Чеченийн нэгдүгээр дайн
Чеченийн нэгдүгээр дайн нь ОХУ болон Ичкерийн бүгд найрамдах Чеченийн хооронд 1994 оны 12 сараас 1996 оны 8 сар хүртэл үргэлжилжээ.
18-р зууны эхээр Их Петр хааны үед Орос анхлан Чечений уулархаг нутгийг эзлэн авсан бөгөөд 1817-1864 оны Кавказын дайны үед анхны түрэмгийлэгчдийн эсрэг бослого дэгдэж байв. 1870 он гэхэд Орос Чеченьчүүдийг ялж, өөртөө нэгтгэжээ. Оросын эзэнт гүрэн унасны дараа Чеченьчүүд дахин тусгаар тогтнохыг оролдсон боловч бүтэлгүйтэж, 1922 онд Большевист Оросын бүрэлдэхүүнд оров. 1936 онд Йосиф Сталин Өөртөө Засах Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Чечень-Ингушийн улсыг байгуулжээ. Германы цэргүүдтэй хамтран ажиллаж байсанд нь шийтгэн 1944 онд Зөвлөлтийн улс төрийн цагдаагийн газрын дарга Лаврентий Бериягийн тушаалаар 1 сая гаруй Чечень, Ингуш болон бусад Умард Кавказын хүн амыг Сибирь, Төв Ази руу цөлсөн байна. 1957 онд Зөвлөлтийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев цөллөгийг дуусган эх нутагтаа эргэн ирж бүгд найрамдах улсаа байгуулахыг зөвшөөрчээ.
1991 онд ЗХУ задарснаар Орос тусгаар тогтнов. Хэдий Оросыг ЗСБНХУ-ыг залгамжлагч хэмээн нийтээр хүлээн зөвшөөрдөг ч урьдын цэрэг, эдийн засгийн их хүчин чадлаа алджээ.
Орос угсаатан Зөвлөлт Социалист Холбооны Орос улсын хүн амын 70 гаруй хувийг бүрдүүлж байсан боловч нилээд олон бүс нутгуудад угсаатны болон шашны ялгаа хүчтэй гарч байлаа. Зөвлөлт засгийн үед Оросын 100 орчим үндэстнүүд угсаатны өөртөө засах янз бүрийн түвшний эрхтэйгээр оршин тогтнож байв. 1990 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд Борис Ельцин тэдгээрийг нэгтгэжээ.
Нэн даруй хуулиар холбооны нэгж бүрийн эрх мэдлийг хуулиар тодорхой зохицуулах шаардлагатай байлаа. 1992 оны 3 сарын 31-нд Ельцин болон Оросын дээд зөвлөлийн дарга Руслан Хасбулатов (Чечень үндэстэн) нар Холбооны гэрээ гэгчийг холбооны 88 нэгжийн 86-тай нь байгуулжээ. Нэгж бүр илүүтэй их өөртөө засах байдал, тэр битгий хэл тусгаар тогтнолыг шаардаж байсан боловч зөвшилцөн өөртөө засах буюу татварын хөнгөлөлтүүдээр аргалж байв. Зөвхөн Чечень ба Татарстан гэрээнд нэгдсэнгүй. 1994 оны хавар Ерөнхийлөгч Ельцин Татарстаны Ерөнхийлөгч Минтимер Шайвмьевтэй тусгайлан улс төрийн хэлэлцээрт орж, түүнд нилээд өргөн эрх мэдэл бүхий өөртөө засах эрхийг олгосноор холбоонд албан ёсоор элсүүлжээ. Ингээд Чечень ганцаар гэрээнд гарын үсэг зураагүй нэгж болон үлдэв. Ельцин, Чечений засаг захиргаа аль аль нь яриа хэлэлцээ хийхээр нухацтай оролдоогүй бөгөөд цаг хугацаа явах тусам нөхцөл байдал мөргөлдөөний шинжийг олжээ.
Энэ үед буюу 1991 оны 9 сарын 6-нд хуучин Зөвлөлтийн агаарын цэргийн хүчний нэр хүнд бүхий генерал байсан Жохар Дудаев тэргүүтэй Чечений ард түмний үндэсний конгресс намын дайчид Чечень-Ингушийн дээд зөвлөлийг хүчээр эзлэн Грозный дахь Зөвлөлт холбоот улсын коммунист намын дарга Виталый Куценког цонхоор шидэн амийг нь хороож, засгийн газрыг тараалаа. Ингээд ард түмний дэмжлэгийг авсан тэрээр завсрын засгийн газар байгуулж, өөрөө Ерөнхийлөгч болон, улмаар ЗХУ-аас тусгаар тогтнож буйгаа зарласан байна.
1991 оны 11 сард Ельцин дотоодын цэргийг Грозный руу оруулсан боловч Дудаевын цэргүүд тэднийг нисэх буудал дээр бүсэлж буулган авав. Ельцин энэ үед Ингуш Оросын өөр нэг бүгд найрамдах улс болох Умард Осеттай зэвсэгт мөргөлдөөн хийж байсныг далимдуулан тус өөртөө засах улсыг задлан шинээр Ингушэтийн өөртөө засах улсыг байгуулж, холбоонд нэгтгэв. Чечень 1993 онд албан ёсоор Москвагаас салж буйгаа зарлан Ичкерийн бүгд найрамдах Чечень улс гэгчийг тунхаглажээ.
1991-ээс 1994 оны хооронд чечень бус үндэстнүүд (голцуу орос, украйн, арменчууд) –ийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын улмаас тэдний нилээд нь тус орныг орхин дүрвэв. 1992 оны 3 сард сөрөг хүчин төрийн эргэлт хийхийг оролдсон нь бүтэлгүйтэж, Дудаев Чеченьд хүчтэй ерөнхийлөгчийн засаглал тогтоожээ. 1992 оны 10 сард Оссет-Ингушийн мөргөлдөөнийг зохицуулахад оролцож байсан оросын арми Чечений хилийн ойролцоо шилжих болсныг Дудаев эмзэгээр хүлээн авч улсдаа онц байдал зарлан, хэрэв хилээс цэргээ татахгүй бол хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байлаа.
Чечений сөрөг хүчнийг Москва өөд татан “Чечений Бүгд Найрамдах улсын түр зөвлөл” гэгчийг байгууллаа. 1994 оны 8 сард Умард Чечень дэх сөрөг хүчний бүлэглэл томоохон зэвсэгт ажиллагаа зохион байгуулсан бөгөөд Москва босогчдыг далдуур дэмжин зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, мөн хөлсний цэргүүдээр хангаж байв. Чеченьтэй хиллэх хилийг хаан, Оросын тэмдэггүй онгоцнууд Чеченьд тулалдаж эхлэв. Оросын цэргээр дэмжүүлсэн босогчид 1994 оны 10 сар, 11 сард хоёр удаа Грозный руу довтолсон боловч бут цохигдов.
Москва эвгүй байдалд орсон бөгөөд Дудаевыг дэмжигчид Оросын армийн 20 байлдагч, бусад 50 оросын иргэдийг олзолжээ. 11 сарын 29-нд Ельцин Чечень дэх бүх байлдагч талуудыг зэвсгээ хураалган бууж өгөхийг тулган шаардав. Грозный татгалзахад Ельцин өөрийн армидаа “үндсэн хуулийг хүчээр сэргээн сахиулах” тушаал буулгалаа.
12 сарын 1-нээс Оросын цэрэг Чеченийг маш хүчтэйгээр бөмбөгдөж эхлэв. 12 сарын 11-нд Оросын Батлан хамгаалахын сайд, Генерал Павел Грачев болон Дудаев нар “цаашид хүч хэрэглэхээс татгалзах”-аар тохирон Оросын цэрэг “Чеченьд үндсэн хуулийг сахиулж, Оросын нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг” хангах нэрийн дор тус бүсд нэвтэрлээ. Грачев Дудаевыг хоёрхон цагийн дотор ганц хороо агаарын десантаар буулгаж авна хэмээн сайрхаж, энэ бол цус урсгахгүй “блицкрэг-цахилгаан дайн” байх болно гээд яаж ч бодсон 12 сарын 20-ноос цааш хэтрэхгүй хэмээж байлаа.
