Патент
Патентын эрх (латин. patens —нээлттэй, ойлгомжтой, англи. patents) гэдэг нь хуулийн дагуу оюуны өмч эзэмших эрх юм. Хүний оюун ухаанаар бий болсон аж үйлдвэрийн өмчийг хамруулдаг. Патентын эрхийг гурван төрлийн зохион бүтээлд олгодог. Үүнд: шинэ бүтээл, ашигтай загвар болон аж үйлдвэрийн загвар гэх зэрэг ойлголтууд багтана.
Патентын эрх нь зохион бүтээгч өөрийн улс оронд шинэ бүтээл, ашигтай загвар болон аж үйлдвэрийн загварыг бүртгүүлж, гэрчилгээ авснаар баталгааждаг бөгөөд түүнд онцгой эрх олгодог. Уг онцгой эрх нь патентыг бүртгүүлснээс хойш 20 жилийн (улс орон бүрт өөр байдаг бөгөөд дунджаар 5-35 жил байдаг) туршид үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд патент эзэмшигч дангаараа зах зээлд ноёрхох боломжийг бүрдүүлдэг. Патентын эрх нь цаашид шинжлэх ухааны хөгжил дэвшилд асар их нөлөө үзүүлдэг, учир нь патентын мэдэгдлийг зохион бүтээгчид өөрийн улс орны Оюуны өмчийн байгууллага аль эсхүл Патентын газарт бүртгүүлснээр цаашид шинжлэх ухааны ертөнцөд түгээж, улмаар тухайн мэдээллийг ашиглан бусад эрдэмтэн судлаачид судалгааны ажилдаа ахиц дэвшил гарган шинэ зохион бүтээл бий болгох үндэслэл болдог.
1883 оны Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц нь олон улсын түвшинд патентын харилцааг албан ёсоор зохицуулж өгсөн. Тус Конвенцыг байгуулахаас өмнө барууны улс орнуудад оюуны өмчийн хулгай асар их явагдаж байсан тул энэхүү эрхзүйн баримт бичгийг боловсруулахад хүргэжээ. Орчин үед улс орнууд үндсэндээ тухайн эрх зүйн баримт бичгийг өөрсдийн дотоодын хууль тогтоомжийг боловсруулахад ашигладаг. Монгол Улсын хувьд 1993 оны 6-р сарын 25-ны өдөр хамгийн анх Патентын тухай хуулиа баталсан.[1] Сүүлд 1996, 1999 онд нэмэлт өөрчлөлт оруулж 2006 оны 1-р сарын 19-ний өдөр шинэчлэн найруулан баталсан хуулийг мөрдлөгө болгон ашиглаж байна.[2] Ерөнхийдөө бол улс орон бүрийн эрх зүйн тогтолцоо өөр байдгаас шалтгаалан патентын эрх авах үйл явц болон дүрэм журам харилцан адилгүй байдаг. Гэхдээ улс орнууд Парисын конвенцид нэгдэн орсноор өөрсдийн үндэсний хууль тогтоомжийг олон улсын стандартад нийцүүлэн доод хязгаар гэдэг зүйлийг бий болгож жигд болгож байгаа билээ.
Патентын эрхийн хамгаалалт
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын хэмжээнд оюуны өмчийн тухай ойлголт харьцангуй сул байдаг учраас дийлэнх хүмүүс патент болон зохиогчийн эрх хоёрыг хооронд нь хольж хутгах тохиолдол бий. Хэдийгээр патент болон зохиогчийн эрх нь хоёулаа оюуны өмчийн нэг төрөл боловч, хамгаалах субьект, эрх эзэмших хугацаа, эдлэх эрх болон эрх авах шалгуурын хувьд тодорхой ялгаануудтай. Патент нь үндсэндээ аж үйлдвэрийн өмчийг хамгаалдаг. Үүнийг дээрх хэсэгт аль хэдийн дурдсан. Аж үйлдвэрийн өмч нь цаашид гурван төрөлд хуваагддаг бөгөөд тэдгээр нь цэвэр техник технологийн шинжтэй зохион бүтээлүүдийг хэлдэг. Техник технологийн зохион бүтээл нь цоо шинэ тоног төхөөрөмж, машин технологи, бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар болон тэдгээрийн сайжруулалтуудыг хэлнэ. Шинээр зохион бүтээсэн бүтээлдээ патентын хамгаалалт авснаар зохион бүтээгчид тухайн бүтээлийг ашиглах, шилжүүлэх болон лизенцлэх онцгой эрхийг олж авдаг.[3] Ингэснээр зохион бүтээгч бусад хүмүүсийг түүний патентыг ашиглан дуураймал бүтээгдэхүүн гаргаж авахаас сэргийлж, улмаар зах зээлд нэвтрэх арга замыг хориглодог. Хөгжингүй улс орнуудад патент эзэмшигчийн онцгой эрхийг зөрчснөөр хуулийн өмнө хатуу хариуцлага хүлээж, асар их хэмжээний хохирол барагдуулах шийтгэлтэй тулгардаг.
