Уран зураг
Уран зураг (англи.Painting, франц. Peinture, орос. Живопись) - хатуу гадаргуу дээр будаг, пигмент, өнгө болон бусад хэрэгслийг дадал туршлагаар түрхэж дүрслэх урлаг юм. Бүтээгдэхүүнийг ихэвчлэн бийрээр сууринд түрхдэг боловч хутга, хөвөн, будаг шүршигч зэрэг бусад хэрэгслийг ашиглаж болно. Уран зургийн гол илэрхийлэх хэрэгсэл бол өнгө, сүүдэр юм.
Уран зургийн суурь нь хана, цаас, зотон, мод, шил, керамик, төмөр, зэс, бетон шавар, гипс болон бусад төрөл бүрийн материал байж болдог байна.
Уран зураг нь зураг дүрсээр илэрхийлэгддэг урлагийн төрөл юм: энэ нь зөвхөн өнгө, өнгөний хамаарал төдийгүй, мөн гэрэл, сүүдрийн шилжилт, график (шугам) дүрс будгийн давхаргын бүтэц байдаг. Ийм олон төрлийн дүрсний ажилбараар тус урлаг нь зургийн чанар, дүрсний тод байдал, дүрсэлсэн зүйлийн хэлбэр, орон зайн талаарх хамгийн бүрэн санааг өгдөг учраас алдартай, түгээмэл болдог байна. Тиймээс уран зураг нь "дүрслэх" урлагийн академик гурвал болох "уран зураг, уран баримал, архитектур"-д тэргүүлэх байрыг эзэлдэг байна.
Төрөл жанрууд
[засварлах | кодоор засварлах]- Шашны уран зураг (франц. Art religieux) бол бурханд итгэх итгэл, шашны зан үйл, шашны амьдрал, бурханлаг хүчний бэлгэдэлтэй салшгүй холбоотой урлагийн нэг төрөл жанр юм.
- Хөрөг зураг (франц. Portrait) гэдэг нь бодит байдал дээр байгаа эсвэл оршин байсан хүн эсвэл хэсэг хүмүүсийн нүүрний дүр төрхийг дүрсэлдэг юм. "Хөрөг нь өнгөрсөнд байсан эсвэл одоо байгаа тодорхой, бодит хүний гадаад төрхийг (мөн түүгээр дамжуулан дотоод ертөнцийг) дүрсэлсэн байдаг". Хөрөг зургийн дэд төрлүүдэд ёслолын, танхим, бүлэг, зүйрлэл, өөрийн хөрөг зураг ордог. Гэр бүлийн болон мэргэжлийн шалгуурын дагуу дан чуулга болгон байрлуулсан хөрөг зургууд (жишээлбэл, холбооны гишүүд, цэргийн ангийн офицеруудын зураг) хөрөг зургийн галерейг бүрдүүлдэг.
- Түүхэн үйл явдлын уран зураг (франц. Peinture historique) нь Сэргэн мандалтын үеэс үүссэн, бодит түүхэн үйл явдал, дүрүүд эсвэл домог зэргийн сэдэвт зориулагдсан уран зургийн төрөл юм. Эдгээр сэдвүүдийг нэгтгэж болно - түүхэн сэдэвт уран зураг нь ихэвчлэн домог, шашны гарал үүсэлтэй зүйрлэлтэй дүрүүдийг дүрсэлсэн байдаг. Тиймээс дорно дахины уран зурагт хааны ялалтын эсвэл түүний бурхнаас эрх мэдлийг хүлээн авсан тухай дүрсэлсэн тодорхой төрлийн бэлгэдлийн найрлага байдаг. Мольберт зургийн анхны бодит түүхэн зургуудын нэг бол 1630-аад оны үед Веласкесийн бүтээсэн "Бредагийн бууж өгсөн явдал" юм.
- Дайн тулааны зураг (франц. bataille, англи. Battle) нь түүхэн төрөлтэй нягт холбоотой дүрслэх урлагийн нэгэн төрөл юм. Дайн байлдааны зургууд нь дайн ба цэргийн амьдралын сэдэвт зориулагдсан байдаг. Тулааны төрөлд гол байрыг хуурай газар, далайн тулаан, цэргийн кампанит ажлын дүр зураг эзэлдэг юм. Зураач тулалдааны онцгой чухал буюу онцлог мөчийг буулгаж, дайны баатарлаг үйлсийг харуулахыг эрмэлзэж, цэргийн үйл явдлын түүхэн утгыг илэрхийлэхийг эрмэлздэг байна.
