Jump to content

1609-1618 оны Орос-польшийн дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

1609—1618 оны Орос-Польшийн дайн — Орос ба Польш-Литвын хамтын нөхөрлөлийн хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн. Польш-Литвын цэргүүд Москва хотыг 1610-1612 онуудад хоёр жил эзэлж байжээ. Хуурамч I Дмитрий, Хуурамч II Дмитрий нарт (1605, 1607-1609 онд) тусламж үзүүлэх нэрээр Польшийн бие даасан магнатууд энэ Орос руу довтлох үйл ажиллагаанд оролцсон байна.

Албан ёсоор бол хаан Василий Шуйский Польш-Литвын хамтын нөхөрлөлтэй дайтаж байсан Шведийн вант улстай холбоо байгуулсны дараа III Сигизмунд тэргүүтэй Польш-Литвын хамтын нөхөрлөл Оросын хаант улстай дайнд оржээ. Холбоот Орос-Шведийн арми Клушиногийн тулалдаанд Польшийн цэргүүдэд ялагдсан юм.

Оросын хаант улс I Фёдорын үхлийн дараа улс төрийн хямралд орж хэд хэдэн хаан он дараалан солигдож, эцэст нь дайны үр дүнд I Михаил Фёдорович хаанд өргөмжилж, Романовын гэр бүл Оросыг Октябрийн хувьсгал хүртэл 3 гаруй зуун захирчээ.

Польш-Литвын хамтын нөхөрлөл болон Оросын хаант улс 1618 онд гал зогсоох гэрээ байгуулж, үр дүнд нь Польш-Литвын хамтын нөхөрлөл Смоленск хотыг эзлэн авч газар нутгаа хамгийн дээд хэмжээнд тэлсэн юм.