II Густав Адольф
II Густав Адольф | |
---|---|
Шведийн хан | |
Хаанчлал | 1611 оны 10 сарын 30 – 1632 оны 11 сарын 6 |
Хаан суусан | 1617 оны 10 сарын 12 |
Төрсөн огноо | 1594 оны 12 сарын 9 |
Төрсөн газар | Тре Кронор ордон, Швед |
Өнгөрсөн огноо | 16 November 1632 | (37 насалсан)
Өнгөрсөн газар | Лүтцен, Саксоны электорат |
Оршуулсан | Риддархолмен сүм, Стокхольм |
Өмнөх | IX Чарльз |
Удаах | Кристина |
Хатан | Бранденбургийн Мариа Элеонора |
Хүүхэд | Кристина |
Уриа | Cum Deo et victribus armis ("Бурхан болон зэвсгийн хамтаар ялна") |
Эцэг | IX Чарльз |
Эх | Холстайн-Готторпийн Кристина |
Ургийн овог | Васагийнхан |
II Густав Адольф (шве. Gustav II Adolf, 1594 оны 12 сарын 9 – 1632 оны 11 сарын 6), буюу Густавус Адольфус, мөн Густавус, Агуу Густавус, Агуу Густав Адольф (шве. Gustav Adolf den store нь Шведийн парламентаас 1634 онд баталсан албан ёсны нэр болно) нь Шведийн эзэнт улс (буюу Stormaktstiden – "Агуу хүчний эрин")-ыг үндэслэж, Шведийн Алтан үеийн суурийг тавьсан хан юм. Түүнийг Шведийн хан ширээнд сууж байсан 1611–1632 он нь Гучин жилийн дайны үе байсан бөгөөд тэрээр Европ дахь улс төр, шашны хүчний тэнцвэртэй байдлыг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэж байлаа. Түүний хамгийн тод тэмдэглэгдэх цэрэг дайны ялалт нь Брайтенфелдийн тулалдаан (1631) юм. Сайтар зэвсэглэж, сайн сургуулилсан анги нэгтгэлүүд нь засгийн газраас цалинг нь цаг тухайд нь олгож байсан тул урамтай байлддаг байсан, тиймээс ч Густав Адольф Европын нөлөө бүхийн удирдагчдын нэг болж чадсан боловч харамсалтай нь 1632 онд тулалдааны талбарт амь үрэгджээ. Түүнийг амь үрэгдсэний дараа шадар туслах, язгууртан Аксел Оксенстиерна (1583–1654) түр зуур төр барьж байв.
Түүний төр барьж байх жилүүд нь зогсоо чөлөөгүй дайн тулалдаанаар дүүрэн байсан бөгөөд тэрээр хааны хувиар 1611 оноос (17 настайгаасаа) эхлэн 1632 онд тулалдааны үеэр алагдах хүртлээ армиа удирджээ. Швед нь бүс нутгийн нөлөө бүхий орноос Европын агуу хүчит орнуудын тоонд багтаж, Европын үлгэр жишээ засгийн газар гэгдэж байв. Швед улс түүний засаглалын үед хэдхэн жилийн дотор газар нутгийн хэмжээгээрээ Европт Орос, Испанийн дараа гуравдугаарт орох болтлоо томорч чаджээ. Зарим хүмүүс түүнийг "орчин үеийн тулааны урлагийн эцэг"[1], мөн орчин үеийн анхны агуу генерал гэдэг. Тэрээр Швед болон Протестантуудаас Леннарт Торстенссон нарын олон арван шилдэг удирдагчдыг халамжилж байсны хүчинд Густав Адольфыг нас барсны дараа ч тэдгээр шилдэг жанжид дайснуудаа ялж, хил хязгаараа өргөтгөн, эзэнт гүрнийхээ хүч чадлыг удаан хугацаагаар хадгалж чадсан билээ.
Түүнийг хөрш зэргэлдээ улсынхан нь "Алтан хан" , "Умрын арслан" гэх зэргээр өргөмжилдөг байлаа. Өдгөө түүний нэрээр нэрлэгдсэн талбай Стокхольм, Гётеборг, Сундсвалл хотуудад байдгаас гадна Америкийн Нэгдсэн Улсын Миннесота муж улсын Сент-Петер хотод байх Лютераны коллеж (Густавус Адольфус Коллеж) Шведийн ханы нэрээр нэрлэгдсэн байдаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Dodge, Theodore Ayrault (1890). Gustavus Adolphus: A History of the Art of War from Its Revival After the Middle Ages to the End of the Spanish Succession War, with a Detailed Account ... of Turenne, Conde, Eugene and Marlborough. Boston and New York: Da Capo Press Inc. ISBN 978-0306808630.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(help)