Үй олноор хөнөөх зэвсэг
Үй олноор хөнөөх зэвсэг (англи. Weapons of mass destruction, орос. Оружие массового уничтожения) -бага зэргээр ашигласан ч их хэмжээний сүйрэл, хохирол учруулах, тэр ч байтугай байгаль орчин, улс орнуудад нөхөж баршгүй хохирол учруулах чадвартай зэвсгийн төрлийг нэгтгэсэн нэр томъёо юм.
Үндсэндээ зөвхөн цөмийн, химийн болон биологийн зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэг гэж ангилдаг юм.
Гэсэн хэдий ч шинжлэх ухаан, технологийн хөгжил нь устгалын цоо шинэ арга хэрэгслийг бий болгож байгаа бөгөөд энэ нь үр нөлөөгөөрөө өнөөгийн үй олноор хөнөөх зэвсгийн загваруудаас дутуугүй байгаа юм. Ийм шинэ бүтээгдэхүүнд жишээлбэл, уламжлалт бус шинэ физик зарчимд суурилсан зэвсгийг хамааруулж байна.
Улс төрийн нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]Аливаа улс үй олноор хөнөөх зэвсгийн аль нэг төрлийг ашиглах нь нийт соёл иргэншлийн хувьд үр дагаврыг урьдчилан таамаглахад хэцүү байдал үүснэ гэж үздэг байна. Иймээс үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсгийг үйлдвэрлэх, түгээх, ашиглахыг хориглохын төлөө улс, улс төрийн нам, олон нийтийн байгууллага, хөдөлгөөнүүд тэмцэл өрнүүлдэг юм.
Үй олноор хөнөөх зэвсгийг бий болгох судалгаа, ажлыг хөгжүүлснээр оролцогч улс орнууд төдийгүй дэлхийн хэмжээнд дайны аюул ихээхэн нэмэгдэхэд хүргэсэн. Зарим тохиолдолд үй олноор хөнөөх зэвсэг нь эсрэгээрээ энх тайвны баталгаа болдог байна. Тухайлбал, цэргийн хүчин чадал багатай улс нь түрэмгийлэгчийн эсрэг үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлж, улмаар түрэмгийлэгчийг бут ниргэх хохирол учруулах замаар илүү хүчирхэг гүрнийг түрэмгийллээс таслан зогсоох чадвартай байдаг. Хүйтэн дайны үед НАТО болон Варшавын гэрээний орнууд хооронд энх тайвныг харилцан баталгаатай устгах аюул заналхийллээр зогсоож байсан.