1913 он

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Аргын жил дараалал
1908 · 1909 · 1910 · 1911
191219131914
1915 · 1916 · 1917 · 1918
Хамаарах арван
1910-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMXIII) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арвангуравдугаар оны усан хулгана жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 913-р он, 20-р зууны 13 дахь жил, 1910-аад он гэж тоолбол дөрөв дэх жил.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

Нэгдүгээр сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 1 - Британи улсад кино урлагыг хянах товчоог байгуулж, дэлгэцэнд гарч байгаа кинонуудыг хянаж, шийдвэрлэж байхаар болжээ.
    • АНУ, Их Британий, Франц, Орос, Германи, Япон улсууд нийлж Хятад улсад жилийн 6 хувийн хүүтэй 125,000,000 ам.доллар зээлүүлэхээр болов.
  • Нэгдүгээр сарын 2 - АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн В.В.Ведмейер "Панама" хөлгөнөөс ус руу үсэрч амиа хорложээ.
  • Нэгдүгээр сарын 3 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дүү, дүрсийг хамтад нь дамжуулах зорилготой "кинетофон"-ыг зохион бүтээв.
  • Нэгдүгээр сарын 8 - Их Британийн нийслэл Лондон хотноо болсон энхтайвны бага хурлын үеэр Серби Балканын дайныг дуусгах тохиролцоонд хүрчээ. Мөн тус улс Адриатын тэнгисийн эрэгт боомт хот байгуулахаар болсон байна.
    • Португалийн ерөнхий сайдын суудалд Др. Альфонсо Кошта сонгогдов.
  • Нэгдүгээр сарын 10 - Ахмед аль-Хибагаар удирдуулсан Мороккогын босогчид Францын тэмээт цэргүүдийг устгажээ.
    • Хар тэнгисийн эрэгт орших Силистриа хотын хилийн зурвастай холбоотойгоор Румын, Болгар улсын хооронд газар нутгийн маргаан үүсэв.
  • Нэгдүгээр сарын 11 - Хятад улсаас тусгаар тогтносон Төвд болон Монгол улс бүх талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
  • Нэгдүгээр сарын 12 - Больщевик хөдөлгөөний идэвхтэн Йосез Жугашвили "Сталин" гэх нууц нэрээр нийтлэл бичих болжээ.
  • Нэгдүгээр сарын 13 - АНУ-ын дээд шүүхийн шүүгч Роберт В.Арчбалдыг 13 хэрэгт холбогдуулан АНУ-ын Сенатын танхим албан тушаалаас нь огцруулжээ.
    • АНУ-ын Сонгогчдын коллеги хуралдаж энэ удаагийн сонгуульд Вүүдроу Вильсоныг 40 мужийн 435 гишүүний санал, Теодор Рүүзвельтийг зургаан мужийн 88 гишүүний санал, Уиллиам Х.Тафтыг ердөө хоёр мужийн найман гишүүний санал авсан гэж тайландаа дурджээ.
    • Харвардын их сургуулийн дэргэдэх хэвлэлийн үйлдвэр байгуулагдав.
  • Нэгдүгээр сарын 14 - Их Британийн Лондон хотод Балканы дайныг дуусгах зорилготой бага хурал болсон ч талууд нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй.
  • Нэгдүгээр сарын 15 - Британи улс Үндэсний татварын хуулийн зохицуулалтаар анх удаагаа өвчтөнүүдэд мөнгөн тэтгэмж өгч эхэлжээ. Эрэгтэй өвчтөнүүдэд долоо хоногийн арав, эмэгтэй өвчтөнүүдэд долоо хоногийн долоон шиллинг өгч байхаар тогтсон байна.
  • Нэгдүгээр сарын 17 - Францын ерөнхий сайд Реймонд Пойкейр тус улсын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Эхний шатны санал хураалтаар тэр хоёрдугаар байрт бичигдэж байсан ч хоёр дахь шатны санал хураалтаар олонхийн санал авч чадсан юм.
  • Нэгдүгээр сарын 20 - Францын ерөнхий сайдаар Аристид Брианд сонгогджээ.
    • Болгар, Серби, Монтенегро улс Оттоманы эзэнт гүрэнд шаардлага хүргүүлж, хэрэв хариу илгээхгүй бол 14 хоногийн дараа дайныг дахин эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
    • Британийн сурвалжлагч Фредерик Вилльэрс Балканы анхдугаар дайныг анх удаа өнгөтөөр дэлгэцэнд гаргажээ.
  • Нэгдүгээр сарын 22 - Оттоманы эзэнт гүрний "Их зөвлөл" хуралдаж Эдирне буюу Адрианополь хотыг Балканы холбооны зөвлөлт шилжүүлэх хүсэлтийг хүлээн авчээ.
  • Нэгдүгээр сарын 23 - Тасманийн аралд сонгууль болов.
    • Оттоманы эзэнт гүрэнд төрийн эргэлт болж засгийн эрхэнд Исмайл Энвер гарчээ.
  • Нэгдүгээр сарын 24 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Южин В.Дебсийг танхайрсан хэргээр баривчилжээ. Гэвч тэрээр мөнгөн торгууль төлөөд удалгүй суллагдсан байна.
    • Норвегийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
    • АНУ-ын Сенатын танхим Линкольны дурсгалын цогцолборыг барих ажилд 2 сая ам.доллар зарцуулахаар болжээ.
  • Нэгдүгээр сарын 25 - Зөвлөлтийн ирээдүйн удирдагч Йосеф Жугашвили "Сталин" нэртэйгээр анхны нийтлэлээ "Социал Демократ" сонинд "Социал Демократын өмнө тулгамдаж буй асуудал" нэртэйгээр нийтлүүлжээ.
  • Нэгдүгээр сарын 27 - Америкийн зах зээлд таван центын зоос эргэлтэнд оржээ.
  • Нэгдүгээр сарын 28 - Эдирне буюу Адрианополь хотыг Балканын холбоотны эвсэлд өгөх шийдвэрийг "Залуу Туркуудын холбоо" эрс эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 30 - Британийн Лордуудын танхим Ирландын дотоод хуулийг хүчингүй болгов.

Хоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Хоёрдугаар сарын 1 - Нью-Йорк хотын галт тэрэгний гол зогсоол шинэчлэгдэн үүдээ нээжээ. Шинэчлэгдэхдээ дэлхийн галт тэрэгний хамгийн том зогсоол болсон юм.
    • Турк улс их гүрнүүдээс энхийн хэлэлцээрт зуучлахыг санал болгов.
  • Хоёрдугаар сарын 2 - АНУ-ын Сенатор Риензи Жонстон сонгогдсоноосоо хойш ердөө дөрөвхөн долоо хоногийн дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг орыг Моррис Шеппард залгасан байна.
  • Хоёрдугаар сарын 3 - АНУ-ын үндсэн хуулийн 16-р өөрчлөлтөөр Холбооны засгийн газар татварыг төвлөрүүлж, хяналт тавьж байхаар болжээ.
    • Балканы анхдугаар дайн: Эдирне хотод хяналтаа тогтоохын төлөө Балканын орнуудын холбоотны арми болон Туркын цэргийн хүчнүүдийн хооронд тулаан эхлэв.
  • Хоёрдугаар сарын 4 - Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Мануэль Араухогын амь насанд халдаж, Араухо хүнд шархдав. Шархадсанаасаа хойш тав хоногийн дараа тэрээр амьсгал хураасан юм.
  • Хоёрдугаар сарын 5 - Румын, Австри-Унгарын эзэнт гүрэн батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулав.
    • Их Британийн Ард нийтийн танхим Уэльс сүмүүдийг шинээр байгуулахгүй байх тухай хуулийг баталжээ.
  • Хоёрдугаар сарын 8 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Сенатын танхимд албан ёсоор үг хэлэв. Ингэснээр 110 жилийн дараа анх удаа Сенатын танхимд үг хэлсэн ерөнхийлөгч болсон юм.
  • Хоёрдугаар сарын 9 - Мексикийн цэргийн томоохон албан тушаалтнууд ерөнхийлөгч Франциско Л.Мадерогын эсрэг төрийн эргэлт хийхээр болов.
    • Торонтогийн цагаар 21:05 минутад тэнгэрээс хурц гэрэл тодорч, газарт унахыг олон хүн харжээ. Яг үүнтэй адил үйл явдал Бразил улсад, Хойд Америкийн Сескатчеван орчимд бас харагдсан байна. Энэ үйл явдлын дараа профессор Кларенс Чант нар Канадын эзэн хааны одон орон судлалын хүрээлэнд 73 хуудас бүхий тайлан бичжээ.
  • Хоёрдугаар сарын 10 - АНУ-ын тэргүүн хатагтай асан Френцис Фолсом Кливленд Принстоны их сургуулийн профессор Томас Ж.Престонтой гэрлэжээ. Ингэснээр АНУ-ын тэргүүн хатагтай нарын түүхэнд дахин гэрлэсэн анхны хүн болсон юм.
  • Хоёрдугаар сарын 11 - Японы ерөнхий сайд Кацүра үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болж түүний засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
    • Мексик улсын нийслэл хотод засгийн газар болон босогчдын хооронд тоомоохон мөргөлдөөн дэгджээ.
  • Хоёрдугаар сарын 12 - Японы гүн Ямамото Гомбей тус улсын шинэ ерөнхий сайд болжээ.
    • Их Гүрнүүд Туркийн саналыг хүлээн авч Балканы дайныг дуусгахаар болов.
  • Хоёрдугаар сарын 13 - 13-р далай лам Түвдэнжамц Төвдийг Хятадаас тусгаар тогтносон гэж зарлажээ.
    • АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Вүүдроу Вильсон Нью-Жерси мужийн амбан захирагчийн суудлаас өөрийн хүсэлтээр татгалзжээ.
  • Хоёрдугаар сарын 15 - Хятадын боловсролын яам Хятад хэлийг нэгдсэн стандарт, дүрэмд оруулах зорилгоор Бээжин хотод уулзалт зохион байгуулав.
  • Хоёрдугаар сарын 17 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Мексик улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын иргэдийг Мексик рүү зорчихийг түр хугацаагаар хоригложээ.
  • Хоёрдугаар сарын 18 - Мексикийн ерөнхийлөгч Франциско Л.Мадеро, дэд ерөнхийлөгч Хосе Мариа Пино Суарез нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Хэдхэн цагийн дараа төрийн эргэлтийг удирдсан Викториано Хуерта засгийн эрхэнд гарсан юм.
    • Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Реймонд Пойнкейр албан ёсоор тангараг өргөв.
  • Хоёрдугаар сарын 19 - Экс ерөнхийлөгчийн дүү Густаво А.Мадерог босогчид буудан хороов.
  • Хоёрдугаар сарын 22 - Франциско Л.Мадеро, Хосе Мариа Пино Суарез нарын амийг хороов.
  • Хоёрдугаар сарын 23 - Оросын Петроград хотын Охрана хотын нууц ажилтнууд Йосеф Сталиныг баривчилж, Сибир рүү цөлжээ.
    • Румын улс Болгартай хилийн маргаанаа шийдвэрлэжээ.
  • Хоёрдугаар сарын 24 - Австралийн аялагч Дуглас Моусон Антариктадаас анх удаа цахилгаан мэдээ түгээв.
  • Хоёрдугаар сарын 25 - Перу улсын ерөнхий сайд Энрике Варела үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
  • Хоёрдугаар сарын 26- Перу улсын шинэ ерөнхий сайдаар Луна Перальта тодорчээ.

Гуравдугаар сар[засварлах | edit source]

  • Гуравдугаар сарын 3 - АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал болжээ. Уг жагсаалыг цагаан морь унасан Инез Мильхолланд удирдсан юм.
  • Гуравдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Вүүдроу Вильсон тангарагаа өргөж, тус улсын 28 дахь ерөнхийлөгч болжээ.
  • Гуравдугаар сарын 4-6 - Грекийн хаант улсын цэргийн хүч Бизани хотыг эзлэн авав.
  • Гуравдугаар сарын 6 - Хаант Оросын хаан ширээг 300 жилийн турш эзэгнэсэн Романовын угсааныхан баяраа тэмдэглэв.
  • Гуравдугаар сарын 11 - Францын нисгэгч Эдмон Перрреион 5876 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болжээ.
  • Гуравдугаар сарын 12 - Австрали улс Канберра хотыг нийслэлээ болгожээ.
  • Гуравдугаар сарын 13 - Мексикийн хувьсгалыг удирдаж байсан Панчо Вилла эх нутагтаа эргэн ирэв.
  • Гуравдугаар сарын 15 - АНУ-ын шинэ ерөнхийлөгч Вүүдроу Вильсон "Цагаан ордоны хэвлэлийн алба"-ыг бий болгон тогтсон сэдвээр хэвлэлийн бага хурал хийж байхаар болжээ.
  • Гуравдугаар сарын 16 - Хүүхэлдэйн киног үндэслэгч Эмиль Коль 13 ангиас бүтсэн "Ньюлиуэдс" киног театруудад гаргаж эхэлжээ. Энэ нь дэлхийн хамгийн анхны олон ангит хүүхэлдэйн кино болсон юм.
  • Гуравдугаар сарын 17 - Уругвай улсын Агаарын цэргийн академи байгуулагджээ.
    • АНУ-ын далайн асуудал эрхэлсэн дэд сайдын суудалд 31 настай Франклин Д.Рүүзвельт суужээ. Тэрээр АНУ-ын төрийн өндөр албан тушаалд хүрсэн АНУ-ын хамгийн залуу улстөрч болсон юм.
  • Гуравдугаар сарын 18 - Грекийн хаан ширээнд 50 жил суусан I Гиорг хаан Салоника хотод айлчлах үеэрээ халдлагад өртөн амиа алджээ. Улмаар түүний хүү Константин хаан ор суух болов.
    • Францын ерөнхий сайдад сонгогдоод удаагүй байсан Аристид Бриан сонгогчдын коллщегийн хуулийг шинэчлэх асуудлаас болж албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, засгийн газраа тараажээ.
  • Гуравдугаар сарын 20 - Хятадын үндэстний нам буюу Гоминдан намыг үндэслэг Сунг Чиао-Жен халдлагад өртөв. Үүнээс хойш хоёр хоногийн дараа тэрээр амьсгал хураажээ.
  • Гуравдугаар сарын 21 - I Константинийг Грекийн хаан ширээнд залах ёслол болов.
    • Францын ерөнхий сайдаар Луй Бартү томилогджээ.
  • Гуравдугаар сарын 23 - Лаос, Камбожийн үндсэрхэг үзэлтнүүд Фан Ших Лонгын удирдлаганд нэгдэж Францын дарангуйллын эсрэг хувьсгалыг эхлүүлэв.
    • АНУ-ын Небраска мужийн Омаха хотод далайн шуурга болж 150 хүн амиа алдав. Үүнээс дөрөв хоногийн дараа үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж 1,000 гаруй хүн амиа алджээ.
  • Гуравдугаар сарын 26 - Мексикийн засгийн эрхийг хүчээр авсан Викториано Хуертагын эсрэг төрийн эргэлтийн төлөвөлөгөөг Венустиано Карранза боловсруулж эхэлжээ.
    • Болгарын цэргийн хүч Адрионополь хотыг эзэлжээ.

