уран бүтээлдээ тусгаж, олон нийтэд хүргэхээр эртнээс төлөвлөөд байжээ. Энэ нь түүний сод уран бүтээлүүдийн нэг гэгдэх "Агуу дарангуйлагч" кино юм. Тэрээр Фашистын Германыг шоглон, яг адилхан сонсогдох нэршил бүхий дүрүүд бий болгосон нь Гитлерийн Германтай эсрэгцүүлсэн явдал байлаа. 1939 оны есдүгээр сард Их Британи болон Германы харилцаа хурцдаад байх үед Чарли Чаплин энэ киноныхоо зураг авалтыг аль хэдийнэ эхлүүлсэн байжээ. Их Британийн засгийн газар ч түүнтэй хэд, хэдэн удаа холбогдож, хоёр орны харилцаа хурцадсан энэ цаг үед дэлгэцэнд гаргахаа азнах хэрэгтэй гэж сануулж байсан удаатай аж.

Дээр өрнөсөн үйл явдлаас яг жилийн дараа буюу 1940 оны аравдугаар сард "Агуу дарангуйлагч" кино олон нийтийн хүртээл болжээ. Дуугүй кинонд тэр бүр дурлаж байгаагүй Чаплин энэ кинондоо харилцан яриаг анх удаа ашигласан юм. Энэ нь туйлийн зөв шийдвэр байсан бөгөөд түүнийг ясны жүжигчин гэдгийг дахин нотлосон билээ. Тухайн үеийн томоохон удирдагчид гэгдэх Чөрчиль, Рүүзвельт нар үзсэн гэж ярьдаг ч аль, аль нь энэ талаар ам нээж байгаагүй юм. Харин түүний кинондоо хэлдэг үгийг түүхэн ишлэл болгон авч үзэх ёстой гэж зарим судлаачид үздэг. Тиймээс дэлхийн кино урлагийн томоохон эшлэлүүдийн тоонд "Агуу дарангуйлагч" киноны гол дүрийн хэлсэн үг орсон байж ч болох юм. Уг кино Оскарын наадамд Шилдэг кино, шилдэг кино зохиол, гол дүрийн шилдэг жүжигчин зэрэг таван төрөлд нэр дэвшсэн ч шагнал хүртээгүй билээ.

Шүүхийн маргаан болон Оона О'Нил

[засварлах | кодоор засварлах]
Чаплиний сүүлийн эхнэр. Тэд 1943 оноос Чаплинийг нас барах хүртэл хамт амьдарчээ.

1940-өөд он түүний мандаад байсан нэр хүндэд сөргөөр нөлөөлж, олон арван шүүх хурал зарлагдсан хүнд хэцүү жилүүд байлаа. 1941 оны наймдугаар сараас 1942 оны намар хүртэл Чаплиний туслах жүжигчин байсан Жоан Барри гэгч Чаплинтай амрагийн холбоотой байсан, бэлгийн дарамт үзүүлдэг байсан, хүүхдийг нь тээж байгаа гэж хэд, хэдэн худаа шүүхэд ханджээ. Гэхдээ энэ хэрэг хоорондоо зохицсоноор газар авалгүй өнгөрчээ. Үүнээс дараа нь бүр томоохон хэрэг түүнийг хүлээж байлаа. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Эдгар Хүүвер түүнийг охидыг бэлгийн мөлжлөгөд ашигладаг, наймаалцдаг гэж үзэн мөрдөн шалгаж эхэлсэн юм. Хэрвээ түүний энэ хэрэг нь нотлогвол 23 жилийн хорих ял ч хүлээж байжээ. Намтар судлаачид үүнийг Чаплиний нэр алдарт хорссон хэн нэгэн Холбооны мөрдөх товчоонд хуурамч гомдол гаргаж, тэртээ тэргүй унаад байсан нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэсэн алхам байсан гэж үздэг юм. 1943 онд Америкийн "Ньюсуийк" сэтгүүл Чаплинийг хүн амины хэрэгт сэжиглэж байгаа тухай шуугиан тарьсан мэдээлэл нийтэлсэн ч гал дээр тос нэмсэн үйлдэл байлаа.

1944 онд өмнө нь зарга үүсгээд байсан Жоан Барри дахин шүүхэд хандлаа. Тэрээр өөрийн хүүхэд болох Карол Анныг Чаплиний хүүхэд мөн болох тухай гомдол гаргаж, шүүхэд дахин дуудав. Жил гаруйн хугацаанд үргэлжилсэн шүүх хуралдааны явцад Карол Анны цусыг шинжилж үзэхэд Чаплинтай цусан төрлийн холбоогүй болох нь тогтоогдсон билээ. Хэдийгээр Чаплиний энэ хэрэг шүүхэд хаагдсан ч шар хэвлэлүүд түүнийг зүгээр орхиогүй юм. Дээрээс нь Холбооны мөрдөх товчоо ч мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байжээ.

