Шагдарын Бира

Шагдарын Бира

Шагдарын Бира (1927 оны 9 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо төрсөн - 2022 оны 2 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол улсын хөдөлмөрийн баатар, ШУА-ийн Академич, түүх судлаач эрдэмтэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ш.Бира Түшээт хаан аймгийн Юнбэйсийн хошууны хар хүн, жин тээж, арилжаа наймаа хийж хөрөнгөжсөн Бөлгөөгийн Шагдарын бага хүү болон төржээ. Эцэг Шагдар 1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улс байгуулагдахад шинэ засагт буу зэвсэг худалдаж авахад нь дэмжлэг үзүүлж байсан тул түүнийг "Бэйс" цолоор шагнасан байдаг. 1921 оны Ардын хувьсгалын зүтгэлтнүүдийг санхүүгээр дэмжиж байсан эцэг Б.Шагдарыг 1937 онд баривчлагдан хэлмэгдэж цаазаар авахуулсан байна.

Дунд боловсрол эх орондоо эзэмшиж, улмаар 1945-1946 онд МУИС-д сурч байгаад 1946-1951 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд үргэлжлүүлэн сураад (одоогийн Москвагийн Олон Улсын Харилцааны Их Сургууль) түүхч мэргэжлээр төгсөж, 1957-1960 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд Ю.Н.Рерихийн удирдлага дор "Төвөд хэлт Монголын түүхийн зохиолууд" сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1973 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэргийг Зөвлөлтийн Шинжлэх ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнд хамгаалсан байна.

1960 оноос БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал, Академийн нийгмийн ухаан хариуцсан анхны дэд ерөнхийлөгчөөр (1973-1982) ажиллаж, ШУА-ийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 1987 оноос Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон 2011 оныг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гавьяаны амралтаа авсан юм.

Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын институт (1985-1988), Францын нийгмийн шинжлэх ухааны Институт (1988), Энэтхэгийн түүхийн судлалын нийгэмлэг (1991), Токиогийн Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэн (1992-1993), Боннын их сургууль (1995), АНУ-ын Баруун Вашингтоны Их сургууль (1997) зэрэг газруудад зочин профессор, судлаачаар уригдан ажиллаж байжээ.

Түүхийн шинжлэх ухааны нэг чухал салбар болох түүх бичлэгийн ухааныг эх орондоо үүсгэн хөгжүүлэх, монголчуудын төвөд хэлт түүхийн зохиолуудыг анхлан судлах хийгээд Монголын үндэсний соёлын өв уламжлал, шашны түүх зэргийг шинжлэн боловсруулах ажилд гарамгай хувь нэмэр оруулжээ.

Академич Ш.Бира англи, орос хэлээр монгол эх хэлнээсээ ялгагдахааргүй ярьж бичихийн зэрэгцээ герман, франц хэлээрх ном зохиолыг судалгааныхаа ажилд чөлөөтэй ашигладаг. Тэрбээр эртний монгол бичгийн болон төвөд, санскрит хэлний сурвалж хэрэглэгдэхүүнийг сайтар ашигладгаараа нэгэн давуу талтай. Зохиогч мэргэжлийн холбогдолтой ном бүтээлийг шавхан шүүж, холбогдох онол, үзэл баримтлалыг харьцуулан үзэж байж бүтээлээ туурвидаг онцлогтой юм.

Ш.Бира дэлхийн түүхийн шинжлэх ухааны 5 удаагийн Их хурал, Дорно дахины судлалын 2 удаагийн их хурал, Олон улсын монголч эрдэмтний 11 удаагийн их хурал, Олон улсын Алтай судлалын байнгын Бага хуралд оролцон удаа дараа илтгэл хэлэлцүүлжээ.

Ш.Бира нь Өвөр Монголын Их сургуулийн хүндэт профессор, Москвагийн Олон Улсын харилцааны Их сургуулийн хүндэт доктор, Энэтхэгийн Соёлын Олон улсын Академийн хүндэт гишүүн, Нью-Йоркийн Академийн гишүүн, Америкийн Төв Евразийн судлалын нийгэмлэгийн хүндэт гишүүн, Америкийн Монгол Нийгэмлэгийн хүндэт гишүүн, Оросын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн хүндэт доктороор тус тус сонгогдсон.

Их эрдэмтэн Ш.Бира академичийн 90 насны ойд зориулан сүүлийн үед гарсан томоохон бүтээлийг нь эмхэтгэн 2017 онд “Монгол судлалын шилдэг өв” цуврал арван ботийг нийтлүүлсэн байна.

Их эрдэмтэнийг 2022 оны 2 дугаар сарын 15-нд нас барж 18-нд Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд нь үдсэн байна.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн”, “Монгол Улсын Төрийн шагнал”, “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсан байна.