Дөрөвдүгээр сар[засварлах | edit source]

  • Дөрөвдүгээр сарын 1 - Туркийн засгийн газар Балканын орнуудтай энхийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Туркийн тал 96,560 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Балканын орнуудад алдсан юм.
    • АНУ-ын ерөнхийлөгч асан Уиллиам Х.Тафт Йелийн их сургуульд профессор болжээ.
  • Дөрөвдүгээр сарын 2 - Австри-Унгарын эзэнт гүрэн, Их Британи, Франц, Герман, Итали, Орос улсууд Монтенегрогийн хаант улсыг хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар Албаничууд Монтенегрод цэрэг оруулжээ.
  • Дөрөвдүгээр сарын 3 - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Эммелин Панкхөрстэд бөмбөг тэслэхийг завдсан гэх ндэслэлээр Британийн шүүх гурван жилийн хорих ял оноов. Гэвч түүнийг 9 хоногийн дараа сулласан юм.
  • Дөрөвдүгээр сарын 5 - АНУ-ын хөлбөмбөгийн холбоо байгуулагдав.
    • Нэрт физикч Нильс Бор квантын онолоо боловсруулж эхэлжээ.
    • Никарагуа улсын шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв. Шинэ хуулиар Төлөөлөгчдийн танхим 40 гишүүнтэй, Сенатын танхим 13 гишүүнтэй байхаар болов.
  • Дөрөвдүгээр сарын 8 - АНУ-ын үндсэн хуулийн 18 дахь нэмэлт өөрчлөлтөөр Сенатын сонгуулийн журмыг шинэчилжээ.
    • Хятадын нийслэл Бээжин хотод сонгуулиар сонгогдсон анхны парламент анхны чуулганаа зарлан хуралдуулав.
  • Дөрөвдүгээр сарын 13 - Испанийн хаан XIII Альфонсог Мадрид хотод морь унаж явахад нь анархист үзэлтэй Рафаель Санчо Алегре гурван удаа гал нээж халдлага үйлдэхийг завдав. Золоор тэр шархдалгүй өнгөрчээ. Түүнийг засаг барьж байх хугацаанд амь насанд халдах найман оролдлого гарч байсан гэдэг.
    • Бүгд найрамдах Доминикан улсын ерөнхийлөгчөөр Хосе Бордас Валдесыг сонгожээ.
    • Мексикийн засгийн газрын арми болон Босогчдын эсрэг тулаан Сонора мужийн Нако хилийн хотод болжээ. Болзошгүй байдлаас сэргийлж АНУ-ын арми Аризона мужид цэргээ бэлэн байдалд оруулав.
  • Дөрөвдүгээр сарын 18 - Болгарын ерөнхий сайд Иван Гешов парламентаа тарааж, шинэ сонгууль зарлав.
  • Дөрөвдүгээр сарын 19 - Болгар, Серби улс Турктэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэвч Монтенегро энэ гэрээнд нэгдэхээс татгалзсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 21 - Куба улсын шинэ ерөнхийлөгчөөр Марио Гарсиа Менокал тодров.
  • Дөрөвдүгээр сарын 24 - АНУ-ын Нью-Йорк хотод "Вүүлуортын барилга" сүндэрлэж, тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болж байв. Барилгын загварыг Касс Гильберт гаргажээ.
  • Дөрөвдүгээр сарын 27 - Туркийн цэргийн удирдагч асан Эссад Паша Топтани өөрийгөө Албанийн хаан хэмээн зарлав.
    • Европын таван гүрнээс 125,000,000 сая ам.долларын зээлийг жилийн 5 хувийн хүүтэй зээлэх болсон гэрээг Хятадын парламент хууль бус хэмээн үзжээ.

Тавдугаар сар[засварлах | edit source]

  • Тавдугаар сарын 2 - АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон Хятадын ерөнхийлөгч Юань Шикайд цахилгаан илгээж хамтран ажиллахад таатай байна гэдгээ мэдэгджээ. Улмаар АНУ-д Хятадын ерөнхийлөгчийг албан ёсоор урьсан анхны улс болсон байна.
  • Тавдугаар сарын 3 - Энэтхэгийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино "Ража Харишчандра" кино дэлгэцэнд гарав. Үүнээс Энэтхэгийн кино урлагийн салбар үүсэн хөгжжээ.
  • Тавдугаар сарын 4 - Гайти улсын сенатор Мишель Оресть тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. Гэвч генерал Пойтейвенээр удирдуулсан босогчид парламентын ордны өмнө эмх замбараагүй байдал үүсгэжээ. Шинэ ерөнхийлөгч ердөө 8 сарын дараа ажлаа хүлээлгэн өгсөн юм.
  • Тавдугаар сарын 5 - Монтенегро улсын хаан I Николай их гүрнүүдийн хамтаар Скутари хотыг хамтран захирахыг зөвшөөрчээ.
    • Грек, Серби улс Болгарын эсрэг хамтран тэмцэх нууц гэрээнд гарын үсэг зуржээ. Сөргөлдөгч талууд Балканы анхдугаар дайнд холбоотон болон оролцож байсан юм.
  • Тавдугаар сарын 6 - Гааг хот дахь арбитрын шүүх Италийн хаант улсыг Турктэй хийсэн дайны үеэр Картейж, Мануба хотыг бүсэлсэнд буруутай гэж үзэн 32,800 долларын торгуулийг Францын талд олгох шийдвэр гаргажээ.
  • Тавдугаар сарын 7 - Британийн эзэн хааны тэнгисийн цэрэг нисэх онгоц тээвэрлэдэг "Гермес" байлдааны хөлгийг зэвсэглэлд ашиглаж эхлэв.
  • Тавдугаар сарын 8 - АНУ-ын сонин үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагджээ.
    • Франц нисгэгч Месср. Франжуа зургаан хүнийг бүхээгэнд суулгаж 75 минут ниссэнээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
  • Тавдугаар сарын 9 - Зохион бүтээгч Уиллиам Д.Күүлидж рентген туяаг дөрвөлжин хайрцганд багтааж зураг буулгах төхөөрөмж бүтээжээ. Ингэснээр рентген туяаг эмнэлэгт аюулгүйгээр ашиглах боломж бүрдсэн юм.
  • Тавдугаар сарын 13 - Дэлхийн хүнджингийн боксын аварга Жек Жонсонг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэж үзэн 1,000 ам.доллараар торгож, нэг жил шоронд хорих ял оноожээ.
  • Тавдугаар сарын 14 - Европын банкуудын холбоо Хятад улсад олгох 125 сая ам.долларын 1.2 саяыг Хятадын талд шилжүүлэв.
    • Гуатемал улс Их Британид төлөх зээлийн хүүг эргүүлэн төлж эхэлжээ.
  • Тавдугаар сарын 17 - Кубын нисгэгчид болох Агустин Парла болон Доминго Росилло нар АНУ-Кубын хооронд нислэг үйлдсэн анхны нисгэгчид болов. Тэд Гавана хотоос Кий Уест хүртэл нислэг үйлдсэн юм.
  • Тавдугаар сарын 20 - Куба улсын ерөнхийлөгчийн тангарагыг генерал Марио Гарсиа Менокал өргөв.
  • Тавдугаар сарын 22 - АНУ-ын хавтар судлалын нийгэмлэгийг арван эмч, таван сувилагчтайгаар нийслэл Вашингтон хотод байгуулжээ.
  • Тавдугаар сарын 24 - Пруссийн гүнж Виториа Луйс, Хановерийн хунтайж Эрнест Августустай гэрлэснээр Хохензоллерний угсаа засаглахаа болив.
  • Тавдугаар сарын 25 - Австри-Унгарын эзэнт гүрний харьяат Адольф Гитлер Герман улсад дүрвэж, тэндхийн иргэн болохоор суурьшжээ. Тухайн үед тэрээр найз Рудольф Хауслерын өөрөөг түрээслэн төвхнөжээ.
    • "Дюсселдорфын цус сорогч" нэрээр алдаршсан Германы гэмт хэрэгтэн Петер Кюртеныг хүн амины цуврал аллагад бруутган яллажээ. Хдэийгээр тэрээр өөрийн саналаараа мэдүүлэг өнгөрсөн болов түүнтэй холбоотой байж болох 70 гаруй хавтаст хэргийг хаасан байна.
  • Тавдугаар сарын 26 - Дөрвөн хөдөлгүүрт онгоцоор ниссэн анхны хүнээр Игорь Сикорский тодорчээ.
  • Тавдугаар сарын 30 - Балканы анхдугаар дайн: Лондонгийн тунхаг бичигт гарын үсэг зурснаар дайн албан ёсоор өндөрв. Грек улс Эпирус хотын өмнөд хэсгийг Албанитай хуваан эзэмшихэлэр болсон тул Албанийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм.
    • Өмнөд Африкын Кимберлий хотод Өмнөд Африкийн нисгэгчийн сургууль байгуулагдав.
    • АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Брайн Их Британи, Орос, Итали, Норвеги, Швед, Бразил, Перу улуудтай хамтран олон улсын энхтайвны зөвлөл гэгчийг байгуулахаар болжээ.
  • Тавдугаар сарын 30 - Австралийн холбооны сонгууль: Австралийн сонгуульд Австралийн хөдөлмөрийн нам ялалт байгуулж, намын дарга Эндрью Фишер ерөнхий сайд болох нь тодорхой болов.