Чаплиний шүүхийн маргаан дуусч амжаагүй байхад тэрээр тухайн үеийнхээ америкийн шилдэг зохиолч гэгдэх Нобелийн шагналт Южин О'Нилийн охин 18 настай Оона О'Нилтай учир ургуулж, амрагийн харьцаа үүсгэсэн байлаа. Тухайн үед 54 настай байсан түүнд Оона ухаангүй дурласан байснаа 1980-аад оны дундуур нэгэн сэтгүүлчид дурссан байдаг. Чаплин түүнээс насан эцэслэх хүртлээ ер салаагүй билээ. Тэд 18 жилийн хугацаанд 9 хүүхдийн эцэг, эх болцгоожээ. Хэвлэлийнхэний удаа дараагийн дайралт, эхнэр рүү нь хандсан мэдээллээс Чаплин эхнэрээ байнга хамгаалж, өмөөрсөөр байсан нь түүний сэтгэлийг татсан эмэгтэй гэдгийг улам бүр нотлох биз ээ.

Монсье Вердуа, коммунизмыг өмөөрч эхлэв

[засварлах | кодоор засварлах]

Барритай холбоотой шүүх хурлаас шалтгаалан Чаплиний сэтгэл санаа туйлийн хүнд байсан ч түүний хийж бүтээх их хүсэл тэмүүллийг нь унтрааж чадаагүй юм. Тэрээр 1942 оноос санаандаа ургуулж байсан нэгэн кино төсөлдөө 1946 оны дөрөвдүгээр сард ханцуй шамлан орсон байна. Монсье Вердуа гэх энэхүү уран бүтээл нь баян чинээлэг ч өөрийгөө бусдаас далдалсан цуврал алуурчны тухай өгүүлэх эмгэнэлт инээдмийн кино юм. Чаплин уг киногоо Орсон Уэлсийн зохиолоос сэдэвлэсэн учир зураг авалт эхлэхээс өмнө түүнтэй уулзаж зохиогчийн эрхийн зөвшөөрөл гэгдэх 5000 ам.долларын төлбөр төлжээ. Орсон Уэлсийн уг бэсрэг зохиол уншигчдад төдийлөн хүрээгүй ч тухайн үеийн Францын хамгийн аюултай хүн гэгдэх Хенри Тюсо Ландругийн бодит явдлаас сэдэвлэсэн юм.

Чаплин энэхүү киноны гол дүрийн алуурчны дүрээр тухайн үеийн капиталист нийгмийг төлөөлүүлэн, киноныхоо үйл явдлыг ч далд утга агуулгатайгаар хийсэн юм. Мөн түүнчлэн хүний эрхийг хамгаалах нэрээр эрхийг нь хамгийн ихээр зөрчдөг, зэвсэглэлээр хөөцөлддөг, энхтайван байдлыг алдагдуулдаг тухайн үеийн нийгмийг илүү тодотгон харуулсан гэдгээ удаа дараалан мэдэгдсээр байлаа. 1947 оны дөрөвдүгээр сард эцсийн байдлаар дэлгэцэнд шилжүүлснээс хойш Монсье Вердуа кино маш том маргаан мэтгэлцээн, шүүмжлэлтэй нүүр тулсан юм. Тийм ч учраас АНУ-ын засаг захиргаа Чаплиний шинэ киног дэлгэцэнд гаргахыг хориглосон билээ. Учир нь тэртээ тэргүй үзэл сурталын томоохон дайн дэгдээгээд байсан Америкад энэ кино гарвал дотоодын зөрчил нэмэгдэнэ гэж үзсэн нь тэр байжээ. Хэдийгээр энэ киног дэлгэцэнд гаргахыг хориглосон ч 1948 оны Оскарын наадмын киноны шилдэг зохиол төрөлд нэр дэвшээд амжсан байна. Америкийн кино шүүмжлэгчид Чаплиний кино зохиол бичих, үзэгчдийг хөтлөх авьяасыг нь харуулсан томоохон уран бүтээл гэдэгтэй дуу нэгтэй санал нэгдсэн юм.