1994 оны 12 сарын 11-нд Оросын цэрэг 3 чиглэлээр Грозный руу давшив. Гэтэл давшилт гэнэт зогсов. Уг тушаалыг Оросын хуурай замын хүчний удирдагч, Генерал Эдуард Воробёв “өөрийн ард түмний эсрэг арми илгээх нь гэмт хэрэг” гэсэн үндэслэлээр гаргасан байсан бөгөөд Ельцин түүнийг тэр дор нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн албан тушаалаас нь огцрууллаа. Оросын засгийн газар болон армид олон хүн уг дайныг эхнээс нь эсэргүүцжээ. Ельцины үндэстний асуудал хариуцсан зөвлөх Эмил Пань, Оросын батлан хамгаалахын дэд сайд, генерал Борис Громов (Зөвлөлт-Афганы дайныг удирдаж байсан, баатар), генерал Борис Поляков нар мөн эсэргүүцэж буйгаа илэрхийлэн огцров. Громов телевизээр “Энэ Афганистаны нэгэн адил цусан далай болох болно” хэмээн мэдэгдэж байлаа. 800 гаруй цэргийн албан хаагч, офицерууд мөн энэ ажиллагаанд оролцохгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж, тэдний нилээдийг цэргийн шүүхээр шүүлээ. Сүүлд Генерал Лев Рохлин ч мөн татгалзсан бөгөөд тэрээр уг дайнаар Оросын баатар цол авсан цэргийн гарамгай удирдагч байсан юм.
Чечений агаарын хүчин болон иргэний агаарын тээвэр дайны эхний өдөрт бүрэн устгагдлаа. Ельцин Дудаевын армийн бүрэлдэхүүнд байсан 500 орчим хүнд өршөөл үзүүлэв. Гэсэн хэдий ч Борис Ельцины тодорхойлсноор хөнгөхөн бөгөөд хурдан засан тохинуулах мэс засал нь санаснаар болсонгүй.
Орос тийм ч амархан гарч чадахгүй намаг балчигт суув. Оросын цэргийн сэтгэл санаа, ёс суртахууны болоод байлдааны бэлтгэл, чухам яагаад, бүр хаашаа явж буйгаа ч үл ухах Оросын цэрэг байлдах чадвар үнэхээр сул байжээ. Дайныг эсэргүүцсэн оросын зарим цэргүүд тэр битгий хэл зэр зэвсгээ өөрсдөө устгаж байв. Ингушетэд томоохон хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа явагдан баруун замын цэргийг саатуулсан бөгөөд 30 гаруй цэргийн тээврийн хэрэгслийг галдан шатааж, 70 гаруй байлдагч ангиа орхин явлаа. Умард замын цэрэг Долинскойд Чечений гэнэтийн дайралтанд мэгдэн сандарч, ихээхэн хохирол үзэв. Чечений нутгийн гүнд нисдэг тэргээр газардсан Оросын 50 шүхэрчинтэй бүлэг орон нутгийн цагдаа нарт бүслэгдэн бууж өгчээ.
Иргэд дайнд олноор үрэгдэж байсан нь орон нутгийн хүн ам, тэр дундаа Дудаевыг эсэргүүцэгчид хүртэл Оросуудад дайсагнахад хүргэв. Түүнчлэн Ельцин нэгэн алдаа гаргасан нь Чечень руу хөрш зэргэлдээ бүс нутгаас цэрэгт дөнгөж татагдсан шинэ цэргүүдтэй ангиудыг дайчилсан бөгөөд мэргэжлийн цэрэг тун цөөн байлаа. Сэтгэл санааны болоод байлдааны өндөр бэлтгэлтэй Чечений дайчид Оросын цэргүүдийг удаа дараалан хүнд цохилтонд оруулах болов. Нөхцөл байдалд сандарсан оросууд хавтгайруулсан бөмбөгдөлт (carpet bombing) явуулан пуужингаар суман мөндөр буулгасан нь чечень болон орос үндэстний хүн амд их хохирол үзүүлэв. Оросын десантын цэрэг Грозныйгийн ойролцоох агаарын хүчний нисэх буудлыг эзлэн авч Ханкалагийн тулаанаар Чечений хариу дайралтыг няцаажээ. Чеченьчүүд хамгаалах байлдаанд бэлтгэн хот дахь хүн хүчээ бүлэглэв.
Оросын зэвсэгт хүчин өөрийн иргэдийн эсрэг 7 хоног үргэлжилсэн агаарын болон их бууны нүсэр бөмбөгдөлт явуулсан нь цэргийн мэргэжилтнүүдийн дүгнэлтээр Дэлхийн II дайнд Дрезденийг бөмбөгдсөнөөс хойшхи Европт болсон хамгийн том бөмбөгдөх ажиллагаа болсон хэмээн дүгнэгдсэн байдаг. 1995 он гарах шинэ жилийн урьд өдөр Оросын арми томоохон ялагдал хүлээж 2000 орчим оросын цэргүүд амь насаа алдан, Грозныйгийн төмөр замын төв буудлын орчим Майкопын хэмээн алдаршсан 131-р моторжуулсан буудлагын бригад бүрэн сүйрчээ. Хотын тулаан олон хоног үргэлжлэн хүнд хохирол амссаны эцэст Грозный оросуудын гарт орлоо. Дудаевын цэргүүд амьд хүнээр бамбай хийхээс сэрэмжлэн оросын арми иргэдийг хотыг орхин гарахыг санууллаа. Чеченьд оросын олон генерал амь үрэгдсэний анхных нь хошууч генерал Виктор Воробёв 1995 оны 1 сарын 7-нд мина харвагчид өртсөнөөр эхэлжээ. 1 сарын 19-нд 3 долоо хоног зууралдан байлдсаны эцэст Оросын цэрэг хүнд хохирол амсан байж Чечений Ерөнхийлөгчийн ордонг эзэлсэн байна. 1995 оны 3 сарын 6 гэхэд хотын өмнөд хэсгийг Орос хяналтандаа авлаа.
Ельцины хүний эрхийн зөвлөх Сергей Ковалевын тооцоолсноор дайны эхний 5 долоо хоногт 35 орчим мянган энгийн иргэд дайны хөлд амь үрэгджээ. Оросын цэргийн түүхч, генерал Дмитрый Волкогоновын мэдэгдсэнээр амь үрэгдэгсдийн дийлэнх нь орос үндэстнүүд байсан гэжээ. Энэ үе хүртэл Оросын 3000 цэрэг амиа алдаж, мөн сураггүй алга болжээ. Грозный дахь хядлага Орос орон болон дэлхий дахиныг цочирдуулав. Олон улсын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага үүнийг “төсөөлөхийн аргагүй сүйрэл” хэмээн тодорхойлсон бол Зөвлөлтийн удирдагч байсан Михайл Горбачев “шившигт, цуст адал явдал”, Германы канцлер Хэльмут Коль “жинхэнэ солиорол” хэмээн мэдэгдэж байлаа.
Грозныйг эзэлсэний дараа Оросууд удаан боловч эрэмбэ дараатайгаар Чечений талархаг нутгийг хяналтандаа оруулж, эцэст нь уул руу мацаж эхлэв. 4 сарын 7-нд хилийн хаяанд орших Самански сууринг эзлэх үедээ ОМОН (Отряд милиции особого назначения-Тусгай зориулалтын цагдаагийн отряд) болон холбооны хүч 100 гаруй энгийн иргэдийг (өөр хэдэн зуун иргэд баривчлагдах, зодуулах, эрүү шүүлт тулгуулах зэргээр хэлмэгджээ) хяджээ. 4 сарын 15-нд Оросууд бүх фронтоор нэгэн зэрэг дайралт хийсэн бөгөөд 200-300 танк, хуягтаар дэмжүүлсэн байв. Чечений арми Аргун хотыг хамгаалж, төв штабаа бүрэн бүслэгдсэн Шали руу шилжүүлж, дараа нь Сержен-Юрт руу нүүж, сүүлд нь Шамил Басаевын уугуул нутаг болох Веденод ирсэн байна. Цаашид чечений голомт хүч хэд хэдэн удаа бууриа сэлгэн ухарчээ. Гэсэн хэдий ч чечений байлдагчдын зарим хэсэг нь дүрвэгчийн дүрээр чөлөөлөгдсөн нутгуудад дахин байршсаар байв.
Дайнд ялагдал хүлээх болсон салан тусгаарлагчид Оросын олон нийтэд нөлөөлөхийн тулд барьцаалах ажиллагаанууд явуулах болсон бөгөөд Шамил Басаев Будённовскийн эмнэлэгт 1500 хүнийг барьцаалж, Оросын Ерөнхий сайд Виктор Черномырдинтэй хэлэлцээ хийн гал зогсоох хүртэл 120 орчим Оросын иргэд алагджээ. Ингэснээр чеченьчүүд хүчээ дахин бүлэглэж үндэсний хэмжээний партизаны (guerilla) ажиллагаагаа эхлүүлэв. Оросуудын давшилт нь Дудаевын сөрөг хүчний олон хүнийг Оросуудын эсрэг хандахад хүргэн улмаар түүний хүчинд элссэн юм. Олон мянган сайн дурынхан хөдөлгөөнт бүлгүүдэд нэгдэв. 5-6 мянгаар тоологдох нутгийн иргэд сайн дураар өөр өөрсдийн сууринг хамгаалах цэрэгжсэн бүлгүүд болон зохион байгуулагдлаа. Тухайн үед Чечений арми 10-12 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй болоод байв. Армийн бүрэлдэхүүнд олон тооны хүүхэд-цэрэг байсны зарим нь 11 настай, бүр эмэгтэй хүүхдүүд ч орж байлаа. Фронтын тулаанд ялагдах тусам улам олон цэрэгжсэн бүлэглэлүүд партизаны дайны тактикт шилжиж, урхи занга тавих, минажуулах зэргээр тэмцэж байжээ. Мөн гар аргаар үйлдвэрлэсэн дэлбэрэх хэрэгслүүдийг өргөнөөр ашиглав. 1995 оны намар Чечень дэх холбооны хүчний командлагч Грозный хотод бөмбөгөнд өртөн хүнд шархдаж, цаашид дайтах чадваргүй болжээ. Уг ажиллагааг оросын армийн бүрэлдэхүүнээс өөрсдөө зохион байгуулсан гэж үзэх нь бий бөгөөд ингэснээр генерал Романов болон Чечений армийн командлагч Аслан Масхадов (урьд нь Зөвлөлтийн армид хошууч цолтой байлдаж байжээ) нарын хоорондын итгэлцэл дээр үндэслэн намдаад байсан гал намжилт эвдрэв. Тэд хамтран Өмнөд Чечень дэх оросын олзлогдсон цэргүүдийг суллах ажлыг чечений армийн орон нутгийн удирдлагад хамтран ятгах байдлаар зохион байгуулж байжээ. 1996 оны 2 сард Грозныйд тусгаар тогтнол олгохыг шаардан жагссан олон арван мянган энгийн иргэдийн өөдөөс холбооны хүчин, түүний утсан хүүхэлдэй болох чеченьчүүд гал нээсний улмаас олон арван хүний амь нас сүйдэж, шархдав. Түүнээс хоёр хоногийн дараа Чечений тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Ерөнхийлөгчийн ордонг дэлбэлж нураав.
Оросын байлдааны үндсэн стратеги нь галын хүч буюу хүнд артилери болон агаарын цохилтонд тулгуурлаж байсан тул орон нутгийн иргэдтэй хэлхээ холбоо муутай, хорогдох газар хомс, тусгаарлагдсан орос иргэд уг бөмбөгдөлтийн үндсэн бай болж байжээ.
Заналхийлж буй тулааны аюулаас нүүн шилжих гэсэн энгийн иргэдийн нүүдлийг Оросын цэргүүд хорьж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллааагүй учир иргэд олноор хохирч байлаа.
Босогчдын төрөлх хот тосгод, гэр бүл, хамсаатнуудыг Оросын дотоодын цэрэг (МВД - Министерство внутренних дел) гэх мэт оросын хүчнүүд эрүүдэн шүүж, бөөнөөр нь цаазалж байсан юм. Түүнчлэн оросын цэргүүдийн өдөөсөн хүчирхийлэл, дээрэм тонуул газар авч байсан тухай хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээнд өгүүлсэн байдаг. Салан тусгаарлагчид ч барьцаалах ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, холбооны хүчинтэй хамтран ажилласан, урвасан чеченүүд болон олзлогдогчдыг олноор нь цаазлаж байв. Оросын тал ч хүн барьцаалж байсан бөгөөд үүний том жишээ нь бүслэгдсэн оросын цэргүүд 500 орчим иргэдийн хамт Грозный хотын төв эмнэлгийг барьцаалж байжээ.
Оросын хүчний удирдлага хууль, ёс суртахуун зөрчсөн өөрийн бүрэлдэхүүнээ чимээгүй өнгөрүүлж байсан бөгөөд шийтгэх бүү хэл шалган тодруулдаг ч үгүй байжээ. Харин телевиз, сонинууд оросын цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн үзэл сурталгүй дүр зургийг уудлан олон нийтэд хүргэж байсан бөгөөд энэ нь олон нийтийн засгийн газартаа итгэх итгэл үнэмшлийг бууруулж, Ельцины нэр хүнд эрс унав. 1996 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ельциныг яллах гол эмзэг цэг нь Чечень дэх ажиллагаа байлаа. Оросын холбоон дахь жижиг үндэстнүүд дайныг эсэргүүцэн, төв засгийн газрыг үзэн ядах үзэл газар авав. Чечений тал аргагүйдэн Жихад зарласан нь оросын бусад бүс нутгууд, тэр битгий хэл хилийн чанадаас олон сайн дурынхан дайнд нэгдэхэд хүргэв. Уг дайнд нэгэн тооцоогоор 5000 хүртэлх тооны гадаадын сайн дурынхан шашин, үндсэрхэг үзэл буюу ёс суртахууны итгэл үнэмшлийн улмаас дайтсан байдаг.
Хөрш Ингушетийн жижиг бүгд найрамдах улсад ч жижиг хэмжээний бослого үймээн, тулаан явагдах болжээ. Ингушетийн Ерөнхийлөгч холбооны засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэн Оросын цэргийн үйлдэж буй ялт хэргийн талаар гомдол мэдүүлэв. Оросын арми дахь кавказ болон төв азийн гаралтай цэргүүдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх явдал газар авсны нэг жишээ нь архи уусан орос цэргүүд 9 ингуш, 1 башкир цэргийг буудан хороосон явдал бөгөөд тэр битгий хэл оросуудын эмх замбараагүй явдлын хохирогч болон 5 ингуш иргэд болон Ингушетийн Эрүүл мэндийн сайд нь өөрөө амиа алджээ. Дагестанд байдал үүнээс дор байв. Дагестан дахь Первомайское тосгоныхныг Оросын цэрэг 1996 оны 1 сард тосгоноор нь хяджээ.
Үндэсний цөөнх цэргийн зарлан дуудлагыг үл хэрэгсэх байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Чечень дэх учир утгагүй дайнд иргэдээ оролцуулахгүй хэмээн олон бүгд найрамдах улсууд цэрэг татлага зохион байгуулахгүй тухай хууль хүртэл гаргаж байсны нэг жишээ нь Чувашийн засгийн газар Чечень дэх дайнд иргэдээ оролцохоос эрх зүйн хувьд хамгаалж хууль гаргаж байсан явдал юм. Оросын засгийн газар Чечень дэх богино хугацааны ялалт нь дараа дараалсан салан тусгаарлах хөдөлгөөний эхлэл болох вий хэмээн эмээх боллоо.
1996 оны 1 сард 200 гаруй орос иргэдийн зорчиж явсан Туркийн зорчигч тээврийн хөлөг онгоцыг зэвсэглэсэн туркчууд барьцаалан Чеченьд өрнөж буй цуст хядлагыг дэлхий нийтэд мэдээлэхийг шаардсан байна.
Үзэл сурталгүй, хангамж, удирдлага муутай оросын армийн цэргүүдэд шийдсэн чеченьчүүд дараа дараалан цохилт өгөх болов. Грозный хотын баруун өмнөд талд байрлах Бамут хэмээх жижиг тосгоны төлөө хүч нэмэгдүүлсэн оросын хүч 15 сар байлдсан бол, 1996 оны 3 сарын 6-нд 1500-2000 чеченьчүүд зэвсэг барин босч 3 өдрийн дайралтаар хотын нилээд хэсгийг хяналтандаа авч, оросын цэргийн зэр зэвсгийн агуулахыг эзэлсэн байна. Сарын дараа Ибн эл Хатаб хэмээх араб командлагчтай хүч Оросын томоохон хуягт цувааг Шатой болон Веденогийн ойролцоо устгажээ.
Цэрэг дайны ялагдал, өсөн нэмэгдэж буй хохирол иргэдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсний улмаас 1996 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Ельцины засгийн газар мөргөлдөөнөөс гарах арга замыг эрэлхийлэх болов. 1996 оны 4 сарын 21-нд Оросын залуурт пуужингийн дайралт Ичкерийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийг устгаж, Чеченийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Зелимхан Яндербиевтай түр гал зогсоох гэрээ байгуулсныхаа дараа Ельцин 1996 оны 5 сарын 28-нд Грозныйд хүрэлцэн ирж албан ёсоор “ялалт”-аа зарлав. 1996 оны 8 сарын 6 буюу Ельцин тангараг өргөхөөс 3 хоногийн өмнө, Оросын арми өмнө тийш нягтран ууланд бүгсэн босогчид руу сүүлчийн давшилтаа хийхээр бэлтгэж байх үед Чеченьчүүд Грозныйд дахин гэнэдүүлсэн дайралт хийлээ.
Грозный хотод 12000 гаруй оросын цэрэг байрласан байхад 1500 Чечений партизанууд Масхадовын удирдсан ажиллагаагаар хотын гол дүүргүүдэд хэдхэн цагийн дотор хяналтаа тогтоов. Оросуудтай хамтран ажиллаж байсан Чеченьчүүдийг хоморголон цаазаллаа. Яг энэ үед Аргун болон Гудермиз хот дахь оросын цэргүүд хуарангаасаа гарч чадалгүй бүслэгдэв. Грозный хот дахь бүслэлтээс гарахыг оролдсон хуягт цуваа (900 байлдагчтай 276-р моторжуулсан хороо нийт бүрэлдэхүүнийхээ 50%-ийг хоёр өдрийн дотор алдсан гэдэг) хүнд гарз амсан няцаагдав. Олон мянган цэргүүд олзлогдох буюу бүслэгдэж, зэвсэг техник, сумаа босогчдод олзлуулжээ.
8 сарын 19-нд Оросын коммандлагч Константин Пуликовский 50-200 мянган хүнтэй Грозный хотыг Чечений дайчид 48 цагийн дотор орхин гарах шаардлага хүргүүлж, үгүй бол агаарын болон их буу, баллистик пуужингийн галаар хүйс тэмтрэхээ мэдэгдэв. Энэ мэдэгдэл иргэдийг цочирдуулж, эмх замбараагүй байдал газар аван, армийн цохилтоос өмнө амжин зугтахыг оролдоцгоов. Золоор Ельцины үндэсний аюулгүй байдлын зөвлөх Генерал Александр Лебедийн зуучлалаар уг тэнэглэл зогсов. Лебедь Генерал Пуликовскыйн тулган шаардлагыг “муухан наргиан” хэмээсэн байдаг.
Лебедев, Масхадов нарын 8 цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд Лебедь, Масхадов нар “Касав-Юртийн гэрээ”-ний төслийг бэлдэн 1996 оны 8 сарын 31-нд гарын үсэг зурцгаав. Үүнд цэрэггүйжүүлэх асуудлыг тусган, хоёр тал хоёул Грозный хотыг орхин гарах, хот дахь дээрэм тонуулаас сэрэмжлэн цагдах хамтарсан хүчнийг ажиллуулах, бүх холбооны хүчийг 1996 оны 12 сарын 31 гэхэд Чеченийг орхин гаргуулах, 2001 он хүртэл Ичкерийн бүгд найрамдах Чечень болон Оросын холбооны засгийн газрын хооронд ямарваа болзол, нөхцөлт гэрээ хэлэлцээр хийхгүй, байхгүй байхаар тогтов.
Оросын зэвсэгт хүчний жанжин штабын гаргасан дүн мэдээгээр ОХУ-ын 3826 цэрэг алагдаж, 17892 шархдаж, 1906 сураггүй алга болжээ. НВО хэмээх Оросын цэргийн долоо хоног тутмын нэр хүндтэй сэтгүүлд бичсэнээр 2005 он хүртэлх байдлаар дор хаяж 5362 оросын цэрэг уг дайны үед алагдаж, 52000 шархдаж, 3000 цэрэг сураггүй алга болсон байна. Орос цэргүүдийн эхчүүдийн хороо хэмээх төрийн бус байгууллагын тооцоогоор харин амь үрэгдсэн цэргүүдийн тоо 14000 хүрдэг бөгөөд уг мэдээллийг шархадсан цэргүүд болон цэргүүдийн ар гэрийн мэдүүлэг дээр үндэслэн гаргажээ (үүнд гэрээт цэргүүд болон тусгай хүчнийхэн орохгүй).
Чечений талын хохирлыг 100 мянга гаруй гэж багцаалдгаас дийлэнхи нь энгийн иргэд юм. Оросын дотоод хэргийн сайд Анатолый Куликовын мэдэгдсэнээр бол 20000 иргэд алагджээ.
Сергей Ковалёв тэргүүтэй судлаачдын баг 50 мянгаас илүү хүн амь үрэгдсэнийг судалгаа, нотолгоотойгоор нотолж чадна гэдэг бол Александр Лебедь 80-100 мянга амь үрэгдэн, 240 мянга шархадсан гэж нотолж байв. Оросын Газета сонины мэдээлснээр уг дайны үед Оросын хүчний гарт 35000 орос үндэстэн амь үрэгдсэн бөгөөд дийлэнхи нь Грозный хотын бөмбөгдөлтөнд өртсөн гэсэн байна.
Чечений салан тусгаарлагчид өөрсдийн хохирлыг 3000 орчим гэж тооцоолсон бөгөөд бүрэн тоо гаргах бараг боломжгүй юм. Оросын тооцоо үүнээс хамаагүй их бөгөөд 15 мянган чечень дайчид дайны төгсгөл гэхэд алагдсан байжээ.
Касав-Юртын гэрээний дараа хоёр хэлэлцээр Орос, Чечений талын хооронд явагдав. Үүнд 1996 оны 11 сард Ельцин Масхадов нарын үзэглэсэн “эдийн засгийн хамтын ажиллагаа ба 1994-96 оны дайнаар хохирсон чеченьчүүдэд дайны нөхөн төлбөр олгох тухай” хэлэлцээр орно. Мөн 1997 оны 2 сард 1994 оны 12 сараас 1996 оны 9 сарын хоорондох дайнд оролцож, хууль бус үйлдэл хийсэн оросын цэргүүд болон чечений босогчдыг өршөөх тухай хууль гаргаж байжээ.
1997 оны 5 сарын 12-нд Чечений ерөнхийлөгч Аслан Масхадов, Ельцин нар Москвад “энх тайван тогтоох болоод Орос-Чечений харилцааны зарчмууд”-ын талаархи гэрээнд гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч үүнээс хоёр жилийн дараахан 1999 оны зун Масхадовын хуучин зэвсэг нэгт андууд болох радикал үзэлтэн Шамил Басаев болон Ибн эл-Хаттаб нар Дагестан руу дайран халдлага үйлдсэнээр Орос Чеченийг дахин эзэлж, улмаар Чечений хоёрдугаар дайн эхэлсэн юм.