Зургаадугаар сар[засварлах | edit source]

  • Зургаадугаар сарын 1 - Грек болон Серби улс холбоотон болсноор Балканы хоёрдугаар дайн эхлэх үндсийг тавьжээ.
  • Зургаадугаар сарын 3 - Лусио Бланкогоор удирдуулсан Мексикийн босогчид Матаморо хотыг эзлэн авч улмаар хил даван АНУ-ын Техас мужийн Браунвиль хотод ирэв.
  • Зургаадугаар сарын 4 - Британийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалын дэмжигч Эмили Дейвисон Эпсомын дерби уралдаанд оролцож байгаад хүнд бэртэв. Үүнээс дөрөв хоногийн дараа тэрээр амьсгал хураасан юм.
    • Унгарын ерөнхий сайд Лашла Лукаш өөрийн хүсэлтээр суудлаа өгснөөр түүний засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцров. Унгарын гүн Истван Тисца Австри-Унгарын эзэнт гүрний хаан Франц Йозефаас ерөнхий сайд болж, кабинетаа бүрдүүлж болох эсэхийг асуужээ.
  • Зургаадугаар сарын 6 - Ирээдүйн хаан хунтайж Альберт Фредерик Жорж АНУ-д анх удаа айлчилжээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Нью-Йорк хотын Ниагарагын хүрхрээнд очиж, улмаар тэндээсээ Канад руу хөлгийн жолоо залсан байна.

Зургаадугаар сарын 7 - Хойд Америкийн ноён оргил МакКинли хайрханд авирах Харри Карстенс, Роберт Татум, Уольтер Харпер нар авиралтаа эхлүүлэв. Тэд тус хайрханы оройд гарсан анхны уулчид болжээ.

    • Дэлхийн хамгийн том усан сан АНУ-ын Нью-Жерси мужид нээлтээ хийжээ. 400-600 фийтийн урттай энэ усан санг Николас болон Жозеф Шенк нар зохион бүтээсэн байна.
  • Зургаадугаар сарын 8 - 1916 оны зуны олимпийг зохион байгуулах Берлин хотын захиргаа "Дойче Штадион"-ыг сэргээн засварлаж 60 хүний суудалтай болгож эхэлжээ. Гэвч зуны олимпийн наадам дэлхийн I дайнтай холбоотойгоор хойшлогдсон билээ.
  • Зургаадугаар сарын 9 - Алдарт эдийн засагч Жон Мейнард Кейнс "Энэтхэгийн мөнгө, санхүү" номондоо орчин үеийн эдийн засгийн онолоо анхлан танилцуулав.
  • Зургаадугаар сарын 11 - Норвеги улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаал болжээ.
    • Туркийн их гүн Махмуд Шевкет Паша Истанбул хотноо халдлагад өртөн амиа алджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан 12 хүнийг халдлага зохион байгуулсан хэргээр дүүжлэн хороосон байна.
    • Бук Басакын тулаан: Филиппиний үндсэрхэг үзэлтнүүд болон АНУ-ын артильерийн цэргүүд хооронд дөрөв хоногийн тулуу болжээ. Босогчид бүгд үхэж, заримыг нь шоронд бүх насаар нь хорих шийдийг АНУ-ын зүгээс гаргасан байна.
  • Зургаадугаар сарын 12 - Данийн ерөнхий сайд Клаус Бернтсен өөрийн хүсэлтээр суудлаа өгөв.
    • Туркийн шинэ их гүнгээр Саид Халим Паша томилогджээ.
    • АНУ-ын Флорида мужийн Майами хотын жижиг тосгонд дэлхийн хамгийн урт модон гүүр ашиглалтад оров. 2.5 миллийн урттай "Коллинсийн гүүр" тухайн цаг үеийн инженерийн өвөрмөц бүтээлд тооцогдож байсан юм.
  • Зургаадугаар сарын 13 - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалтай холбогдуулан АНУ-ын Сенатын танхим эмэгтэйчүүдийн эрхийн талаар хууль боловсруулахаар хэлэлцэж эхэлжээ.
  • Зургаадугаар сарын 14 - Өмнөд Африкийн засгийн газар Энэтхэгийн цагаачдыг хязгаарлах тухай хуулийг баталжээ.
  • Зургаадугаар сарын 16 - Германы хаан Кайзер II Вилгельм хаан ширээнд заларсны 25 жилийн ой тохиов.
  • Зургаадугаар сарын 18 - Арабын бага хурал эхэлж, энэ хурлаар Оттоманы эзэнт гүрний асуудлыг голчлон хөндөн ярилцжээ.
    • Зохион бүтээгч Жон Эрнест Уиллиамсон усан доор зураг авах зориулалттай "фотосфер"-ийг зохион бүтээв.
  • Зургаадугаар сарын 19 - Өмнөд Африкийн парламент хар арьстнуудад газар өмчлөх, эзэмших эрхийг тодорхой тоогоор хязгаарлав.
    • Францын нисгэгч Морис Превос нисэх онгоцоор 349.2 км/ц хурдалж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.
  • Зургаадугаар сарын 21 - Данийн ерөнхий сайдаар сонгогдсон Карл Теодор Зале шинэ кабинетаа бүрдүүлж эхлэв.
  • Зургаадугаар сарын 22 - Балканы хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотойгоор Сербийн ерөнхий сайд Никола Пашич засгийн газраа тарааж, шинээр эмхлэн байгуулахаар болжээ.
  • Зургаадугаар сарын 23 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Конгрессийн хуралдаанд оролцож холбооны нөөцийн систем байгуулах, түүний ач холбогдлын талаар илтгэл тавьжээ.
  • Зургаадугаар сарын 24 - Асвтралийн зургаа дахь ерөнхий сайдаар Жозеф Күүк томилогджээ.
    • Дани улсад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал хүчээ авч эхэлжээ.
  • Зургаадугаар сарын 25 - Данийн сонгууль болж Либерал нам Төлөөлөгчдийн танхимд 55 суудал авч олонх болов.
    • Принстоны их сургуулийн эрдэмтэн одон оронч Хенри Норрис Рассель оддын цацраг туяа болон температурыг тодорхойлжээ.
  • Зургаадугаар сарын 27 - Нидерландын ерөнхий сайд Тео Хеемскерк өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцров.
  • Зургаадугаар сарын 29 - Болгарын арми Сербийн Слатово, Грекийн Салоника хотуудад гэнэтийн дайралт хийснээр Балканы хоёрдугаар дайн албан ёсоор эхэлжээ.
  • Зургаадугаар сарын 30 - Германы парламенхт армийн бие бүрэлдэхүүнийг 136,000-аар нэмэгдүүлэх шийд гаргав.
    • Мексикийн Гуаймас хот босогчдын мэдэлд оров.

Долоодугаар сар[засварлах | edit source]

