Өлзийн Лувсан
Алдарт хуурч Өлзийн Лувсан (1885-1943). 1885 онд Өвөр Монголын хуучид хошуунд төржээ. Бага насандаа эцэг эхээсээ өнчин хоцорсон тэрээр мэддэг үлгэр домгоо хуурдан хэлж айлаас айл хэссээр Өвөр монголынхоо нутгийг элээж байтал Ар монгол тусгаар улсаа байгуулсан нь түүний амьдралд шинэ эргэлт болов. Нэг хэсэгтээ Сэцэн хан аймгийн Үйзэн гүний хошууны хуурч Нарангийнд хэсэг хугацаанд амьдарч байгаад Нийслэл хүрээ оржээ. Их эрдэмтэн Б. Ренчин 1919 онд Ө. Лувсан хуурчтай Хиагт хотноо уулзаж байсан тухайгаа дурссан байдаг бол 1922 онд хувьсгалт засаг тогтсон Алтанбулаг хотын уран сайхны бүлгэмд голлох үүрэгтэй оролцож байв.
1927 оноос 1928 оны 5-р сарыг дуустал Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан оросын судлаач С.Кондратьевтай хамтран ажилласан ба хожим нь энэхүү судлаачийн “Музыка монгольского эпоса и песен” (М.,1970) ном гарчээ. 1930 онд Ө.Лувсан Буриад Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн урилгаар Улаан-Үд хотноо нэлээд хэдэн сар ажиллаж хоёр хэсэг бүхий том хэмжээний концерт тоглосон байдаг. Түүний энэ аяллаас сурвалжлан судалж “Монголын дууч хөгжимч үлгэрч Өлзийн Лувсан хуурч” гэдэг ном хэвлүүлжээ.
Тэрээр 1931 онд Улсын Төв Театрын хөгжмийн бүлгэмд оролцон ажиллаж байсан бол 1933 онд болсон олон улсын хувьсгалт театруудын их наадамд хамт оролцжээ.
Ө.Лувсан хуурч 1934 оноос эхлэн Цэргийн төв клуб, Цэргийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан юм. 1936 онд “Улсын алдарт гавьяат хөгжимчин” цол хүртсэн.