Хиймэл дагуул
Хиймэл дагуул (орос. спутник, англи. satellite) гэдэг нь хүний зохион бүтээж, сансрын тойрог замд байрлуулсан зүйлийг хэлнэ. Сар зэрэг бусад байгалийн дагуулаас ялгаж хүн хийж бүтээсэн гэдгийг онцолхын тулд "хиймэл" гэх нэрийг хэрэглэдэг.
Хүн төрөлхтний бүтээсэн анхны хиймэл дагуул болох Спутник-1-г Зөвлөлт Холбоот Улсын Сергей Королёв, Мстислав Келдыш нарын олон эрдэмтэд бүтээж, анх 1957 оны 10-р сарын 4-нд хөөрөгсөн байна. Энэ үйл явдал хүн төрлөхтөний хөгжлийн түүхэнд шинэ эрин нээсэн юм.
Түүнээс хойш 6,600 орчим (2013 оны байдлаар[1]) хиймэл дагуул сансарт хөөрч дэлхийн тойрог замд орсон байна; үүнээс маш цөөхөн хэсэг нь сансарт угсрагдаж сансрын станц зэрэг томоохон байгууламжуудыг бий болгож, ихэнх нь ашиглалтаас гарч сансрын хаягдал болж, зарим нь дэлхийн агаар мандалд орж шатаж дуусах эсвэл газар болон далай тэнгист унасан байна. Эх сурвалж[2]-ийн мэдээгээр 2017 оны 8 сарын байдлаар 1,738 хиймэл дагуул сансарт идэвхтэй ажиллаж байна. Гэсэн хэдий ч ашиглалтаас гарсан хэдэн мянган хиймэл дагуул, хиймэл дагуулын болон цойлуурын хэлтэрхий дэлхийн тойрог замд сансрын хаягдал болон эргэлдсээр байна. 2018 онд Шинэ Зеланд улсаас Электрон цойлуур (пуужин) хөөрч сансарт хиймэл дагуул байрлуулснаар дэлхий дээр нийт 11 улс сансрын буудлаасаа хиймэл дагуул хөөргөх чадамжтай болжээ. Цөөн тооны сансрын судалгааны хөлөг дэлхийгээс бусад Сар, Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир, Нарны тойрог замд байрлан, хиймэл дагуул болон ашиглагдаж буй.
Хиймэл дагуул нь олон янзын зорилгоор ашиглагддаг. Гол төрлүүд нь цэрэг болон иргэний зориулалттай Дэлхийн ажиглалтын хиймэл дагуулууд, холбооны хиймэл дагуулууд, навигацийн хиймэл дагуулууд, цаг уурын хиймэл дагуулууд, судалгааны хиймэл дагуулууд юм. Сансрын станц болон сансрын хөлөг ч тойрог замд байрласан үедээ хиймэл дагуул гэж хэлж болно. Хиймэл дагуулын тойрог зам нь зорилгоосоо шалтгаалаад янз бүр байдаг бөгөөд олон янзаар ангилагддаг. Хүмүүсийн сайн мэддэг тойрог зам нь Дэлхийн доод тойрог зам, туйлын тойрог зам, геостанцын тойрог зам зэрэг болно.
Хиймэл дагуул нь ихэнхдээ хагас биеэ даасан, компьютерын удирдлагатай системээр ажилладаг. Үүнд эрчим хүч үүсгүүр, дулааны хяналтын, телеметрийн, чиглүүлэгч, тойрог замын хяналтын гэх мэт дэд системүүд бий.
Ном зүй:
- ↑ https://newsok.com/article/feed/615022/satellite-hits-atlantic-but-what-about-next-one
- ↑ https://www.ucsusa.org/nuclear-weapons/space-weapons/satellite-database#.WwTNQUiFPIU
Энэ сансрын хөлгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ технологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ одон орны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ тээврийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ телевизийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ харилцаа холбооны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ телехолбооны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.