Александр Бортников

Александр Васильевич Бортников

Александр Васильевич Бортников (1951 оны 11-р сарын 15-нд ЗХУ-ын Молотов өнөөгийн Пермь хотод төрсөн) - ОХУ-ын Төрийн зүтгэлтэн. 2008 оны тавдугаар сарын 12-ноос ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын Албаны (ФСБ) захирал. 2008 оноос ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн. Армийн генерал (2006). ОХУ-ын баатар цол хүртсэн.

ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хорооны дарга, ТУХН-ийн орнуудын Аюулгүй байдлын агентлаг, тагнуулын албаны дарга нарын Зөвлөлийн дарга. Оросын "Эх орны төлөө гавьяа"-ны бүх одонтой.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1951 оны 11-р сарын 15-нд Молотов буюу өнөөгийн Пермь хотод төрсөн. 1966 онд ЗХУ-ын залуучуудын байгууллага болох Комсомолд элссэн. 1973 онд академич В.Н.Образцовын нэрэмжит Ленинградын Төмөр замын тээврийн инженерүүдийн дээд сургуулийг төгссөн. Тэрээр Ленинград мужийн Гатчина хотын үйлдвэрүүдэд мэргэжлээрээ ажилласан.

1975 онд тэрээр Москва дахь Ф.Дзержинскийн нэрэмжит ЗХУ-ын Аюулаас хамгаалахын /КГБ/ дээд сургуулийг төгсөж, энэ үеэр ЗХУ-ын Коммунист намд элсээд 1991 онд гарсан байна.

1975 оноос хойш - Улсын аюулгүй байдлын байгууллагад ажиллаж байгаа. Тэрээр Ленинград муж дахь ЗХУ-ын Аюулгүй Хорооны Сөрөг тагнуулын анги салбар - Санкт-Петербург хот, Ленинград муж дахь Холбооны Аюулгүй байдлын Албаны гүйцэтгэх албан тушаалуудад ажиллаж байсан.

2003 оны 6-р сар хүртэл - ОХУ-ын ФСБ-ын Санкт-Петербург, Ленинград муж дахь сөрөх тагнуулын үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга. 2003-2004 он хүртэл - ОХУ-ын ХАБА-ны Санкт-Петербург, Ленинград мужийг хариуцсан газрын дарга. 2004 оны 3-р сарын 2-ноос - ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын Албаны дэд захирал. 2004 оны 7-р сарын 11-ээс - ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын Албаны Эдийн засгийн аюулгүй байдлын албаны дарга. Хурандаа генерал цэргийн цолыг 2006 онд хүртсэн.

2005 оны 4-р сараас хойш тэрээр ОХУ-ын Экспортын хяналтын комиссын гишүүнээр ажиллаж байсан. 2005 оны арванхоёрдугаар сараас Түлш, эрчим хүчний цогцолбор, ашигт малтмалын баазын нөхөн үржихүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын комиссын гишүүнээр ажиллаж байсан. 2006 оны 4-р сараас хойш тэрээр ОХУ-ын Нисэх онгоцны үйлдвэрлэлийн цогцолборын аж ахуйн нэгжүүдийн нэгдлийг хангах Засгийн газрын комиссын гишүүнээр ажиллаж байв.

2008 оны 5-р сарын 12-ноос - ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын Албаны захирал, Терроризмын эсрэг үндэсний хорооны дарга, 5-р сарын 25-наас - ОХУ-ын Аюулгүй байдлын Зөвлөлийн байнгын гишүүн. 2008 оны 5-р сарын 19-нөөс хойш тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх Зөвлөлийн Зөвлөлийн болон Тэргүүлэгчдийн гишүүнээр ажиллаж байна.

Хориг[засварлах | кодоор засварлах]

2014 оны 7-р сарын 26, 8-р сарын 5-нд Украины зүүн хэсэгт үүссэн мөргөлдөөний улмаас А.Бортников Европын холбоо, Канадын хоригт өртсөн. Үүний зэрэгцээ В.Путины ойр дотны 35 албан тушаалтан, депутатууд, бизнесмэнүүд багтсан АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад А.Бортников ороогүй байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эхнэр- Татьяана Борисовна Бортникова гэрийн эзэгтэй. Хүү Денис Александрович Бортников- 1974 онд төрсөн бөгөөд Санкт-Петербург хотын Эдийн засаг, санхүүгийн их сургуулийг төгссөн.