Эмиль Дюркгейм
Давид Эмиль Дюркгейм (Франц: David Émile Durkheim; 1858 оны 4 сарын 15-нд Францын Эпинальд төрсөн, 1917 оны 11 сарын 15-нд Францын] Парис хотод нас барсан) — францын философич, социологич, францын социологийн сургуулийг үүсгэн байгуулагч, социологийг бие даасан шинжлэх ухаан болгон үндэслэгчдийн нэг.
Социологийн шинжлэх ухааныг статустай болж бүрэлдэн хөгжих, түүний дотоод гадаад байгуулагажих үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн сэтгэгчдийн нэг бол Францын эрдэмтэн Эмиль Дюркгейм билээ.
Тэрбээр шинэ тутам үүсэн бүрэлдэж байсан энэ социаль шинжлэх ухааны онол-арга зүйн асуудлыг төдийгүй амиа хорлолт аноми байдал болон хөдөлмөрийн хуваарь зэрэг социаль үзэгдлүүдийг судалж социологийн эмпирик судалгааны анхан шатыг тавьж өгсөн гэж үздэг.
Тэрээр 1858 оны 4 сарын 15ны өдөр Францын Эпинал хотод удам дамжсан шашны мяндагтай Еврей айлд мэндэлжээ.
Парисын Хэвийн дээд сургуульд элсэхээр гурвантаа оролдсоны эцэст 1879 онд элсэн орж гүн ухааны чиглэлээр суралцаж 1882 онд төгссөн бөгөөд улмаар хөдөөгийн жижиг лицейд багшилж байсан. Энэ хугацаандаа социологийн зохиол бүтээлүүдийг судалж, гүн ухааны сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байсан.
1885 онд нэг жилийн хугацаагаар Германд очиж гүн ухаан, ёс зүй болон социаль шинжлэх ухааны төлөв байдалтай танилцах явцдаа сэтгэл зүйч гүн ухаантан В.Вундттай уулзсан нь гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.
1887 онд тэрээр Бордогийн их сургуульд багшлахаар уригдсан ба 1896 онд тус сургуулийн сурган хүмүүжүүлэх ба социаль шинжлэх ухааны тэнхимийг тэргүүлэх болжээ. Энэ тэнхимд чухамдаа Франц даяарх социологийн анхны бие даасан тэнхим байсан юм.
Чухам энд хожим Францын социологийн сургууль хэмээн алдаршсан эрдэмтдийн нийгэмлэг үүсэн бүрэлдсэн. Марсель Гране, Селестин Бугле, Жорж Дави, Франсуй Симиан, Поль Фоконне, Моррис Хальбвакс, Марсель Мосс зэрэг Дюрхэймын шавь, үзэл санаа нэгтнүүд дээрх онолын сургуулийн гол цөмийг бүрдүүлж байсан ба уг сэтгэгчидтэй тэрээр хамтран “Социологийн жил тутмын сэтгүүл”-ийг хэвлэн гаргаж байв.
Арван таван жилийн турш Э.Дюрхеймын тасралтгүй удирдсан энэ сэтгүүл нь социологийн үзэл санааг тархаах, социологийн их сургуулиудын судлөх хичээл болгоход төдийгүй тухайн үеийн Францын нийгмийн шинжлэх ухааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн ажгуу.
1902 онд тэрээр Сорбонны Их Сургуулийн хүмүүжлийн шинжлэх ухааны тэнхимийг тэргүүлэх болсон ба тус тэнхим нь 1913 оноос хүмүүжлийн ба социологийн ухааны тэнхим гэж нэрлэгдэх болжээ.
Парист эргэн ирснээсээ хойш тэрээр багшлахын зэрэгцээ ёс суртахуун, хүмүүжлийн болоод боловсролын асуудлыг судлан боловсруулж байлаа. Дэлхийн I дайн түүний уран бүтээлд төдийгүй хувийн амьдралд нь том цохилт болсон.
Хүн төрөлхтний хувьд ёс суртахуун, ёс зүйн гүйцэтгэх үүргийг ихэд үнэлж, хүний сайн сайхан мөн чанарт итгэх итгэлийг агуулсан Дюрхеймийн өөдрөг үзэлт соёлт ертөнц хэмээгдэх Европын орнуудын өдөөсөн цуст дайн нэг ёсондоо няцаалт болжээ.
Уг дайнд Францын социологийн сургуулиудын олон төлөөлөгчид амь үрэгдсэн төдийгүй түүний хүү, ихээхэн найдвар төрүүлж байсан хэл шинжээч, социологич Андре амь үрэгдсэн нь сэтгэгчийг сэтгэл санааны гүн дарамтанд оруулсан юм.
Тэрээр 59 насандаа 1917 оны 11 сарын 15-нд насан эцэслэжээ.
Нийгмийн аноми байдал
“Нийгмийн хөдөлмөрийн хуваарь” бүтээлдээ тэрээр ёс суртахуун болоод ёс зүйн хэм хэмжээний үүднээс орчин үеийн нийгмийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, аноми байдал гэсэн ойлголтыг авч үзсэн байна.
Аноми байдал (anomie) гэдэг нь эрх зүй, ёс зүйн аливаа хэм хэмжээ үгүйн улмаас бий болсон зохицуулалтгүй хоосон орон зай мөн. Түүний үзсэнээр эдийн засгийн хүрээ бүхэлдээ эрх зүйн, ёс зүйн аноми байдалд байдаг аж.
Ийм байдал үүсэх болсон шалтгааныг эдийн засаг, түүний үндэс суурь болох ажил мэргэжлүүд урт удаан хугацааны турш социаль үнэлэмж, статусын хувьд ихэд доогуур үнэлэгдэж ирсэн бөгөөд энэ утгаараа нийгмийн амьдралд төдийлэн чухал үүрэг гүйцэтгэхгүй явж ирсэнтэй Дюрхейм холбон тайлбарласан байна.
Харин капитализмын хөгжилтэй уялдан эдийн засгийн хүрээ нийгмийн амьдралд тун чухал байр суурь эзлэх болж аж үйлдвэр, банк, санхүүгийн эзэд улс орныг удирдахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болов. Урьдын нийгэмд хүн амын дийлэнх газар тариалан, мал аж ахуй зэрэг уламжлалт салбарт хөдөлмөрлөж байсан бол капиталист аж ахуйн үед хотжих үйл явц хурдасч, үйлдвэр, фабрикт ажиллах хүмүүсийн тоо асар нэмэгдсэн байна.
Энэ хирээр эдийн засгийн хүрээний гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж, энд явагдаж буй үйл явц, социаль бүлгүүдийн зан үйл, харилцаа нийгмийн амьдралд бүхэлд нь хүчтэй нөлөөлөх болсон авч тэдгээрийг зохицуулах хэм хэмжээ илт дутагдаж байгаа нь тун хортой үр дагавартай гэж Дюрхейм бичиж байлаа.
Нийгмийн эдийн засгийн хүрээнд бий болсон аноми байдлыг даван туулах гол арга зам бол ажил мэргэжлийн бүлгүүд, тэдгээрийн мэргэжлийн ёс зүй мөн авч энэ хүрээнд ёс суртахуун, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ зарим нэгэн уламжлалт салбартай харьцуулах аваас дөнгөж үр хөврөлийн үе шатандаа байна гэж тэрээр үзсэн байна.
Түүний бодлоор төр засгийн зүгээс өөрийн батлан гаргасан албан ёсны хууль, эрх зүйн актуудынхаа тусламжтайгаар бий болсон аноми байдлыг засаж залруулахад чиглэсэн оролдлого тодорхой үр дүнд хүрч чадахгүй.
Учир нь нийгэмд хөдөлмөрийн хуваарь нарийсан, ажил мэргэжлийн бүлгүүд олшрон нэмэгдэж, ихээхэн нарийн төвөгтэй бүтэцтэй болж буй нөхцөлд төр тэр бүх онцлогийг тусгасан хууль тогтоол боловсруулж, хэрэгжүүлэх боломжгүй байна.
Төрийн үүрэг бол хамгийн ерөнхий хууль тогтоолыг батлан хэрэгжүүлж, нийгмийн оршин тогтнох үндсэн нөхцлийг хангах явдал мөн ажээ.
Харин мэргэжлийн бүлэг бол нийгмийн гишүүдийг нэг бүрчлэн хамарч чаддагийн зэрэгцээ, тэдний ашиг сонирхол, үзэл бодлыг нарийн мэдэрч, тэдний зан үйлийг хянаж байдгаараа нийгэмд гэр бүлийн гүйцэтгэдэг үүрэгтэй нэгэн адил зохицуулалтын функцийг хэрэгжүүлж чадна хэмээн Э.Дюрхейм бичиж байв.
Мэргэжлийн бүлгүүд өөрийн гишүүдийн заавал даган мөрдөх мэргэжлийн ёс зүйг боловсруулж, түүнийхээ тусламжтайгаар эдийн засгийн амьдрал дахь аноми байдлыг хянаж чадах ажгуу.
Тэрээр хөдөлмөрийн нийгэмд гүйцэтгэх функцийг ихээхэн өвөрмөц байдлаар авч үзсэн байдаг. Уламжлал ёсоор хөдөлмөрийн хуваарийг эдийн засгийн ойлголт болох талаас нь голлон авч үзсээр ирсэн бол тэрбээр анх удаа нийгмийн эв нэгдлийн хангагч ёс суртахууны хүчин зүйл болох утгаар авч судалсан байна.
Э.Дюрхейм функц гэсэн ойлголтыг тодорхой хэрэгцээ шаардлагад таарч тохирсон үйл ажиллагаа гэж тодорхойлоод хөдөлмөрийн хуваарийн функцийг судална гэдэг нь нийгэмч чухам ямаршуу хэрэгцээ шаардлагад таарч тохирч буйг авч үзэхийг хэлнэ гэжээ Аливаа нийгэм оршин тогнохын тулд тогтвортой, статик байдлаа хангах зайлшгүй хэрэгцээ шаардлага буюу эв нэгдэл гэсэн асуудалтай тулгардаг бөгөөд чухамхүү нийгмийн эв нэгдлийг хангаж өгч байдгаараа хөдөлмөрийн хуваарь ач холбогдолтой. Нийгмийн эв нэгдэл өөрөө ёс суртахууны үзэгдэл тул ажиглалтанд өртөж хэмжилтэнд орох боломжгүй учраас түүнийг орлон илэрхийлж, бэлгэ тэмдэг нь болж чадах, ажиглалт, хэмжилтэнд өртөхүйц тийм баримт сэлт бол эрх зүй гэж тэрээр үзсэн.
Амиа хорлох үзэгдэлд хийсэн шинжилгээ
Э.Дюрхейм тухайн үеийн нийгэмд илэрч байгаа нийгмийн мөргөлдөөн, зөрчил, гажуудлыг судалж түүний шалтгаан нөхцлийг илрүүлэн “хэвийн” байдалд оруулах арга замыг боловсруулахыг социологийн шинжлэх ухааны зорилт болгон тавьж байв. Түүний бичсэн “Амиа хорлох үзэгдэл” (1897) бүтээл социологийн шинжлэх ухаан нь нэг талаас онол хуульд, нөгөө талааас ажиглалтын баримтанд тулгуурласан онол ажиглалт хоёрын нэгдэл болохын үндэслэх үлгэр загвар болсон билээ. Тэрбээр бодгалиас үл хамаарах нийгмийн онцгой бодит байдал болох амиа хорлох үзэгдлийн талаарх ажиглалтын материалд “эд юмсын” адилаар судлах социологийн арга зүйгээ хэрэглэсэн юм.
Статистик баримтад шинжилгээ хийсний үр дүнд хүн амд амиа хорлогсдын эзлэх хувь болон амиа хорлолтын муруй тодорхой хуулинд захирагдаж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Тухайн нийгмийг бүрэлдүүлэгч бодгалиудын бүтэц жилээс жилд өөрчлөгдөж байхад, багагүй тохиолдож байгаа амиа хорлолтын тоо уг нийгэм өөрчлөгдөх хүртэл хувирахгүй хэвээр байв” [6,165].
Дюрхеймийн социологизмын онцлог болох хувь хүний сэтгэл зүй, биологи, газарзүйн талаас амиа хорлохуйг тайлбарлах нь өрөөсгөл хэмээн нотолж, амиа хорлох үзэгдлийг нийгмийн орчин, нийгмийн бүтэц, нийгмийн нөхцөлтэй нь тухайлбал гэр бүл, шашин, үндэстэн улс төрийн амьдрал, мэргэжлийн бүлэг зэрэгтэй холбож үзсэн юм.
Бодгалийг бодгаль хэвээр нь түүний сэдэл, үзэл санааг үлдээгээд харин амиа хорлолтын эзлэх хувьд нөлөөлдөг нийгмийн орчин, шашны сүсэглэл, гэр бүл, улс төрийн амьдрал, мэргэжлийн бүлэг мэтийг судлах хэрэгтэй.
Дюрхейм амиа хорлолтын нийт хүнд эзлэх хувийг дээрх хувьсагчдаас хамаарсан функц хэмээн тайлбарлаж, нийгмийн шалтгаан тэдний харилцан үйлчлэх арга, нийгмийн ба нийгмийн бус хүчин зүйлүүдийн харьцааг нарийвчлан тодорхойлсон юм.
Албан ёсны статистикт тулгуурлан амиа хорлолт өвлийг бодвол зун, эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн дунд, залуучуудаас ахмадын дунд, энгийн иргэдийг бодвол цэргүүдийн дотор, католик шашинтныг бодвол протестант шашныг шүтэгчдийн дотор, гэр бүлтэй хүмүүсийг бодвол бэлэвсэн, ганц бие, гэр бүл салсан хүмүүсийн дотор, хөдөөгийхнийг бодвол хотыхны дунд илүү тохиолддогийг тогтоосон.
Энэхүү өвөрмөц холбоо зүй тогтлынхоо шалтгааныг тайлбарлахдаа тухайлбал, католик болон протестант шашны ялгааг шашны сургаал хийгээд зан үйлийн талаас нь шинжилж, католик шашин уламжлалт сүсэг бишрэл, зан үйлийн тогтолцоотой, итгэл үнэмшлийн болон татах хүч илүүтэйгээс бүлгийн эв нэгдэл сайтай байхад протестант шашны уламжлалт сүсэглэл буурсан, “чөлөөт сэтгэлгээний үзэл санаа” шүүмжлэлт шинж илүүтэй тул сүсэгтнийг нэгтгэх боломж багатай.
Иймээс католикуудын бодвол протестантуудын дунд амиа хорлох үзэгдэл илүүтэй байдаг гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Гэр бүл хүүхэд, хөдөөгийн амьдрал зэрэг дурьдсан олон хувьсагч нийгмээс тусгаарлагдахаас сэргийлэх нэгтгэгч хүчин зүйлүүд болж байна. “Амиа хорлолтын тоо нь бодгалийн багтаж байгаа тэрхүү нийгмийн бүлгийн эв нэгдлийн хэмжээтэй урвуу хамааралтай” болохыг тогтоожээ. Нийгмийн бус хүчин зүйлүүд амиа хорлоход шууд бус зөвхөн дам нөлөөлдөг гэж үзсэн.