Түүний шинэ кино, Жоан Барригийн маргаан зэргээс шалтгаалан Америкад мандаад байсан нэр хүнд нь сэвтэж эхлэв. Түүгээр ч барахгүй АНУ-д үйл ажиллагаа явуулдаг коммунист хөдөлгөөний удирдагчидтай удаа дараалан уулзсаныг Холбооны мөрдөх товчоо баталсан нь дайран дээр давс нэмсэн юм. Шинэ кинон дээр ажиллаж байхад нь ч Холбооны мөрдөх товчоо аль хэдийнэ хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байжээ. Холбооны мөрдөх товчоо, Америкийн олон нийт түүнийг коммунист үзлийг дэлгэрүүлэгч гэж шүүмжилж байсан ч Чаплин үзэл бодол дээрээ хатуу зогсч, тэдний хараан зүхдэг коммунизмыг илтээр дэмжсээр байсан юм. Энэ цаг мөчид АНУ-ын томоохон улстөрчид тэр дундаа Миссипи мужаас сонгогдсон Жон И.Ранкин Чаплинийг АНУ-аас гаргах талаар лобби явуулж байсан гэдэг. Тийм ч учраас АНУ-ын Конгрессын танхим үүнийг авч хэлэлцэн, Чаплинийг залуу үед буруу үлгэр дууриал үзүүлж байгаа гэдэг дээр саналаа нэгтгэсэн юм.

Нэр төр, АНУ-аас "хөөгдөв"

[засварлах | кодоор засварлах]

Маргаан дагуулсан шинэ уран бүтээл, улстөрийн байр суурьнаасаа шалтгаалан олон нийтийн итгэлийг алдаад байсан цаг үед Чаплин дараагийн уран бүтээлдээ оров. Түүний шинэ уран бүтээл нь Эдуардын үеийн Английн залуу балетчиний тухай өгүүлэх бөгөөд үүгээрээ өөрийгөө төлөөлүүлэн, намтарчилсан байдлаар киногоо найруулсан юм. Нэр төр хэмээх киноны зохиолыг тэрээр 3 жилийн турш боловсруулсаны эцэст 1951 оны 11-р сард зураг авалтаа албан ёсоор эхлүүлжээ. Чаплин уг кинондоо тухайн үеийнхээ чамгүй нэр хүндтэй гэгдэх Клейр Блүүм болон Бастер Кийтон нарыг тоглуулсан нь тунчиг чамбай сонголт байлаа. Мөн түүнчлэн түүний хүү "Сид" Чаплин уг кинонд тоглосон нь кино сонирхогчдын анхаарлыг татаж байсан юм. 1952 онд дэлгэцэнд амилсан уг кино АНУ-д төдийлөн амжилт олж чадаагүй ч АНУ-аас гадна зах зээлээс 7 сая ам.долларыг олж чадсан билээ.

1952 онд Холбооны мөрдөх товчоо түүний улстөрийн байр суурь, гэр бүлийн амьдрал зэргийг нь нарийн мөрдсөний үндсэн дээр АНУ-ын Калифорни мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлд Чарли Чаплинийг АНУ-ын нутаг дэвсгэрээс гаргах тухай асуудлыг хөндсөн байлаа. Яг энэ цаг үед АНУ-ын шар хэвлэлүүд түүнийг зүгээр өнгөрүүлсэнгүй. Гэвч нэгэн цагт магтаал, амжилтанд умбуулж байсан тэднээс Чаплинг өмөөрөх сонин хэвлэл цөөхөн байсан юм. Ийнхүү бүтэн жил гаруйн хугацаанд шүүхээр хэлэлцсэний эцэст түүнийг АНУ-ын нутаг дэвсгэрээс гарах шийдвэрийг гаргасан билээ.

"Нэр төр" киноны сурталчилгааны зураг авалт (1952)

"Би гагцхүү Америкад алдар нэрийн оргилд хүрсэн. Оргилд хүрэхийн тулд асар их хөдөлмөрлөсөн. Энэ бүхний эцэст тэд намайг хэрэггүй гэж байгаа бол энд үлдэх гээд яахав" Чаплиний хувийн тэмдэглэлээс

Европын он жилүүд (1953-1977)

[засварлах | кодоор засварлах]

Швейцарь руу нүүсэн нь, Нью-Йоркын хаан

[засварлах | кодоор засварлах]

Чаплин гэр бүлийнхнээ олны хэл амнаас хамгаалах, эхнэр рүү нь чиглэсэн дайралтыг хамгаалах зорилгоор олны хөлөөс зайдуу газар амьдрахаар шийдэж, улстөрийн хувьд хамгийн тайван гэгдэх Швейцарь руу шилжин суурьшив. 1953 оны нэгдүгээр сард Чаплиний гэр бүл Женев нуурын эрэгт орших Корсье су Вивье гэх жижиг дүүрэгт 14 гектар талбай бүхий эдлэн газар худалдаж авчээ. Тансаг зэрэглэлийн гэх энэ эдлэнг Мануа де Бан гэж нэрлэдэг байсан юм. Шилжин суурьшсанаас хойш нэг жилийн дараа Чаплиний эхнэр АНУ, Англи руу иргэншлээ сэргээх хүсэлт явуулсан ч Чаплин өөрөө татгалзсаар байжээ. Тиймээс ч тэр Беверли Хиллс дэх хувийн студиэ худалдаж, түүгээр ч барахгүй Юнайтед Артистс компанийн өөрийн мэдлийн бүх хувьцаагаа худалдах шийдвэр гаргасан юм. Энэ нь тус компанид ч ашигтай үйлдэл болжээ. Учир нь Чаплиний нэр хүнд унаад байсан 1940-өөд оноос Юнайтед Артистс алдагдал хүлээж, дампуурах дээрээ тулаад байсан билээ.

АНУ-ын шүүх Чаплиний иргэншлийг сэргээх эсэх талаар хэлэлцэж, олон нийтийн дунд мэтгэлцээн өрнөөд байсан 1950-иад онд түүнтэй холбоотой дахин нэг маргаан дэгдсэн юм. Дэлхийн энхтайвны зөвлөл гэгдэх коммунист үзэл сурталтай байгууллагаас Чарли Чаплинд Олон улсын энхтайвны шагналыг олгож, шагнал гардуулах ёслолын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Инлай болон ЗХУ-ын удирдагч Никита С.Хрущев нартай уулзав. Энэ үйл явдлыг хараад АНУ ч тэр, Англи ч тэр зүгээр өнгөрч чадсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байж болох бүгдээр Чаплинийг гоочилж, уран бүтээлч хүнд байхааргүй улстөржсөн этгээд гэж цоллож байлаа.

Улстөрийн нөхцөл байдал тун таагүй байсан ээдрээт цаг үед тэрээр Европын жилүүдийн анхны киногоо хийхээр зоригложээ. Түүний шинэ уран бүтээлийг Нью-Йоркын хаан гэдэг байлаа. Шинэ киноныхоо зохиолд 1954 оноос эхлэн сууж, бүтээлээ чамбайруулахын тулд 2 жилийг зарцуулжээ. Уг кинонд Нью-Йоркыг эзэнт улсаа болгож байгаа өөрийгөө хаан гэж цоллосон даржин этгээдийн тухай өгүүлдэг. Энэ кинонд амин хувиа хичээх үзэл, гоо сайхны хагалагаа, гудамжны хэв маяг, улстөрийн туйлшрал зэргийг зоригтойгоор дэлгэн тавьсан юм. Кино жүжигчдийн багт түүний хүү Майкл багтсан байжээ. 1957 онд Англи улсад нээлтээ хийсэн уг кино хувь хүний үзэл бодол нэвт шингэсэн кино болсон юм.

Чаплин өөрийн мэдлийн шинэ кино компани байгуулахаар болж түүнийгээ Аттика гэж нэрлэв. Мөн түүнчлэн Англи дахь Шеппертоны студийг худалдан авчээ. Хэдийгээр өөрийн мэдлийн компанитай болсон ч Америкаас ялгаатай нь студидээ цаг зарцуулж чадахгүй, оногдсон цаг нь хязгаартай байсан юм. АНУ-ын засаг захиргаа Чаплиний хийсэн шинэ кино бүрийн утга агуулгаас шалтгаалан гаргах эсэхээ шийдвэрлэхээр болж улмаар Франц улс ч зарим кинонуудыг дэлгэцэнд гаргахаас татгалзаж эхэллээ. Нью-Йоркын хаан кино 1973 оны сүүл хүртэл АНУ-ын кино театруудаар гараагүй юм.

Сүүлийн бүтээлүүд, хүндлэл эргэн ирэв

[засварлах | кодоор засварлах]

Түүний амьдралын сүүлийн жилүүдэд тэрээр хуучин кинонуудаа сэргээн дэлгэцэнд дахин амилуулж байлаа. 1959 онд Чаплиний 70 насны ой тохиож, тэгш ойдоо зориулан Чаплиний үзвэр гэх гурван киноны нийлэмжийг худалдаанд гаргажээ. Тус кинонд түүний сор бүтээл гэгдэх Нохойн амьдрал, Мөрнөөс гаранд, Бадарчин гэсэн гурван кино бүрэн эхээр багтсан юм.

1962 онд хүйтэн дайн ид оргилдоо хүрч, дэлхийн улстөрийн уур амьсгал туйлийн халуун болж байхад АНУ-д Чаплинийг өмөөрөгсдийн тоо олширч эхлэв. Үүнийг илтгэх мэт алдарт Нью-Йорк Таймс сонинд "Шавилхан биетэй энэ тэнүүлч эр Америкийн эрэг дээр хүрч ирээд бүхэл бүтэн улсыг сүйрүүлэх хэмжээний гэмт үйлдэл хийх нь юу л бол" гэсэн нийтлэл гарч байлаа. Америкад байдал арай дээрдэж байхтай зэрэгцэн Английн Оксфорд болон Дурхамын их сургууль түүнд хүндэт докторын цолыг олгожээ. 1964 оны есдүгээр сард түүний "Миний намтар" гэх 500 хуудастай ном дэлхий дахинаа худалдаанд гарав. Тэрээр энэ номоо 1957 оноос эхлэн бичжээ. Түүний амжилт бахдал, алдаа оноо, уйтгар гуниг, улстөрийн үзэл бодол гээд түүнтэй холбоотой, олон нийтийн анхаарлыг татдаг халуухан сэдвүүд энэ номонд багтсан юм.

Түүний намтар хэвлэгдээд удаагүй байхад Хонг Конгын авхай нэртэй шинэ киноныхоо ажилд оржээ. Энэ кинонд тэрээр өөрөө жүжигчнээр оролгүй зөвхөн найруулга, продюсерийн үүрэг гүйцэтгэж, харин нэр алдар нь цэцэглэж байгаа Марлон Брандо, Софи Лорен нарын залуу жүжигчдийг гол дүрийн жүжигчнээрээ сонгожээ. Энэ кинонд Хонг Конгод суугаа АНУ-ын элчин сайд бүсгүйн хайр дурлалын явдлыг харуулдаг юм. Киноны ерөнхий санааг Паулетт Годдардтай үүсгэсэн хайр дурлалаасаа сэдэвлэн зохиожээ. Киног Юниверсал студитэй хамтран хийж, улмаар 1967 онд дэлгэцэнд шилжүүлсэн юм. Энэ киноны нэг онцлог нь Чаплин өөрөө киноны албан ёсны дууг зохиосонд орших бөгөөд "Энэ бол миний дуу" нэртэй энэ дуу Их Британийн хөгжмийн жагсаалтын тэргүүн байр, АНУ-ын хөгжмийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэн тухайн жилийнхээ хит дуугаар шалгарч байжээ. Уг киног Холливудын алдарт жүжигчин Жак Николсон туйлийн их хүндэтгэж "Чаплинг хүндлэх, бишрэх болсон бас нэг шалтгаан нь энэ кино. Тэр бол аугаа найруулагч бас жүжигчин юм" гэж дурссан байдаг. Тус кино АНУ, Канадын зах зээлээс 1,1 сая ам.долларын ашиг олсон юм. Чаплиний хувьд энэ кино нь өргөн дэлгэцийн анхны бүтээл болсон бөгөөд Техниколор компанийн шинэ технологиор ийнхүү үзэгчдэд хүргэсэн байна. Хонг Конгын авхай кино зураг авалтын зардалаа нөхөж чадаагүй ч Чаплиний хувьд бас нэг томоохон дэвшил болсон юм. Хамтран ажилласан Юниверсал студи киноны ашиг орлогоос үл хамааран түүнд 600 мянган ам.долларын урамшуулал олгожээ. Харин нас дээр гарсан Чаплин киноны амжилтанд туйлийн сэтгэл дундуур байсан төдийгүй киноны сурталчилгааны багийнханыг хурцаар шүүмжилсээр байсан гэдэг.

1960-аад оны сүүл үед нас дээр гарсан Чаплинийг элдэв өвчин ороох болсон юм. Бие нь барагтай байсан ч шинэ киноныхоо санааг аль хэдийн бодож олсон байлаа. Этгээд нэгэн гэж нэрлэсэн түүний бүтээлд Өмнөд Америкад алдаршиж яваа циркчин бүсгүйн амьдралыг харуулах ёстой байжээ. Мөн тэрээр гол дүрд өөрийн охин болох Викториаг тоглуулахаар төлөвлөөд байлаа. Гэсэн хэдий ч түүний биеийн байдал шинэ киног бүтээхэд нь хамгийн том саад болсон юм. Эмч нарын зөвлөгөөгөөр тэрээр шинэ уран бүтээлээ завсарлахаас өөр аргагүй болсон билээ. 1970-аад онд дэлхийн кино урлагийн акулууд Чаплинийг агуу нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн жил байлаа. 1971 онд тэрээр Жаалхүү киногоо дахин шинэчлэн худалдаанд гаргаж, үнэнч шүтэн бишрэгчдээ баярлуулав. Мөн тэр ондоо Францын засгийн газар түүнд Хүндэт легионы одон гардуулсан юм. Өмнө нь коммунист хэмээн цоллож, эх нутгаасаа хөөгөөд байсан АНУ түүнийг дахин урьж, 1972 оны Оскарын наадмын Хүндэтгэлийн шагналыг түүнд олгосон билээ. АНУ-д голдоо ортол гомдсон Чаплин шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэж байсан ч эцсийн мөчид өөрийн биеэр шагналаа авах шийдвэрийг гаргасан юм. Нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн Чаплин шагналаа авч байхдаа "Баярлалаа" гэдгээс өөрийг хэлж чадаагүй билээ. Тухайн үеийн Холливудын одууд бүгд суудлаасаа босч агуу жүжигчинд 12 минутын турш хүндэтгэл үзүүлж, алга ташсан нь мөн л түүх болон үлдсэн байна. Энэ мөч бол Оскарын наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг яах аргагүй мөн юм. АНУ-д сүүлийн 20 жил очоогүй тэрээр онгоцны буудал дээр ирэхдээ л сэтгэл нь хөдөлж, нулимс цийлэгнэж байсныг түүний эхнэр Оона О'Нил хожим нь дурссан байдаг. Чаплинийг Каннын болон Венецийн кино наадам ч марталгүй хүндэтгэлийн шагналаа соёрхсон юм.

1970-аад онд тэрээр шинэ киногоо дуусгана гэсэн итгэл тэмүүлэлтэй байсан ч биеийн байдал нь саад болсоор л байлаа. Хүмүүстэй харьцахад хүнд болж, алхаж чадахгүй байсан учраас тэргэнцэр дээр суух болов. "Өвгөн" Чаплиний толгойд урган цэцэглэж асан "Этгээд нэгэн" кино хэзээ ч дэлгэцнээ амилаагүй юм. Тэрээр зохиолоо дуусгаж амжаагүй насан эцэслэсэн билээ. Түүний хамгийн сүүлийн бүтээл бол "Кино урлаг дахь Миний амьдрал" нэртэй намтар бөгөөд 1974 онд худалдаанд гаргасан юм. Мөн түүнчлэн 1975 онд Ричард Паттерсоны найруулсан Тэнүүлч Жентелмэн гэх баримтат кино дэлгэцнээ гарсан нь түүний дүр эцсийн удаа дэлгэцэнд мөнхөрсөн хэрэг байлаа. Энэ ондоо түүнийг Их Британийн хатан хаан хамгийн нэр хүндтэй "Сир" цолоор соёрхож,Британийн хөлөг баатар болгосон билээ.

Агуу авьяас тэнгэрт одов

[засварлах | кодоор засварлах]

1977 оны аравдугаар сард Чаплинийн биеийн байдал эрс доройтож, амьсгалын системээр дэмжиж, түүнийг торгоож байсан юм. Ингэсээр 1977 оны 12-р сарын 25-ны зулсарын баярын өглөө алдарт жүжигчин Чарли Чаплин 88 насандаа хорвоог орхижээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа хоёр хоногийн дараа Корсье сур Вивье дэх Англикан сүмд болсон бөгөөд тус сүмийн ойролцоо орших жижиг оршуулгийн газарт түүнийг нутаглуулсан байна. 20-р зууны агуу уран бүтээлч гэгдэх Чарли Чаплиний талаар алдарт найруулагч Ренэ Клейр "Тэр бол дэлхийн кино урлагийн сүрлэг хөшөө дурсгал юм. Дэлхийн аль ч газар оронд, аль ч цаг үед тэр иймээрээ л үлдэх болно" гэсэн бол алдарт жүжигчин Боб Хөүп "Бид түүнтэй нэгэн цаг үед амьдарч байснаараа бахархар ёстой" гэж хэлсэн нь бий.

Чарли Чаплиний шарил

1978 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Чаплиний гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдлоо. Алдарт жүжигчний шарилийг хоёр этгээд хөндөж, Оона О'Нилаас мөнгө нэхэмжлэв. Уг хэргийг Польш гаралтай эрхэлсэн тодорхой ажилгүй Роман Вардас, Болгараас гаралтай эрхэлсэн тодорхой ажилгүй Ганчо Ганев нарыг үйлдсэн болохыг тогтоожээ. Уг хэрэг явдал бүтэн 2 сарын турш нууцлагдмал байсны эцэст, Швейцарийн цагдаагийн газар тусгай ажиллагаа зохион байгуулан Новиль тосгоноос холгүй орших газраас ихээхэн гэмтсэн Чаплиний цогцосыг олжээ. Түүнийг Корсьер дэх оршуулгийн газар дахин нутаглуулж, тонуулчдаас сэргийлэх үүднээс бетоноор битүү хучиж, булшний чулууг нь өөрчилсөн юм.