- Үлгэр домгийн сэдэвт зураг (франц. mythologique) бол эртний хүмүүсийн үлгэр домгийн баатрууд, үйл явдалд зориулсан бүтээлүүдийг багтаасан төрөл юм. Дайн тулааны зургийн нэгэн адил домогт уран зураг нь түүхэн уран зурагтай зэрэгцэн оршдог бөгөөд энэ нь эртний домог зүйд ихээхэн анхаарал хандуулж, Сэргэн мандалтын үед хэлбэр загвараа олж авсан (ердийн жишээ бол 1484 онд зурсан Сандро Боттичеллигийн "Сугар гаргийн төрөлт" зураг юм). 19-20-р зуунд герман, кельт, слав, энэтхэгийн домог судлалын сэдэвт бүтээлүүд илүү олон гарч эхэлсэн.
- Байгалийн зураг (англи. landscape, франц. paysage) бол зургийн гол сэдэв нь онгон дагшин байгаль буюу хүний гараар тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байгаль байдаг уран зургийн төрөл юм. Энэ төрөл эрт дээр үеэс оршин байсан боловч дундад зууны үед ач холбогдлоо алдаж, Сэргэн мандалтын үед дахин гарч ирснээр аажмаар хамгийн чухал уран зургийн төрөл болжээ. Хэрэв байгалийн зураг дээр хүний дүрс байгаа бол тэдгээр нь хоёрдогч туслах элементийн үүрэг гүйцэтгэдэг байна. Нийтлэг дэд төрлүүд нь архитектурын бюу барилга байгууламжийн зураг, далайн байдлын зураг-марина, зөгнөлт зураг-capriccio зэрэг юм.
- Интерьер (франц. intérieur) битүү орон зай буюу барилгын дотоод засал чимэглэлийн зураг. Хэдийгээр дотоод заслын элементүүд нь эртний урлаг, дүрсний уран зургийн бүтээлүүдэд байсан боловч тэдгээр нь бие даасан утгагүй бөгөөд зөвхөн үйл ажиллагааны байршлыг илтгэх хэрэгсэл болж байв. Сэргэн мандалтын үед өргөн панорам зургийн төлвийг зохион бүтээсэн нь дотоод уран зургийн хөгжилд түлхэц өгсөн. Энэ төрөл нь 17-р зуунд Адриан ван Остаде, Эмануэль де Витте зэрэг Голландын зураачдын бүтээлээр бүрэлдэж, сүм хийдийн дотоод засал чимэглэлийг дүрсэлсэн уран зураг бүтээж байжээ.
- Натюрморт бол дүрслэх урлагт амьгүй биетийн дүрслэл юм. Ихэнхдээ натюрморт нь гэр ахуйн болон хөдөлмөрийн эд зүйлс, цэцэг, жимс жимсгэнэ, баригдсан загас, үхсэн ан амьтдыг дүрсэлдэг. Энэ тохиолдолд объектуудыг байгалийн орчинд дүрсэлж эсвэл нарийн төвөгтэй бүтцийг бий болгож, эсвэл жинхэнэ мөн чанар байгаа мэт хуурмаг байдлыг бий болгож чаддаг. Мольберт зургийн анхны натюрморт нь Венецийн Жакопо де Барбаригийн "Сумтай, бээлийтэй ятуу" уран зураг гэж тооцогддог боловч энэ нь зөвхөн 17-р зуунд Голланд, Фламандын зураачдын бүтээлд бие даасан төрөл хэлбэрээр гарч ирсэн. Түүнээс хойш энэ нь уран зургийн чухал төрөл жанр болж ирсэн.
- Үзэгдэийн уран зураг (франц. genre) нь дүрслэх урлагийн өдөр тутмын төрөл зүйлийг дүрсэлдэг нэг хэсэг юм. Өдөр тутмын үзэгдэл нь эрт дээр үеэс уран зургийн сэдэв байсаар ирсэн бөгөөд эртний дорно дахины зураг, эртний вааран зурагт байдаг боловч жанрын зураг нь зөвхөн 14-15-р зуунд тусдаа төрөл болж гарч ирсэн. Шинэ эриний нийгмийн өөрчлөлтийн эрин үед, ялангуяа 16-р зууны Нидерландад ялангуяа хүчтэй хөгжсөн; Цэвэр өдөр тутмын төрөлд шилжих нь ахлах Питер Брюгелийн бүтээлүүд нөлөөлсөн байна.
- Амьтны зураг (латин. animal) гол объект нь амьтдын дүр төрх бүхий уран зураг. Зураач амьтны шинж чанар, түүний зуршил, зан чанарыг илэрхийлэхэд гол анхаарлаа хандуулдаг бол ихэнхдээ хүний шинж чанарыг дүрүүдэд өгч, хүний сэтгэл хөдлөл, үйлдлийг мөн дамжуулж тодорхойлдог.
- Хийсвэр зураг (латин. abstractus) гэдэг нь хүнийг хүрээлэн буй бодит байдлын тодорхой зүйлийг хийсвэрлэн ойлгож хийсвэр хэлбэр дүрсийг дүрслэх урлаг юм.