Jump to content

The Beatles

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Битлз-с чиглүүлэгдэв)
Битлз
Жон Леннон, Пол Маккартни
Жорж Харрисон, Ринго Старр
Ерөнхий мэдээлэл
ГаралЛиверпүүл, Англи
Хөгжмийн урсгалРок, поп
Идэвхтэй1960 - 1970
СтудиПарлофон (Англи)
Капитол, Вий-Жэй (АНУ)
Эппл
Гишүүдийн нэрс
Жон Леннон
Пол Маккартни
Жорж Харрисон
Ринго Старр
Өмнөх гишүүд
Стюарт Сэтклифф
Пит Бест

Битлз (Англи: The Beatles) заримдаа «Ливерпүүлийн дөрөв» (англ. Liverpool Four) гэж мөн нэрлэдэг Английн Ливерпүүл хотоос гаралтай хамгийн алдартай рок хамтлаг. Английн Ливерпүүл хотноо 1960 онд Жон Леннон (ритм гитар, дуучин ), Пол Маккартни (гитар, дуучин), Жорж Харрисон (гоцлол гитар, дуучин), Стюарт Сатклифф (басс гитар), Пит Бест (бөмбөрчин, дуучин) нарын бүрэлдэхүүнтэй анх байгуулагджээ.

Жон Леннон анх дунд сургуулийн "The Quarrymen" хамтлаг байгуулж, 1957 оны 10 дугаар сард Пол Маккартни, 1958 оны эхэнд Жорж Харрисон нэгдсэн байна. Хамтлаг төрөлх Ливерпүүл хотдоо алдаршаад төдий удаагүй байх үед буюу 1961 онд хамтлагийн гишүүн Стюарт Сатклифф, Пит Бест нар бүрэлдэхүүнээс гарч хожим нь Ринго Старр (бөмбөрчин, дуучин) шинээр нэмэгдэж, Стюарт Сатклиффийг Пол Маккартни орлон тоглох болжээ. Битлз нь орчин үеийн хөгжмийн түүхэнд шүүмжлэгчдэд өндөр үнэлэгддэг, хамгийн амжилттай борлуулалт бүхий хамтлагийн нэгд тооцогддог.

The Beatles хамтлагийн ихэнх дуунуудыг Жон Леннон, Пол Маккартни нар хамтран зохиосон байдаг. Тус хамтлаг 1963-1970 оны хооронд албан ёсны студид 13 альбом гаргасан бөгөөд 211 дуу ордог байна. Ливерпүүл хотын Мэнлав-авеню дахь Жон Ленноны амьдарч байсан байр болон Фортлин Роуд дахь Маккартнигийн байшинг Үндэсний баялаг гэж үздэг. Английн "Үндэсний сан" Маккартнигийн байрыг "Битлзийн төрсөн газар" гэж нэрлэдэг - учир нь энд Пол, Жон хоёр анхны дуунуудаа бичиж, давтдаг байсан бөгөөд эдгээр дуунууд хожим олон улсад хит болж байсан юм. Уг байранд өнөө үед гадаад, дотоодын жуулчид ихээр очдог ажээ.

Битлз хамтлаг нь Америкийн Хөгжмийн Үйлдвэрлэлийн Холбооны тэмдэглэснээр Америкийн Нэгдсэн Улсын хөгжмийн жагсаалтад сингл болон альбомоороо хамгийн өндөр байр эзэлж борлуулалтаараа тэргүүлэх хамтлаг хэмээн өргөмжлөгджээ. Нэгдсэн Вант Улсад тэд нэгдүгээр байранд хүрсэн 40 гаруй сингл, альбом болон богино альбом гаргажээ. Энэ борлуулалтын амжилт нь бусад хэд хэдэн оронд давтагдсан: 1985 тэдний хөгжмийн компани EMI Битлз хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас илүү диск болон кассетийг зарсан гэж тогтоосон байна. 2004 онд Роулинг Стоун сэтгүүл тэднийг "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Хамтлаг" жагсаалтандаа нэгдүгээр байранд жагсаажээ.

Битлз хамтлаг 1960 онд байгуулагдсан. Тэдний хамтлагт Жон Леннон ритм гитар, хоолой, Пол Маккартни басс гитар, хоолой, Жорж Харрисон гоцлол гитар, хоолой, Ринго Старр бөмбөр, хоолой гэсэн үүрэгтэй тоглодог байв. Битлз хамтлаг эхэн үедээ 1950-иад оны үеэс үндэслэсэн рок-н-ролл стилиэр дуулж байсан ч хожим нь түүнээс илүү өргөн стилиэр дуулдаг болсон. Тэдний хувцаслалт, стиль нь тэр үеийнхээ цаг үе, залуучуудын дунд чиг хандлагыг тодорхойлогч болж байв. Хамтлаг 1970 онд тарсан ч гэсэн 4 гишүүн 4-үүлээ амжилттайгаар цааш нь ганцаарчилсан замналаа үргэлжлүүлсэн.

Битлз анх EMI студитай хамтарч 1962 оны 6 сарын 6-нд бичсэн бичлэгүүд нь төдийлөн амжилттай болоогүй. Гэсэн ч тэд цааш үргэлжлүүлэн бичсэн бөгөөд 9 сард бичүүлсэн дуунуудаас нь Love Me Do хэмээх дуу нь Их Британид бяцхан хит болж хит парадын 17-р байр эзэлсэн. Энэ дуу нь 1964 оны 5 сард АНУ-д сингл дууны жагсаалтанд нэгдүгээр байр эзэлсэн.

1962 оны 11 сарын 26-нд хамтлаг хоёр дахь синглээ бичүүлсэн нь Please please me байв. Энэ сингл нь Их Британий албан ёсны хит парадад 2-р байр эзэлсэн ба NME жагсаалтанд 1-р байранд жагссан. Үүнээс 3 сарын дараа тэд анхныхаа цомгийг хэвлүүлж гаргасан нь мөн Please please me гэдэг нэртэй байв.

Битлз 1970 онд хамтран ажиллахаа больж тарсан ч Пол, Жон нар 1967 оноос хойш өөрсдийн төслүүдээ хэрэгжүүлж байна. Хамтлаг тарсаны дараа хөгжимчид тус бүр бие даасан карьераа үргэлжлүүлэв. 1980 онд Жон Леннон Нью-Йорк дахь гэрийнхээ ойролцоо алагдсан бол Жорж Харрисон 2001 онд хорт хавдраар нас баржээ. Пол Маккартни, Ринго Старр нар өнөө хүртэл хөгжим туурвиж, бичиж хөгжим тоголсоор байна.

Нью-Йоркийн хэд хэдэн радио станц Битлзийн I Want To Hold Your Hand дууг гарсан өдөр нь Нью-Йоркод цацсан. Энэ дууг Вашингтон хотынхон маш нааштай хүлээж авсны нэгэн адил Нью-Йоркод ч энэ дуу мөн хит болсон. Энэ цомог худалдаанд гарснаасаа хойш 10 хоногийн дотор л нэг сая хувь зарагдсан.

1964 оны 2-р сарын 7-нд Битлз хамтлагийнхан АНУ-д хөл тавьсан. Тэднийг маш олон тооны сэтгүүлч, зурагчид дагалдаж явж байв. Хамтлагийнхан Жон Ф.Кеннедийн нэрэмжит Нью-Йоркийн нисэх буудалд газардах үед маш олон хүн тэнд цуглан хүлээж байв. Өмнө нь хэзээ ч тийм их хүн нэгэн зэрэг хүн тосож байгаагүй байв. Битлз хамтлагийн 3000 гаруй шүтэн бишрэгч нисэх буудал дээр цугласан байсан гэдэг. Битлз Америкийн ТВ-ээр анх Эд Салливаны Шоу нэвтрүүлэгт оролцон 1964 оны 2-р сарын 9-нд гаран Америкийн үзэгчидтэй мэндчилсэн. Тэднийг ойролцоогоор 74 сая үзэгч үзсэн нь тэр үеийн Америкийн хүн амын бараг тал хувь нь байв.

Битлзийн сүүлийн цомог нь 1969 оны зун бичүүлсэн Abbey Road байсан бөгөөд тэд уг цомогт багтсан I Want You (She's So Heavy) гэдэг дууг 1969 оны 8 сарын 20-нд бичүүлсэн нь Битлз хамтлагийнхны хамтдаа бичүүлсэн хамгийн сүүлийн дуу юм.

Ж.Харрисоны Ливерпүүл хотод 1962 он хүртэл амьдарч байсан байр.

1960-аад оны сүүл үеэс Монголд анх дуунуудын бичлэг нь нууцаар орж ирж байжээ. Тухайн үед хөрөнгөт орны үзэл суртал гээд хааж хориглодог байжээ.

Сүүлд 2008 оны намар Улаанбаатар хотын төвд "Битлз" хамтлагийг бишрэн шүтэгч хэсэг хүмүүсийн (аялагч Ц.Ганхүү, Ерөнхий сайд С.Баяр, Хотын дарга асан Э.Бат-Үүл, хөтлөгч Н.Ганхуяг, ая зохиогч Б.Долгион,..) хандиваар уран барималч Барсболдын Дэнзэн уг хөшөөг 100 сая орчим төгрөгний төсөвөөр босогсон байна.

  • Please Please Me (Parlophone, 1963)
  • With the Beatles (Parlophone, 1963)
  • A Hard Day's Night (Parlophone, 1964)
  • Beatles for Sale (Parlophone, 1964)
  • Help! (Parlophone, 1965)
  • Rubber Soul (Parlophone, 1965)
  • Revolver (Parlophone, 1966)
  • Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (Parlophone, 1967)
  • Magical Mystery Tour (U.S. only. Released as a Double EP in the UK) (Capitol, 1967)
  • The Beatles ("The White Album") (Apple, 1968)
  • Yellow Submarine (Apple, 1969)
  • Abbey Road (Apple, 1969)
  • Let It Be (Apple, 1970)

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Битлз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан