Jump to content

Метрополитен Опера

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Метрополитен Опера. Нью-Йорк хот

Метропо́литен Опера (англи. Metropolitan Opera, үгчилбэл. Хотын дуурь) —1880 онд Хөгжмийн академи (англи. Academy of Music)-д өрсөлдүүлж Нью-Йорк хотод байгуулагдсан дуурийн хамтлаг. 1966 оноос Линкольны урлагийн төв-д Метрополитен Опера-д тусгайлан зориулан барьсан барилгад байралаж ирсэн. Энэ бол дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй дуурийн театруудын нэг юм. Ихэнхдээ "The Met" гэж товчилж нэрэлдэг байна.

"Метрополитен-опера хаус" компанийн хөрөнгөөр ​​байгуулагдсан бөгөөд баян чинээлэг пүүс, хувь хүмүүс ивээн тэтгэдэг.

Театр жилийн долоон сар буюу 9-р сараас 4-р сар хүртэл тоглолттой байдаг. Долоо хоногийн ням гарагаас бусад өдөр ямар нэг тглолт үзүүлдэг. Бямба гаригт өдрийн болон үдшийн хоёр тоглолт үзүүлдэг байна. 5-р сараас 6-р сар хүртэл театр өөрөө аялан тоглолт хийдэг юм. Нэмж дурдахад, 7-р сард театр нь Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд үнэ төлбөргүй тоглолт үзүүлж маш олон хүний анхаарлыг татдаг байна.

Театрын найрал хөгжимчид болон найрал дуучид байнгын ажилтай, харин гоцлол дуучид болон хөгжмийн удирдаачдыг улирлын гэрээгээр эсвэл 1-2 удаагийн тодорхой тоглолтонд урьж оролцуулдаг байна. Уламжлал ёсоор дуурийг эх хэл дээр нь тоглодог бөгөөд англи, испани, герман хэлээр хадмал орчуулгатай дагалдуулдаг бөгөөд итали хэл дээрх дуурь нь итали хадмалтай байдаг. Танхимын суудал бүр нь урд талын суудлын ард байрладаг дэлгэц дээр үзэгчийн сонгосон хадмал орчуулга гардаг юм. Урын сан нь үндсэндээ дэлхийн сонгодог бүтээлээс бүрддэг.

"Метрополитен Опера" компани нь 1880 онд байгуулагдсан бөгөөд Бродвэй дэх Кливленд Кади-гийн барьсан Дуурийн театрт байрладаг байсан. 1892 оны 8-р сарын 27-нд гарсан гал түймрээс барилга ихээхэн сүйдсэн. Сэргээн босголтын ажил дууссаны дараа дуурь дахин нээгдэж, 1966 он хүртэл тус барилгыг ашигласан. Сүүлд 1962 онд компанийн удирдлагууд дуурийн театрыг шинэ байранд шилжүүлэхээр шийджээ.

1966 оны 9-р сард тус компани бусад арван хоёр байгууллагын хамт Манхэттэн дэх Линкольны урлагийн төв дахь шинэ байранд нүүжээ. Тус танхим нь 3900 үзэгчийн ​​суудалтай. Гайхамшигтай хөшиг нь хэдэн зуун кг жинтэй бөгөөд цэвэр торгон хатгамал, чимэглэгдсэн байдаг. Тайзны тоног төхөөрөмжийг Германы Герриц компанид үйлдвэрлэсэн. Үндсэн тайзнаас гадна гурван туслах тайз байдаг. Театрын дотоод ханыг Марк Шагалын монументаль фрескээр чимэглэсэн байдаг.

Метрополитен Опера-г 1883 оны 10-р сарын 22-нд Чарльз Гуногийн "Фауст" дууриар нээсэн. 1966 оны 9-р сарын 16-нд Линкольны урлагийн төвд шинэ дуурийн театрын нээлт Самуэл Барберын "Антоний ба Клеопатра"- гаар нээлтээ хийсэн байна.

20-р зууны эхэн үеэс эхлэн "Метрополитен Опера" театрыг Венийн дуурь, Милан дахь Ла Скала театрын хамт дэлхийн тэргүүлэгч дуурийн тайз гэж үздэг болсон.