  • Долоодугаар сарын 3 - Хаант Румын улс Болгар руу цэрэг хөдөлгөжээ.
  • Долоодугаар сарын 4 - Уимбледоны нээлттэй тэмцээнд Английн Тони Вайлдинг дөрөв дэх удаагаа дараалан түрүүлэв. Тэрээр шигшээ тоглолтод Америкийн теннисч Морис МакЛафлинийг 8-6, 6-3, 10-8 онооны харьцаагаар буулган авсан юм.
    • Балканы хоёрдугаар дайн: Грек болон Сербийн арми Килкиш хотын тулаанд Болгарын цэргийг бут цохив. Хожим нь тус хот Грекын мэдэлд очсон билээ.
  • Долоодугаар сарын 5 - Туркийн тал Балканы хоёрдугаар дайнд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
  • Долоодугаар сарын 9 - Орос болон Хятадын хооронд болсон хэлэлцээрээр Хятад улс Монголыг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрөв.
  • Долоодугаар сарын 10 - Румын улс Болгарт дайн зарлав.
    • АНУ-ын Калифорни мужид орших "Үхлийн хөндий"-д 56.7 хэм хүртэл халж дэлхийн хамгийн халуун газраар тодорчээ.
  • Долоодугаар сарын 11 - Балканы хоёрдугаар дайн: Болгарын арми Дунай голын эрэгт болсон тулалдаанд Грек, Серби, Румын улсын хамтарсан хүчтэй гурван фронтод зэрэг тулалдав.
  • Долоодугаар сарын 12 - Хятадын Жианши муж тусгаар улс гэдгээ зарлан тунхаглав.
    • Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн Пруссийн шинжлэх ухааны академийн гишүүн болох урилгыг хүлээн авч Цюрих хотыг зорьжээ.
  • Долоодугаар сарын 13 - Францын нисгэгч Леон Летор 949.5 км зайнд зогсолтгүй ниссэн анхны нисгэгч болжээ.
  • Долоодугаар сарын 15 - Болгарын ерөнхий сайд Стоян Данев албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.
  • Долоодугаар сарын 16 - Хятадын ерөнхийлөгч Юань Шикай өөрийнх нь эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан гэх үндэслэлээр ерөнхий сайд Жао Бингжүнийг үүрэгт ажлаас нь огцруулжээ.
  • Долоодугаар сарын 18 - Хятадын Сычуань хотод төв засгийн газрын эсрэг бослого эрчээ авч улмаар бослогын удирдагч Цен Чүн-Хсуан өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлав.
    • Болгарын хаан I Фердинанд, Румынь улсын хаан I Карол хаанаас гал зогсоож, энхтайван тогтоох асуудлаар захидал хүргүүлжээ.
  • Долоодугаар сарын 19 - Францын төлөөлөгчдийн танхимын ээлжит хуралдаанаар цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон нэмэв.
    • Хятадын Гуанжоу буюу Квантуны нутаг дэвсгэр Хятадаас тусгаар гэж тунхаглажээ.
  • Долоодугаар сарын 20 - Болгарын шинэхэн ерөнхий сайд Васил Радославов шинэ кабинетаа эмхлэн байгуулж эхэлжээ.
    • Хятадын Фүжиан мужид бослого хөдөлгөөн эрчээ авав.
  • Долоодугаар сарын 21 - Оттоманы эзэнт гүрний арми Адрианополь хотыг Болгараас чөлөөлж, өөрсдийн мэдэлдээ эргүүлэн авчээ.
    • Хятадын ерөнхийлөгч Юань Шикай өмнөд мужуудад болж буй бослого хөдөлгөөнтэй холбогдуулан эх газрын хуулийг өөрчлөв. Улмаар өмнөх ерөнхийлөгч Сүн Ят Сен мэдэгдэл хийж Юань Шикайг огцрох ёстой гэж мэдэгджээ.
  • Долоодугаар сарын 26 - Хятадын Хүнан мужид бослого хөдөлгөөн эрчээ авав. Гэвч энэ үеэр Женжиан болон Жиансү мужийг Хятадын төв армийн цэргүүд өөрсдийнхөө мэдэлд эргүүлэн авчээ.
  • Долоодугаар сарын 28 - Болгар болон Румын улс Бухарест хотноо энхийн гэрээнд гарын үсэг зурав.
  • Долоодугаар сарын 29 - Асвтри-Унгарын эзэнт гүрэн, Франц, Герман, Итали, Орос, Их Британийн элчин сайдууд Лондон хотноо бага хурал зохион байгуулж, Албани улсын одоогийн нөхцөл байдал, хилийн маргааны асуудлыг хөндөн ярилцжээ.
    • Англи-Оттоман хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Персийн булан болон хүрээлэн байгаа бусад газар нутгуудыг хамтран хамгаалахаар тогтов.
  • Долоодугаар сарын 30 - Дьюма хотод Грек, Болгарын арми цуст тулаан хийв.

Наймдугаар сар[засварлах | edit source]

  • Наймдугаар сарын 1 - Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуерта албан тушаалаа огцорч байгаагаа зарлав.
    • Хаант Орос улс Панам-Номхон далайн олон улсын үзэсгэлэн яармагт оролцохгүй гэдгээ зарлажээ.
  • Наймдугаар сарын 2 - Францын нисгэгч Южин Гилберт нэг өдөрт 1,609 км газар ниссэн анхны нисгэгч болжээ.
    • Нидерландын ерөнхий сайдаар Пиетер Корт ван дер Линден сонгогдов.
  • Наймдугаар сарын 4 - Хятадын Чоншинг муж тусгаар тогтнолоо зарласнаар, Бүгд найрамдах засаглалыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн хэдэн долоо хоног үргэлжлэв.
    • Мексикийн хувьсгалаас шалтгаалан АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Мексик дахь АНУ-ын элчин сайд Хенри Лейн Уильсоныг эргүүлэн татахаар болжээ.
    • Хятадын өмнөд хэсгийн Фүжиан мужид үүссэн бослого дарагдав. Бослогыг удирдагдсан Шү Чонгжи Япон руу дүрвэн гарчээ.
  • Наймдугаар сарын 6 - Америкийн иргэн Жон Хенри Мийрс дэлхийг 35 өдөр, 21 цаг, 35 минутын дотор туулж дэлхийг хамгийн богино хугацаанд тойрсон хүн болжээ.
    • Бүгд найрамдах Хятад улсын анхны ерөнхийлөгч Др. Сүн Ят Сен Тайван арал дээрх Японы колони Формоса арал руу дүрвэн гарчээ. Учир нь Юань Шикайг дэмжигчид түүнийг сүрдүүлж байсан гэдэг.
  • Наймдугаар сарын 8 - Мексикийн бослогыг удирдагч Венустиано Карранза улсдаа гал зогсоох зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон руу цахилгаан илгээв.
  • Наймдугаар сарын 10 - Балканы хоёрдугаар дайн: Бухарестын гэрээнд сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Балканы хоёрдугаар дайн дуусав. Харин Македон улс хоёр хуваагдаж Хойд Эпирусын хязгаар Албанийн захиргаанд шилжжээ.
  • Наймдугаар сарын 11 - Австри-Унгарын эзэнт гүрэн, Франц, Герман, Итали, Орос, Их Британийн элчин сайд нар хуралдаж Албанийн вант улсын хилийн зурвасыг тогтоохоор хэлэлцлээ. Грекийн зүгээс Хамериа хотод орших Албани иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна.
  • Наймдугаар сарын 12 - Үндэсний жигнэмэгийн компани зохионх бүтээсэн жигнэмэгтээ "Орео" гэсэн нэр өгч АНУ-ын патент, тусгай тэмдэгтийн хорооноос эрхийн тэмдэг авчээ.
    • Панамын сувгийн барилга дээр ажиллаж байсан 11 ажилтан нурангид даруулж амиа алджээ.
  • Наймдугаар сарын 13 - Английн аж үйлдвэрийн хувьсгалч Харри Бийрлий зэвэрдэггүй ган төмөрийг зохион бүтээв.
    • Хятадын Гуанжоу хотод засгийн газар болон босогчдын хооронд тулаан болж 1,200 хүн амиа алджээ.
    • Итали улсад хүн амын тооллого болов. Итали улсын иргэд тухайн үед 34 сая 671,377 хүн тоологджээ.
  • Наймдугаар сарын 16 - Панам-Номхон далайн олон улсын үзэсгэлэн яармагт оролцохгүй гэдгээ Герман улс зарлав. Ингэснээр уг яармагт оролцохоос татгалзсан гурав улс болжээ.
  • Наймдугаар сарын 17 - Австрийн их ван Франц Фердинанд Австри-Унгарын эзэнт гүрний хаан ширээнд суухаар болов.
  • Наймдугаар сарын 18 - Венесуэлийн засгийн газар Санта Ана де Коро хотыг дахин хяналтдаа авчээ. Өмнө нь Циприано Кастрогийн дарангуйлалд байсан билээ.
  • Наймдугаар сарын 20 - Др. Марио Пиаченза Гималайн нурууны Нумакум оргилын 6,705 метрийн өндөрт гарсан анхны уулчин болов.
  • Наймдугаар сарын 23 - Данийн нийслэл Копенгаген хотод алдарт "Бяцхан лусын дагина" хөшөө бүтээгдэж дуусчээ.
    • Японы эзэнт гүрэн "Great Northern Telegraph Company" компанитай цахилгаан мэдээний шугам татах ажил хийх гэрээнд гарын үсэг зуржээ.
  • Наймдугаар сарын 26 - Даблин хотын ажил хаялт: Ираны тээвэр харилцааны ажилчдын хороо Даблин хотын трамвайны компанитай хөдөлмөрийн маргаанаас болж ажил хаялтаа эхлүүлэв.
  • Наймдугаар сарын 27 - АНУ-ын Род айленд мужийн Тивертон хотын Саконнет голын орчимд солир унажээ. Солир унасан газарт 32.1 км радиус үүссэн байна.
  • Наймдугаар сарын 31 - Даблин хотын ажил хаялт: "Цуст Ням гараг": Ажил хаялт болон жагсаал цуглааныг Даблин хотын цагдаагийн газар хүч хэрэглэн тараав. Үүнээс болж нэг жагсагч амиа алдаж, 400 хүн шархаджээ.
    • Хятадын Нанжинг хотыг Хятадын армийн цэргүүд эргүүлэн мэдэлдээ авав.

