Вудро Вилсон

Вудро Вилсон. 1919 он.

Томас Вудро Вилсон (Уилсон; англи. Thomas Woodrow Wilson, гол төлөв Вудро Вилсон гэдэг; 1856 оны 12-р сарын 28-нд Стонтон хотод төрсөн- 1924 оны 2-р сарын 3-нд Вашингтон хотод нас барсан) АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч (1913—1921). Мөн түүнийг түүхч, улс төр судлаач гэж мэддэг. 1919 оны Нобелийн Энхтайвны шагналтан.


АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшсэн тэрээр 1910 онд Нью Жерси мужийн захирагчаар, 1912 онд Бүгд найрамдах намын санал Теодор Рузвельт, Уильям Тафт нарын хооронд хуваагдахад АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр 1916 онд дахин сонгогдов. Түүний ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь АНУ Дэлхийн 1-р дайнд орсон (1917 оны 3-р сар) болон Вилсоны Арван дөрвөн зүйлд илэрхийлсэн идэвхтэй дипломат энх тайвны хүчин чармайлтаар тэмдэглэгдсэн байв. Вилсон Европт албан ёсны айлчлал хийсэн (Парисын энх тайвны бага хуралд оролцох) АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон юм. Вилсоны саналууд "Версалийн гэрээ"-ний үндэс болсон. Вилсон Үндэстнүүдийн Лиг байгуулах санаачлагчдын нэг байсан боловч АНУ-ын Сенат энэ байгууллагад элсэхээс татгалзсан юм.

Вудро Вилсон 1924 оны 2-р сарын 3-нд нас барж, түүнийг Вашингтоны сүмд оршуулжээ.