Патентын эрх нь нутаг дэвсгэрийн шинжтэй бөгөөд зөвхөн эрх авсан улс орны хүрээнд үйлчилдэг байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад бүртгүүлсэн патент зөвхөн Монгол Улсын газар нутагт үйлчлэх бөгөөд Хятадад патентын хамгаалалт аваагүй тохиолдолд тухайн патентыг зөвшөөрөлгүй ашиглаж болдоггэсэн үг юм. Харин Хятадад Монгол Улсад хамгаалалттай патентыг хуулбарлан дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар Монгол Улс руу импортолсон тохиолдолд эрх эзэмшигч шүүхэд гомдол гарган Хятадаас оруулж ирж буй бүтээгдэхүүнүүдийг шууд хориглох бүрэн эрхтэй байдаг.
Патентын эрхийн хамгаалалтыг бусад улс орнуудад авах гурван төрлийн арга зам бий. Эхнийх нь энгийн мэдүүлэг гарган Парисын конвенцид тусгагдсан хугацааны дотор бусад улс орнуудад мэдүүлэг гаргах. Энэ нь хамгийн анх аль нэг улсын Патент аль эсхүл Оюуны өмчийн газарт мэдүүлэг хийснээс хойш 12 сарын дотор бусад улс орнуудад мэдүүлэг хийхийг хэлнэ. Хоёр дахь арга зам нь бүс нутгийн шинжтэй Патент аль эсхүл Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргах, тухайлбал Европын патентын газарт. Энэ арга замыг сонгосон тохиолдолд нэгэн зэрэг хэд хэдэн улсад шууд мэдүүлэг өгөх боломж бүрддэг. Харин гурав дахь арга зам нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд тухайн мэдүүлэг гаргах аргачлалыг Патентын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу мэдүүлэг гаргах гэдэг. Энэ сонголтыг сонгосон тохиолдолд патент мэдүүлэгч нийт 30 сарын дотор өөрийн хүсэж буй улс орнуудад хамгаалалт хүсэх боломжтой. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд патентын мэдүүлгийг гаргахдаа мэдүүлэг гаргагчид маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь аль нэг улсад мэдүүлэг гарган дараагаар өөр нэг улсад заагдсан хугацаанаас хойш мэдүүлэг өгсөн тохиолдолд таны анх бүртгүүлсэн патент шинэлэг байдлыг алдагдуулдаг. Нэг ёсондоо хэрвээ мэдүүлэг гаргагч Монгол Улсад өөрийн патентыг Парисын конвенцийн дагуу анх мэдүүлэг гарган бүртгүүлж, 12 сарын дотор Орос Улсад багтаан бүртгүүлж чадахгүй бол тэрхүү патент шинэлэг байдлын шалгуурыг хангаж чадахгүйн улмаас Орос Улсад хамгаалалт авч чадахгүй. Ихэнх улс орнууд гадаадын иргэд болон хуулийн этгээд патентын мэдүүлэг гаргаж байгаа тохиолдолд заавал патентын төлөөлөгч тухайн улсад байрлуулах аль эсхүл томилохыг шаарддаг.
Патент олгох шалгуурууд
[засварлах | кодоор засварлах]Аливаа шинэ бүтээл, ашигтай загвар болон аж үйлдвэрийн загварт патентын гэрчилгээ олгохын тулд гурван зүйлийг заавал шалгуур болгон авч үздэг. Үүнд:
- Шинэлэг байдал - Энэ нь техникийн тухайн үеийн түвшингээс давуу талтай нь нотлогдсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүний шинж чанар дэлхийд цоо шинэ болохыг хэлнэ.
- Шинэ бүтээлийн түвшин агуулсан байдал - Энэ нь холбогдох мэргэжлийн хүний нүдэнд ялгарах давуу шинж чанар тодорхой бус байхыг хэлнэ.
- Үйлдвэрлэлд ашиглагдах боломж - Энэ нь тухайн шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аль нэг салбарт ашиглаж болох боломжийг хэлнэ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Патент – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Патентын тухай хууль: https://www.parliament.mn/nn/15473/
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "ДОӨБ-ын албан ёсны цахим хуудас". Эх хувилбараас архивласан: 2017-07-12. Татаж авсан: 2017.01.07.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Legal Info.mn". Эх хувилбараас архивласан: 2017-04-27. Татаж авсан: 2017.01.07.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help) - ↑ "Патентын тухай хууль - 17 дугаар зүйл". Эх хувилбараас архивласан: 2017-04-27. Татаж авсан: 2017.01.07.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help)