Есдүгээр сар[засварлах | edit source]

  • Есдүгээр сарын 1 - Хятадын өмнөд хэсэгт дэгдсэн бослого хөдөлгөөн намжив. Нийт зургаан мужийг Жан Шүн жанжнаар удирдуулсан арми эргүүлэн мэдэлдээ авчээ.
  • Есдүгээр сарын 3 - АНУ-ын экс ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт Америкийн хуульчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов.
  • Есдүгээр сарын 5 - Оросын алдарт хөгжмийн зохиолч Сергей Прокофьевын төгөлдөр хуурын "2-р концерт" анх удаа тоглогджээ. Харамсалтай нь түүний "2-р концерт"-ын гар бичмэл Оросын хувьсгалаар устсан юм.
  • Есдүгээр сарын 7-8 - Германы Мюнхен хотод Олон улсын сэтгэл судлалын холбооны дөрөвдүгээр бага хурал зохион байгуулагдав.
  • Есдүгээр сарын 9 - Америкийн зохион бүтээгч Роберт Оуэн эргүүлдэг боолт болон түлхүүрийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.
  • Есдүгээр сарын 11 - Бүгд найрамдах Доминикан улсын бөмбөгдөгч хөлөг онгоц босогчдын мэдэлд байдаг Пуерто Плата хотыг бөмбөгдөв.
  • Есдүгээр сарын 13 - АНУ-ын Нью-Йорк хотын амбан захирагч Уиллиам Сульцерыг огцруулах эсэх асуудлыг тус хотын Сенатын танхим хэлэлцэж эхэлжээ.
  • Есдүгээр сарын 18 - АНУ-ын төлөөлөгчдийн танхим олонхийн саналаар Холбооны нөөцийн тухай хуулийг баталж, Сенатын танхим руу шилжүүлжээ. Улмаар 12-р сард нь Сенатын танхим баталж, тус улсад Холбооны нөөцийн систем бүрэлдэн бий болсон юм.
  • Есдүгээр сарын 20 - АНУ-ын гольфийн нээлттэй тэмцээнд сонирхогч Френцси Умет түрүүлж шуугиан тарив. Тэр шигшээ тоглолтод Британийн нээлттэй тэмцээний таван удаагийн аварга нэрт гольфчин Харри Вардоныг хожсон юм.
  • Есдүгээр сарын 23 - Францын нисгэгч Ролан Гаррос газар дундын тэнгисийг нисч туулжээ.
    • Албанийн үндсэрхэг үзэлтнүүд Македонын Дебар, Охрид хотуудад хяналтаа тогтоов.
  • Есдүгээр сарын 25 - Английн тайзны жүжигчин Чарли Чаплин Кистоун компанитай долоо хоногийн 150 ам.долларын гэрээ байгуулж, жүжигчний замналаа эхлүүлжээ.
  • Есдүгээр сарын 28 - Мексикийн генерал Феликс Диаз тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшихээр болов.
  • Есдүгээр сарын 29 - Балканы хоёрдугаар дайн: Константинополийн гэрээнд Оттоманы эзэнт гүрэн болон Болгарын хаант улсын хооронд энхийн гэрээ байгуулсан байна.
    • Францын нисгэгч Морис Превос нисэх онгоцоор цагт 201.1 км хурдалж шинэ дээд амжилт тогтоожээ.

Аравдугаар сар[засварлах | edit source]

  • Аравдугаар сарын 1 - Мексикийн хувьсгал: Торреон хотыг Панчо Вилла тэргүүтэй цэргүүд эзэлснээс гурав хоногийн дараа засгийн газрын цэргүүд эргүүлэн хяналтаа тогтоожээ.
  • Аравдугаар сарын 2 - Хятадын үндсэн хуульд өөрчлөлт орж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил бологосон бөгөөд зөвхөн нэг удаа дахин сонгогддог байхаар болов.
  • Аравдугаар сарын 3 - Австри-Унгарын эзэнт гүрэн цэргийн алба хаагчдын тоог 600 мянгаар нэмэгдүүлж, нийт бие бүрэлдэхүүний тоо 2 сая болж өсчээ.
  • Аравдугаар сарын 5 - Таймур бин Фейсал Оманы султан болов.
  • Аравдугаар сарын 7 - Детройт мужийн Мичиган орчимд орших "Хайленд" цэцэрлэгт "Форд Мотор" компани анхны үйлдвэрээ барьжээ. Энэ үйлдвэрт алдарт "Модель Т" загвар угсрагдсан юм.
  • Аравдугаар сарын 9 - Оросын арктикын экспедиц Аляск мужийн Сейнт Майкл орчимд ирж судалгаа хийжээ. Тэр хавийн нэр нь үл мэдэгдэх мөсөн талыг "II Николайн газар нутаг" гэж нэрлэсэн байна.
  • Аравдугаар сарын 10 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгчөөр Юань Шикай сонгогджээ.
    • Юань Шикайг тангараг өргөж байхад нь амь насанд нь халдахыг завдсан этгээдийг Бээжин хотын цагдаагийн газар баривчилсан байна.
    • Дизель хөдөлгүүрийг зохион бүтээгч Рудольф Дизелийн цогцосыг Дресден хөлгийн ослын газраас олжээ. Тус хөлөг 11 хоногийн өмнө осолдсон юм.
  • Аравдугаар сарын 14 - Их Британийн Өмнөд Уэльс мужийн Шенгенидд хотод байрлах уурхай дэлбэрч 439 уурхайчин амиа алджээ. Энэ нь Их Британийн хамгийн хөнөөлтэй уурхайн осол байсан юм.
  • Аравдугаар сарын 15 - Хятадын ерөнхийлөгч Юань Шикай зарлиг гаргаж өмнөх ерөнхийлөгч Сүн Ят Сеныг дэмжигчдийг баривчлахаар болов.
  • Аравдугаар сарын 16 - Албанийн улстөрч Эссад Паша Топтани Бүгд найрамдах Төв Албани улс гэгчийг байгуулан, өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлажээ.
  • Аравдугаар сарын 17 - АНУ-ын Нью-Йорк хотын сенатын танхим амбан захирагч Уиллиам Сульцерыг олонхийн саналаар албан тушаалаас нь огцруулжээ. Түүний оронд дэд захирагч байсан Мартин Х.Глинн гэгч захирагч болсон байна.
  • Аравдугаар сарын 18 - Германы Лайпцик хотноо Үндэсний тулааны дурсгалын хөшөөт цогцолбор баригдаж дуусчээ.
  • Аравдугаар сарын 21 - Р.Ж.Рейнольдсын Тамхины компани "Камел" тамхиыг үйлдвэрлэж эхлэв.
  • Аравдугаар сарын 23 - 1900 оны 12-р сарын 20-ны өдөр Италийн одон оронч Мишель Жиакобинигийн нээсэн нэгэн төрлийн сүүлт одыг Германы одон оронч Эрнст Циннер дахин нээж, 6.5 жилийн давтамжтайгаар манай нарны аймагт орж ирдэг болохыг тогтоосон юм.
  • Аравдугаар сарын 26 - Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд Викториано Хуерта ялалт байгуулав.
    • Италид парламентын сонгууль болж Либерал нам ялалт байгуулжээ. Олонх болсон намын дарга Жиованни Жиолитти ерөнхий сайд болох нь тодорхой болов.
  • Аравдугаар сарын 27 - Кувейтын эмир Их Британи улстай газрын тос олборлох гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар Британийн засгийн газар олборлолт хийх компанийг бүрэн хариуцаж, олборлох эрх олгохоор болсон байна.
    • Оросын мэс засалч Юстин Джанелидзе өвчтөнд зүрхний ховдол засах мэс ажилбар хийсэн анхны эмч болжээ.
    • Испанийн ерөнхий сайдаар Эдуардо Дато сонгогдов.
  • Аравдугаар сарын 30 - Серби болон Монтенегро улсууд газар нутгийн маргаанаа эцэслэж гэрээнд гарын үсэг зуржээ.
  • Аравдугаар сарын 31 - АНУ-ыг хөндлөн холбосон "Линкольны хурдны зам" ашиглалтад оржээ.

