Нэг чигийн толь
Нэг чигийн толь (мөн хагас нэвтрүүлэх толь, венецийн толь, испанийн толь, дурангийн толь, Гезелийн толь эсвэл цагдаагийн толь) гэдэг нь нэг талаас нь туссан гэрлийн ихэнх нь буцан ойж бага зэргийг нь л нэвтрүүлэх бол нөгөө талд нь ирэх гэрлийг бүрэн шингээдэг оптикийн шилэн хавтанцар юм. Хагас толин шилийг сүүлд боловсронгуй болгосон боловч Америкийн сэтгэл судлаач Арнольд Гезелл (1880-1961) анх эрдэм шинжилгээний тушилтдаа ашиглаж байсан тул түүний нэрийг уг шилэнд өгсөн ажээ.
Уг шилийг үйлдвэрлэхэд шүршиж ашигладаг гол материалын нэг бол титан юм. Титан нь гадны нөлөөнд маш тэсвэртэй металл тул төрөл бүрийн нөхцөлд ашиглахад ямар нэг нөлөөгүй байдаг. Ашигласан металлын хольц, тэдгээрийн ислээс хамааран толин шил янз бүрийн өнгөт тусгал (цэнхэр, оюу, алтан ба хөх, ногоон, ган өнгө гэх мэт) авдаг.
Ийм шилийг архитекторууд сүүлийн үед шинэ барилгын гаднах өнгөлгөөнд ихэвчлэн ашиглаж байна. Тэд хурлын өрөө, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ, цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөө, сэтгэл зүйчийн (ялангуяа хүүхдүүдэд зориулсан) өрөөг тохижуулахад идэвхтэй ашигладаг. Сэтгэл зүйчид хүүхдүүдийг Гезелийн толины тусламжтай тэдэнд саад учруулахгүйгээр ажигладаг бөгөөд энэ нь хүүхдийг байгалийн жамаар байгаа байдлаар байлгаж сурган хүмүүжүүлэх нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжийг олгодог байна.