1956 оны Унгарын хувьсгал

1956 оны Унгарын хувьсгал (1956 оны 10-р сарын 23-наас 11-р сарын 11-ний хооронд болсон; унгар. 1956-os forradalom) - 1956 оны 10, 11-р сард Унгарт тогтсон зөвлөлт дэглэмийн эсрэг боссон зэвсэгт бослого юм. Уг бослогыг Зөвлөлтийн цэрэг оруулж дарсан юм. Хүйтэн дайны нэгэн том илрэл болсон байна.

Баруун болон Унгарын түүхчид энэхүү бослогыг хувьсгал гэж нэрлэж байсан бол албан ёсны Зөвлөлтийн түүхчид — «хувьсгалын эсэргүү үймээн», «хувьсгалын эсрэг фашист үймээн» гэж байсан. Бодит байдал дээр энэ зэвсэгт бослого үндэсний эрх чөлөөний шинж чанартай байсан бөгөөд тариачин, ажилчдаас эхлээд сэхээтэн, цэрэг хүртэл нийгмийн бүхийл бүлэг Унгарын коммунистууд болон зөвлөлтийн Кремлиэс томилогдсон засаг захиргааны эсрэг олноор боссон юм.
Өмнөх нөхцөл
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 оны 11-р сарын 4-нд Унгар улсад бүх нийтийн сонгууль болж, жижиг аж ахуйн нэгжүүдийн бие даасан нам 57%, коммунистууд ердөө 17% санал авчээ. Хоёр жилийн дараа буюу 1947 онд коммунист УХН (Унгарын хөдөлмөрчдийн нам) 22 хувийн саналаар нэгдүгээр байр эзэлж, хоёр жилийн дараа буюу 1949 онд өрсөлдөгчгүй сонгуулиар улс төрийн цорын ганц хууль ёсны улс төрийн хүчин болж хувирсан байна. Унгарын коммунистууд өрсөлдөгчийнхөө эсрэг тулаанд Зөвлөлтийн цэргүүдийг ашигласан байна. Жишээ нь 1947 оны 2-р сарын 25-нд Зөвлөлтийн командлал парламентын нэр хүндтэй гишүүн Ковач Белаг (унгар. Kovács Béla) баривчилж, дараа нь ЗСБНХУ-д аваачиж, тагнуулын хэргээр ялласан байна.
Дэлхийн 2-р дайнд Германы холбоотон байсан Унгар улс хэдэн жилийн турш ЗХУ, Чехословак, Югослав улсад нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн, заримдаа энэ дүн үндэсний бүтээгдэхүүний дөрөвний нэгд хүрч байсан нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байв.
Өрнөл
[засварлах | кодоор засварлах]Унгарын коммунистууд болох Унгарын Хөдөлмөрийн намын дотоод зөрчилдөөн 1956 оны 7-р сард Намын 1-р нарийн бичгийн дарга Ракоши Матьяшийг Аюулаас хамгаалахын сайд Герё Эрнёгоор солиход хүргэсэн байна. Ракошиг огцруулсан, мөн 1956 оны Познань (Польш) дахь бослого зэрэг нь Унгарын оюутан, сэхээтнүүдийн дунд тодорхой сэтгэл зүйн байдал бүрэлдүүлсэн.
Хойд Солонгосын 200 орчим оюутан 1956 оны намар Унгарт болсон үймээн самуунд автсан байна. Тэдний дунд Солонгосын дайнд оролцсон олон ахмад дайчид байлдааны туршлагагүй унгар оюутнуудад зэвсэгтэй харьцах арга зааж байжээ. Анагаахын хэд хэдэн оюутан бүс нутгийн эмнэлгүүдэд ажиллаж, шархадсан хүмүүсийг буюу Унгарын босогчид, Зөвлөлтийн цэргүүдийг эмчилдэг байв. Хойд Солонгосын зарим иргэд өөрсдөө голдуу Будапешт, Веспрем хотын гудамжинд тулалдсан. Бослого ялагдсаны дараа ЗХУ, Бүгд Найрамдах Унгар Ард Улсын аюулгүй байдлынхан Хойд Солонгосын оюутнуудыг (тэд гадаад төрхөөрөө амархан ялгардаг) цуглуулж, 1956 оны 12-р сард БНАСАУ руу бүгдийг буцаасан байна.