Jump to content

Өрсөлдөөний хууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өрсөлдөөний тухай хууль (Англиар "competition law") гэдэг нь зах зээл дэх өрсөлдөөнийг аливаа аж ахуйн нэгж шударга бус арга барил ашиглан аль эсхүл элдэв янзын хууль бус үйлдэл гарган алдагдуулж, зах зээл дэх өрсөлдөөнийг бүрмөсөн сүйтгэхээс сэргийлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт юм. Өрсөлдөөний тухай хууль нь биет болон биет бус өмчийн аль алийг нь хамруулдаг бөгөөд биет бус өмч нь өнөө цаг үед улам чухал ач холбогдолтой болж байна. Учир нь орчин цаг үед дийлэнх компаниудын үр дүнтэй үйл ажиллагаа патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг болон худалдааны нууц гэх мэт оюуны өмчийн төрлөөс улам хамааралтай болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн хооронд өрнөсөн яриа хэлцэл, байгуулсан гэрээ хэлэлцээр болон бусад төрлийн тохиролцоо нь олон нийтийн буюу хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцэхгүй байх тохиолдлууд гардаг учраас өрсөлдөөний тухай хууль нь асар хэрэгтэй эрх зүйн зохицуулалтад тооцогддог.

Өрсөлдөөний тухай хуулийг АНУ-д трастын эсрэг хууль, Хятад болон Орос улсуудад монополийн эсрэг хууль, харин Европт өрсөлдөөний хууль болон трастын эсрэг хууль гэсэн нэр томьёогоор явдаг байна.

Өрсөлдөөний хуулийн үндсэн зорилго нь аливаа бизнес аж ахуйн нэгж зах зээлд шударгаар өрсөлдөн үйл ажиллагаа явуулж байгааг хангахаас гадна, бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл тухайн хууль тогтоомж нь бизнесийн ашиг орлогыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн хангалуун байдлыг хангаж, зах зээлийг нэгтгэх зорилготой.

Үндсэн ойлголтууд

[засварлах | кодоор засварлах]

Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид "зах зээл" болон "бизнес аж ахуйн нэгж" гэсэн ойлголтууд хамгаас чухал. Зах зээлийг гүн ухаан дээр үндэслэн тайлбарлавал, тухайн ойлголт нь нэг төрлийн нийгмийн зохион байгуулалт юм. Зах зээлийг нийгмийн үндсэн оролцогчид болох хүмүүс бий болгодог бөгөөд эд зүйлс хоорондоо солилцож, наймаалснаар үүсгэн байгуулж, зах зээлийн харилцаа тогтоодог байна. Зах зээл нь хамрах хүрээгээрээ нутаг дэвсгэрийн шинжтэй бөгөөд орон нутгийн, бүс нутгийн, үндэсний аль эсхүл бүр дэлхийн зах зээл гэж ангилагдаж болно. Мөн зах зээлийг хангаж буй бүтээгдэхүүний төрлөөс нь шалтгаалан энгийн хэрэглээний болон тансаг хэрэглээний гэх мэтчилэн ангилж болдог. Түүнчлэн цаг хугацааны нөхцөл байдал мөн зах зээлийн тухай ойлголтод нөлөөлдөг. Жишээлбэл өвлийн хувцасны болон зуны хувцасны зах зээл гэж ангилах тохиолдол бий.

Бизнес аж ахуйн нэгжийн тухай ойлголтыг авч үзвэл, тухайн ойлголт нь "хувь хүнийг", "хуулийн этгээд" болон "бусад зах зээлд нөлөөлөх боломжтой байгууллагууд"-ыг хамруулдаг. Аливаа зах зээлд хувь хүмүүс, хуулийн этгээд болон бусад бие даасан байгууллагууд үйл ажиллагаа явуулан хоорондоо тодорхой нэг байдлаар харилцаж, өрсөлддөг. Тиймээс тэдний хийж буй үйлдэл ямар нэгэн байдлаар нийгмийн хангалуун байдалд хор уршиг учруулж, хэрэглэгчдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх боломжтой байдаг тул бизнес аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах шаардлагатай. Харин энэ боломжийг чухам өрсөлдөөний тухай хууль л олгодог.

Хэрэгжүүлэх арга зам

[засварлах | кодоор засварлах]

Зах зээл дахь өрсөлдөөнийг хэд хэдэн арга замаар гажуудуулах боломжтой. Үүнд (1) бизнес аж ахуйн нэгжүүд хоорондоо хуйвалдах (хоёр болон олон талын гэрээ байгуулан хуйвалдах); (2) зах зээлд давамгай байр суурьтай аж ахуй эрхлэгч дангаараа зах зээлд ноёрхох үйл ажиллагаа явуулах (ноёлох үйл ажиллагаа[1] явуулах) болон (3) бизнес эрхлэгчид компаниа нэгтгэх замаар зах зээлд давамгай байдлыг бий болгох (зах зээлийн төвлөрөл[2] бий болгох) ажлууд багтана. Үүнээс гадна төр зарим тохиолдолд аль нэг бизнес аж ахуйн нэгжид хэтэрхий их дэмжлэг үзүүлснээр зах зээлийн өрсөлдөөнийг үгүй хийх муу туршлага бий.