Арваннэгдүгээр сар[засварлах | edit source]

  • Арваннэгдүгээр сарын 2 - Брунсвикийн гүн Эрнест Августус их гүн цол авчээ. Ингэснээр Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германы хаант улс задрахаас өмнө язгуур угсаанд суусан сүүлийн хүн болсон байна.
  • Арваннэгдүгээр сарын 5 - Хаант Орос болон Хятад улсууд Монгол улсын талаар уулзжээ. Хятад улс энэ уулзалтад Монгол улсыг тусгаар улс биш автономи эрхтэй болгох байр суурьтай байсан юм.
    • Хятадын ерөнхийлөгч Юань Шикай Гоминдан намыг тараах шийд гаргав. Үндэсний Ассемблей дахь хамгийн олон суудалтай энэ намын 300 гишүүн уг шийдвэрийн дараа сайн дураараа албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
    • Баварийн хаан Отто эрх ямбаасаа татгалзаж, үеэл Людвиг хаан болжээ.
    • Панчо Вилла тэргүүтэй босогчдод эзлэгдээд байсан Чиуауа мужийг эргүүлэн хяналтандаа авахаар Мексикийн армийн цэргүүд довтолж эхлэв.
  • Арваннэгдүгээр сарын 6 - Өмнөд Африкийн уурхайд ажиллаж байгаа Энэтхэг уурхайчдын эрхийн төлөөх жагсаалыг зохион байгуулсан гэж үзэн Мохандас Гандиг баривчлав.
  • Арваннэгдүгээр сарын 9 - АНУ-ын нийслэл Вашингтон хотноо АНУ болон Гондурас улс энхийн гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр АНУ Төв Америкийн улсуудтай бүгдэнтэй нь дипломат харилцаатай болсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 10 - Их Британийн Англи улсын Баттерсий хотын захирагчийн суудалд Жон Арчер суужээ. Ингэснээр тэрээр Их Британийн түүхэнд захирагчийн суудалд суусан анхны хар арьст улстөрч болсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 11 - Грекийн нийслэл Афин хотод Грек болон Туркийн тал энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Балканын хоёрдугаар дайн дуусчээ.
    • Нобелийн шагналын хороо Нидерланды профессор Хейк Камерлинг Оннест физикийн салбарын, Германы эрдэмтэн Альфред Вернерт химийн салбарын Нобелийн шагнал олгохоор болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 12 - Мексикийн бослогын хөдөлгөөний удирдагчдын нэг Панчо Вилла Суидад Хуарез хотыг эзлэхэд Тройн морийг зохион бүтээж, дотор нь 2,000 цэрэг нууснаар бүрэн эзлэн авчээ. Өмнө нь босогчид тус мужийг эзлэх олон удаагийн дайралт хийсэн ч бүтэлгүйтээд байсан юм.
    • Балканын хоёрдугаар дайны үеэр олзлоод байсан Болгар цэргүүдийг Грекын тал суллав.
  • Арваннэгдүгээр сарын 13 - Нобелийн шагналын хороо уран зохиолын салбарын Нобелийн шагналыг дорно дахины нэрт соён гэгээрүүлэгч Рабиндранат Таагүрт олгохоор болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 14 - Алдарт зохиолч Марсел Прустын "Алдагдсан цагийн эрэлд" зохиолын эхний боть 3,200 хуудастайгаар хэвлэгдэв.
  • Арваннэгдүгээр сарын 15 - Панчо Вилла тэргүүтэй Мексикийн босогчид Суйдад Хуарез хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
  • Арваннэгдүгээр сарын 20 - Францын нийслэл Парис хотод орших Эйфелийн цамхагын оройд радио хүлээн авагч суурилуулан АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотод радио дохио илгээжээ.
  • Арваннэгдүгээр сарын 25 - Францын нисгэгч Реймонд де Ларош 325 км замыг дөрвөн цагийн дотор ганцаараа туулжээ. Ингэснээр тэрээр тухайн жилдээ хамгийн хол замыг ганцаараа туулсан эмэгтэй нисгэгч болсон байна.
    • АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсоны охин Жесси Вүүдроу Вильсон Цагаан ордонд хуримлав.
  • Арваннэгдүгээр сарын 26 - АНУ-ын Нью-Йорк хотын цагдаагийн газар Никарагуа улсын экс ерөнхийлөгч Хосе Сантос Зелайаг баривчилжээ.
  • Арваннэгдүгээр сарын 28 - Мексикийн босогчдын толгойлогчдын нэг Панчо Вилла Чиуауа хотод хяналтаа тогтоох, эрх мэдлээ тэлэх зорилгоор босогчдын цэргийн бааз барихаар болсон байна.
  • Арваннэгдүгээр сарын 29 - Олон улсын туялзуур сэлэмний холбоо байгуулагдаж Олон улсын олимпын хороонд албан ёсоор бүртгүүлжээ.

Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Арванхоёрдугаар сарын 1 - "Форд мотор" компани анх удаа үйлдвэрийн шугам гэх ойлголтыг нэвтрүүлж, машин үйлдвэрлэлийн хугацааг 2 цаг 40 минут болгож хурдасгажээ. Хенри Фордын санаачилсан үйлдвэрийн шугам нь олноор үйлдвэрлэх давалгааны эхлэл болсон юм.
    • Балканын нэгдүгээр дайны дараа Туркийн мэдэлд автономи эрхтэй байсан Крит аралыг Грекчүүд эзэлж хяналтаа тогтоожээ.
  • Арванхоёрдугаар сарын 2 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон олон нийтэд хандсан анхны үгэндээ "Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуерта улс орондоо эмх замбараагүй байдал үүсгэсэн тул албан тушаалаа өгч эх орондоо энх байдал тогтоох ёстой" гэж мэдэгджээ.
    • Францын 78 дахь ерөнхий сайд Луй Барту төсвийн тодотголоос шалтгаалан олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан тул албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзав.
  • Арванхоёрдугаар сарын 4 - Владимир Ленины эрхлэн гаргадаг "За Правду" сонинд "Хөдөлмөрчдийн их багш" нэртэй нийтлэл хэвлэгджээ.
  • Арванхоёрдугаар сарын 9 - Мексикийн Чиуауа хотоос Панчо Вилла тэргүүтэй босогчид дүрвэн зугтав.
  • Арванхоёрдугаар сарын 10 - АНУ-ын тэнгисийн цэргийн жанжин штаб Куба улсын Гуантанамо хошуунд тэнгисийн цэргийн баазаа албан ёсоор нээжээ.
  • Арванхоёрдугаар сарын 12 - Алдарт "Мона Лиза" зургийг дуудлага худалдаанд оруулан зарах гэж байсан Винчензо Перужжиа гэгчийг баривчлав.
  • Арванхоёрдугаар сарын 15 - Никарагуа улс зохиогчдын эрхийн олон улсын гэрээнд гарын үсэг зурсан Латин Америкийн гурав дахь улс болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 16 - Шинээр эмхлэгдэн байгуулагдсан Хорват-Славониагийн хаант улсад сонгууль болж Хорват-Сербийн нэгдэл нам 39.09 хувийн саналаар олонх болж ялалт байгуулав.
  • Арванхоёрдугаар сарын 19 - Дэлхийн боксын спортын түүхэнд анх удаагаа хоёр хар арьст тамирчин аваргын төлөө өрсөлдөв. Францын нийслэл Парис хотноо болсон Жек болон Жим Жонсон нарын тулаан 10 үе үргэлжилж онооны зөрөөгөөр Жек Жонсон ялалт байгуулж дэлхийн хүнд жингийн аварга болжээ.
  • Арванхоёрдугаар сарын 21 - Америкийн "Нью-Йорк Уорлд" сонинд Артур Винний зохиосон үгийн сүлжээ анх удаа нийтлэгдэв.
  • Арванхоёрдугаар сарын 22 - Британийн уралдааны машины жолооч Л.Ж.Хорнстед "Бенз 200" маркын автомашинаар цагт 200 км-ын хурд үзүүлсэн анхны жолооч болж, дээд амжилт тогтоов.
  • Арванхоёрдугаар сарын 23 - АНУ-д Холбооны нөөцийн системийг бүрэлдүүлж Төв банк байгуулах "Холбооны нөөцийн тухай хууль"-нд АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон гарын үсэг зуржээ.
  • Арванхоёрдугаар сарын 29 - Кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны олон ангит кино дэлгэцнээ гарав. Анхны олон ангит киног "Кейтлиний адал явдал" гэдэг байв.
    • Нэрт жүжигчин Чарли Чаплин Марк Сеннеттэй хамтран Кийстоун студид кино хийх ажилдаа оржээ.
  • Арванхоёрдугаар сарын 30 - Францад ирээд байсан музейд байсан "Мона Лиза" зураг Итали улсад эргэн иржээ.

