Jump to content

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олон улсын Хөнгөн атлетикийн Холбоо (англи: IAAF) нь хөнгөн атлетикийн спортын Дэлхийн Удирдах Дээд байгууллага бөгөөд 1912 оны Шведийн Стокхольмын зуны олимпын наадмын хөнгөн атлетикийн тэмцээнээс хойш 2 өдрийн дараа байгуулагдсан.

1912 оны зуны олимпын дараа Австрали, Австри, АНУ, Бельги, Герман, Грек, Дани, Египет, Унгар, Канад, Орос, Норвеги, Финлянд, Франц, Швед, Их Британи, Чили зэрэг 17 улсын төлөөлөгчдийн оролцоотойгоор олимпын наадам, олон улсын уралдаан тэмцээн зохиох, рекорд амжилтыг батламжлах зэрэг бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг хэлэлцэн 1912 оны 7 дугаар сарын 17-нд ОУХАСХ /IAAF – International Amarteur Athletic Federation/-г байгуулжээ. Берлинд 1913 онд хуралдсан чуулганаар холбооны анхны дүрмийг баталж Шведийн иргэн Зигфрид Эдстромийг Ерөнхийлөгчөөр, Кристиан Холлстремийг хүндэт даамлаар сонгожээ. Францын Лион хотноо 1914 онд болсон чуулганаар олон улсын уралдаан тэмцээний дүрмийг баталж, дэлхийн рекорд амжилтыг анх удаа нийтэлж, үндэсний холбоодод уралдаан тэмцээний дүрмээ боловсруулахыг даалгаж Шведийн иргэн Хилдингом Коеллманыг хүндэт даамлаар сонгосон.Бо Эклунд /Швед/ хүндэт даамал, нарийн бичгийн даргаар 1930 онд сонгогдож, 1946 он хүртэл гүйцэтгэсэн.

Эвери Брэндедж /АНУ/-ээр ахлуулсан хороо шийдвэр хэрэгжүүлэх, дүрэм болон рекордын асуудлыг хариуцах болсон байна. Энэ хороо нь 1934 онд Турин хотод Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Уг тэмцээн зохион байгуулагдсанаар тив ба бүсийн холбоодын эхлэл тавигджээ.

Улс орнуудын тив болон бүсийн байршлаар тодорхой группүүдэд хуваагдан аварга шалгаруулах тэмцээнүүдээ зохиож ирсэн. 1968 онд IAAF-ийн их хурлаар тив ба бүёийн холбоодыг байгуулсан. 1969 онд ЕАА Европын Хөнгөн атлетикийн холбоо байгуулагдаж одоо 49 улс хамрагдаад байна. 1972 онд ОАА –Далайн бүсийн холбоо байгуулагдаж одоо 19 улс хамрагдаад байна. 1974 онд ААА –Азийн хөнгөн атлетикийн холбоо байгуулагдаж одоо 45 улс хамрагдаад байна. 1989 онд САА – Африкийн хөнгөн атлетикийн холбоо байгуулагдаж одоо 53 улс хамрагдаад байна. 1989 онд NACAC –хойд, Төв Америк болон Карибын Хөнгөн атлетикийн холбоо байгуулагдаж одоо 32 улс хамрагдаад байна. 1989 онд Cosudatle – Өмнөд Америкийн Хөнгөн атлетикийн холбоо байгуулагдаж одоо 13 улс хамрагдаад байна. Хөнгөн атлетикийн тамирчдын амжилт улам эрчимтэй өсч мэргэжлийн түвшинд хүрч байгаатай холбогдуулан 2001 онд Канадын Эдмонтон хотод болсон Хөнгөн атлетикийн 44 Их хурлаас ОУХАСХолбоо нь нэр, билэгдлээ өөрчилж ОХХАХолбоо гэдэг нэртэй болсон. “Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо” болон нэрээ өөрчилж өнөөдөр үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ, телевиз сурталчилгаа, маркетингээс олсон орлогоор мэргэжилтнүүдийг дэмжин тусалдаг.

ОУХАХ нь бүтэц, зохион байгуулалтын хувьд боловсронгуй болж гишүүн улсын тоо 1912 онд 17 улс, 1913 онд 34 улс, 1964 онд 130 улс, 1978 онд 160 улс, 1982 онд 170 улс, 1992 онд 200 улс, 1993 онд 204 улс, 2005 оны байдлаар 211 гишүүн улстай болсон. ОУХАХ-ны төв 1912-1946 онд Стокольмд, 1946-1993 онд Лондонд, 1993 оноос одоог хүртэл Монакод байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.