Хуйвалдаан (хоёр болон олон талын гэрээ байгуулах)

[засварлах | кодоор засварлах]

Шотландын нэрт эдийн засагч, гүн ухаантан болон соён гэгээрүүлэгч Адам Смит өөрийн бичсэн Улс үндэстний баялаг хэмээх номондоо, "Нэг төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүс хоорондоо уулзах нь ховор, наргиж цэнгэж, зугаацахдаа хүртэл, гэхдээ тэд уулзсан тохиолдолд ямар нэгэн байдлаар олон нийтийн эсрэг хуйвалдаж яриагаа төгсдөг аль эсхүл бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж" хэмээн өгүүлсэн байдаг. Энэ зарчмын дагуу өрсөлдөөний тухай хууль нь нэг төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгчдийг хоорондоо гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээнд тогтоон барихыг ямагт эсэргүүцдэг. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтоохоос гадна, өрсөлдөгчид ханган нийлүүлэлтийн хэмжээг хоорондоо тохиролцон хязгаарлаж, мөн зах зээлийг хуваалцдаг. Эдгээрх нь бас хуйвалдааны төрөл.

Ноёлох үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Зах зээлд давамгай байр суурь эзэлсэн аж ахуй эрхлэгч тухайн зах зээлийн тоглох дүрмийг дангаараа тогтоодог. Тэд өөрсдийн давамгай байр суурийг ашиглан бусад өрсөлдөгчдийг зах зээлд шинээр гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж аль эсхүл зах зээлд өрсөлдөж буй харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдийг шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон үнэ зэргийг хязгаарлаж эхэлдэг. Өрсөлдөгчдийг устгаж, ямар ч өрсөлдөөнгүй болсноор монополь компаниуд хэрэглэгчдийн ашиг сонирхлыг уландаа гишгэж, хэт өндөр үнэ санал болгох аль эсхүл хэт чанаргүй бүтээгдэхүүнийг худалдан авагчдад шахах аюул бий.

Гэхдээ зарим тохиолдолд компаниуд шударгаар өрсөлдөн өөрсдийн байр суурийг бататгаж, зах зээлд ноёрхож давамгай байдлыг бий болгож чаддаг. Жишээлбэл илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгосноор худалдан авагчдыг татах. Гол нь өрсөлдөөний тухай хууль нь иймэрхүү төрлийн шударга үйл ажиллагааг бус дээр дурдсан шударга бус, өрсөлдөөнийг үгүй хийсэн дадал зуршлыг хориглоход чиглэдэг. Улс орнууд давамгай байр суурьтай аж ахуй эрхлэгчдийг өөр өөрсдийн боловсруулсан шалгуураар тогтоож, үйл ажиллагааг нь хянан зохицуулдаг. Ихэнх улс орнууд зах зээлд эзэлж буй хувийг үндсэн шалгуур болгодог.

Зах зээлийн төвлөрөл

[засварлах | кодоор засварлах]

Нэг зах зээлд өрсөлдөж буй бизнес эрхлэгчид өөрсдийн компанийг бусадтай нэгтгэх замаар монополь тогтоох аль эсхүл давамгай байр суурийг олж авах тохиолдол бий. Тиймээс улс орон бүр өөрсдийн хууль тогтоомжоор зах зээлийн төвлөрлийг хянах алба нэгжтэй байдаг. Нэгдэж буй компаниуд чухам зах зээлийн хэдэн хувийг эзлэхэд хүрч байна гэдэг нь маш чухал шалгуур үзүүлэлт. Монгол Улсын хэмжээнд зах зээлийн гуравны нэгийг эзэлсэн тохиолдолд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тооцдог байна.[3]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. МУ-ын Өрсөлдөөний тухай хууль (2010 он). 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт. Ноёлох үйл ажиллагаа - 4.1.5: Archive copy (Memento 21. Хоёрдугаар сар 2018 цахим архивт)
  2. МУ-ын Өрсөлдөөний тухай хууль (2010 он). 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт. Зах зээлийн төвлөрөл - 4.1.9: Archive copy (Memento 21. Хоёрдугаар сар 2018 цахим архивт)
  3. МУ-ын Өрсөлдөөний тухай хууль (2010 он). 5 дугаар зүйл. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч - 5.2: Archive copy (Memento 21. Хоёрдугаар сар 2018 цахим архивт)