Цаг хугацаа нь тодорхойгүй[засварлах | edit source]

  • Францын физикч Жорж Саниа гэрлийн хурдын судалгаагаа эхлүүлжээ.
  • Бизнесмэн Р.Ж.Рейнолдсын үйлдвэрлэсэн "Камел" тамхи АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэв. Ингэснээр Америкийн зах зээлд худалдаанд гарсан анхны савласан тамхи болсон байна.
  • Италийн загвар зохион бүтээгч Марио Прада ах дүүсийн хамтаар "Прада" брендыг үндэслэжээ.
  • Дэлхийн худалдааны тэнцэл анх удаа 38 тэрбум ам.долларын босго давав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

Нэгээс Тавдугаар сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 6 - Академийн наадам болон "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Лоретта Янг (2000 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон (1994 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 10 - Албанийн 23 дахь ерөнхий сайд Мехмет Шеху (1981 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 4 - Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгч Роза Паркс (2005 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 10 - "Индиана Жонес" цувралын зураглаачаар ажилласан Британийн зураглаач Даглас Слокомб (2016 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 13 - Оросын зохиолч, яруу найрагч Сергей Михалков (2009 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 3 - Норвегийн ерөнхий сайд Пер Бортен (2005 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 8 - Алдарт "Лүүний Тюнес" хүүхэлдэйн цувралын найруулагч Боб Клампетт (1984 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 13 - Либерийн ерөнхийлөгч Уиллиам Р.Толберт (1980 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 19 - Энэтхэгийн зургаа дахь ерөнхийлөгч Нийлам Санжива Редди (1996 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 26 - Олимп, тивийн аварга, Дэлхийн хошой аварга Германы хүндийн өргөгч Йозеф Мангер (1991 онд нас барсан)

Зургаагаас Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Зургаадугаар сарын 30 - Колумбын ерөнхийлөгч Альфонзо Лопез Мишельсен (2007 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 12 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллис Лемб (2008 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 14 - АНУ-ын 38 дахь ерөнхийлөгч Жеральд Форд (2006 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 13 - Киприйн анхны ерөнхийлөгч, хамба лам III Макариос (1977 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 16 - Нобелийн шагналт Израйлийн ерөнхий сайд Меначем Бегин (1992 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 27 - Нобелийн шагналт Америкийн невробиологич Рожер Уолкотт Сперри (1994 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 30 - Нобелийн шагналт Британийн эдийн засагч Ричард Стөүн (1991 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 4 - Нобелийн шагналт Америкийн химич Стенфорд Моор (1982 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 12 - Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Америкийн гүйгч Жесси Оуенс (1980 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 14 - Гватемалын ерөнхийлөгч Жакобо Арбенц (1971 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 29 - Академийн шагналт жүжигчин, кино найруулагч Стенли Крамер (2001 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 4 - Гайти улсын анхны ерөнхий сайд Марсиал Селестин (2011 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 10 - Нобелийн шагналт Францын зохиолч Клод Симон (2005 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 22 - Швейцарийн ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ханс-Петер Шуди (2002 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 27 - Нүдний "контакт линз"-ийг зохион бүтээгч Отто Вихтерл (1998 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 5 - "Салхинд туугдагсад" киноны од, Академийн хоёр удаагийн шагналт жүжигчин Вивиен Лей (1967 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 7 - Нобелийн шагналт Францын зохиолч Альберт Камью (1960 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 8 - Нобелийн энхтайвны шагналт, Германы канцлер Вилли Брандт (1992 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 29 - Люксембургын ерөнхий сайд Пьерр Вернер (2002 онд нас барсан)

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

Нэгээс Тавдугаар сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 27 - Австрийн ерөнхий сайд, их гүн Райнер Фердинанд (1832 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 28 - Испанийн ерөнхий сайдаар гурван удаа томилогдсон Сегисмунда Морет (1833 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 22 - Мексикийн 33 дахь ерөнхийлөгч Франциско Мадеро (1873 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 18 - Грекийн хаан I Гиорг (1845 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 31 - Америкийн саятан, хөрөнгө оруулагч, банкир Ж.П.Морган (1837 онд төрсөн)

Зургаагаас Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Зургаадугаар сарын 23 - Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Николас де Пиерола (1839 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 28 - Бразил улсын дөрөв дэх ерөнхийлөгч Мануэль Ферраз де Кампос Сейлс (1841 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 19 - Колумбын 15 дахь ерөнхийлөгч Климако Калдерон (1852 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 29 - Нобелийн энхтайвны шагналт Тобиас Ассер (1838 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 3 - Аяга, таваг угаах машиныг зохион бүтээгч Жозефин Кохрейн (1839 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 9 - Бельгийн 16 дахь ерөнхий сайд Поль де Смет де Наейр (1843 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 29 - Дизель хөдөлгүүр зохион бүтээгч Рудольф Дизель (1858 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 10 - Японы зургаа дахь ерөнхий сайд Таро Кацүра (1848 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 13 - Олимпийн гурван удаагийн аварга Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Ральф Рөүз (1885 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд[засварлах | edit source]

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хорооноос энэ удаагийн физикийн салбарын Нобелийн шагналыг абсолют тэг хэмд юу ч хөлдөхгүй, мөн түүнчлэн шингэн гелиг судласных нь төлөө Нидерландын физикч Хейк Камерлингх Оннест олгохоор болжээ. Харин химийн салбарын Нобелийн шагналыг аравтынгетрадыг металын хувиралд хэрхэн шилжүүлэх талаар судалгааных нь төлөө Швейцарийн эрдэмтэн Альфред Вернерт олгосон байна. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хавдарт гөвдрүү өвчнийг судалж, эмчилгээний арга боловсруулсных нь төлөө Францын физиологич Шарль Ришетэд олгожээ. Энэтхэгийн суут зохиолч Рабиндранат Таагүрт "Энэтхэг хэл дээр соёлын үнэт өвийг туурвисаных нь төлөө" олгохоор болсон байна. Ингэснээр европ болон америк тивийн биш өөр тивээс Нобелийн шагнал авсан анхны тохиолдол болсон юм. Харин Нобелийн энхтайвны шагналыг Олон улсын энхтайвны хороог байгуулж, олон улсад энх амгалан байдлыг сурталчилсаных нь төлөө Бельгийн хуульч Хенри Ла Фонтейнд тус шагналыг гардуулжээ. Та бүхэнд Нобелийн шагналтнуудыг танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Хейк Камерлингх Оннес
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Альфред Вернер
  • Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал - Шарль Ришет
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Рабиндранат Таагүр
  • Нобелийн энхтайвны шагнал - Хенри Ла Фонтейн

Гадаад холбоос[засварлах | edit source]

 Commons: 1913 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан