Jump to content

Оросын үндсэрхэг үзэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Орос оронд өрнийн нөлөө тусч эхэлсэн тэр цагт Оросын үндэсний гэх үзэл анх эхээ авсан гэж хэлж болох юм. Энэ бол 19 дүгээр зуун байлаа.

Славофилизм нь 19 дүгээр зуунд бидний одоогийн хэлж заншснаар сэхээтнүүдийн хөдөлгөөн хэлбэртэй гарч ирсэн. Гол санаа нь Баруун Европын нөлөөг эсэргүүцэж Оросын эзэнт гүрэн өөрийн гэсэн арга замаар хөгжих тухай байсан юм. Ийм маягийн хөдөлгөөн мөн Польш, Унгар, Грект бий болсон байв. Тэд хаант засаг бол Оросын уламжлал бөгөөд Орос орон гэдгийг илэрхийлэх мөн чанар гэж үздэг байсан байна. Славофилүүд Оросын уламжлалт соёлыг хамгаалахын сацуу индивидуализмыг үгүйсгэж байсан байна. Тэд төр гэхээсээ илүүтэй Оросын ортодокс сүмийн үүрэг ролийг өндөрт тавьж байжээ.

Тэд социалист үзлийг харийн гэж үздэг байлаа. Тэд үйлдвэржих гэдгээс илүүтэй хөдөөгийн тариачны амьдралыг чухалчилж чухамдаа тариачны амьдрал пролетари масс үржихийг хязгаарлагч хүчин гэдэг байжээ. Славофилүүд Аугаа их Петр хаан, Екатерина хатан хааны хийсэн өөрчлөлтийг үгүйсгэж Петр хаанаас өмнөх үеийн хувцас өмсдөг байж. Славофилизм нь улс төрийн бодлого дээрээ Пан Славизмын хөдөлгөөн хэлбэртэй буюу Оросын хааны дор Османы дарлалаас Балканы славянчүүдийг чөлөөлж нэгтгэх хүсэл эрмэлзлийг илэрхийлж байжээ. 1877-1878 оны Орос-Туркийн дайн нь славофилизмын түрэмгийллийн дээд цэг нь байсан юм. Бусад славян үндэстний хувьд Славофилизм нь хэн гэдгээс хамаарч өөр өөр байр суурь баримталж байв.

Оросын Эзэнт гүрэн өөрийн оросуудаас гадна украйн, польш, белорусс үндэстэнд нөлөөтэй байсан. Украйн, белоруссын хувьд славофилүүд тэднийг Их Орос үндэстний нэг хэсэг гэж үзэж, Белүруссыг цагаан орос, украйнчүүдийг жижиг Орос гэж нэрийддэг байлаа. Тэд эдгээр үндэстний соёлын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй түүнийг “Польшийн явуулга” гэж үзэж байсан байна. Иймдээ ч Славофилүүд Польшид дайсагнасан хандлагатай явж иржээ. Орос оронд хамжлагын ёс халагдаж, Польшид бослого тэмцэл гарсантай холбогдуулан Славофилүүдийн славян үндэстнүүдийг нэгтгэх хөөрөл дарагдаж, славофилизм илүү орос маягийн үндэсний үзэл буюу шинэ славофилизм болж хувирах эхлэл болсон байна.

Шинэ славофилизмын том төлөөлөгч нь Н.Данилевский, К.Леонтьев зэрэг эрдэмтэд байлаа. Данилевский Оросын эзэнт гүрний хил хязгаарыг тэлэх явдал оросын амин сонирхол гэж байсан бол Леонтьев цагдаагийн улс байгуулах нь Европын нөлөөнөөс Оросыг хамгаалах хэрэгсэл гэдгийг сурталдаж байжээ. Хожмоо Ф.Достоевский, Н.Данилевский, К.Леонтьев нар славофилизмын консерватив хэлбэр болох Почвеничество (Орос хэл дээр почва гэдэг нь хөрс гэсэн үг агаад Хөрсөндөө буух гэсэн утгатай) үзлийг хөгжүүлжээ. Энэ бол Оросын үндэсний үзлийн суурь дэвсгэр байлаа.

Гэвч өнөөгийн Оросын удирдлага Оросын үндэсний үзлийг орлуулахын тулд Патриотизм гэх хэллэг, ер нь албан ёсоор эх оронч үзэл гэх бодлого явуулахыг оролдож байгаа ч тэр нь үндэсний гэхээсээ илүүтэй Оросыг баруунжуулах бодлогын илэрхийлэл болж байгаагаараа парадокс үзэгдэл болж байгаа юм.