Jump to content

Цагаан ордон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цагаан ордон
White House
Цагаан ордон: урд, хойд талаас

Цагаан ордон: урд, хойд талаас

Ерөнхий мэдээлэл
Байршил Вашингтон
Уран барилгач Жеймс Хобан
Барьсан огноо 1800/1817 он
Өндөр 21,33 м
Суурь талбай 16.764 м²
Солбицол 38° 53′ 51.3″ У, 77° 2′ 11.7″ БКоординат: 38° 53′ 51.3″ У, 77° 2′ 11.7″ Б
Цагаан ордон White House (District of Columbia)
Цагаан ордон
White House (District of Columbia)
Цагаан ордон White House
Цагаан ордон
White House
Онцлог
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн албаны- ба засгийн газрын ордон

Цагаан ордон (Англи: the White House) 1800 оноос хойш АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө юм.

1790 онд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон (1789—1797) Ерөнхийлөгчийн ордон барих зураг төслийн уралдаан зарласан байна.

Ерөнхийлөгчийн өргөөний барилгын зургийн төслийг ирланд архитектор Жеймс Хобан гаргасан. Цагаан ордны барилгын ажил 1792 оны 10 дугаар сарын 13-нд эхлүүлээд 1800 оны 6 дугаар сарын 4-нд 8 жилийн дуусч 11 дүгээр сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсэн ажээ. Цагаан ордонд ажиллаж амьдарч эхэлсэн анхны Ерөнхийлөгч нь Жорж Вашингтон бус хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс (1797—1801) түүний эхнэр Абигейл нар байсан байна. Үүнээс хойш "Цагаан ордон"-д АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар ажиллаж амьдарч иржээ.

«Ерөнхийлөгчийн ордон», «Ерөнхийлөгчийн харш» , «Ерөнхийлөгчийн байшин» гэх зэргээр уг барилгыг төрөл бүрээр нэрлэж ирсэн байдаг. 1811 онд олон нийт «Цагаан Танхим» гэж нэрлэж байсныг хэвлэлд тэмдэглэн үлджээ.

Виржинийн цагаан элсэн чулуугаар өнгөлсөн уг барилга орчин тойрныхоо улаан боржин барилгуудаас онцгойрон ялгарч байсан гэдэг. Сүүлд 1902 онд Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн шийдвэрээр одоогийн "Цагаан ордон" нэрээ албан ёсоор авчээ.

1814 оны 8 дугаар сард АНУ- Их Британийн дайны үед британичууд тус Ерөнхийлөгчийн ордныг галдан шатаасан түүхтэй. Харшийг сэргээн босгох ажил тэр даруй эхэлсэн бөгөөд 1817 он гэхэд Цагаан ордон цоо шинэ болсон юм. Түүгээр ч зогсохгүй уг барилгын газар доор хоёр давхар нэмж, тэнд нь Ерөнхийлөгчийн гадаад бодлого, цэргийн үйл ажиллагааны шуурхай удирдлагын төв байр байрладаг болсон байна. Дугуй хэлбэртэй өмнөд хэсгийг 1824 онд уг барилгад нэмж оруулсан бөгөөд хойд хэсэгт нь зургаан жилийн дараа дөрвөлжин хэлбэртэй багана босгосон байна. Ерөнхийлөгч Жэймс Монро 1817 онд сэргээн босгох хүртэл түр өөр газар руу нүүсэн байдаг.

20 дугаар зууны дунд үе гэхэд уг барилгад их засвар хийх шаардлагатай болж Ерөнхийлөгч Харри Трумэний шийдвэрээр 1949-1952 онд Цагаан ордонд томоохон засвар хийж сэргээсэн байна. Барилгын модон тулгууруудыг ган төмөрөөр сольж, дотоод засал хийж бүрэн шинэчилжээ.

Өнөөгийн байдал

[засварлах | кодоор засварлах]

Өнөөгийн Цагаан ордон бол нийтдээ 5100 м2 талбайтай, 132 өрөө, 32 ариун цэврийн өрөө, 25412 хаалга, 147 цонхтой, 8 шат, 28 камин зуухтай 6 давхар барилга юм. Түүнчлэн найман шат, гурван цахилгаан шатнаас гадна теннисийн талбай, боулингийн өрөө, кино театр, гүйлтийн зам, усан сантай байна. Орчин үеийн Цагаан ордон нь чанга аюулгүй байдлыг ханган бололцооны хэрээр олон нийтэд нээлттэй музей хэлбэрээр мөн ашиглаж байгаа. Олон нийт "Зүүн өрөө", "Ногоон өрөө", "Цэнхэр өрөө", "Улаан өрөө" болон албан ёсны хүлээн авалтын "Зоог барьдаг өрөө" зэрэг түүхт өрөөнүүдийг үзэх боломжтой юм. 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагаас хойш Цагаан ордны хамгаалалтыг чангатгаж түүнийг үзэж сонирхоход хязгаарлалт хийсэн.

Үе үеийн Ерөнхийлөгч нарын гэр бүл түүнд өөрсдийн гэсэн дурсгал үлдээсэн байдаг. Тэнд Марта Вашингтоны элсэн чихрийн сав, Абигейл Адамсын мөнгөн кофе чанагч, Эленора Рузвельтийн ариун цэврийн ширээ гэх зэрэг зүйлүүд байдаг байна.

"Цагаан ордны" цогцолборт Ягаан цэцэрлэг, Жаклин Кеннедийн цэцэрлэг, Хойд ба Өмнөд нуган талбай ордог байна. Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэн нь нийт 7.3 га талбайг эзэлдэг юм. Ягаан сарнайн цэцэрлэгийг 1913 онд 28-р Ерөнхийлөгчийн эхнэр Эллен Вильсон бий болгосон бөгөөд харьцангуй бага (38 х18 метр) талбайтай энэ маш үзэсгэлэнтэй талбайд хүндэт зочдыг угтан авах, Ерөнхийлөгчийн нийтэд хандсан үг хэлэх зэрэгт ашигладаг байна. Мөн Ордны зүүн талын цэцэрлэгийг 35 дахь Ерөнхийлөгч Кеннедийн эхнэр Жаклины нэрээр нэрлэсэн ажээ. Тэрээр ордны цэцэрлэгүүдийг сэргээх их идэвх санаачилга чармайлт гаргаж байжээ.

Сэтгүүлчид болон улс төрчид "Цагаан ордон" гэх холбоос үгийн цаана АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа гэж ойлгодог юм. (Оросын «Кремль», Британий "Даунинг стрит 10", Францын «Елисейн ордон» г.м).

Зууван өрөө

1909 оноос Ерөнхийлөгч Уильям Ховард Тафтаас эхлэн Цагаан ордны зүүн хэсэгт орших "Зууван өрөө" Ерөнхийлөгчийн албан тасалгаа болсон юм.

Цагаан ордны шинэ эзэн бүр өрөөний хивс, хөшиг, жижиг ширээ, буйдан болон ханан дахь зураг зэргийг өөрийн сонголтоор өөрчилдөг байна.

Энэ өрөө нь өмнө зүг рүү харсан 3 том цонхтой бөгөөд 4 хаалгатай юм. Төрийн тэргүүний ажлын ширээ цонхны өмнө байрладаг бол өрөөний хойд хэсэг камин зуух байдаг байна.

Өрөөний том диаметр 10,9 метр, бага диаметр нь 8,8 метр бөгөөд таазны өндөр 5,6 метр байдаг байна.

 Commons: Цагаан ордон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан