Антонио Вивальди
Антонио Луцио Вивальди (Итали: Antonio Lucio Vivaldi; Венецэд 1678 оны 3 сарын 4 — Венад 1741 оны 7 сарын 28) бол Венецийн алдартай хөгжмийн зохиолч, хийлч-виртуоз, багш, удирдаач, католик шашны зүтгэлтэн. Тэрээр дуурь, оратори, дан хөгжмийн болон цөөхүүл хөгжимд зориулсан асар их бүтээл, туурвилыг хүн төрөлхтөнд үлдээсэн авьяаслаг хөгжмийн зохиолч ажээ. Түүнийг XVIII зууны италийн хийлийн урлагийн нэгэн томоохон төлөөлөгч мөн гэдгийг арга байхгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Ид уран бүтээл туурвиж байсан тухайн цаг үедээ Европ дахинаа алдаршиж байсан цөөхөн уран бүтээлчдийн нэг бол Вивальди мөн. Түүний дан хөгжмийн бүтээлүүд, ялангуяа хийлд зориулсан концертууд нь хэдэн зуун жил дамжин эгшиглэсээр байна. Тэдгээрээс хамгийн алдартай нь “Harmony ба зохион бүтээлт” цувралын “Дөрвррррөн улирал” хэмээх хийлд зориулсан 4 концерт байдаг.
Амьдрал ба урлагт орсон зам
[засварлах | кодоор засварлах]Венецийн сүмийн хөгжимчин Жованни Батист өөрийн бяцхан хүүдээ хийл хөгжим зааж өгч байсан нь хүн төрөлхтний сонгодог хөгжмийн урын санд сонгодог хөгжмийн баялаг өв соёлыг бий болгох эхлэл байжээ. Антонио Вивальди 1691 онд анхныхаа зохиолыг бичиж байсан байна. 1703 онд Вивальди сүмийн санваартан болов. Вивальди тэр үедээ ихээхэн алдартай байсан Венецийн Оспедале Дела Пьета консерваторид хичээл заах болсноор түүний багшлах болон хөгжмийн зохиолч болох амьдралын эхлэл тавигджээ. Түүний үндсэн ажил бол шашны холбогдолтой болон төрөл бүрийн ордны хөгжим зохиох явдал байсан ч Вивальди захиалгат хөгжмийг хурдан, хөнгөн хийж гүйцэтгэдэг байв. Мөн тэр хэмжээгээрээ ивальди шинэлэг, өвөрмөц дуугаралттай зохиолуудыг бичиж байсан юм. Симфони найралд цэргийн найралд хэрэглэж байсан үлээвэр хөгжмийн зэмсгүүдийг шинээр оруулж байжээ. Түүний ажлын хурдыг 5 хоногт багтаан 3 бүлэгт дуурь бичиж байснаар тодорхойлж болох юм. 1705 онд “опус 1” гэж дугаарласан 12 сонатууд нь хэвлэгдэн гарав. 1706 онд Вивальди анх удаа Францын элчин сайдын ордны тоглолтод оролцжээ. 1709 онд хийл, чембалод зориулсан 12 сонатыг багтаасан 2 дахь опус нь хэвлэгдэв. 1713-1718 онд хөгжмийн 8 удаагийн амжилттай тоглолт болсон байна. Түүнээс гадна Антонио Вивальди Венецийн театр болон бусад баяр наадмаар өөрийнхөө дууриудыг тоглуулж, гадаад, дотоодын аялан тоглолтуудыг хийж амжуулав. 1740 оноос эхлэн хэсэг хугацаанд тэр Австрид ордны хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаад 1741 оны 6-р сарын 28-нд нас баржээ.
Вивальдигийн уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Хэдийгээр Антонио Вивальди олон тооны бүтээл туурвисан хэдий боловч тэр өөрийнхөө бүтээлийг нэгтгэн хэвлүүлж байсангүй. Харин хожим, XX зуунд л дөнгөж эмхэтгэлүүд нь гарч эхэлсэн байдаг. Тэрээр 500 орчим концерт, 100-д сонат, мөн симфони, серенадуудыг зохиосон юм. Тэдгээрээс хамгийн алдартай нь хийл, найрал хөгжимд зориулсан “Дөрвөн улирал” концерт юм.
“Дөрвөн улирал”( Le quattro stagioni )-Антонио Вивальдийн хийл найрал хөгжимд зориулсан опус 8-ын 12 концертын эхний 4 цуврал концерт болох юм. Дээрх концертууд нь барокко хөгжмийн хамгийн тод томруун жишээ болно. Эдгээр концертууд нь 1723 онд зохиогдсон бол хоёр жилийн дараа олны хүртээл болж байжээ. Тухайн үедээ тоглолт бүрийнхээ хийлийн гоцлолыг Вивальди өөрөө хөгжимддөг байсан гэдэг. Концертууд нь 3 ангитай ба хоёр захын ангиуд нь хурдан темптэй байх бол дунд анги нь удаавтар, аядуу зөөлөн байдаг. Энэ цувралд багтсан 4 концертууд нь бүгд 3 ангитай байгаад тэдгээр нь нийлээд 12 болох ба энэ нь нэг жилийн 12 сар гэсэн утга санааг агуулаагүй юм. Вивальдийн дээрх концертуудаас хойш бусад хөгжмийн зохиолчид ихэнхдээ аливаа концертыг 3 ангитай бүтээх хандлага бий болжэ. Энэхүү 4 цуврал концерт тус бүрт Вивальди хөтөлбөр бичиж, тайлбар өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, концерт тус бүрт зориулан сонет бичиж буюу үнэн чанартаа хөтөлбөр зориулж өгсөн хэрэг.
Ospedale della Pietàд ажиллаж байсан тэр үеэс Вивальди дуурийн хөгжим бичиж эхэлсэн бөгөөд 1713 онд анх тавигдсан Ottone in villac хойш 1739 он гэхэд тавин дуурийг тэрээр туурвисан байлаа. Нэгэн маргааны улмаас тэрээр Венецийг орхиж Мантова, Ром д ажиллаж мөн Ромын Папад хоёр ч удаа тоглон өгч, сүмийн хөгжим бичиж байгаад найман жилийн дараа Венецдээ эргэн ирсэн байна. Вивальдийн олон шүтэн бишрэгчид Венецийг зорих болсон хэдий ч Барокко урсгалаас Галант урсгалыг илүүтэй үзэх болсон Вивальдийн хөгжим аажмаар хүмүүсийн сонирхолыг тэр бүр татахаа болив. Тиймээс 1740 онд Вивальди Вена-г зорьсон бөгөөд тэнд ирснээсээ хойш арван сарын дараа 1741 оны 7 сарын 28-д тэрээр таалал төгсжээ. Олонд шүтэн бишрэгдэж явсан түүний оршуулга сүр дуулиангүй, их чимээгүй болж өнгөрсөн байна.
Вивальдийн 500 гаруй концертын 241 нь хийлийн гоцлол концерт бөгөөд 39 концерт нь Фагот мөн бусад үлээвэр хөгжим, мандолин зэрэгт зориулагдсан концертууд байдаг байна. 70 гаруй концертдоо тэрээр 2 болон түүнээс дээш гоцлолуудыг оролцуулж, мөн зэмсэг бүрээс 16 гоцлолоос бүрдсэн концерт, эсвэл огт гоцлолгүй концерт зэрэг нь түүний хэр шинийг эрэлхийлэгч байсныг илтгэж байгаа юм. Вивальди нэгэн захиандаа 94 дуурь бичсэн гэж дурьдсан байдаг ч одоогоор түүнийх болох нь тогтоогдсон 49 дуурь байдаг байна. Эдгээрээс ихэнх нь 1970 оноос хойш олон орны тайзнаа тавигдаж эхэлсэн бөгөөд түүний бичиж хэрэглэж байсан нотуудын ихэнх нь одоо Турины Biblioteca Nazionale д хадгалагдаж байгаа аж.
Ном хэвлэлүүд
[засварлах | кодоор засварлах]- Michael Talbot: Vivaldi. BBC Music Guides, London 1979. ISBN 0-563-12856-9
- Michael Stegemann: Vivaldi. Rowohlt, Reinbek 1985. ISBN 3-499-50338-7
- Michael Talbot: Antonio Vivaldi. A Guide to Research. Garland Press, New York 1988. ISBN 0-8240-8386-5
- Sebastian Zips: Die Violoncellosonaten des Antonio Vivaldi. Dissertation. Kath. Univ. Eichstätt 2005. (online)
- André Romijn: Hidden Harmonies: The Secret Life of Antonio Vivaldi. Roman House Publishers, Ripon 2008. ISBN 0-9554100-1-0
- Siegbert Rampe: Antonio Vivaldi und seine Zeit. Laaber-Verlag, Laaber 2010. ISBN 978-3-89007-468-9