Доголху чэрби

Доголху чэрби (хятад: 多豁勒忽; пиньинь: Duō huō lēi hū; латин галиг: Doqolhu[1]/Doqolqu[2]) (?-1235?) нь Хамаг Монголын Мангуд аймгийн хүн. Чингис хааны хишигтэн цэргийн мянган турхаг захирах чэрби тушаалтай ноён.

Товч түүх[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Чингис хааныг Жамухаас салж нүүхэд Мангуд аймгаас ах Жэтэйгийн хамт нүүдэл даган ирсэн. 1189 онд Тэмүүжин ханд өргөмжлөгдсөний дараа Өгэлэн, Хачиун Тохураун, ах дүү Жэтэй, Доголху нарт хоромсого агсуулж эхлэснээр хишигтний үүсэл тавигдсан. 1204 онд Найман аймгийг дайлахын өмнө цэргээ засах үед анхны дөрвөн харуулын ахлах байсныг зургаан чэрби болгосны нэг нь Доголху чэрби мөн. 1206 онд Их Монгол Улсыг тунхагласны дараа 70 турхаг 80 хэвтүүл, Архай Хасарын захирсан 1000 баатад хишигтэн цэргийн тоог нэмж, түмэн болгохдоо Доголху чэрбид 1000 турхаг захируулж, Буха чэрби, Додай чэрби, Алчидай чэрби нарын хамт нэгэн ээлж хишигтнийг ахлуулах болсон.

1229 оны намар Чулуун баатар, Доголху чэрби, Ши Тяньзэ тэргүүтэй монгол, хятад нийлсэн 8000 цэргийн хүч Алтан улсын Дачанюань цайзыг бүслэн байлдах үедээ дайсны Ила Пүа, Вангин Хада жанждын удирдсан армид ялагдаж 400 цэрэг амьд үлдэж, их хаанаас туслах цэрэг гуйжээ.[3] Энэ явдлын дараа Өгэдэй хаан өөрийн биеэр их цэрэг удирдаж, Алтан улсыг дайлахаар мордох шийдвэр гаргаж, Сүбээдэй баатарт цэрэг удирдуулж Доголхуд туслуулав. Тэрээр Сүбээдэй баатрын хамтаар Алтан улсын өмнөд нийслэл Кайфэн, Цайжоу хотуудыг эзлэн ялалт байгуулахад оролцсон. Өгэдэй хааны засаглалын дунд эсвэл сүүл үед хуйвалдааны золиос болж цаазлуулсан нь Өгэдэй хааны дөрвөн гэмшлийн нэг гэж Монголын нууц товчоонд тоочсон байдаг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Т, Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг: 226-р зүйл (2 ed.). Улаанбаатар. p. 171.
  2. Күракичи, Ширатори. "音訳蒙文元朝秘史/巻九-2 - Wikisource". ja.wikisource.org (in япон). Retrieved 2024-02-24.
  3. П, Дэлгэржаргал (2019). Их Монгол Улс. Улаанбаатар. pp. 442–443.