Кино бүтээх арга барил

[засварлах | кодоор засварлах]

Чарли Чаплин насан эцэслэх хүртлээ түүнд хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол түүний ээж гэж дурссаар ирсэн юм. "Би ээжийнхээ ярьж байгаа яриа, үйл хөдлөлөөс нүдээ салгаж чаддагүй байсан. Нэг л тийм сонин мэдрэмж төрүүлдэг байлаа. Хожим нь жүжигчин болоход ээжийгээ их боддог байсан даа" гэж өөрийн намтартаа дурссан нь бий. Мөн түүнчлэн Чаплиний хүүхэд ахуйд ид мандаад байсан үггүй жүжгийн од Дрюри Лейн, театрын жүжигчин Дан Лено нар нөлөөлсөн гэж ярьдаг байжээ. Хожим нь ажилласан Фред Карногийн компани жүжигчин болон найруулагчийн талаас өсч дэвжих боломж олгосон нь гарцаагүй байлаа. Фред Карног тэрээр өөрийн үлгэр дууриал гэдгийг дурссаар ирсэн юм. Дэлхий дахинаа ихээхэн алдаршиж Чаплиний нэрийг дархалсан "Тэнүүлч эр"-ийн дүрийг гаргахдаа Францын инээдмийн жүжигчин Макс Линдерээс жишээлсэн гэдгээ бүр сүүлд дурсаж байжээ.

Найруулгын ур ухаан

[засварлах | кодоор засварлах]

Киногоо хэрхэн дүрслэхийг түүнд хэн заасан, хэнээс жишээлсэн нь одоо болтол нарийн тогтоогдоогүй байна. Гэхдээ тэрээр тухайн үеийн алдартай зураглаач болох Роланд Тотеро, туслах найруулагчид болох Харри Крокер, Чарльз Райснар нартай хамтран уран бүтээл туурвидаг байсан нь Чаплиний киног чамбайруулахад голлох нөлөө үзүүлсэн гэж ихэнх намтар судлаачид үздэг байна. Найруулгийн тухайд кинонд хамтран ажиллаж байгаа жүжигчид нэг бүрийн хөдөлгөөн, нүүрний хувиралыг зааж, хэрвээ чадахгүй бол тольны урд хэдэн цагаар ч хамаагүй суулгадаг байжээ. Бүр эсвэл зураг авч байгаагаа хэлэлгүй зүгээр л сургуулилт мэтээр дүрсэнд буулгасан тохиолдол ч байдаг байна. Алтны халуурал кинонд гардаг гутал иддэг хэсгийн зургийг 53 удаа авсан бөгөөд тэрээр муу жүжиглэсэндээ биш хиймэл харагдаад байсандаа ийнхүү олон дахиж байснаа дурссан байдаг. Алдарт Жаалхүү кинонд тоглосон Жеки Күүгэнтэй Чаплин хамт амьдарч, элдэв янзын түүх ярьж өгдөг байсан нь жүжиглэлтэнд нөлөөлсөн гэж Күүген сүүлд дурсчээ.

Хөгжмийн торгон мэдрэмж

[засварлах | кодоор засварлах]

Алдарт жүжигчин маань хүүхэд байхаасаа хөгжимд туйлийн сонирхолтой байсан бөгөөд төгөлдөр хуур, хийл, морин хийлээр гарамгай тоголдог нэгэн байжээ. Тиймээс ч тэрээр ихэнх киноныхоо хөгжмийг өөрөө зохиодог байсан гэдэг. Үүний нэгэн томоохон жишээ нь Парисын эмэгтэй юм. Тэрээр уг киноны хөгжмийг бичихэд гар бие оролцож, студид бичүүлэхэд нь өөрөө удирдсан гэдэг. Гэвч тэрээр дан ганц өөрөө хөгжим зохиодоггүй байлаа. Тухайн цаг үеийнхээ мэргэжлийн хөгжмийн зохиолчид болох Реймонд Раш, Эрик Жеймс, Девид Раскин нартай хамтран ажиллаж, хөгжмөө хянуулж, зарим хэсгийн хөгжмийг зохиолгож байсан гэдэг.

Чаплиний зохиосон хамгийн алдартай дуу бол Орчин цаг киноы "Инээмсэглэл" гэх дуу юм. Дууны үгийг Жон Турнер бичиж олонд алдаршаагүй нэгэн дуучнаар дуулуулжээ. Сүүлд 1954 онд алдарт Нат Кинг Коул уг дууг өөрсдийн хувилбараараа дахин амьдруулсан юм. Алдарт Нэр төр киноны "Мөнхийн" дуу ч хөгжмийн түүхэнд тодорхой байр суурь эзэлдэг билээ.

Чаплин морин хийл тоглож байгаа нь (1915)

Мөнхийн билгэдэл

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн кино урлаг ерөөс урлагийн түүхэнд мөнхийн дүр төрх, имиж тун цөөхөн. Цөөхөн дүр төрх дундаас Чаплиний бүтээсэн "Хэсүүлч эр"-ийн дүр бол яах аргагүй алтан үсгээр тэмдэглэгдэх дүр билээ. Кино шүүмжлэгч Эндрью Саррис хэлэхдээ "Түүний энгийн бөгөөд марзан энэ дүр хүмүүсийн ой тойноос гарахгүй байгаа нэг том зүйл бол амьдралтай ойрхон байгаад л оршино" гэж хэлсэн нь бий. Британийн кино урлагийн академи түүний бүтээсэн энэ дүрийг дэлхийн урлагийн бэлгэдэл гэж нэрлэсэн бол АНУ-ын Тайм сэтгүүл 20-р зууны хамгийн сонирхол татам 100 хүний жагсаалтанд Чаплинийг оруулсан байдаг.

Алдарт "Хэсүүлч эр"-ийн дүрийг дэлхийн томоохон нийгэм судлалын сургуулиуд тусгай хөтөлбөрт багтаан үздэг бол Дурхамын сэтгэл судлалын анги Чаплиний кинонуудыг тусгайлан сэдэв болгон үздэг ажээ. 2006 онд алдарт Кристигийн дуудлага худалдаагаар "Хэсүүлч эр"-ийн хувцасыг 140 мянган ам.доллараар худалджээ.

Алдарт жүжигчний гэгээн дурсгалд

[засварлах | кодоор засварлах]

Түүний дүр төрхийг мөнхөлж, өргөн чөлөөгөө нэрлэсэн газар дэлхийн өнцөг булан бүрт бий. Чаплиний өсч төрсөн Лондон хотын захиргаа 2010 онд түүнийг Лондоны хамгийн алдартай иргэн гэж өргөмжлөн, Чарли Чаплиний замнал нэртэй үзэсгэлэн, музейн цогцолборыг нээсэн юм. Түүнчлэн Лестэр хотын төв талбайд түүний хөшөөг 1981 онд босгож, талбай тийш хөтөлсөн замыг "Чаплиний зам" гэж нэрлэжээ.

Чарли Чаплиний амьсгал хураах хүртлээ 24 жил амьдарсан Швейцарийн Корсье сур Вивье дэх эдлэн газрыг гэр музей болгон тохижуулж байгаа бөгөөд 2016 онд ашиглалтанд орох юм байна. Тус хотын ойролцоо орших нэгэн цэцэрлэгт хүрээлэнг Чаплиний цэцэрлэг гэж нэрийдэн хөшөөг нь босгож амжжээ. Түүнлчэн Ирландын Уотервиль тосгонд түүний хөшөөг босгож, гол замаа түүний нэрээр мөнхжүүлсэн юм. 2011 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хайлтын системийн Гүүгл компани өөрийн нүүр хуудсандаа Чаплиний дүрсийг байрлуулж, түүний мэндэлсэний 122 жилийн ойг дурсчээ.

1981 онд ЗХУ-ын одон оронч Людмила Карычкина шинэ од нээн илрүүлж, түүнийгээ 3623 Чаплин хэмээн нэрийджээ. 1980 онд компьютерийн технологийн IBM компани шинэ компьютерийнхээ сурталчилгаанд Чаплиний дүр төрхийг ашиглав. Дэлхийн 150 улсын Шуудангийн компани өөрсдйин маркандаа Чаплиний дүрсийг мөнхөлсөн гэсэн судалгаа бий.

Францын нийслэл Парис хотод "Чаплиний нэрэмжит хүүхдийг ивээх сан" байдаг бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах, тэвчишгүй хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Швейцарийн засгийн газрын дэмжлэгтэйгээр "Чарли Чаплиний судалгааны хүрээлэн"-г байгуулж одоогийн байдлаар 83,630 гэрэл зураг, 118 зохиол бүтээл, 976 гар бичмэл, 7,756 захиа, мянгаар тоологдох бусад баримт, материалдуудыг төвлөрүүлээд байна. Үүнтэй адил санг Британийн кино хүрээлэн 2005 онд байгуулж, "Чаплиний судалгааны сан" гэж нэрийдсэн байна. Байгуулагдсан ондоо Чаплин судлалын олон улсын бага хурлыг анх удаа амжилттай зохион байгуулсан юм.

Чаплинийг мөнхөлсөн хөшөөнүүд
  • 1914: Making a Living
  • 1916: The Floorwalker
  • 1916: The Fireman
  • 1916: The Vagabond
  • 1916: One A.M.
  • 1916: The Count
  • 1916: The Pawnshop
  • 1916: Behind the Screen
  • 1916: The Rink
  • 1917: Easy Street
  • 1917: The Cure
  • 1917: The Immigrant
  • 1917: The Adventurer
  • 1918: A Dog's Life
  • 1918: The Bond
  • 1918: Shoulder Arms
  • 1919: Sunnyside
  • 1919: A Day's Pleasure
  • 1921: The Kid
  • 1921: The Idle Class
  • 1922: Pay Day
  • 1923: The Pilgrim
  • 1925: The Gold Rush
  • 1928: The Circus
  • 1931: City Lights
  • 1936: Modern Times
  • 1940: The Great Dictator
  • 1947: Monsieur Verdoux
  • 1952: Limelight
  • 1957: A King in New York