Версалийн гэрээ
Версалийн гэрээ (Англи: Treaty of Versailles) нь Дэлхийн нэгдүгээр дайныг дуусгавар болгосон энхтайвны гэрээнүүдийн нэг юм. Уг гэрээ нь Герман ба Холбоотнуудын хоорондын дайны байдлыг зогсоожээ. 1919 оны 6 сарын 28-нд буюу дайны галыг өрдсөн, хунтайж Франц Фердинандын аллагаас яг 5 жилийн дараа Версалийн гэрээнд талууд гарын үсэг зурсан билээ. Төвийн хүчнийхэн буюу Германы холбоотон болох бусад орнууд тус тусдаа энхтайвны гэрээнүүдийг үйлдсэн юм. Хэдийгээр 1918 оны 11 сарын 11-нээс хойш сөргөлдөгч талууд гал зогсоож, дайны гал намжаад байсан ч Парисын энхтайвны хэлэлцээр энэхүү үр дүнг авчрахын тулд бүхэл бүтэн хагас жил зарцуулагджээ.
Гэрээ ёсоор Германы тал дайны бүх хариуцлагыг хүлээж, зэвсэггүй орон болох, тодорхой орнуудад нөхөн төлбөр өгөх зэрэг заалтууд орсон бөгөөд Герман улсын төлөх ёстой нөхөн төлбөрийн нийт хэмжээ 1921 онд 132 тэрбум марк (31,5 тэрбум ам.доллар) байв.
Гэхдээ уг гэрээнд Холбоотны талын бүх орон өөрсдийн хүссэн шаардлагыг оруулж чадаагүй бөгөөд Герман улсыг сулруулж, цэрэг зэвсгийн хувьд аюулгүй болгох оролдлого нь бүтээгүй төдийгүй энэхүү гэрээнээс болж ялагч орнуудын хоорондын өрсөлдөөн, зөрчил гүнзгийрсэн гэж хэлэхэд болно. 1930-аад онд Герман улс Версалийн гэрээнээс гарч, дахин дэлхийн хэмжээний дайн эхлүүлсэн билээ.