Үлэг гүрвэл

Үлэг гүрвэл
Америкийн Үндэсний Түүхийн Музей дахь тиранозавр ба апатозаврын араг яс
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Мөлхөгч
Дэд анги: Хоёр нутагтан
Доод анги: Архозавр
Дээд баг: Үлэг гүрвэл
Ричард Оуэн, 1842

Үлэг гүрвэл буюу динозавр (лат. Dinosauria) нь Триасын галавт (230 сая жилийн өмнө) мөлхөгчдийн ангиас салбарлан, Мезозойн эринд хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн амьтдын ерөнхий нэр болно. Үлэг гүрвэлүүдийн ихэнх нь Цэрдийн галавын (65 сая жилийн өмнө) сүүлчээр мөхсөн боловч үлэг гүрвэлээс салбарлан хөгжсөн шувууны ангийн амьтад одоо болтол бий. Үлэг гүрвэл гэдэг ангилалд газар дээр амьдардаг амьтдыг л оруулдаг бөгөөд усанд, агаарт амьдардаг амьтдыг нь өөр ангилалд оруулдаг.

Эрдэмтэд одоогоор 500 гаруй төрлийн 1000-аад зүйл, дэд зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг тогтоогоод байна.

1842 онд Сэр Ричард Оуэн Грек хэлний үлэг гүрвэл гэсэн утга бүхий /δεινός'/ бий болгож анх ашигласан байна.

Монгол дахь Үлэг гүрвэл[засварлах | кодоор засварлах]

Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна.

Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ. Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн Грек үгнээс гаралтай. Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий. Харин Хонгор нутгаас олдсон Тарбозаврын хэлхээ ясны өндөр нь гурван метр, урт нь есөн метр учир насны хувьд харьцангуй залууд тооцогдох юм байна.

Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосноос 60 гаруй төрөл нь Монгол нутгаас олдсон бөгөөд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газруудаас олддог байна.

Сонирхуулахад, Баянхонгорчууд аймгийн төвдөө үлэмж биет динозавруудын баримал бүхий цэцэрлэгт хүрээлэн барьж, 2010 онд  ашиглалтад оруулсан байдаг. Амралт, аялал жуулчлалын “Гурван бүс цогцолбор”-ын бүтээн байгуулалтад нийт 300 гаруй сая төгрөгийг зарцуулж, 3 га газарт 7-10 метр өндөр, 10-15 метрийн урттай дөрвөн төрлийн динозавр, үлэмж биет яст мэлхийн хөшөөг хийж бүтээжээ.

Рой Чапмэн Эндрюсын удирдсан Төв Азийн гуравдугаар экспедиц 1922 оны хавар Монголд ирж өнөөгийн Баянхонгор аймгийн нутаг Бөөцагаан нуур, Өөшийн нуруу, Луугийн худаг, Арц богд Баянзаг зэрэг газар малтлага хийж хирс маягийн аварга үлэг гүрвэл (Baluchitheriym), тоть хошуут үлэг гүрвэл (Psittacosaur protiguanoddon) зэргийг олжээ.  Мөн шүдгүй махан идэшт үлэг гүрвэлийг ч анх эндээс олсон юм. Овираптур (Oviraptor) нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байжээ. Тэдний нээсэн үлэг гүрвэлийн арвин олдвор бүхий энэ газар нь Flaming Cliff буюу Асаж буй толгод гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон Баянзаг юм. Тэр хавийн шаварлаг хурдаснаас тогтсон хадны гал улаан өнгөнөөс болж ийнхүү нэрлэгдсэн ажээ.

Гайхамшигт олдворууд: Дэлхийн II дайны Оросын эрдэмтэд Нэмэгт уулнаас урд өмнө нь олдож байгаагүй 30 метр өндөр, өвсөн тэжээлт, 4 хөлт үлэг гүрвэлийг анх удаа нээсэн учраас олдсон газрынх нь нэрийг оролцуулан Нэмэгтсаурус (Nemegtosaurus) гэж нэрлэсэн байна. Түүний дараа махан идэшт Тарбозавр (Tarbosaurus), хуягт Таларурус (Talarurus), нугасан хошуут Сауролопус (Saurolophus) гэх мэт үлэг гүрвэлүүдийг олжээ.

1960-1970 онд Польш-Монголын хамтарсан судалгааны баг дэлхийд алдартай “Fighting Dinosaurs” буюу “ноцолдож буй үлэг гүрвэл” нэртэй олдворыг олсон юм. Энэ олдвор нь нас бие гүйцсэн өвсөн тэжээлт Протосератоп, махан идэшт Вилосираптортой зууралдаатай үхсэн байдлаар олджээ. 1995 онд Монгол-Японы хамтарсан экспедици судалгаа явуулсны үр дүнд Протосератоп үлэг гүрвэлийн “бөөнөөр үхсэн зулзага” бүхий олдворыг нээсэн юм.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]